Швейцарь, Цюрих – Энэ өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Цюрих хотын зочид буудалд Рикон дахь Төвөдийн институтийн Итгэмжит Удирдах Зөвлөлийн Дэд Ерөнхийлөгч Рүдон Хоггер болон сэтгүүлчдийг хүлээн авч уулзахад тэрээр Дээрхийн Гэгээнтэнд машид талархаж байгаагаа илэрхийлэв.
"Энэ бол миний үүрэг" гэж Дээрхийн Гэгээнтэн хариулаад "Миний багш нар Риконы хийд, Европын Төвөдийн бурханы шашны сүм хийдтэй холбоотой байсан юм.”
"Хэвлэл мэдээллийнхэнтэй ярилцах боломж гарах бүрт би тэдэнд өөрийн үндсэн үүргүүдийн талаар ярьдаг юм. Юуны түрүүнд би өнөөдөр амьдран буй 7 тэрбум хүний нэг учраас аз жаргалын жинхэнэ эх сурвалж нь сэтгэлийн амар амгалан мөн гэдгийг бусадтай хуваалцахыг хичээдэг. Хоёрдугаарт, би бурханы шашны хувраг хүний хувьд өөр өөр шашнууд нь бие биенээ хөнөөхөд хүргэдэг, хуваагдмал байдлыг үүсгэдэг хүчин зүйл байх ёсгүй гэж үздэг. Адил бус шашнууд өөр хоорондоо зохицон орших боломжтой юу? Энэтхэгийн үлгэр жишээнээс үзвэл мянга дахин тийм ээ гэж хэлэхээр байна. Гуравдугаарт, Төвөд хүний хувьд би Төвөдийн ард түмэнд мянга гаруй жилийн турш хадгалагдаж ирсэн төвөд хэл дээрх эртний мэдлэгийг амьд байлгахыг хүсч байна. Үүнээс гадна Төвөдийн байгалийн эмзэг орчинг хамгаалахын төлөө хичээж буй билээ.”
"Хэрэв та хүсвэл гайхалтай сайхан түүхийг үлдээх боломжтой. Үүний тулд дотоод сэтгэлийн үнэ цэнэ гэж чухам юу болохыг ойлгох хэрэгтэй."
Сэтгүүлчдийн эхний асуулт нь амьдралын стресстэй хүмүүст аз жаргалаа хэрхэн хуваалцах талаар зөвлөгөө өгөхийг хүссэн юм.
Дээрхийн Гэгээнтэн:
"Би өөрийн эрх чөлөөгөө алдах үед 16 настай байсан ба 24 настайдаа эх орноо алдсан юм. Тэр цагаас хойш Төвөдөөс ирсэн мэдээг сонсоод сэтгэлээр унадаг байсан боловч оюун санаагаа дадлагжуулсны үр дүнд би сэтгэлийн амар амгаланг хадгалах чадварыг эзэмшсэн билээ. Хэрэв та асуудалтай тулгарвал түүнийг даван туулж чадах эсэхээ шинжил. Хэрэв даван гарч чадах зүйл байх аваас түүнийг даруй хий, хэрэв та чадахгүй бол санаа зовох зүйлгүй.”
Aун Сан Сү Ки Бирмэд өөрийн үүрэг хариуцлагаа биелүүлсэн эсэх талаар өөр нэгэн сэтгүүлч асуув. Дээрхийн Гэгээнтэн анх энэ асуудал үүсч эхлэхэд Аун Сан Су Китэй уулзаж, ямар нэгэн эерэг үйлдэл хийхийг уриалсан байна. Тэрээр гадны хүмүүст цэргийн удирдагчдын үүргийг ойлгуулахад хэцүү байна гэж хариулжээ.
Дээрхийн Гэгээнтэн цааш нь ярихдаа хүмүүс айдсаас зугатаж өөрсдийн амьдардаг эх орноосоо дүрвэн гардаг тул бид тэднийг хамгаалах, тэдэнд дэмжлэг үзүүлэх, хүүхдүүддээ боловсрол олгоход нь туслах ёстой гэдгийг тайлбарласан юм. Нөхцөл байдал сайжирвал тэд гэртээ эргэж харихыг хүсч буй. Төвөдийн дүрвэгсдийн ихэнх нь Төвөд рүү буцан очиж, сэргээн босгох ажилд оролцохыг хүсч байгаатай адил хэмээв.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Швейцарьт арван тав дахь удаагаа айлчилж байгаагийн хувьд Швейцарь улсаас дуртай зүйл юу байдгийг асуусан юм.
"Швейцарь улс үзэсгэлэнтэй сайхан нутаг” гэж хэлээд, “нөгөөтэйгүүр энд амьдарч буй олон тооны төвөд оршин суугчид байдаг, тиймээс би тэдэнтэй төвөд хэлээр "Сайн байна уу" гэж мэндлэе. Та нар төвөд хэлээ мартахгүй байж, өөрсдийн баялаг уламжлал, шашин соёлоо хадгалж үлдэхийг хичээгээрэй” гэлээ.
Эцэст нь нэгэн Швейцарь залуу зөвлөгөө өгөхийг хүссэнд тэрээр товч бөгөөд тодорхой хариулсан юм. "Хайр энэрэл, энэрлийг төлөвшүүлэх; хүний үнэ цэнийг хөгжүүлэх."
Цюрих хотоос хөдөлж Швейцарийн хөдөө орон нутгаар хорин таван минут аялсаар Риконы тосгон дахь Төвөдийн институтэд хүрэлцэн ирэв. Тэрээр тус институтын 50 жилийн ойн баярт оролцох юм.
Дээрхийн Гэгээнтнийг олж харсан баяр баясгалантай төвөд хүмүүс, залуу, хөгшид гудамжаар дүүрэн байлаа. Түүнийг уламжлалт заншлын дагуу угтан авав. Тэрбээр институтын дуганд орохоосоо өмнө шинэ зулын сүм нээх ёслолд оролцож, Бурхан Багшийн дүрийн өмнө залбирч мөргөөд суудлаа эзлэв.
Хийдийн хуврагууд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын урт наслахуйн залбирал, цаглашгүй дөрөв, Бурхан Багшийн залбирал, мөн 16 Архатын залбирал зэргийг уншиж дуусаад лагшин, зарлиг, таалалын гурван шүтээн, насны гурван бурханы дүрийг Дээрхийн Гэгээнтэнд өргөлөө.
Рикон хийдийн хамба лам Түвдэн Легмон ойн баярын нээлтийн үг хэлэхдээ энэхүү уулзалтанд хүрэлцэн ирсэн Дээрхийн Гэгээнтэн Далай Лам, Швейцарийн засгийн газрын төлөөлөгчид, ивээн тэтгэгчид болон бусад хүндэт зочидод мэндчилгээ дэвшүүлэв.
"Бид Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд урт наслахуйн ерөөл өргөлөө. Бид өнгөрсөн 50 жилийн туршид аль боломжоор хамаг амьтдын төлөө гэх сэтгэлээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн юм. Мөн Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын зөвлөгөө зааврын дагуу залуу хүмүүст бурханы шашны танилцуулга, түүнчлэн хайр, нигүүлслийн талаархи хичээлийг шашнаас ангид, иргэний мэдлэгийн түвшинд өргөн хүрээнд явуулж ирсэн юм.”
Риконы институтын ерөнхийлөгч, доктор Карма Долма Лувсан үг хэлэхдээ энэ удаагийн баярт Дээрхийн Гэгээнтэн Далай Лам оролцож байгаад туйлын баяртай байгаагаа мэдэгдлээ.
“Аж ахуйн үйлдвэрийн эзэд болох Хенри, Жак Кух нар Төвөдийн соёл, шашин шүтлэгийг хадгалахын тулд юу хийх вэ гэж биднээс асууснаар Рикон хийд үүсгэн байгуулагдсан билээ.”
Тэрээр энд байгуулсан чухал ховор номын сан, мөн уг институтыг сургалтын төв болгохын тулд хийгдсэн алхмуудын талаар тодорхой тайлбарлав.
"Тавин жил гэдэг цагаачлан амьдарч буй бидний хувьд урт удаан хугацаа мэт санагдаж байна." хэмээн Дээрхийн Гэгээнтэн яриагаа эхэлсэн юм.
"Эхлээд Улаан загалмайн нийгэмлэг 1000 төвөд иргэдийг Швейцарь руу нүүлгэхийг зөвшөөрсөн бөгөөд энэ нь Энэтхэгээс гаднах Төвөдийн дүрвэгсдийн хамгийн том нийгэмлэг болсон юм. Бид цагаачлахдаа зөвхөн өөрсдийн амьжиргаа залгах гэж боддоггүй байсан тул өөрсдийн соёл, шашин шүтлэгээ хадгалан авч үлдэхийг хүсч байв. Цагаачлалын эхэн үед лам нар зам тавьж байсныг би сайн санаж байна. Тухайн үед лам нарын суух суурин газар олгохыг Энэтхэгийн засгийн газраас хүсэхэд хүрэв.”
"Тэд Баксад 300 лам нар суух газар олгосон боловч энэ нь хүрэлцээгүй, бидэнд ойролцоогоор 1500 лам нар суух газар хэрэгтэй байлаа. Цаг агаар халуун, чийглэг, муу хоол унд идэж байсан тул лам хуврагууд маань дархлаагүй болж сүрьеэ өвчнөөр өвдөж байсан. Гэсэн хэдий ч тэд шинэ суурин газруудад сүм хийдээ байгуулж чадсан бөгөөд одоо Сажа, Гаржүд, Гэлүг, Нинма уламжлалын бүх сургалтын дацан хийдүүд үйл ажиллгагаа амжилттай явуулж байна.”
"Цаг хугацаа өнгөрөхөд бид бурханы шашны шинжлэх ухаан, орчин үеийн шинжлэх ухааны хоорондын хэлэлцүүлэг зохион байгуулж эхэлсэн билээ. Бид таван мэдрэхүйн ухамсараас гадна оюун ухааны ухамсартай байдаг. Үүний зэрэгцээ орчин үеийн эрдэмтдийн тайлбарласнаар орчлон ертөнцийн гол тэнхлэг Сүмбэр уул орших боломжгүй."
Дээрхийн Гэгээнтэн эртний Энэтхэгийн буддын гүн ухааны мастерууд болох "Ертөнцийн зургаан чимэг, Хоёр дээд" хэмээн алдаршсан эрдэмтдийн тухай ярьлаа. Эдгээр эрдэмтэд Наландагийн тэргүүлэх эрдэмтэд байсан ч өөр бусад олон гайхалтай эрдэмтэд үүнд багтаагүй байжээ. Тиймээс Дээрхийн Гэгээнтэн Төвөдийн бурханы шашны судлалд чухал ач холбогдолтой хэд хэдэн эрдэмтдийг багтаасан 17 бандида нарын шинэ дүрийг бүтээлгэж тэдгээрийн соёрхолыг зохиосон байна.
“Төвөдийн эзэн хааны урилгаар 8-р зууны үед Энэтхэгийн Наланда хийдийн их эрдэмтэн Шантаракшита гэгээн Төвөдөд морилон ирсэн юм. Түүний авчирсан гол зүйл нь Наландагийн уламжлал бөгөөд тэр нь учир шалтгаан, логик үндэслэлээр философи, сэтгэл судлалын тухай нарийн мэдлэг авдаг систем байлаа.”
“Бид уур хилэн гэх мэт сөрөг муу сэтгэлд автдаг ч тэдгээр сэтгэл хөдлөлийг арилгахад суралцаж чадна. Энэрэл хайрыг хөгжүүлэхийн хэрээр уур хилэн үгүй болж байдаг. Үүний тулд бид эхлээд уур хилэн ямар хор уршигтай, түүнийг арилгах арга зам нь юу байна вэ гэдгийг мэдэх шаардлагатай. Хамгийн гол нь уур хилэн бидний амар амгаланг үгүй хийж байна. Харин энэрэл хайр биднийг олон найз нөхөдтэй болгож, ганцаардлаас аврах гэх мэт олон талын ашиг тустай билээ.”
Хүмүүсийг хараад Дээрхийн Гэгээнтэн: "Би та нарын заримыг нь эртнээс танидаг. Та нарын зарим нь нэлээдгүй хөгширснийг хараад би өөрөө хичнээн хөгширч буйгаа мэдэрч байна. Бидэнд үзүүлсэн тус дэмжлэг бүхэнд тань талархал илэрхийлье.”
Риконы институтын төлөөлөгчийн газрын захирал Филип Хэпп талархалын үг хэлэхдээ Дээрхийн Гэгээнтэн Төвөдийн институтэд тав дахь удаагаа зочлон, цаг үргэлж урам зориг өгч байсанд тань талархая гэсэн юм.
Дээрхийн Гэгээнтэн хийдийн лам нар болон Төвөдийн Институтын Удирдах зөвлөлийн гишүүдтэй хамт гэрэл зургаа татуулав. Дараа нь тэд хамтдаа үдийн зоог барьлаа.