Энэтхэг, УП, Санкиса – Энэ өдрийн номын айлдвар эхлэхийн өмнө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам тайзан дээр гарч уншлага уншихаар суусан хүүхдүүдэд хандан “Өглөөний мэнд” хэмээн мэндэллээ. Хүүхдүүд хариуд нь нэгэн зэрэг “Өглөөний мэнд” гэж хариулаад Мангала судрыг аялгуулан уншив.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам номын айлдвараа эхлэхийн өмнө хэд хэдэн ерөөл залбирал, мөн “Билгүүний зүрхэн” судрыг уншиж дуусаад “Билгүүний үндэс” номын төгсгөлийн шүлгийг уншлаа.
“Бидэнд төрж буй сөрөг сэтгэл хөдлөлүүд ямар нэгэн зүйлд чиглэсэн байх бөгөөд түүний тусагдахууныг учир шалтгааны үүднээс авч үзвэл мөн чанартаа хоосон байх болно. Бид сөрөг сэтгэл хөдлөл бүрийг өөр өөрсдийн ерөндөгөөр нь дарах ёстой. Жишээлбэл хүйтнийг халуун дулаанаар арилгах мэт.”
“Хутагт Нагаржуна хоосон чанарыг нотлохдоо найман зүйлээр тодорхойлсон юм. Мөн Бурхан Багш айлдахдаа хүмүүс бодит үнэнийг ухаарч чадаагүйн улмаас өөрөө өөртөө зовлон тарьдаг хэмээн айлдсан билээ. Үүний зэрэгцээ ганц хүүгээ хайрлах эхийн хайр мэт хамаг амьтдыг энэрч хайрлахын тухай номлосон юм.”
“Бурхан Багш хамаг мунхагийг арилгах гол ерөндөр болсон шүтэн барилдлагын ухааныг тайлбарлан айлдсан буй. Тиймээс Богд Зонхов Бурхан Багшийг магтахдаа:
“Багшийн дотроос шүтэн барилдлагыг заагч,
Билгүүний дотроос шүтэн барилдлагыг мэдэгч хоёр
Хамаг ертөнцөд ялгуулсны эрхэт адил
Хэтэрхий сайныг та л айлдана, бусад нь үгүй
хэмээн айлдсан ба
Мөн “Билгүүний үндэс”-т:
“Хэн бээр шүтэн барилдахуйг харна
Тэрбээр зовлонг,
Мөнхүү түүний уг шалтгаан,
Түүнээс гэтэлсэн гэгээрэл, түүнд хүрэх замыг ч хармуй
гэжээ.”
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цааш нь айлдахдаа юмс бүхэн нэг нэгэндээ шүтэж, харилцан хамааралтай оршдог гэдгийг тайлбарлав. Ердийн хүмүүс болж буй үйл явдлыг гадны шалтгааны улмаас бий болсон гэж боддог ба өөрт тохиолдож буй сайн муу зүйлүүд өөрөөс шалтгаалж байдаг гэдгийг төдийлөн бодож чаддаггүй ажээ.
“Бурхан Багш айлдахдаа бодь сэтгэлийг хөгжүүлэх, үнэн зөв үзлийг дадуулах тухай айлдсан юм. Бодь сэтгэлийг хөгжүүлэх долоон шатлал бүхий увидас, эсвэл өөрийгөө бусдаар солих гэсэн хоёр арга бий. Энэ хоёр аргаас өөрийгөө бусдаар солих нь хурц ухаант шавь нарт зориулагдсан юм.”
Дээрхийн Гэгээнтэн “Бодьсадвын явдалд орохуй” номоо авч 4-р бүлгийн эхнээс нь тайлбарлаж эхлэв. Энэ хэсэгт бусдын сайн сайхны төлөө ажиллах, хичээх, хэрэв ингэж чадахгүй бол бусдыг хууран мэхлэж байгаатай адил болно гэж номлосон байна. Ийм учраас бид өдөр тутмын амьдралдаа энэрэнгүй сайхан сэтгэлийг дадлага болгох шаардлагатай ажээ.
“Өнөөдөр бид бүхэн чөлөө учралт хүний төрлийг авсан ба мөн Бурхан Багшийн ном сургаалтай ч учирчээ. Тиймээс бид бусдын сайн сайхны төлөө хичээх хэрэгтэй. Бурхан Багш асар олон амьтдын төлөө өнө удаан хичээж ирсэн юм. Өөрт байгаа боломжийг хувийн ашиг хонжоо гэж харалгүй үнэ цэнэтэй үйл хэрэг болгох нь бидэнд тохиосон амьдралын утга учир билээ.”
4-р бүлгийн 28, 29-р шүлгүүдэд бид сөрөг муу сэтгэлийн нөлөөнд хэрхэн автдаг, түүнд хэрхэн хорлогддог тухай гарч байна. Бидний сөрөг муу сэтгэл бидний жинхэнэ дайсан ажгуу. Тэд бидний аз жаргалыг үгүй хийдэг. Сөрөг муу сэтгэл төрж бий болж байгаа л бол түүнийг бас үгүй хийх боломжтой юм.
Дараа нь хүлцэл тэвчээрийн бүлгийг унших үедээ тэрээр уур хилэнг хэрхэн дарах тухай тайлбарласан юм. Сөрөг муу сэтгэл дотроос уур хилэн хор хөнөөл ихтэй гэв. Уур хүргэх хэн нэгэн үгүй бол тэвчээрийн дадлага олж чадахгүй гэдгийг тайлбарлалаа. Тиймээс уур хүргэж буй хүнийг дайсан гэж үзэхийн оронд тэвчээрийн дадлага суулгаж буй ачтай хүн гэж үзэх хэрэгтэй гэв.
Энэ бүлгийн төгсгөлд хүрээд Дээрхийн Гэгээнтэн үүнд хүрэх хичээл зүтгэл нь залхуурал, эсвээс сэтгэл санаа самуурах, ёс суртахуунгүй байх зэргийг арилгаж чадна гэлээ. Тэрээр хүмүүст хандан ёс бус явдлыг үргэлж тэвчих хэрэгтэй гэж зөвлөв.
Бясалгалын бүлгийг уншихдаа энэ хэсэгт гол анхаарах зүйл нь сэтгэл тогтоход саад учруулдаг хоёр зүйлийн тухай тайлбарлав. Тэдгээр нь сэтгэл гадагш алдрах, эсвэл нозоорч сулрах ажээ. Тиймээс энэ хоёрыг арилгах өөр өөрсдийнх нь ерөндөгийг мэдэх хэрэгтэй гэв. Сэтгэл сулрах үед сэтгэлээ хүчжүүлэх арга эзэмших нь чухал. Жишээлбэл хамаг амьтан аз жаргалыг хүсдэг, зовлонг хүсдэггүйгээрээ адил ба тэдэнд тус хүргэх боломж бүрэн бий хэмээн бодох.
Тэрээр Махатма Ганди, Тераза эх, Нелсон Мандела, бишоп Десмонд Туту нарыг дурдаад тэд өөрөөсөө илүү бусдыг хайрлах сайхан сэтгэл нь тэднийг ийм нэр хүндтэй болгосон хэмээлээ.
Билиг билгүүний хэсэг дээр Дээрхийн Гэгээнтэн түр зогсоод бодь сэтгэлд хөтлөгдөж, хоосон чанарыг бүрэн гүйцэд ухаарснаар гэгээрэл хүрэх хүсэл тэмүүлэл нь биелэх болно гэлээ. Тэрээр сүүлийн хоёр шүлгийг тайлбарлаад номын айлдвараа өндөрлөв.
“Би “Бодьсадвын явдалд орохуй” номыг бүрэн гүйцэд уншиж дууслаа. Энэ ном нь энэрэнгүй сайхан сэтгэлийг хөгжүүлэх гайхамшигтай ном билээ. Мөн өөрийн гэх амин хувиа хичээхээс илүү бусдад туслахыг хүссэн энэрэнгүй сэтгэл, бодь сэтгэлийг хөгжүүлэхийн үнэ цэнийг ухааруулах ном юм.”
“Энэ номыг та бүхэн өөртөө хадгалаарай. Энэ ном та нарын багш болно. Энэ номыг урагдаж сэмрэх хүртэл нь уншаарай. Бид номын айлдвараа энэ хүрээд өндөрлөж, тун удахгүй би хөдөлнө. Та бүхэн ч гэсэн өөр өөрсдийн гэртээ харина. Бид бие махбодийн хувьд холдон одох ч сэтгэл зүрхээрэээ хамтдаа байх болно. Боломж гарах бүртээ миний хэлсэн зүйлийг сайн бодоорой."
Дараа нь энэ удаагийн номын айлдварыг зохион байгуулсан бүх хүмүүст талархал илэрхийлэв. Номын айлдварыг цахим хуудсаар шууд дамжуулсан хүмүүс, үйл ажиллагааг сурвалжилсан сэтгүүлч нар, мөн хоол ундаар үйлчилсэн тогооч нар, Төвөдийн урлагийн институт, өдөр бүр мангала судрыг пали хэлээр уншсан сурагч хүүхдүүд бүгдэд нь талархал илэрхийллээ.
Дараа нь номын айлдварыг зохион байгуулах үеийн орлого, зарлагын тайланг уншиж танилцуулав.
Дээрхийн Гэгээнтэн тайзнаас буугаад түүнд ойртохыг хүссэн хүмүүстэй уулзаж явсаар машиндаа суулаа. Тэрээр шууд Фаррухабадын нисэх буддлын зүг хөдөлсөн бөгөөд тэндээсээ Дели хотын зүг буцна.