Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам https://mn.dalailama.com/ en-us Дээрхийн гэгээн Далай лам ерөнхий сайд Модид төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүллээ. https://mn.dalailama.com/news/дээрхийн-гэгээн-далай-лам-ерөнхий-сайд-модид-төрсөн-өдрийн-мэндчилгээ-дэвшүүллээ Uyangoo Badamsambuu https://mn.dalailama.com/news/дээрхийн-гэгээн-далай-лам-ерөнхий-сайд-модид-төрсөн-өдрийн-мэндчилгээ-дэвшүүллээ Энэтхэг улс, ХП муж, Дарамсала хот. Энэ өдөр ерөнхий сайд Модигийн мэндэлсэн өдөр бөгөөд Дээрхийн гэгээн Далай лам түүнд захидал илгээж, чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлэн, эрүүл энхийг даатган ерөөв.

“Энэтхэг улс дэлхийн хүчирхэг нэгэн улс болон хөгжин буй билээ. Энэ агуу улсын амжилт нь дэлхийн энх тайван, тогтвортой байдал болоод хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулж байна.

Би бээр өөрийгөө энэтхэгийн эртний сэцэн ухаанаас үүдэлтэй Ахимса, Каруна буюу энх тайван, эв найрамдлыг дэлхий дахинд толилуулж буй “Энэтхэгийн бахархалт элч” хэмээн үздэг.

Надад болоод миний төвөд ахан дүүст 67 жилийн турш халуун дотно сэтгэлээр, өгөөмөр зочломтгой зангаар хандаж буй Энэтхэг улсын Засгийн газар болоод таны сайхан улсын ард түмэнд машид талархал илэрхийлье” хэмээсэн байна.

Дээрхийн гэгээн Далай лам захидлынхаа төгсгөлд дахин сайн сайхныг хүсэж, ерөөл өргөжээ.



]]>
Непал, Төвөдөд тохиолдсон гамшигт үерт нэрвэгдэгсдийн төлөө залбирлаа. Дээрхийн гэгээн Далай ламын насан хутаг урт байхын тухайтад залбирал үйлдлээ. https://mn.dalailama.com/news/непал-төвөдөд-тохиолдсон-гамшигт-үерт-нэрвэгдэгсдийн-төлөө-залбирлаа-дээрхийн-гэгээн-далай-ламын-насан-хутаг-урт-байхын-тухайтад-залбирал-үйлдлээ Uyangoo Badamsambuu https://mn.dalailama.com/news/непал-төвөдөд-тохиолдсон-гамшигт-үерт-нэрвэгдэгсдийн-төлөө-залбирлаа-дээрхийн-гэгээн-далай-ламын-насан-хутаг-урт-байхын-тухайтад-залбирал-үйлдлээ Энэтхэг улс, Ладак муж, Лех хот. Энэ өглөө Непалын Расува бүс болоод Төвөдийн Жирон хотод гамшигт үерийн улмаас олон хүний алтан амь эрсдэн, хэдэн мянган хүний орон гэр, дэд бүтэц сүйрэн, асар их хохирол амссан уйт явдалд зориулан залбирал үйлдэв. Дээрхийн гэгээн "Найз нөхөд, ахан дүүс минь, аймшигт гамшгийн улмаас Непал болоод Төвөдөд зовж шаналан буй амь үрэгдэгсэд, тэдний гэр бүл болоод эсэн мэнд үлдсэн бүх хүний төлөө хамтдаа залбирцгаая" хэмээн айлтгалаа.

Зураг. Дээрхийн гэгээн Далай лам залбиралд нэгдэж буй нь... Энэтхэг улс, Ладак муж, Лех хот. 2026 оны 8 дугаар 30. Зургийг Данзанчойжор.

Ладакийн Буддистуудын Холбоо (LBA), Бүх Ладакийн Гомпа Холбоо (ALGA), Ладакийн Төвөд нийгэмлэгээс хамтран зохион байгуулсан энэхүү ёслолын үеэр гамшигт нэрвэгдэгсдийн төлөө болон Дээрхийн гэгээн Далай ламын насан хутаг урт байхын төлөө залбирахаар цугласан сүсэгтнүүдийг хамтдаа залбирахыг урилаа. Лех хотын Шевацел номын өргөөнд болсон уг ёслолд ойролцоогоор 25,000 хүн оролцжээ.

Дээрхийн гэгээн өргөөнөөсөө ном хурах талбайд хүрэлцэн ирэхэд цугласан олон хүндэтгэн угтав. Ладакийн бөмбөрчид, лам хуврагууд бүрээ бишгүүр эгшиглүүлэн халуун дотноор хүлээн авлаа.

Зураг. Ладакийн Буддистуудын Холбоо, Бүх Ладакийн Гомпа Холбоо, Ладакийн Төвөд нийгэмлэгээс Дээрхийн гэгээнд зориулан зохион байгуулсан Бат оршил өргөх ёслолд оролцохоор Далай лам өргөөнөөсөө ном хурах талбайд морилон ирж буй нь... 2026 оны 8 дугаар сарын 30. Зургийг Данзанчойжор.

Дээрхийн гэгээнийг арслант сэнтийдээ тухлан суухад цугларагсад мөргөл үйлдэн хүндэтгэл үзүүлэв. Залбирлын ажиллагааг Дагватөгс ринбүүчи эхлүүлж, Дээрхийн гэгээнд хадаг өргөн, зохион байгуулагчдын төлөөлөл номын сэнтийн өмнүүр жагсан, ринбүүчи Дээрхийн гэгээнд хадаг өргөлөө.

Төгс ринбүүчи мандал өргөснийг Дээрхийн гэгээн хүлээн авч, арвайн үр агаарт өргөн болгоов. Дараа нь ринбүүчи Бурхны лагшин, таалал, зарлигийн бэлгэдэл болсон судар, суварга болоод номын цаазат нар, эрдэнийн долоон тэмдэг, найман тахил, найман бэлгэдэлт бодисыг тус тус өргөлөө.

Өргөлийн цувааны төгсгөлд насан хутаг урт байхын бэлгэдэл болгож цагаан үстэй, цагаан дээлт өвгөн ирж, Дээрхийн гэгээний хоёр багшийн зохиосон "Мөнх бусын дуулал" хэмээх урт насын залбирлыг уншив. Ринбүүчи болоод бусад төлөөлөгчид Далай ламаас адис жанлав хүртлээ.

Дээрхийн гэгээн айлдахдаа "Төвөд болоод Хятад улсад, өөрөөр хэлбэл бурхны ном дэлгэрч байгаад буурсан, эсвэл хараахан хүрээгүй байгаа газруудад бурхны сургаал дахин дэлгэрэхийн төлөө бид залбирах ёстой хэмээн би бээр сэтгэж байна. Бидний хадгалж үлдсэн буддизмын уламжлал цаашид ч оршин тогтнож, цэцэглэн хөгжихийн төлөө хамтдаа залбирцгаая. Төвөдөд бид маш цэвэр уламжлалыг хадгалж ирсэн билээ. Олон газар энэ уламжлалыг сонирхож байна. Би бурхны сургаал тасралтгүй дэлгэрэхийн төлөө залбирах болно. Энэ цаг үед буддизмыг сонирхогчдын тоо өсөн нэмэгдсээр байна. Хималайн бүс нутгийн сүсэгтэн олон болоод хуврагууд сургаалд маш их сүсэг бишрэлтэй байдаг. Бидэнд агуу бөгөөд гүн гүнзгий уламжлал бий. Энэ нь хятадын ард түмний дунд ч үргэлжлэн дэлгэрэх болтугай хэмээн залбирцгаая. Би бээр айлдвараа энэхэн амьдралдаа хэрэгжүүлэхийн тулд бодит байхаар хичээж байна. Та бүхэн ч гэсэн зүгээр нэг үгээр ярилгүй, сургаалыг бодит амьдралдаа хэрэгжүүлж байх хэрэгтэй" хэмээн соёрхов.

Дараа нь Дээрхийн гэгээн хэд хэдэн тарнийн адислалыг дамжуулж, цугласан олныг дагуулан Бурхан багшийн тарни, Арьяабал бурхны тарни, Манзушри бурхны тарни, Ногоон дар эхийн тарни, Ловон Бадамжунайн тарнийг гурвантаа уншив.

Энд бидний хураасан буян бурхны хутагт хүрэх бат бөх шалтгаан болж, бусдыг ч бас тэрхүү хутагт хөтлөх болтугай. Одоо Непалын Расува, Төвөдийн Жиронг дахь аюулт үерийн улмаас алтан амь нь эрсэдсэн болоод зовж шаналж буй хүмүүсийн төлөө Арьяабалын тарнийг хамтдаа уншиж залбирцгаая" гэв.

"Энд бидний хураасан буян бурхны хутагт хүрэх бат бөх шалтгаан болж, бусдыг ч бас тэрхүү хутагт хөтлөх болтугай. Одоо Непалын Расува, Төвөдийн Жиронг дахь аюулт үерийн улмаас алтан амь нь эрсэдсэн болоод зовж шаналж буй хүмүүсийн төлөө Арьяабалын тарнийг хамтдаа уншиж залбирцгаая" гэв.

Дараа нь хүмүүс 16 Найдан дор мөргөх залбирлыг уншиж, сургаал ном дэлгэрэх, Дээрхийн гэгээн урт наслахыг ерөөв.

Залбирлын төгсгөлд зохион байгуулагчид Дээрхийн гэгээнд мандал болоод бурхны лагшин, таалал, зарлигийн бэлгэдлийг өргөн барив. Ладакийн Буддистуудын Холбооны ерөнхийлөгч Цэрэндорж хүндэтгэл үзүүлэхэд Дээрхийн гэгээн түүнийг халуун дотноор тэвэрсэн юм.

Улмаар Далай ламын 1960-аад онд зохиосон "Төвөдийн дармапала нарт зориулсан залбирал", "Цаглашгүй наст Цэвэгмэд бурхны магтаал", "Буддын шашныг шашин хоорондын ялгаваргүйгээр дэлгэрүүлэх ерөөл", Арьяабалын амлалтыг сануулах "Үнэн үгийн залбирал"-ыг дараалан уншлаа.

Ёслол дууссаны дараа Дээрхийн гэгээн арслант сэнтийдээ очиж, цугласан олонд гар даллан, хөгжимчдөд хүндэтгэл үзүүлээд, өргөө рүүгээ буцахдаа цугларагсдад инээмсэглэн гараа далласаар буцлаа.











]]>
Дээрхийн гэгээн Далай лам Норвегийн ван V Харалд тэнгэрт дэвшсэнд гүн эмгэнэл илэрхийлэв. https://mn.dalailama.com/news/дээрхийн-гэгээн-далай-лам-норвегийн-ван-v-харалд-тэнгэрт-дэвшсэнд-гүн-эмгэнэл-илэрхийлэв Uyangoo Badamsambuu https://mn.dalailama.com/news/дээрхийн-гэгээн-далай-лам-норвегийн-ван-v-харалд-тэнгэрт-дэвшсэнд-гүн-эмгэнэл-илэрхийлэв Энэтхэг улс, Ладак муж, Лех хот. Дээрхийн гэгээн Далай лам Норвегийн цог жавхлант ван V Харалд тэнгэрт дэвшсэн тухай сонссоныхоо дараа ван VIII Хоаконд захидал илгээжээ. Далай лам захидалдаа...

"Эрхэм дээдэс танаа, эзэн хааны гэр бүл болон Норвегийн ард түмэнд чин сэтгэлийн гүн эмгэнэл илэрхийлье. Надад 2000 оны 5 дугаар сард Норвеги улсын Осло хотноо цог жавхлант вантай уулзах боломж олдсон бөгөөд түүний халуун дулаан, зочломтгой занг машид үнэлж байсан билээ.

"Эрхэм дээдэс таны мэдэж байгаачлан би бээр таны сайхан Норвеги улсад хэд хэдэн удаа зочилж, Норвегийн Нобелийн хорооноос Нобелийн Энх тайвны шагналыг гардан авах завшаан олдсон билээ. Норвеги улсын Засгийн газар болоод таны ард түмэн надад болоод миний төвөд ахан дүүст машид сайн сайхнаар хандаж ирсэн бөгөөд төвөд түмний эрх чөлөө, нэр хүндийн төлөөх тайван замын тэмцлийг дэмжиж, тусалж байгаад машид талархаж байна.

Таны аав, энэ улсын цог жавхлант ван ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн, энэхэн амьдралаа утга учиртай өнгөрүүлсэн билээ" хэмээн бичиж илгээжээ.

Дээрхийн гэгээн Далай лам тус эмгэнэлийн захидлаа өөрийн залбирлаар төгсгөжээ.



]]>
ЭМГЭНЭЛ https://mn.dalailama.com/news/эмгэнэл Uyangoo Badamsambuu https://mn.dalailama.com/news/эмгэнэл Непалын Расува бүс нутаг болоод Төвөдийн Жирон хотод гамшигт үер болж, олон хүний алтан амь эрсдэн, бүтээн байгуулалтад хүнд хохирол учирсныг сонсоод гүнээ эмгэнэн харамсаж байна. Амь үрэгсдийн төлөө залбирч, тэдний ар гэр, ойр дотнынхон болоод энэхүү эмгэнэлт явдалд нэрвэгдсэн бүх хүнд гүн эмгэнэл илэрхийлэн, сэтгэлийн дэмжлэг хүргэж байна.

Энэхүү бүс нутагт өмнө нь ч мөн ийм гамшиг тохиолдож байсан тул эдгээр нь цаг уурын өөрчлөлт эсвэл бусад хүчин зүйлээс үүдэлт гүнзгий шалтгааны шинж тэмдэг юм. Ийм гамшиг дахин давтагдахаас урьдчилан сэргийлэхийн тулд боломжтой газар бүрд шаардлагатай дараагийн арга хэмжээнүүдийг авна гэдэгт итгэж байна.

Залбирлын хамт, Дээрхийн гэгээн XIV Далай лама

2026 оны 8 дугаар сарын 27



]]>
Их Британийн шинэ ерөнхий сайд Энди Бурнхамд баяр хүргэлээ. https://mn.dalailama.com/news/их-британийн-шинэ-ерөнхий-сайд-энди-бурнхамд-баяр-хүргэлээ Uyangoo Badamsambuu https://mn.dalailama.com/news/их-британийн-шинэ-ерөнхий-сайд-энди-бурнхамд-баяр-хүргэлээ Энэтхэг Улс, Ладак муж, Лех хот, Шевацел өргөө. Дээрхийн гэгээн Далай лам Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын ерөнхий сайдын албан тушаалд шинээр томилогдсон Энди Бэрнхэмд баяр хүргэж, цахилгаан илгээлээ. Тэрбээр захидалдаа,

“Өнөөдөр дэлхий нийт маш хүнд хэцүү, тодорхой бус цаг үеийг туулж буй билээ. Танай улс олон улсын харилцаанд манлайлах үүрэг гүйцэтгэж ирсэн түүхтэй. Эрхэм ерөнхий сайд та улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө хичээн зүтгэхийн зэрэгцээ хүн төрөлхтөн нийтлэг мөн чанартай бөгөөд энх тайван, аз жаргалтай амьдрах хүсэлтэй гэдгээрээ ижил гэдэгт итгэн эдгээд ойрын болон хэтийн асуудлуудыг шийдвэрлэх талаар бусад улс оронтой нягт хамтран ажиллана гэдэгт итгэж байна.

Төвөдийн ард иргэд бид танай оронтой эртнээс түүхэн өвөрмөц харилцаатай байсаар ирсэн билээ. Эрхэм таны улсад хэд хэдэн удаа айлчлах үед минь нийгмийн бүхий л давхаргын хүмүүс халуун дулаан сэтгэлээр хүлээн авч, хүмүүнлэг үнэт зүйлс, хүч үл хэрэглэх зарчим, шашин хоорондын эв нэгдлийг түгээх гэсэн хичээл зүтгэлийг минь дэмжиж ирсэнд би бээр гүнээ талархаж явдаг билээ” хэмээгээд захидлынхаа төгсгөлд,

“Ирээдүйд тулгарч болзошгүй сорилт бэрхшээлийг даван туулж, Их Британийн ард түмний хэрэгцээ шаардлага, хүсэл эрмэлзлийг биелүүлэхэд болон бид бүхний төлөө илүү энх тайван, энэрэнгүй дэлхийг бүтээхэд хувь нэмрээ оруулах үйлсэд тань өндөр амжилт хүсье” хэмээжээ.



]]>
Талархлын зурвас https://mn.dalailama.com/news/талархлын-зурвас Uyangoo Badamsambuu https://mn.dalailama.com/news/талархлын-зурвас Миний нас сүүдэр 91 хүрснийг тэмдэглэн баярын мэндчилгээ дэвшүүлсэн та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Энэ өдрийг тэмдэглэхээр 7 дугаар сарын 6-ны өдөр Энэтхэгийн Ладак мужийн Лех хотноо хуран цугласан хүмүүст хандан үг хэлэхдээ дурдсанчлан өнгөрсөн амьдралаа эргэн харвал би насан туршдаа бусдад туслахыг гол болгон дадуулсаар ирсэн байна. Өглөө бүр би өрөөл бусдын тусыг хичээх сэдлийг сэтгэлдээ агуулан сэрдэг билээ.

Энэрэнгүй, сайхан сэтгэлийг түгээх нь миний амьдралын эрхэм зорилго хэвээр байна. Энэ дэлхийг хэн бүхэнд аятай таатай сайхан газар болгон өөрчлөхөд ийм хандлага нэн чухал юм. Тиймээс би дэлхийн өнцөг булан бүрд оршин суугаа ахан дүүстээ, залуу хөгшин хэн бүхэнд бусдын сайн сайхны төлөө чин сэтгэлээсээ санаа тавьж, халуун дулаан, энэрэнгүй сэтгэлийг өдөр тутмын амьдралдаа дадуулан хэвшүүлэхийг уриалж байна. Ингэж чадвал бусдын төлөө утга учир төгөлдөр, зорилго дүүрэн амьдарч буй хэрэг болно гэж би итгэдэг.

Өнгөрсөн сард Шинэ Дели хотноо би зүүн өвдгөндөө эмчилгээ хийлгэснийхээ дараа би Ладакт ирж, биеэ тэнхрүүлж байгаа билээ. Жилийн яг энэ үед Ладакийн цаг агаар надад ихэд сайхан зохидог тул заншсан ёсоороо ойрын хэдэн долоо хоногт эндээ байхаар төлөвлөж байна.

Хүндэтгэн залбирсан

Далай лам

2026 оны 7 дугаар сарын 8



]]>
Дээрхийн гэгээн Далай багшийн түмэн өлзий гийсний 91 насны ойг тэмдэглэлээ. https://mn.dalailama.com/news/дээрхийн-гэгээн-далай-багшийн-түмэн-өлзий-гийсний-91-насны-ойг-тэмдэглэлээ Uyangoo Badamsambuu https://mn.dalailama.com/news/дээрхийн-гэгээн-далай-багшийн-түмэн-өлзий-гийсний-91-насны-ойг-тэмдэглэлээ Энэтхэг улс, Ладак муж, Лех хот, Шевацел өргөө. Өнөөдөр аргын тооллоор Дээрхийн гэгээн Далай багшийн мэлмий гийсний 91 насны ой тохиож буй юм. Энэхүү баярт өдрийг Ладакийн Лех хот дахь Шевацел өргөөнд өргөн дэлгэр, ёслол төгөлдөр тэмдэглэв. Дээрхийн гэгээнийг жижиг тэргээр морилон ирэх үед чин сүсэгт зон олон хадгаа дэлгэн замын хоёр хажуугаар эгнэн жагсан угтлаа. Далай багш тэдний зүг халуун дотноор инээмсэглэн мэндчилж, хүндэтгэлээ илэрхийлсээр өнгөрөв. Түүнийг тусгайлан зассан сэнтийд дөхөн ирэхэд нь цаст уулын цагаан арслан болон сарлагийн дүр, үндэсний хувцсаар гоёсон бүсгүйчүүд угтан бүжиж, Түгсэ ринбүүчий хадаг өргөн мэндчилж, ладак хөгжимчид хэнгэргээ дэлдэн дуу өргөв.

Зураг. Дээрхийн гэгээн Далай лам 91 насныхаа баярт оролцохоор морилж буй нь... 2026 оны 7 дугаар сарын 6. Энэтхэг, Ладак, Лех. Зургийг Замиланноров.

Дээрхийн гэгээн нүүр дүүрэн мишээсээр тэнд цугласан 25 мянга гаруй хүнд мэндчилгээ дэвшүүлэв. Дараа нь тэрбээр энэ баярт өдрийн өлзий хутгийг болгоон, зул өргөлөө. Үүний дараа Ладакийн буддын шашинтны холбооны тэргүүн Цэрэндорж, Лакруук, Төвөдийн Төв Захиргааны тэргүүн Бямбацэрэн, Тигсэй ринбүүчи тэргүүт нар Дээрхийн гэгээнд Бурхан багшийн лагшин, зарлиг, тааллыг бэлгэдсэн шүтээнийг өргөн барив. Мөн Дээрхийн гэгээнд балин хэлбэртэй баярын бялуу өргөсөнд багахныг авч хүртлээ.

Зураг. Дээрхийн гэгээн өөрт нь зориулсан балин тахил хэлбэрт баярын бялуунаас хүртэж буй нь... 2026 оны 7 дугаар сарын 6. Энэтхэг, Ладак, Лех. Зургийг Данзанчойжил.

Ладакийн Буддын шашинтны холбооны тэргүүн Цэрэндорж, “Хамгийг энэрэх сэтгэлийн угаас хэн бүхний эндүү үзлийг үндсээр нь арилгах сургаалаа айлдсан Бурхан багшид мөргөн залбиръя. Мөн алдрыг нь өгүүлбээс Жавзанжамбалнаваанлувсанишданзанжамц хэмээх Дээрхийн гэгээн хийгээд хуврагийн чуулган, эрхэм хүндэт зочид, Энэтхэгийн Нийгмийн эрх тэгш байдлын асуудал эрхэлсэн сайд, Төвөдийн хилийн чанад дахь Дээд шүүхийн ерөнхий шүүгч Ишванмо, Төвөдийн хилийн чанад дахь нэгдсэн чуулганы дарга Дуламцэрэн, Төвөдийн Төв Захиргааны тэргүүн Бямбацэрэн та бүхнийг гүнээ хүндэтгэн буйгаа илэрхийлье.

Энэ өдөр бид Дээрхийн гэгээн Далай багшийнхаа түмэн өлзий гийсний 91 насны баярыг тэмдэглэхээр зон олноороо хуран цуглаад байна. Эл өлзийтэй сайхан өдрийг тохиолдуулан Ладакийн буддын шашинтнуудын холбоо болон Ладак нутагт аж төрж буй төвөд ахан дүүсийнхээ нэрийн өмнөөс Дээрхийн гэгээн Далай багш тандаа чин сэтгэлийн угаас баяр хүргэе. Яг энэ цаг мөчид Дээрхийн гэгээн таныг энд морилон саатаж байгааг нэн их зол завшаан хэмээн бид ихэд бэлгэшээн талархаж байна. Дээрхийн гэгээн таны өлмий бат оршиж, эсэн энх байж, санасан хүсэл зорилго бүхэн тань сэтгэлчлэн бүтэхийг чин сэтгэлээсээ хүсэн залбиръя” хэмээлээ.

Зураг. Дээрхийн гэгээн Далай ламын мэлмий гийсний баярт зориулан Ладакийн буддын шашинтны холбооны тэргүүн Цэрэндорж үг хэлж буй нь... 2026 оны 7 дугаар сарын 6. Энэтхэг, Ладак, Лех. Зургийг Замиланноров.

Нью-Йорк хотын "Төвөд хаус" (Tibet House) байгууллагаас “Амар амгалангийн элч: XIV Далай ламын амьдрал ба өв” хэмээх намтарчилсан хүүхэлдэйн киног бүтээжээ. Төвөд музейн захирал Данзантүвдэнгийн хүсэмжлэн айлтгасан ёсоор Дээрхийн гэгээн iPad дээр уг киног тоглуулах товчийг товшин, эл бүтээлийг албан ёсоор нээв.

Зураг. Дээрхийн гэгээн Далай ламын мэлмий гийсний 91 насны ойн баярын үеэр Төвөд музейн захирал Данзантүвдэн iPad дээрх “Амар амгалангийн элч” хүүхэлдэйн киног тоглуулах товчийг дарахыг хүсэмжлэн айлтгасанд Дээрхийн гэгээн ёсоор болгож, уг хүүхэлдэйн киног албан ёсоор нээлээ. 2026 оны 7 дугаар сарын 6. Энэтхэг, Ладак, Лех. Зургийг Данзанчойжил.

Төвөдийн Төв Захиргааны тэргүүн Бямбацэрэн тус захиргааны илгээлтийг уншиж сонордуулав. “Төвөдийн Төв Захиргаа Дээрхийн гэгээн XIV Далай ламын түмэн өлзий гийсний 91 насны энэ баярт өдрийг тохиолдуулан Төвөд болоод хилийн чанадад оршин суугаа үндэс язгуур нэгт ахан дүүсийнхээ нэрийн өмнөөс танд баярын мэндийг өргөн дэвшүүлж байна. Эл эрхэм баярыг чин бишрэл, баяр хөөр дүүрэн хамтдаа тэмдэглэж буй хүндэт зочид, хуврагийн чуулган болон дэлхийн өнцөг булан бүрд суугаа нийт зон олондоо халуун мэндчилгээ дэвүүлье.

Өнгөрсөн жилийг Төвөдийн Төв Захиргаанаас албан ёсоор дэлхий дахинд "Энэрэл нигүүлслийн жил" болгон зарласан билээ. Энэ нь Дээрхийн гэгээний цаглашгүй энэрэнгүй сэтгэл, хамаг амьтны тусыг бүтээсэн арвин их үйл хэргийг талархан тэмдэглэхийн сацуу түүний өөртөө хүлээсэн 4 үндсэн үүргийг дэлхий дахинд сурталчлан таниулах зорилготой байв. Энэ дөрвөн үүргийг дурдвал, нэгдүгээрт, хүмүүнлэг суурь үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх; хоёрдугаарт, шашин хоорондын эв нэгдлийг бэхжүүлэх; гуравдугаарт, Цастын Төвөд орны байгаль орчныг хамгаалах болон Төвөдийн өвөрмөц хэл, соёлыг өвлүүлэн үлдээхэд хувь нэмэр оруулах; дөрөвдүгээрт, Энэтхэгийн эртний гүн ухааныг сэргээн таниулах тэргүүт болно.

Эдгээр үүрэг, үйл хэрэг нь хамаг амьтан болоод дэлхий нийтийн энх тайван, эв нэгдэл, сайн сайхны төлөөх алсын харааг илэрхийлдэг. Төвөдийн Төв Захиргаанаас энэ талаар илүү өргөн хүрээнд таниулахын тулд олон талт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн билээ. Үүнээс гадна залбирал ерөөл бүхий дарцаг хийсгэх, нядалгааны газраас амьтан аварч чөлөөлөх, “Ганжуур” судар болон тарни унших тэргүүт шашин ном, хүмүүнлэгийн хийгээд нийгэмд чиглэсэн үйл ажиллагааг өрнүүлсэн билээ. Түүнчлэн ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүнс, хувцас, орон байраар туслах зэргээр олон нийтийн төлөөх энэрэнгүй үйлсийг өргөн хүрээнд хийж хэрэгжүүллээ.


Зураг. Дээрхийн гэгээн Далай ламын мэлмий гийсний 91 насны ойн баярын үеэр Төвөдийн Төв Захиргааны тэргүүн Бямбацэрэн бээр тус захиргааны илгээлтийг сонордуулж буй нь... 2026 оны 7 дугаар сарын 6. Энэтхэг, Ладак, Лех. Зургийг Данзанчойжил.

Хималайн бүс нутаг даяар иргэд олон нийт, байгууллагууд "Энэрэл нигүүлслийн жил"-ийг тохиолдуулан мод тарих, байгаль орчныг цэвэрлэх аян, бусад хөтөлбөрийг өрнүүлсэн билээ. Мөн дэлхийн зарим хотод, тэр дундаа АНУ-ын хотууд Дээрхийн гэгээний мэндэлсэн өдрийг албан ёсоор "Энэрэх сэтгэлийн өдөр" болгон зарласныг дуулахад нэн таатай байна. Энэ бол энэрэнгүй сэтгэл, хүч үл хэрэглэх үзэл санаа, шашин хоорондын эв нэгдэл, хүмүүнлэг ёсны талаарх сургаал хүн төрөлхтөнд ямар үнэ цэнтэй болохыг хүч үл хэрэглэн хүчтэй илэрхийлсэн явдал байв”.

Үүний дараа Ладакийн буддын шашинтны холбооноос Ладак нутгийн сургуулиудыг хөгжүүлж, шинэчлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Холбооны нутаг дэвсгэрийн Боловсролын нарийн бичгийн дарга хатагтай Бану Прабад шагнал гардууллаа. Дээрхийн гэгээн түүнд жаазтай өргөмжлөл гардуулан өгч, Бурхан багшийн шүтээн дүр бэлэглэлээ.

Дорж Сатагмо тэргүүтэй уран бүтээлчид Дээрхийн гэгээний мэлмий гийсэн баярт зориулсан дуу хуур өргөн барив. Уг дууны үгийг сийрүүлбэл:

“Цагаан бадам цэцэг барьсан дээд шүтээн минь

Хамаг амьтныг энэрэн ачлагч их дээдэс минь

Алтан наран мэт гэрэлт язгуурын багш минь

Амгалан энхийг хайрлагч таны өмнө сөгдөн мөргөе

Эрдэм ухаан, энэрэнгүй сэтгэл тань

Энгүй огторгуй мэт уудам, далай мэт гүн билээ” хэмээжээ.


Зураг. Дээрхийн гэгээн Далай ламын мэлмий гийсний 91 насны ойн баярын үеэр Дорж Сатагмо тэргүүтэй уран бүтээлчид ая дуу өргөж буй нь... 2026 оны 7 дугаар сарын 6. Энэтхэг, Ладак, Лех. Зургийг Данзанчойжил.

Ингээд Дээрхийн гэгээнийг цугласан олонд хандан үгээ айлдахыг хүндэтгэн урив.

“Ладак нутагт цугласан та бүхэн гуйвшгүй итгэл, сүсэг төгөлдөр, номын гүн бат барилдлагатай ард түмэн билээ. Өнөөдөр энд дэлхийн өнцөг булан бүрээс олон хүн хүрэлцэн иржээ. Та бүхэн намайг урт удаан наслахыг хүсэн залбирч байгаагийн адил би ч бас дараах залбирлыг өргөе.

Бурхан багшийн сургаал хараахан дэлгэрээгүй газар орон хийгээд

Дэлгэрсэн боловч доройтон буурсан газар орон тэр бүгдэд

Их нигүүлсэнгүй сэтгэлийн үүднээс би бээр

Илт хамаг амьтныг амгалан жаргаланг хайрлагч

Эрдэнэ мэт номыг дэлгэрүүлэх болтугай.


Дэлхий дээр шашин шүтлэггүй хүмүүс ч буй. Намайг 1954-1955 онд Хятад улсад айлчлах үеэр Мао Зэдун надад шашныг хар тамхитай адил гэж хэлсэн юм. Гэтэл номын ёсыг хэрэгжүүлнэ гэдэг нь ердөө л бурхан тахилд мөргөх, залбирал унших төдий зүйл биш юм. Угтаа бол сэтгэл оюунаа хөгжүүлэн сайжруулах, буянт үйлд анхаарахын нэр билээ. Ном ёсоор явахын утга учир нь амар амгалан байхыг эрхэмлэж, сэтгэл оюунаа боловсруулахад оршдог.

Миний хувьд өглөө сэрмэгцээ Богд Зонховын “Бодь мөрийн зэрэг” зохиолын төгсгөлд байдаг залбирлыг (дээр дурдсан) уншдаг”.


Зураг. Дээрхийн гэгээн Далай ламын айлдварыг орчуулагч ладак хэлнээ орчуулж буй нь... 2026 оны 7 дугаар сарын 6. Энэтхэг, Ладак, Лех. Зургийг Данзанчойжил.

“Төвөдийн У-Цан, Хам, Амдо гэсэн 3 нутгийнхан бүгд буддын номыг сүсэглэн дагадаг билээ. Бурхан багшийн энэхүү сургаал манай соёл, уламжлалын нэг хэсэг болсны ачаар бид сэтгэлээ боловсруулан амар амгалан байлгаж сурсан юм.

Буддын сургаал хятадуудад асар их нөлөөлж байгааг гаднын орнуудад айлчилж байхдаа олж харлаа. Эх орноосоо дайжин Энэтхэгийн өөр өөр бүс нутагт суурьшсан бидэнд хөрш энэтхэг ахан дүүс болон бусад газрын хүмүүс хүндэтгэлтэй ханддаг, биднийг үнэлдэг билээ. Иймд та бүхэн надтай хамт дараах залбирлыг уншаарай.

Бурхан багшийн сургаал хараахан дэлгэрээгүй газар орон хийгээд

Дэлгэрсэн боловч доройтон буурсан газар орон тэр бүгдэд

Их нигүүлсэнгүй сэтгэлийн үүднээс би бээр

Илт хамаг амьтныг амгалан жаргаланг хайрлагч

Эрдэнэ мэт номыг дэлгэрүүлэх болтугай.


Хүн бүхэн л дэлхий дахинд энх тайван тогтоосой хэмээн залбирдаг. Би ч мөн өглөө сэрмэгцээ л шашин ном, хамаг амьтны тусын тулд залбирдаг юм. Өдөр бүр дээрх ёсоор залбирахад энэ хүсэл минь биеллээ олж байх шиг санагддаг шүү. Хятад улсад буддын шашин сэргэж, өргөнөөр дэлгэрч байна. Дэлхийн бусад олон оронд ч хүмүүс хайр энэрлийн талаарх сургаалыг сонирхох болжээ. Бусдын төлөө гэсэн чин сэтгэл, нигүүлсэнгүй зөөлөн сэтгэлтэй байхыг ямар ч улс орны хүмүүс талархан үнэлдэг.

Өглөө сэрмэгцээ л би бодь сэтгэл буюу бусдын тусын тулд гэгээрлийн хутагт хүрэх сэдлийг үүсгэн хоосон чанарын гүн ухааныг бясалгадаг юм. Хаана ч очсон бай би халуун дулаан, энэрэнгүй сэтгэлээ хадгалж, бусдад ч ийм байхыг, энэрэнгүй сэтгэлийг хөгжүүлэхийг уриалдаг билээ. Бусдын төлөө гэсэн халуун дулаан сэтгэлийг түгээхийг үргэлж хичээдэг.

Илт хамаг амьтныг амгалан жаргаланг хайрлагч

Эрдэнэ мэт номыг дэлгэрүүлэх болтугай”.


Зураг. Дээрхийн гэгээн Далай ламын мэлмий гийсний 91 насны ойн баярын үеэр цугласан олон айлдвар сонсож буй нь... 2026 оны 7 дугаар сарын 6. Энэтхэг, Ладак, Лех. Зургийг Данзанчойжил.

Ингээд би бээр 91 нас сүүдэртэй золголоо. Амьдралаа эргээд харахад бусдад туслах сэтгэлийг гол болгон бясалгаж дадуулахыг хичээж иржээ, би. Энэ бол өдөр бүр сэрмэгцээ хамгийн түрүүнд боддог зүйл минь билээ. Хаа сайгүй л хүмүүс бусдад тус хүргэх гэсэн нигүүлсэнгүй, халуун дулаан сэтгэлийг дээдэлдэг.

Өдгөө би 91 настай хэдий ч зүүдэнд минь 130 насалж магадгүй гэсэн шинж тэмдэг үзэгддэг юм. Тиймээс Бурхан багшийн сургаалаар дамжуулан хятадын ард түмэнд тусалж мөн дэлхий дахины хүмүүст зөв сайхан амьдрахад нь тусалж чадна хэмээн найдаж байна. Энэ бол миний чин эрмэлзэл юм аа. Баярлалаа”.

Орчуулагч Дээрхийн гэгээний айлдварыг ладак хэлэнд орчуулав. Үүний дараа Хилийн чанад дахь Төвөдийн парламентын дарга Дуламцэрэн парламентын мэдэгдлийг уншиж сонордууллаа.


Зураг. Дээрхийн гэгээн Далай ламын мэлмий гийсний 91 насны ойн баярын үеэр Хилийн чанад дахь Төвөдийн парламентын дарга Дуламцэрэн парламентын мэдэгдлийг сонордуулж буй нь... 2026 оны 7 дугаар сарын 6. Энэтхэг, Ладак, Лех. Зургийг Данзанчойжил.

“Төвөд болон хилийн чанадад амьдарч буй нийт төвөд ахан дүүсийнхээ өмнөөс Хилийн чанад дахь Төвөдийн Парламент нь асрал энэрлийн бодит биелэл, дэлхий дахины ачит хамгаалагч, хамаг амьтны сайн санаат нөхөр болсон Дээрхийн гэгээн XIV Далай ламд гүн талархаж, чин сүсгээр баярын мэнд дэвшүүлж байна. Төвөд түмний хувьд Дээрхийн гэгээн танаас өөр авралын орон, сахин хамгаалагч гэж үгүй билээ. Та бол бидний итгэл найдвар, хамгаалагч, ивээгч юм. Таны ач тусын хариуд энэхүү залбирлыг өргөн барьж байна.

Ялгуусан бурхдын орноос гагц та л Бурхан багшийн сургаалыг мөрлөн үүрч, ялгаварлалгүйгээр дэлгэрүүлэн барьж, өвлөн үлдээх эрхэм үүргийг хүлээсэн билээ. Манзушир бурхны хувилгаан Дээрхийн гэгээн танаа залбиръя. Ийн чин үнэн талархах сэтгэлээр бид Төвөдийн үйл хэргийн төлөө нэгдэх учиртай.

Аюул зовлон нөмрөн харанхуйлсан Цастын оронд

Ачит гэгээн таны их энэрэл ивгээл

Өнө мөнхөд үл сарниж

Өлмийн лянхуа тань сансрын эцэс хүртэл бат орших болтугай”.


Төвөд сургуулийн сурагчид Дээрхийн гэгээний мэлмий гийсэн баярт зориулан дуу, бүжиг толиуулав. Лех, Каргил хотын исламын шашинтнуудыг төлөөлөн Ашраф Али Барч хүндэтгэл илэрхийллээ. Найруулагч Мипхам Отсалын удирддаг Ладакийн театрын хамт олноос харгис хэрцгий Ангулималагийн тухай жүжиг толилууллаа. Энэ жүжигт тэрээр хүний хуруу тасалж, хүзүүндээ зүүдэг балмад нэгэн байгаад, сүүлд ийм муу үйлд автвал сайн сайханд хүрч чадахгүй гэдгийг, энэрэнгүй сэтгэл нь сул доройн шинж бус, харин ч хүч чадлын шинж болохыг ухаарч буйгаар гарна.

Зураг. Дээрхийн гэгээн Далай ламын мэлмий гийсний 91 насны ойн баярын үеэр төвөд сургуулийн сурагчид бүжиж буй нь... 2026 оны 7 дугаар сарын 6. Энэтхэг, Ладак, Лех. Зургийг Данзанчойжил.

Дээрхийн гэгээн ладак түмний дуу бүжиг, Сонам Лин төвөд суурингийн иргэдийн тоглолтыг таалан соёрхож, илтэд хөгжин баясаж байлаа. Мөн Инд мөрний тэртээх нутгаас ирсэн Чушот тосгоны төлөөлөгчдийн өлзий бэлгэт ерөөлийг сонсож баяртай буйгаа илэрхийлэв.

Ладакийн Хийдийн холбооны дэд ерөнхийлөгч гэвш Лувсан-Иш бээр Дээрхийн гэгээний нас, лагшин батдан, урт удаан наслахыг залбиран ерөөв. Тэрээр хутагт хувилгаад, хуврагийн чуулган, Төвөдийн Төв Захиргааны тэргүүн, Энэтхэгийн Засгийн газрын албаны төлөөлөгчдөд хүндэтгэлээ илэрхийлэв. Мөн өнөөдөр мэндэлсэн өдөр нь тохиож буй Дээрхийн гэгээнд хандан, “Таны айлдварыг сонсохын төдийд бидний сэтгэл баяраар бялхдаг. Бурхан багшийн бошиглосончлон та бээр Жанрайсиг бурхны хувилгаан билээ. Цастын орон бол таны орших орон билээ. Дээрхийн гэгээн танаас бидний дунд дахин дахин залран морилж хайрлахыг хичээнгүйлэн хүсье” гэв.

Зураг. Дээрхийн гэгээн Далай ламын мэлмий гийсний 91 насны ойн баярын үеэр Ладакийн Буддын хийдүүдийн холбооны дэд ерөнхийлөгч гэвш Лувсан-Иш баяр ёслолыг өндөрлөн үг хэлж буй нь... 2026 оны 7 дугаар сарын 6. Энэтхэг, Ладак, Лех. Гэрэл зургийг Данзанчойжил.

Тэрээр илтгэл тавьсан, урлагийн үзүүлбэр толилуулсан бүх хүнд талархал илэрхийлэв. Мөн энэхүү баяр ёслолыг амжилттай сайхан тэмдэглэн өнгөрүүлэхэд хувь нэмэр оруулсан бүх хүнд талархан, дараах залбирлаар үгээ өндөрлөлөө.

Зохист аялгуун эрдэм хийгээд ялгуусан цог төгөлдөр

Захгүй чанадын ухааны бумбыг билгүүн рашаанаар дүүргэгч
Их далай лугаа номт мэргэдийн оройн чимэг

Их лянхуа баригч эзэн танаа мөргөе.


Ингээд Дээрхийн гэгээн бээр амгалан мишээсээр өргөөндөө морилов. Энэ үед хуран цугласан олон “Happy Birthday to you...” дууны үгийг төвөдөөр орлуулан, хөгжилдөн дуулж байлаа.



]]>
Венесуэл улсад газар хөдөлж, гамшиг тохиолдсонд эмгэнэл илэрхийлэв. https://mn.dalailama.com/news/венесуэл-улсад-газар-хөдөлж-гамшиг-тохиолдсонд-эмгэнэл-илэрхийлэв Uyangoo Badamsambuu https://mn.dalailama.com/news/венесуэл-улсад-газар-хөдөлж-гамшиг-тохиолдсонд-эмгэнэл-илэрхийлэв Венесуэл улсад газар хүчтэй хөдөлж, олон хүний амь нас эрсдэн, бэртэж гэмтсэнд би бээр гүнээ харамсаж байна. Энэ гамшгийн улмаас амь үрэгдэн, зовлон зүдүүр амссан хүмүүсийн төлөө залбиран, эмгэнэл илэрхийлье.

Бид угтаа бүгд хүн төрөлхтөн билээ. Бүгд л аз жаргалыг хүсэж, зовлонгоос зугтдаг. Хүн төрөлхтний энэ нийтлэг мөн чанарт үндэслэн бие биедээ тусалж дэмжих нь бидний хүлээх үүрэг юм. Тиймээс олон зуун аврагч Венесуэлд очиж, зовлон амсаж байгаа энэ хүнд үед нь тусалж байгаад би бээр ихэд талархалтай байна.

Венесуэл улсад 1992 онд 4 өдөр айлчлахдаа үнэт зүйлс болох энэрэх сэтгэл, сэтгэл хангалуун байх, өөрийгөө жолоодох чадвар, дэлхийн шашин хоорондын эв найрамдлын талаар чухалчлан ярьж байхад минь танай улсын нийгмийн бүх давхаргын хүмүүс ихэд нээлттэй, талархан хүлээж авч байсныг дурсахад сэтгэл хөдөлж байна. Венесуэлийн ард түмэн тэр л халуун дулаан сэтгэлийнхээ хүчээр энэ хүнд цаг үеийг даван туулж чадна гэдэгт би эргэлзэхгүй байна.

Залбирал ерөөлөө өргөе.

Далай лам

2026 оны 6 дугаар сарын 27



]]>
ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙДЛЫН ТУХАЙТАД https://mn.dalailama.com/news/эрүүл-мэндийн-байдлын-тухайтад Uyangoo Badamsambuu https://mn.dalailama.com/news/эрүүл-мэндийн-байдлын-тухайтад Энэтхэг, Шинэ Дели. 6 дугаар сарын 12 - "Аполло" эмнэлгийн ахлах зөвлөх, доктор Ражеш Малхотра, “Энэ сарын 8-ны Даваа гарагт Дээрхийн гэгээн Далай ламын зүүн өвдөгний мэс засал амжилттай боллоо.

Эмчилгээний хугацаанд Дээрхийн гэгээн Далай ламын хувийн эмч нар, ажлын алба "Аполло" эмнэлгийн удирдлага, эмнэлгийн ажилтнуудтай нягт хамтран ажиллав. Дээрхийн гэгээний биеийн байдал тогтвортой байгаа. Удахгүй тэнхэрнэ гэж найдаж байна. Тэрбээр 6 дугаар сарын 12-ны Баасан гаргийн өглөө эмнэлгээс гарсан болно.

Дээрхийн гэгээн Далай ламд үйлчилж, эмчлэх завшаан олдсон нь манай эмнэлэг, эмч нарын багийн хувьд нэр төрийн хэрэг байлаа. Бидэнд итгэл хүлээлгэсэнд талархал илэрхийлэхийн зэрэгцээ Дээрхийн гэгээний эрүүл мэндийн төлөө хувь нэмрээ оруулах завшаан олдсонд туйлын баяртай байна” гэв.

Шинэ Дели хотын “Аполло” эмнэлгийн ахлах зөвлөх, доктор Ражеш Малхотра



]]>
Дээрхийн гэгээн Далай лам Карнатака мужийн амбан захирагчид баяр хүргэлээ. https://mn.dalailama.com/news/дээрхийн-гэгээн-далай-лам-карнатака-мужийн-амбан-захирагчид-баяр-хүргэлээ Uyangoo Badamsambuu https://mn.dalailama.com/news/дээрхийн-гэгээн-далай-лам-карнатака-мужийн-амбан-захирагчид-баяр-хүргэлээ Энэтхэг улс, Химачал Прадеш муж, Дарамсала хот. Дээрхийн гэгээн Далай лам Д.К.Шивакумарт Карнатака мужийн амбан захирагчаар сонгогдсонд чин сэтгэлийн баяр хүргэж, захидал илгээжээ. Дээрхийн гэгээн захидалдаа...

"Карнатака бол Энэтхэг дэх төвөд цагаачдын хамгийн том төвлөрөл болох 30,000 гаруй төвөд иргэний эх орон юм. Бид мужийн Засгийн газар болоод уугуул түмэн бидэнтэй бат бөх нөхөрлөж, өгөөмөр дэмжлэг үзүүлж байгаад машид талархаж байна. Эртний Энэтхэгийн сэцэн ухааны Наландагийн уламжлалд үндэслэсэн манай сургалтын гол төвүүд Карнатакад байр сууриа олсон нь бидний хувьд асар их бахархал билээ.

Энэхүү боломжийг ашиглан тэнд суурьшсан төвөд иргэдэд халуун дотноор хандаж, зочломтгой зан гаргасан Карнатака мужийн Засгийн газар болон уугуул түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Эрхэм таныг цаашид тохиолдох олон сорилтыг амжилттай даван туулж, Карнатакагийн ард түмний, ялангуяа хамгийн эмзэг бүлгийн иргэдийн амьдралд бодитой өөрчлөлтийг авчран, тэдний итгэл найдвар, эрмэлзлийг биелүүлэхэд арвин их амжилтыг хүсье" хэмээжээ.

Дээрхийн гэгээн Далай лам тус баярын захидлаа өөрийн залбирлаар төгсгөжээ.



]]>
Мэдэгдэл https://mn.dalailama.com/news/мэдэгдэл-6 Uyangoo Badamsambuu https://mn.dalailama.com/news/мэдэгдэл-6 Дээрхийн гэгээн Далай лам маргааш Дарамсалагаас Дели хотыг зорин мордох бөгөөд тэнд зүүн өвдгөндөө эмчилгээ хийлгээд, биеэ тэнхэрсний дараа 6 дугаар сарын сүүлээр Ладак хотод нэлээд хугацаагаар морилох юм.



]]>
Дээрхийн гэгээн Төвөдийн Төв Захиргааны тэргүүн Бямбацэрэнгийн тангараг өргөх ёслолыг удирдав. https://mn.dalailama.com/news/дээрхийн-гэгээн-төвөдийн-төв-захиргааны-тэргүүн-бямбацэрэнгийн-тангараг-өргөх-ёслолыг-удирдав Uyangoo Badamsambuu https://mn.dalailama.com/news/дээрхийн-гэгээн-төвөдийн-төв-захиргааны-тэргүүн-бямбацэрэнгийн-тангараг-өргөх-ёслолыг-удирдав Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала, Тэгчин Чойлин. Өнөө өглөө Хилийн чанад дахь Төвөдийн төв захиргааны тэргүүн буюу сикён Бямбацэрэнгийн хоёр дахь удаагийн тангараг өргөх ёслолыг удирдахаасаа өмнө Дээрхийн гэгээн XIV Далай лам хүндэт төлөөлөгчид болон уригдсан зочдыг хүлээн авч уулзав. Тэдний дунд Энэтхэгийн парламентын хоёр гишүүн Тапир Гао, Сүжит Кумар, Чилийн парламентын гишүүн Луис Малла Валенсуэла, Эль Сальвадорын парламентын гишүүн Хосе Франсиско Лира Альварадо, Их Британийн төлөөлөгчид болох Шотландыг төлөөлсөн парламентын гишүүн, Их Британийн парламент дахь Төвөдийн асуудлаарх бүх намын бүлгийн дарга Крис Лоу гэргий Кристи Дойгийн хамт, парламентын гишүүн Вера Хобхаус нөхөр Уильям Хобхаусын хамт, парламентын гишүүн Керри Маккарти, Алисия Кернс мөн Энэтхэг улсад суугаа АНУ-ын Элчин сайдын хоёр зөвлөх Бранд Крёгер, Айзая Уортман тэргүүт нар байв.

Дээрхийн гэгээнийг өргөөнөөсөө гарч, ёслол болох танхимд хүрэн, дуганын доод талд зассан сэнтийд залрав.

Зураг. Тэргүүний тангараг өргөх ёслолын үеэр Төвөд, Энэтхэгийн төрийн дууллыг дуулж буй төвөд сурагчид. Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала, Намжил дацан, Зүлэгхан дуган. 2026 оны 5 дугаар сарын 27. Гэрэл зургийг Данзанчойжил.

Ёслолын эхэнд төвөд сурагчид Төвөд, Энэтхэгийн төрийн дууллыг удирдан дууллаа. Дараа нь Намжил хийдийн дөрвөн лам Бурхан, Ном, Хуврагийн чуулганд залбирал уншив. Таши Шөлпа бүжиг толилуулах зуур цугласан олныг цай, будаагаар дайлав.

Төвөд хүүхдийн тосгоны (ТХТ) сурагчид Төвөдийн гурван мужийн ард түмэн болон тэдний хувцас өмсгөлийг дүрслэн, дуу бүжиг толилуулав. Тэд “Бид бол төвөдийн ард түмэн, Жанрайсиг бурхны ивээлд байдаг зон олон билээ. Бүгдээрээ нэгдэцгээе” хэмээн дууллаа. Төгсгөлд нь бүжигчид хос хосоороо хадаг солилцож, нөхөрлөлийн бэлгэдэл болгов.

Төвөдийн Дээд шүүхийн ерөнхий комиссар Еши Вангмо эхлээд Дээрхийн гэгээнд хадаг болон Бурхан багшийн лагшин, зарлиг, тааллыг бэлгэдсэн шүтээн өргөв. Дараа нь тэргүүний албан үүргийг хүлээн авах тангаргийн үгийг уншихад Бямбацэрэн түүний араас давтан хэлэв. Үүний дараа Еши Вангмо үнэний тангаргийн үгийг уншихад давтан хэлэв. Еши Вангмо түүнд хадаг өргөсний дараа Бямбацэрэн сууж, албан тушаалын тангаргийн баримт бичгүүдэд гарын үсэг зурав. Үүний дараа эрхэм тэргүүн Дээрхийн гэгээний өмнө мөргөж, Бурхан багшийн лагшин, зарлиг, тааллыг бэлгэдсэн шүтээн өргөв.

Зураг. Төвөдийн Дээд шүүхийн ерөнхий комиссар Еши Вангмо Бямбабацэрэн тэргүүний тангаргийг удирдаж буй нь... Энэтхэгийн Химачал Прадеш муж, Дарамсала хот, Намжил дацан, Зүлэгхан дуган. 2026 оны 5 дугаар сарын 27. Гэрэл зургийг Данзанчойжил.

Төвөд сургуулийн сурагчид лимбэ үлээж, бөмбөр дэлдэх зуур үүрэгт ажлаа хүлээлгэн өгч буй болон өмнө нь ажиллаж байсан сайд нар Бямбацэрэнд хадаг өргөв. Дараа нь түүний ийнхүү албан тушаалаа хүлээн авсантай холбогдуулан анхны үгээ хэлэхийг урив. Тэрбээр Дээрхийн гэгээнд хүндэтгэл илэрхийлэн ийн айлтгав.

“Энх тайвны манлай, Төвөдийн ард түмний бэлгэ тэмдэг, Энэрэл нигүүлслийн гуу сан Жанрайсэг бурхны хувилгаан Дээрхийн гэгээн ээ, ХVII Кашагийн тангараг өргөх энэ ёслолыг удирдахаар таалан соёрхсонд туйлын их талархаж байна.

Өнөөдөр бидэнтэй хамт байхаар алс холоос хүрэлцэн ирсэн зочид, хүндэт төлөөлөгчид, Хилийн чанад дахь Төвөдийн төв захиргааны (ТТЗ) албан хаагчид, лам хувраг болон энгийн иргэдийн нийгэмлэгийн гишүүдэд мэндчилгээ дэвшүүлье.

Би 2021 оны ТТЗ-ны Тэргүүний сонгуульд оролцохдоо бусадтай хагарал үүсгэх үг хэлэх, үйлдэл хийхийг тэвчинэ хэмээн амласан. Саяхан болсон сонгуульд ч мөн ийм амлалт өгч, дахин сонгогдлоо. Тусалж дэмжсэн бүх хүнд талархъя. XVI Кашагийн хугацаанд Төвөдийн улс төр, засаг захиргаа болоод ард түмнийхээ сайн сайхны төлөө чадах бүхнээ хийсэн. Бидний хийж чадсан бүхэн Дээрхийн гэгээн XIV Далай ламын ач ивээлээр боломжтой болсон юм.

Төвөдөд амьдарч буй хүмүүс Дээрхийн гэгээнд гүнээ сүсэглэн биширдэг бөгөөд хилийн чанадад хийж бүтээх бүхний маань урам зоригийн эх болдог. Тусалж дэмжсэн хүн бүрд дахин талархъя. ХVII Кашаг ч мөн Дээрхийн гэгээн XIV Далай ламын алсын хараа, чиглэл зааврыг дагана. Бид эв нэгдэл, үнэнч шударга байдал, алагчлалгүй засаглалын зарчмыг баримтална.

Хятадын засаг захиргаатай харилцах бидний арга зам хэрхэн үр дүнд хүрэх бол гэж эргэлзэж болох ч Хятадтай яриа хэлэлцээ хийх шийдвэрээсээ няцахгүй. Зорилгодоо хүрэхийн тулд боломжтой бүх арга замыг ашиглан чадах бүхнээ хийнэ”.

Зураг. Тэргүүн Бямбацэрэн цугласан олонд үг хэлж буй нь... Энэтхэг улс, Химачал Прадеш муж, Дарамсала хот, Намжил дацангийн Зүлэгхан дуган. 2026 оны 5 дугаар сарын 27. Гэрэл зургийг Данканчойжил.

“Хятадын эрхшээл дор Төвөдийн нөхцөл байдал нэн хүнд болсон. Хятадын коммунистууд Төвөдийн нийгэмлэгийг хагалан бутаргахын тулд элдэв башир арга хэрэглэж байна. Бид тэдний оролдлогыг эсэргүүцнэ. Төвөдийн төлөөх тэмцлээ үргэлжлүүлэхийн тулд бид цахим засаглал ашиглана. Үүнд бат бөх суурь шаардлагатай. Бид технологи, цахим хэрэгсэл, хиймэл оюун ухааныг ашиглахаар зорьж байна. Төвөдийн ард түмний хүсэл эрмэлзлийг биелүүлэхэд шаардлагатай мэдээллийг хэрэгцээтэй бүх газарт хүргэх харилцааны стратеги боловсруулна.

Эв нэгдлээ хамгаалахын тулд эв зохицолтой харилцаагаа хадгална. Мөн нийгмийнхээ эмзэг бүлгийнхнийг халамжилж, эрүүл мэндийн тусламж, даатгалаар хангана. ТТЗ болон хилийн чанадад дүрвэн амьдарч буй төвөдүүд бие даан хэрэгцээгээ хангах чадвартай болох ёстой. Зорилгодоо хүрэхийн тулд чадах бүхнээ хийнэ. Энд цугласан хүн бүрийг энэ үйл хэрэгт нэгдэхийг урьж байна.

XVII Кашаг ажлаа хэрэгжүүлэхдээ Дээрхийн гэгээний алсын харааг дагана. Дүрвэн амьдарч буй төвөдүүд бид дүрвэгсэд гэдгээ мартаж болохгүй. Бид тэмцлээ үргэлжлүүлэхийн тулд чадах бүхнээ хийж, тууштай, шийдэмгий байх ёстой. Хятадын коммунистууд төвөд үндэстний мөн чанарыг устгахын тулд ихээхэн хүчин чармайлт гаргаж байгаа ч бид соёл, хэл, уламжлалаа хамгаалах үйл хэргээсээ мохохгүй.

Энэтхэг, АНУ болоод бусад бүх улс орны засгийн газар, ард түмэнд биднийг дэмжиж ирсэнд талархъя. Дээрхийн гэгээн XIV Далай лам өнө удаан насалж, түүний дөрвөн амлалтыг хэрэгжүүлэх үйлс дэлхий дахинд улам бүр дэлгэрэх болтугай. Төвөд нутагт болон хилийн чанадад амьдарч буй төвөдүүд бид удахгүй нэгдэн нийлэх болтугай. Энэ бол миний сэтгэлийн гүн дэх залбирал билээ”.

Зураг. Гангки Петөн сургуулийн багачууд тэргүүний тангараг өргөх ёслолд зориулан бүжиж буй нь... Энэтхэг улс, Химачал Прадеш муж, Дарамсала хот, Намжил дацангийн Зүлэгхан дуган. 2026 оны 5 дугаар сарын 27. Гэрэл зургийг Данзанчойжил.

Йонлинг сургуулийн багачууд “Э ма хо” хэмээх сэтгэл татам бүжгийг толилуулсны дараа Гангки Петөн сургуулийн хүүхдүүд эрч хүчтэй үзүүлбэр үзүүлжээ. Дээрхийн гэгээн тэдний тоглолтыг илт баясан соёрхоод, өргөөндөө буцахаар зэхэв. Тэрбээр цахилгаан гольфийн тэргээр аядуухан явах зуураа дуганы хашааны хоёр талаар зогссон хүмүүсийн зүг инээмсэглэн, гар даллаж байлаа.

Орчуулагч П.Тунгалагтамир


]]>
Төв Дохам Чүши Гандруг болон Хималайн Буддын шашинтнуудын соёлын холбооноос Дээрхийн гэгээн Далай ламд бат оршил өргөв. https://mn.dalailama.com/news/төв-дохам-чүши-гандруг-болон-хималайн-буддын-шашинтнуудын-соёлын-холбооноос-дээрхийн-гэгээн-далай-ламд-бат-оршил-өргөв Uyangoo Badamsambuu https://mn.dalailama.com/news/төв-дохам-чүши-гандруг-болон-хималайн-буддын-шашинтнуудын-соёлын-холбооноос-дээрхийн-гэгээн-далай-ламд-бат-оршил-өргөв Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала, Тэгчин Чойлин. Өнөө өглөө Дээрхийн гэгээн Далай лам өргөөнөөсөө Намжил дацангийн Зүлэгхан дуган руу морилох замд Хималайн буддын шашинтнуудын соёлын холбооны ерөнхийлөгч гэвш Лувсанняндаг, Бэрээвэн Гоман хийд болон Тарнийн Жүд Дацангийн хамба асан лам нар мөн Төвөдийг хамгаалахаар сайн дураар байгуулагдсан анхны эсэргүүцлийн хүчин болох Төв Дохам Чүши Гандругийн (Дөрвөн мөрөн, зургаан нуруу) ерөнхийлөгч угтан золгов. Уг хоёр байгууллага Дээрхийн гэгээнд бат оршил өргөж буй юм.

Зураг. Дээрхийн гэгээн Далай лам бат оршлын ёслолд оролцохоор Дарамсала хотын Намжил хийдэд морилж буй нь... Энэтхэг, Химачал Прадеш. 2026 оны 5 дугаар сарын 20. Гэрэл зургийг Данзанчойжор.

Дээрхийн гэгээн дуганд морилох зуураа замын хоёр талаар угтан зогссон хоёр байгууллагын өглөгийн эзэд болоод сүсэгтнүүдийн зүг баяртайгаар инээмсэглэн мэндчилэв.

Дуганд Дээрхийн гэгээний сэнтийг мариголд цэцгийн хэлхээгээр гоёмсог чимж, өмнөх ширээг нь цагаан чампака цэцгийн хэлхээгээр гоёжээ. Энэ удаагийн бат оршил өргөх ёслолыг тэргүүлэх Күндэлин ринбүүчи түүний өөдөөх харан заларч байв. Ринбүүчигийн баруун талд Намжил хийдийн хамба, Гандан Шарцэ дацангийн хамба, Тарнийн Жүд дацангийн хамба асан Хэнсүр Лувсан Хэдрүв, Бэрээвэн Гоман хийдийн хамба асан Хэнсүр Лувсан Жалцан мөн Олон улсын буддын шашны нэгдсэн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Шарцэ дацангийн хамба асан Хэнсүр Жанчүв Чойдэн нар суужээ. Күндэлинг ринбүүчигийн зүүн талд Гандан Жанцэ дацангийн хамба, Бутаны Жигмэд Ламсан мөн Гандан Шарцэ дацангийн хамба Жанчүв Санжай нар залрав. Түүнчлэн Нинма, Сажа, Гаржүд, Бон уламжлалын төлөөлөгчид хүрэлцэн иржээ.

Уншлагыг Трүлшик ринбүүчигийн зохиосон, Дээрхийн гэгээн Далай ламын урьдын төрлүүдийг дурдсан “Амгалангийн цагаан үүлс” залбирлаар эхлэв. Уг залбиралд Төвөдийн номт хаад, Ловон Бадамжунай, Бэрээвэн Гоман хийдийг үндэслэгч Жамьянчойж, Энэтхэг, Төвөдийн бусад олон ихэс багшийг дурсан өгүүлдэг. Дээрхийн гэгээний мэндэлсэн тухай бадагт ийн өгүүлжээ.

“Шридэви буюу Балдан Лхамын эш бошиг ёсоор
Гүрү Манжунат буюу Богд Зонховын мэндэлсэн газрын ойролцоо
Домэй (Амдо) нутгийн Тагцэрт
Төвөдийн төв нутгаас гаралтай гэр бүлд гайхамшигтайяа мэндэлсэн танд залбиръя”.

Үүний дараа V Далай ламын зохиосон “Хүслийг хангагч хүрдэн Цагаан дарь эхийн бат оршлын зан үйл”-ийн дагуу гол ёслол эхлэв. Цагаан өнгийн ДAM үсгээс Цагаан дарь эх урган гарч буйгаар бясалгав. Тэрбээр намрын сар мэт цагаан лагшинтай, нэг нүүр, гурван мэлмий, хоёр мутартай бөгөөд арван 16 настай залуу дүртэй. Баруун мутар нь дээдийн бүтээл соёрхох мутрын барилтай. Зүүн мутрын ядам болон эрхий хурууны завсраар зүрхэн тус газраа цагаан удвал цэцгийн иш барьж, очир завилгаагаар сууна. Түүнд дараах залбирлыг өргөв.

“Ялж төгс нөгчсөн эх та цаглашгүй олон галавын турш
Энэрэх хайрын сэтгэлээс үүдэн нигүүлсэнгүй сэтгэлд дадсан билээ
Таны хүсэл ерөөл агуу, үзэл төгс бүрдсэн тул
Амьтны тусыг бүтээх ам тангаргаа биелүүлэх цаг эдүгээ ирлээ”.

Түүнд эхлээд ундааны ус, өлмий сэрүүцүүлэх ус, угаал ус, тотгор арилгахаар цацах ариусгалын ус, цэцэг, хүж, зул, үнэртэн, идээ, хөгжим тэргүүтэн олон тахил өргөв. Мөн хувцас, чимэглэл, долоон эрдэнэ, тэдгээрийн дагалдах долоон эрдэнэ, өлзийт найман тэмдэг, өнгө дүрс, дуу хөг, үнэр, амт, хүрэлцэхүй хэмээх таван мэдрэхүйн орон, түүнчлэн шүхэр, ялалтын туг, чимэгт туг, бөс даавуу, хөгжим өргөжээ.

Зураг. Дээрхийн гэгээн Далай ламд бат оршил өргөх үеэр Дарамсала дахь Намжил хийдийн доторх дүр зураг. Энэтхэг, Химачал Прадеш. 2026 оны 5 дугаар сарын 20. Гэрэл зургийг Данзанчойжор.

Дарь эхийг ийн магтан залбирлаа.


“Орчлонгийн хүлээснээс гэтэлгэгч дарь

Найман аюулаас аврагч дүдарэ

Өвчин бүхнээс өмгөөлөгч дүрэ

Өршөөлт Дарь эх танаа мөргөмү”.


Дараа нь бясалгаж буй лам бээр зүрхэн тус газарт цагаан хүрд буйг дүрслэн өгүүлэв. Сарны мөн чанартай тэр хүрд найман хигээс, таван цагаригтай. Голд нь цагаан ДAM үсэг, түүнийг тойрон Дээрхийн гэгээний нэрийн тарни “Ум Аа Гүрү Базар Дара Бадда Рага Манзушри Вагиндра Сумади Зана Шасана Дара Самудра Шри Бадра Сидди Аюур Пунья Зана Пуштим Күрү” байрлана.

Дараах эхний бадгийн адилаар уг зан үйлийн уламжлалын багш нарыг дараалан залжээ:

“Хутагт, мэргэдийн эрхэт Бурхан багш таныг
Энэ оронд залран ирэхийг урья
Эрхэм дээд энэ оронд морилон саатаж
Манай цогт ариун ламын өлмийг
Зуун галаваар бататган соёрхоно уу
Үхэшгүй насны шид бүтээлийг соёрхоно уу.
Ум Дарэ Дүддарэ Дүрэ Сатгү Рора Аюур Пүнья Зана Пуштим Күрү Суха

Дарэ Дүддарэ Дүрэ Сатгү Рора Аюур Пүнья Зана Пуштим Күрү Суха”.


Ламын тэргүүнд заларсан Амитаба бурхан цаглашгүй нас, язгуурын билгүүнийг сахигч Аюуш бурхан болж хувиран, үхэшгүй мөнхийн рашаанаар дүүрсэн алтан бумба барьжээ. Бумбын амсраас рашаан оргилон хальж, цогт ламын зулайгаар лагшинд нь шингэв. Лагшин бүхэлдээ рашаанаар дүүрч, ариун бус үзлээс үүдсэн өвчин, гай барцад, хорт үйл, түйтгэр, цаг бусын үхлийн бүх аюул ариуссанаар лам үхэшгүй насны шид бүтээлийг олсон хэмээн бясалгав.

Эл зан үйлийг удирдсан лам нар тэнд цугласан 5000 хүнийг дагуулан дараах тарнийг олон удаа уншлаа. Ум Дарэ Дүддарэ Дүрэ Сатгү Рора Аюур Пүнья Зана Пуштим Күрү Суха.

Күндэлинг ринбүүчи Төв Дохам Чүши Гандругийн ерөнхийлөгч асан болон Хималайн буддын шашинтнуудын соёлын холбооны ерөнхийлөгчийн хамт Дээрхийн гэгээнд мандал өргөж, өлмий бат оршихыг айлтгав. Бурхан багшийн лагшин, зарлиг, тааллын шүтээн, насны рашаантай бумба, язгуурын таван бурхны бэлгэдэл, насны архи, насны үрэл, хаан төрийн долоон эрдэнэ, өлзийт найман тэмдэг, өлзийт найман зайг мөн өргөжээ.

Зураг. Күндэлинг ринбүүчи Төв Дохам Чүши Гандругийн ерөнхийлөгч асан болон Хималайн буддын шашинтнуудын соёлын холбооны ерөнхийлөгчийн хамт бат оршлын үеэр Дээрхийн гэгээн Далай ламд мандал өргөж буй нь... Дарамсала дахь Намжил хийд, Энэтхэг, Химачал Прадеш. 2026 оны 5 дугаар сарын 20. Гэрэл зургийг Данзанчойжор.

Уламжлал ёсоор Дээрхийн гэгээний хоёр багшийн зохиосон, түүний өлмий бат оршихын дэлгэр залбирал “Үхэшгүй мөнхийн дуулал”-ыг уншив. Дараах бадгийг давтан уншжээ.

“Танд чин сүсгээр залбирлаа өргөе
Цастын орныг хамгаалагч Данзанжамц зуун галавт оршин залрах болтугай
Түүнд адислалаа хайрлаж
Таалсан хэргийг нь саадгүй бүтээн соёрхоно уу”.

Өнөөдөр бат оршил өргөсөн хоёр байгууллагын гишүүд бурхдын дүр, ном судар тэргүүтнийг барин дуганаар дараалан өнгөрчээ. Тэдний төлөөлөгчид сэнтийд ойртон Дээрхийн гэгээний адисыг хүртэв.

Зураг. Бат оршлын үеэр хоёр байгууллагын гишүүд өргөл барин Дээрхийн гэгээн Далай ламын өмнүүр дараалан өнгөрч буй нь... Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала хотын Намжил хийд. 2026 оны 5 дугаар сарын 20. Гэрэл зургийг Данзанчойжор.

Дээрхийн гэгээнд чин сэтгэлийн хүсэлт айлтгаж, “Төв Дохам Чүши Гандругийн бид тантай золгон мэндчилж байна. Төвөд нутагт нар ахин мандаж, төвөдүүд бид тэндээ эргэн хуран цуглах болтугай хэмээн залбирч байна. Өнгөрсөн гурван өдрийн турш 135 лам, гэлэнмаа Дээрхийн гэгээн таны өлмий бат орших зан үйлийг үйлдлээ” гэв.

Төв Дохам Чүши Гандругийн төлөөлөгчид Дээрхийн гэгээнд талархал, хүндлэлээ илэрхийлсэн чимэгт дурсгалын зүйл өргөж, онцлогийг нь тайлбарлав.

Хималайн буддын шашинтнуудын соёлын холбооны лам нар мөнгөн дунг дагалдах бичгийн хамт өргөв. Дээрхийн гэгээн уг бичгийг уншжээ. Тэд “Дээрхийн гэгээний 90 насны ой болон Нигүүлсэнгүй сэтгэлийн жилийн баяртай холбогдуулан хамаг амьтан, ялангуяа Төвөдийн ард түмний сайн сайхны төлөө залбирч байна. Энэхүү мөнгөн дунг танд талархлын бэлгэдэл болгон өргөе” гэв.

Хималайн буддын шашинтнуудын соёлын холбооны эгэл сүсэгтэн хоёр төлөөлөгч Дээрхийн гэгээнд чимэглэн жаазалсан бодь модны навч өргөв. Тэд төвөдийн соёл, уран зохиол, байгалийн орчныг хадгалан хамгаалах үйлсийг нь хүндэтгэн уг навчинд үг сийлснээ айлтгаад, “Төвөдийн амьтан хийгээд шашныг ивээгч таны сайн хүсэл бүхэн биелэх болтугай” гэв.

Зураг. Хималайн буддын шашинтнуудын соёлын холбооны эгэл сүсэгтэн хоёр төлөөлөгч бат оршлын үеэр Дээрхийн гэгээн Далай ламд чимэглэн жаазалсан бодь модны навч өргөж буй нь... Энэтхэг улс, Химачал Прадеш хот, Дарамсала хотйн Намжил хийд. 2026 оны 5 дугаар сарын 20. Гэрэл зургийг Данзанчойжор.

Чүши Гандругийн гишүүд VI Далай ламын зохиосон дуунуудаас дуулсан бөгөөд түүний хойд дүрийн тухай алдарт зөгнөлийг өгүүлжээ.

Цагаан тогоруу минь
Надад даль жигүүрээ зээлээч
Би Литанаас хол явахгүй
Тэндээсээ дахин эргээд ирнэ.

Дээрхийн гэгээнийг өлмий бат оршихоо зөвшөөрсөнд талархан, талархлын мандал өргөв. Үүний дараа насны бурхан Аюушид залбирч, “Гэгээн мэргэдийн эв эеийн үнэний дуулал, Бурхны шашин үл хуваагдан дэлгэрэхийн ерөөл”-ийг уншив. Уг залбиралд дараах бадаг бий.

“Эдгээр сургаалыг баригч багш нарын өлмий бат, эв эе төгс байх болтугай
Хуврагийн чуулган судлах, бясалгах, үйл хэрэгжүүлэхүйгээр эдгээр сургаалыг хадгалах болтугай
Эдгээр сургаалыг дагахыг зорьсон сүсэгтэн олноор ертөнц дүүрэх болтугай
Урсгал үл ялгасан Бурхан багшийн сургаал өнөд дэлгэрэх болтугай”.

Ёслол “Үнэний үгийн залбирал”-аар өндөрлөжээ.

Дээрхийн гэгээн дуганаас морилон гарахдаа хоёр залуу хувилгаан ламыг дохиж дэргэдээ дуудаад, урмын үг хэлэв. Мөн цахилгаан шат руу алхахдаа олны дундах ахмад настнууд болон залууст онцгой анхаарал хандуулж, зам дагуу зогссон хүн бүрд инээмсэглэн мэндчилсээр байлаа.

Орчуулагч П.Тунгалагтамир













]]>
Их Дүйчин өдөрт зориулсан илгээлт https://mn.dalailama.com/news/их-дүйчин-өдөрт-зориулсан-илгээлт-2 Uyangoo Badamsambuu https://mn.dalailama.com/news/их-дүйчин-өдөрт-зориулсан-илгээлт-2 Бурхан багш Шагжамүнийн мэндэлсэн, гэгээрлийн хутгийг олсон, нирваан дүрд одсон өдрийг дурсан тэмдэглэх Их Дүйчин (Весак өдөр) баярыг тохиолдуулан дэлхийн өнцөг булан бүрд буй буддын шашинтнууддаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхны ерөөл өргөе.

Шагжамүни Бурхан багш 2500 гаруй жилийн тэртээх энэ өдөр гэгээрэлд хүрч, манай дэлхийд номын гэгээ татуулсныг санан тэмдэглэдэг билээ. Түүнээс хойш манай дэлхий ертөнц танигдахын аргагүй өөрчлөгдсөн хэдий ч түүний сургаал өнөөдөр ч үнэ цэнээ алдаагүй хэвээр байна. Шүтэн барилдлагын талаарх гүн гүнзгий үзэл ойлголт, хэнд ч гэм хор хүргэхгүй байж, хамаг амьтны тусыг бүтээхийг уриалсан сургаал нь бидэнд энэхүү үймээнт цаг үед энэрэнгүй сэтгэлээ гээхгүй хадгалах, зөв амьдрахад хэрэг болох чухал гарын авлага болсоор байна.

Өөрийгөө буддын шавь хэмээн үздэг хэн бүхнийг XXI зууны буддын шашинтан байхыг, өөрөөр хэлбэл сургаалын жинхэнэ утга учир юу болохыг олж мэдэж, түүнийгээ амьдрал ахуйдаа хэрэгжүүлж байхыг би үргэлж уриалдаг юм. Үүнд сургаалыг сонсох, унших, сонссон уншсанаа гүнзгий эргэцүүлэн бодох, түүнтэйгээ сайтар танилцан хэрэгжүүлэх зэрэг багтана.

Бурхан багшийн мэндэлсний 2570 жилийн ойг тэмдэглэж буй энэ өдрийн мэндийн шашин нэгт ахан дүүстээ дэвшүүлье. Бид дор бүрдээ Бурхан багшийн сургаалыг өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлснээр илүү аз жаргалтай, энх тайван дэлхий ертөнцийг бүтээхэд хувь нэмрээ оруулж чадна гэж итгэн залбирч байна.

Залбирал, сайн сайхны ерөөл дэвшүүлсэн

ДАЛАЙ ЛАМ

2026 оны 5 дугаар сарын 1

]]>
Дээрхийн гэгээн Далай ламд бат оршил өргөв https://mn.dalailama.com/news/дээрхийн-гэгээн-далай-ламд-бат-оршил-өргөв Don Eisenberg https://mn.dalailama.com/news/дээрхийн-гэгээн-далай-ламд-бат-оршил-өргөв Энэтхэг, Х.П., Дарамсала, Тэгчин Чойлин - Өнөөдөр Дээрхийн гэгээн Далай ламд Даса Дотое (Хам) халамжийн нийгэмлэг болон Лодриг (Мустангийн гэр бүл) халамжийн холбооноос Төвөдийн гол хийд болох Зүглэгхан дуганд бат оршил өргөв. Эдгээр ивээн тэтгэгчдийн төлөөлөгчид Дээрхийн гэгээнийг өргөөнийх нь үүдэнд угтан авч, дуган руу бараа болон явлаа. Дуучид дуулж байх хооронд бүжигчид даши шөлпа бүжиг бүжиглэн угтан авав. Дээрхийн гэгээн инээмсэглэн, 5000 орчим сүсэгтэн олонтой гараа даллан мэндчилж байлаа. Тэрбээр дуганд орж, сэнтийд залрав.

Төвөдийн гол дуганд бат оршил өргөх ёслолд оролцохоор морилон ирж буй Дээрхийн гэгээн Далай ламыг угтан авч буй дуучид, бүжигчид. 2026 оны 4-р сарын 22. Энэтхэг, ХП муж, Дарамсала хот. Зургийг: Дэнзэн Чойжор.

Энэ удаагийн бат оршил нь V Далай ламын зохиосон “Хүслийг биелүүлэгч хүрдний Дарь эх”-ийн зан үйл дээр үндэслэн явагдав. Намжал хийдийн хамба лам хансүр Лувсан Самдан ёслолыг удирдан явууллаа. Тэрээр мөргөл үйлдэж, Дээрхийн гэгээнд хадаг өргөснөөр ёслол эхлэв. Түүний баруун талд Гандан Жанзэ ба Намжал хийдийн хансүр хамба Кэутсан ринбүүчи суусан бөгөөд зүүн талд нь Зонха Чодэ хийдийн хамба лам болон хансүр хамба лам нар сууж байлаа. Тэдний ард Бодон Банчэн ринбүүчи сууж байв. Энэхүү зан үйл нь Дарь эх бурханыг магтан дуулсан цуврал өргөлүүдээр эхэлсэн юм:

Дарь эх минь та амьтдыг орчлонгоос чөлөөлдөг билээ.
"Дударэ"-гээр та амьтдыг найман айдсаас чөлөөлдөг билээ.
"Дарэ"-гээр та амьтдыг үхлээс чөлөөлдөг билээ.
Бид танд мөргөж байна, Дарь эх минь ...
Агуу их үйлсийг соёрхогч Хатагтай минь.

Дараа нь Ламын (Далай ламын) зүрхэнд дүрслэгдсэн тарнийн тухай тайлбар хийгдэв: “Дарь эхийн дүрээр үзэгдэж буй Ламын зүрхэнд сарны мөн чанартай цагаан хүрд оршино. Хүрд нь найман хигээстэй, таван цагирагтай. Түүний төвд цагаан ‘ДАМ’ үсэг байрлана. Энэхүү ‘ДАМ’ үсгийг Дээрхийн гэгээн Далай ламын урт нэртэй тарни хүрээлж байна:

УМ АА ГҮРҮ ВАЖРАДАРА БАТАРАХА МАНЖУШРИ ВАГИНДРА СУМАДИ ЖАНА
ШАСАНА ДАРА САМУДРА ШРИ БАДРА СИДИ АЮУР БУНЬЯ ЖАНА БУШДИМ ГҮРҮ.
Мөн хүрдний цагираг бүр дээр хэд хэдэн тарни дүрслэгдсэн байв.

Төвөдийн гол дуганд болсон Дээрхийн гэгээн Далай ламд бат оршил өргөх ёслолын үеэр лам нар уламжлалт хөгжмийн зэмсэг тоглож байгаа нь. 2026 оны 4-р сарын 22. Энэтхэг, ХП муж, Дарамсала хот. Зургийг: Дэнзэн Чойжор.

Үүний дараа язгуурын багш нарыг урин дуудаж, Ламд мөнх амьдрал соёрхохыг хүсэв. Тэдний нэрсийг дуудан урьсны дараа тус бүрд нь дараах байдлаар хандан залбирлаа:
Бид та бүхнийг энэ газар морилон ирэхийг урьж байна Та энэ эрхэм орон зайд ирсэнийхээ дараа

Манай аугаа эрхэм Ламын амьдралыг
Зуу зуун жилээр уртасган соёрхоно уу.
Түүнд мөнх амьдралын оюуны ололтыг хайрлан соёрхоно уу.

Ёслолын үеэр Намжал хийдийн хамба лам насан хутгийн сумыг өргөн үзүүлсний дараа сэнтийд ойртон Дээрхийн гэгээн Далай ламд сумыг өргөн барихад тэрбээр түүнийг зөөлөн атган авч, хэд хэдэн зүгт эргүүлэн өргөв. Ёслол дараах байдлаар үргэлжлэв: “Ламын тэргүүнийг чимсэн Авид бурхан нь хэмжээлшгүй урт нас, угийн билиг ухааныг хамгаалагч Аюуш бурхан болон хувирч байна гэж төсөөлнө. Түүний бие
цагаан бөгөөд улаан туяатай, нэг нүүртэй, хоёр мутартай. Түүний мутар нь бясалгалын тэнцвэртэй байдалд оршиж, мөнх амьдралын балаар дүүрсэн алтан ваарыг атгасан байна. Тэрхүү бал нь халин урсаж, эрхэм Ламын тэргүүний оройгоор дамжин түүний бие махбодь руу урсан орж байна. Түүний бүх бие балаар дүүрч, буруу үзлээс үүдсэн өвчин эмгэг, сөрөг нөлөө, хор хөнөөлтэй үйл, төөрөгдөл, цаг бусын үхлийн аюулыг ариусгаж байна. Ингэснээр Лам үхэшгүй байдлын оюун санааны ололт амжилтанд хүрч байна.”

Бат оршил өргөх ёслолын үеэр Дээрхийн Гэгээн Далай ламд зориулан Дотое Чолха халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Дэнзэн, Намжал хийдийн хамба лам Лувсан Самдан, Лодриг халамжийн холбооны ерөнхийлөгч Жамба Цэрэн Лама нар мандал өргөж байгаа нь. 2026 оны 4-р сарын 22. Энэтхэг, ХП муж, Дарамсала хот. Зургийг: Вэн Замилан Норов.

"Дараа нь түүний биеийн нүх сүвээр гэрлийн туяа цацарч, гар хүрэх зайд биеийг нь хүрээлсэн цагаан гэрлийн том бүрхүүл үүсгэв. Бүхий л амар амгалантай гэгээрлийн үйлс нь биелэв. Шар гэрлийн туяа түүний биеийн нүх сүвээр цацарч, өмнө нь үүссэн цагаан бүрхүүлээс гар хүрэх зайд шар гэрлийн бүрхүүл үүсгэв. Ингэснээр өсөлт, гэгээрлийн дэлгэрэх үйлс бүрэн биелэв. Улаан гэрлийн туяа түүний биеийн
нүх сүвээр цацарч, шар бүрхүүлээс нэг гар хүрэх зайд улаан гэрлийн бүрхүүл үүсгэв. Ингэснээр бүхий л хүчирхэг гэгээрлийн үйлс бүрэн биелэв. 

"Хөх гэрлийн туяа түүний биеийн нүх сүвээр цацарч, улаан бүрхүүлээс гар хүрэх зайд хөх гэрлийн бүрхүүл үүсгэв. Ингэснээр бүх хилэнт гэгээрлийн үйлс бүрэн биелэв. Ногоон гэрлийн туяа түүний биеийн нүх сүвээр цацарч, хөх бүрхүүлээс гар хүрэх зайд ногоон гэрлийн бүрхүүл үүсгэв. Ингэснээр гэгээрлийн бүх үйлс биелэв. Бор гэрлийн туяа түүний биеийн нүх сүвээр цацарч, ногоон бүрхүүлээс гар хүрэх зайд хүрэн гэрлийн бүрхүүл үүсгэв. Үүгээр бүх адислал болон гэгээрлийн үйлс батжин тогтворжлоо.

“Эдгээр зургаан гэрлийн бүрхүүл нь нэгэн өндөг хэлбэрийн бат бөх бүтэц үүсгэдэг бөгөөд түүнийг эриний төгсгөл хүртэл салхи ч устгаж чадахгүй. Тэдгээрийн хоорондын зай нь шинэхэн дэлгэрсэн хөх утпала цэцгээр дүүрсэн бөгөөд уян хатан, эргэлддэг, нимгэн байна.”

Цагаан гэрлийн бүрхүүл дотор цагаан хүрд дүрслэгдэнэ. Хүрд нь нар зөв эргэнэ. Дарханы зууханд унасан өд мэт галын дөл дүрэлзэн асч, сөрөг хүч, саад тотгорыг тэр даруйд нь шатаан арилгана.

Дээрхийн гэгээний гарт байсан нэгэн утсыг ёслолыг удирдаж байгаа лам нарт дамжуулан өгч, тэднийг холбосон холбоос үүсгэсэн бөгөөд тэд Цагаан Дарь эхийн тарнийг олон тоогоор уншлаа. Дараа нь уг утсыг буцаан авав.

Дараа нь хамаг амьтны тусын тулд болон Бурханы сургаал дэлгэрэхийн тухайтад Дээрхийн гэгээн Далай ламыг өнөд урт наслахыг хүсэж, мандал өргөв. Ёслолыг удирдсан хамба лам Дээрхийн гэгээнд Бурханы гэгээрлийн лагшинг бэлгэдсэн Цагаан Дарь эх бурханы шүтээн дүр, зарлигийг бэлгэдсэн судар, тааллыг бэлгэдсэн суварга сэлтийг өргөн барив.”

Төвөдийн гол дуганд болсон Дээрхийн гэгээн Далай ламд бат оршил өргөх ёслолын үеэр Намжал хийдийн хамба лам Лувсан Самдан Дээрхийн Гэгээн Далай Ламд өргөл өргөж байгаа нь. 2026 оны 4-р сарын 22. Энэтхэг, ХП муж, Дарамсала хот. Зургийг: Дэнзэн Чойжор.

Түүнд мөн мөнхийн рашааны балтай бумба, язгуурын таван Бурханы бэлгэдэл, насны рашаан, насны үрэл болон хүрдэн эрдэнэ, чандмань эрдэнэ, хатан эрдэнэ, түшмэл эрдэнэ, заан эрдэнэ, морин эрдэнэ, жанжин эрдэнэ зэргийг багтаасан төрийн долоон эрдэнийн бэлгэдлийг өргөн барив. Эдгээр төрийн долоон эрдэнийн бэлгэдэл нь гурван цагийн Ялагч бүхний магтаалд дурдсан Их төрөлхтөний номын бүрэн эрхт байдлыг илтгэн харуулдаг. Тэдгээрийг номын эрх мэдэл үргэлж бат бөх байхыг ерөөн өргөн барив.

Дараа нь ерөөлт найман тахил болох хүрд, ялалтын туг, шүхэр, төгс зангилаа, бадамлянхуа цэцэг, эрдэнийн ваар, алтан загас, баруун эргүүлэгтэй дун зэргийг өргөв. Үүний дараа өлзийт найман зай болох толь, гиваан (бизуар), тараг, дурва өвс, мод жимс (билва), баруун эргүүлэгтэй дун, улаан нунтаг, гичний үр сэлтийг өргөн барилаа.

Энэ хооронд бурхад, судар, ламын нөмрөг гэх мэт зүйлсийг өргөж буй өглөгийн эздийн цуваа сэнтийн өмнүүр хурдтай өнгөрч байлаа. Өглөгийн эздийн төлөөлөгчид Дээрхийн гэгээнээс адис авахаар сэнтийд нь ойртон очив.

Бат оршил өргөх ёслолын үеэр зохион байгуулагчдын төлөөлөгчид өргөл барин Дээрхийн гэгээн Далай ламын өмнүүр өнгөрч байгаа нь. 2026 оны 4-р сарын 22. Энэтхэг, ХП муж, Дарамсала хот. Зургийг: Дэнзэн Чойжор.

Түүнд Жамьян Хёнце Чогий Лодрогийн зохиосон "Үхэшгүй мөнхийн балны аялгуу” хэмээх дээдийн ялагч, бүхнийг чадагч Дээрхийн гэгээн XIV Далай ламын өнөд урт наслахын төлөө зориулсан залбирлыг уншсаны дараа нэг шүлэгт ерөөл залбирал мөн өргөгдөв.

Дээрхийн гэгээн өнөд урт наслахыг зөвшөөрсөнд талархал илэрхийлж, талархлын мандал өргөв. Дараа нь цугларагсад Дээрхийн гэгээний зохиосон “Үнэний тухай мэргэдийн эв зохирлын дуу” - Бурхан багшийн сургаалыг шашны бүх урсгалуудад дэлгэрүүлэхийн ерөөлийг уншсан бөгөөд гол утга санаа нь:

Энэ бол хамгийн дээд бөгөөд эрхэм уламжлал,
Зам мөрийн мөн чанар, шат дараалалын алдаагүй төгс дадлага,
Гурван номын сав аймаг, дөрвөн дандарын сургаал бүгдийг багтаасан
Бурханы сургаал Цастын оронд өнө удаан дэлгэрэх болтугай.

Залбирал дараах ерөөлөөр өндөрлөв:
Товчхондоо,
Сансар огторгуй хэзээ орших хүртэл,
Мөн амьтдын зовлон хэдий үргэлжлэхийн хирээр,
Би ч бас оршиж, тэдэнд шууд ба шууд бус бүхий л аргаар
Тус нэмэр, аз жаргалыг авчрах болтугай!

Ёслолын төгсгөлд ерөөлт залбирлууд өргөгдөж, тэдгээрийн дотор “Үнэн үгийн залбирал” багтсан байлаа. Дээрхийн гэгээн сэнтийнээсээ босож, дуганаас гарав. Тэрбээр цахилгаан шат руу алхахдаа хоёр талд зогссон олон нийт рүү гэрэл цацруулан инээмсэглэсээр явав. Дараа нь хашаанд буцаж ирэн, өргөө рүүгээ морилохоор гольфын тэргэнд сууж, замдаа байгаа олон түмнийг хүндэтгэн мэндчилсээр явлаа.

]]>