Голланд, Амстердам – Өчигдөр өглөөний нартай цэлмэг өдөр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Малмогоос Роттердам руу нислээ. Онгоцны буудал дээр энэхүү айлчлалыг зохион байгуулж байгаа Далай Лам Сангийн гишүүд тосож авсан бөгөөд Роттердам хот руу бүгд хөдлөв. Түүнийг хүрэлцэн ирэхэд хүүхэд залуучууд голдуу 200 орчим Төвөдүүд, мөн хүндлэл үзүүлэхийг хүссэн бусад хүмүүс зочид буудлын үүдэнд цугласан байлаа. Дээрхийн Гэгээнтэн нийт эгнээгээр бүхэлд нь алхаж бүгдтэй нь мэндчилэв. Буудлын тавцан дээр Төвөд үндэсний бүжиг бүжиж, уламжлалт заншил ёсоор тосон мэндчилэв.
Дээрхийн Гэгээнтнийг өрөөндөө очиход Голланд улс дахь Энэтхэг улсын элчин сайд хүндэт Вэну Ражамони эхнэрийн хамт тосож хүндэтгэл үзүүлэв.
Харин энэ өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Роттердамаас Амстердам хүртэл 80 гаруй км машинаар явж Нёиви Керкт ирсэн ба түүнийг захирал Кателин Броерс тосож авлаа. Тэрээр Дээрхийн Гэгээнтэнтэй хамт 600 жилийн настай сүмд цугласан 450 гаруй хүний дундуур индэрийн зүг алхав. Броерс мэндчилгээ үгэндээ нийгмийн бүхий л хэсэг, давхарга бүрээс энэ сүмд хүмүүс цугласныг, бас эдгээр хүмүүсийн дунд эзэн хааны гэр бүлийнхэн сууж буй, мөн уулзалтыг интернетээр шууд цацаж байгаа тул дэлхийн өнцөг булан бүрийн хүмүүс энэхүү уулзалтыг шимтэн үзэж байгааг дурдсан юм.
“Эртний урлагийн бүтээл болсон энэ хуучин сүм, бас таны одоо доор нь заларч буй Ай Вэй Вэйгийн бүтээсэн “мод”, мөн биднийг даян дэлхийтэй холбож буй технологи зэрэг орчин үеийн бүтээлүүдээр дамжуулан энэрэл нигүүлсэл хийгээд Бурхан Багшийн амьдралын түүхэн үйл явдлыг тэмдэглэцгээе. Таньтай ярилцахаар залуу хүмүүс, бас эрдэмтэд энд цуглаад байна.”
Хэлэлцүүлгийн хөтлөгч Криста Мейндерсма тус бүр 40 минутын “Роботикс ба телепрэзэнс”, мөн “өвчин, өтлөлт ба үхэл” гэсэн сэдэвтэй 2 хэлэлцүүлэг явагдана гэдгийг зарлалаа.
“Роботикс ба Телепрэзэнс”-ийн тухай товч видео үзүүлсний дараа 15 сартай байхдаа менингит өвчний улмаас хоёр гараа алдсан англи охин Тилли Локиг хөтлөгч танилцуулсан юм. Охины бие маш хүнд байсан ч амьд үлдсэн гэнэ.
“Би бүүр бага байхдаа гараа алдсан учраас гартай байсан дурсамж надад байдаггүй” гэж Тилли Дээрхийн Гэгээнтэнд хэлэв. “Би эдгээр бионик хуруунуудыг хөгжүүлсэн мэргэжилтнүүдтэй удаан хамтран ажилласан. Бас бусдаас ялгаатай байгаадаа санаа зовдоггүй, хүмүүс гэнэтийн шалтгаанаар гар хуруугаа алдах нь их тохиолддог учраас бидний хийж байгаа зүйлс тэдэнд туслаж чадна.” гэж охин ярилаа.
Тилли Дээрхийн Гэгээнтнээс технологи ба энэрэл нигүүлсэл дэлхийн хүмүүст хэрхэн туслах боломжтой тухай асуусан юм.
“Технологи мэдээж чухал, гэвч үүнийг хүн удирддаг. Хүмүүн бидэнд зөвхөн бие махбодь бус, оюун ухаан гэж бас бий. Эерэг сэтгэл хөдлөлдөө хөтлөгдвөл бидний биет үйлдлүүд бүтээх, босгох чанартай байдаг. Орчин үеийн сэтгэл судлалын ухаан зарим ухамсарыг мэддэг боловч оюун ухааныг бүрэн гүйцэд таньж чадаагүй л байна. Гэтэл тэнд уур хилэн гэх мэт сөрөг сэтгэл хөдлөлүүд оршиж буй. Технологи ая тухыг бүрдүүлдэгт би баяртай байдаг ч хөгжиж буй, хямрал ихтэй орнуудад үүний үр нөлөө, ач тус илүү их гараасай гэж хүсдэг.”
Криста Мейндерсма Сингуларити их сургуулийн роботиксийн сургуулийн захирал профессор Мартин Штайнбах болон дэлхийн анхны телепрэзэнсийн робот AV1-ийг бүтээсэн инженер Карен Долва нарыг танилцууллаа. Богино видеогоор дамжуулан Англид байгаа Жэйд охинтой холбогдсон бөгөөд тэр архаг өвчний улмаас гэрээсээ урт хугацаагаар гарч чаддаггүй гэнэ. Хөдөлгөөнт толгой ба мөрнөөс бүрдэх телепрэзэнсийн роботын тусламжтайгаар охин гэрээсээ гарч болохгүй үедээ ч ангийнхаа хичээлд оролцож, найз нартайгаа ойр харьцаж чаддаг байна. Мөн робот нь хоёр талдаа сонсогдох аудио холболттой боловч операторын хувьд Жэйд л зөвхөн видео дүрсийг харж болдог гэнэ.
Охин Дээрхийн Гэгээнтнээс эмэгтэй Далай Лам өмнө нь байсан эсэхийг асуугаад үгүй бол ирээдүйд байж болох эсэхийг сонирхов. Энэ асуултыг надаас олон удаа асууж байсан гэж Дээрхийн Гэгээнтэн хэлээд эмэгтэй хүн илүү тустай байвал яагаад болохгүй гэж хариулсан юм. Мөн ирээдүйд Далай Ламын хувилгаан үргэлжлэх эсэхийг Төвөдүүд, Монголчууд, мөн Гималайн бүс нутгийн хүмүүс шийднэ гэдгийг тэрээр тодруулж хэллээ.
Криста Мейндерсма Жэйдээс AV1 робот түүний хувьд ямар үүрэгтэй болохыг асуухад сургуульд сурч найз нөхөдтэйгээ харьцах эрх чөлөөг робот түүнд олгодог гэж хариулсан юм. Карен Долва нэмж тайлбар өгөхдөө телепрэзэнс робот нь бас алзхаймерын өвчнөөр шаналж байгаа настай хүмүүст их нэмэр болдгийг дурдаад хэдийгээр хүмүүстэй харьцах бодит харилцааг орлож чадахгүй ч орчин нөхцлийг бүрдүүлдэг учир харьцаагаа хадгалах боломж олгодог гэлээ.
“Их боловсронгуй машин байна” гэж Дээрхийн Гэгээнтэн өгүүлээд роботоос “Миний оюун ухааныг уншиж чадах уу?” гэж асуув. Мөн дээр нь “Энэ технологи гайхалтай юм, гэхдээ хүний оюун ухааныг бий болгож чадахгүй л болов уу. Гэвч магадгүй та бүхэн миний буруу бодлыг ирээдүйд няцаах ч юм бил үү?” гэж хэллээ.
Мартин Штайнбах жижиг хүүхдийн хэмжээтэй тоглоомон динозавр роботыг авчирчээ.
“Эдгээр машинууд нь материаллаг эд зүйлс мөн.” гэж Дээрхийн Гэгээнтэн яриагаа үргэлжлүүллээ. “Бид сэтгэл ухамсрын тухай бодож үзэх ёстой. Бидний сэрүүн үеийн ухамсар нь тархи болон мэдрэхүйн эрхтнүүдээс хамааралтай бөгөөд харьцангуй бүдүүн тойм төдий юм. Биднийг зүүдэлж байхад мэдрэхүй амарч байдаг. Гүн нойрсох үед ухамсар илүү нарийн болно, яг л ухаан алдах үетэй адил. Харин хамгийн нарийн, гүнзгий түвшний ухамсар үхэх үед илэрдэг. Миний багш болон өөр олон хүн таалал төгсөөд клиник үхлийн шинжүүд болох зүрхний зогсолт ба тархины үхжилтийн шинжүүдийг үзүүлсэн боловч бие нь арван гурван хоног хэвийн байсан тохиолдлууд бий. Энэ нь нарийн ухамсар биед нь оршсоор байсны шинж юм.”
Энэ үзэгдлийг Висконсин-Мэдисоны Их Сургуулийн сэтгэл судлаач эрдэмтэн Ричи Дэвидсон судласныг Дээрхийн Гэгээнтэн тайлбарласан юм. Хэдийгээр технологи нүд болон чихний мэдрэмжүүдийг сайжруулж болох ч хязгааргүй үргэлжилж чадах нарийн түвшний мэдрэлийн ухамсаруудад үзүүлэх нөлөө бага байгааг тэрээр онцоллоо.
“Дотоод сэтгэлийн үнэт зүйлс нь сэтгэл ухамсартай хамаатай. Эртний Энэтхэгчүүд амарлин оршихуйн ухамсар ба үлэмж үзэхүйн билгүүнийг хөгжүүлж, дадуулсаны үр дүнд сэтгэл ухамсар хэрхэн ажилладаг болохыг таньж мэдсэн агуу уламжлалтай байв. Бурхан Багшийн гэгээрэл ч ийм дадлагын л үр дүн юм.”
Өөрөө суралцдаг робот энэрэл хайрын сэтгэлийг хөгжүүлж чадах эсэх тухай асуухад Мартин Штайнбах роботууд нь хүний зан төлөвүүдийг маш түргэн сурч хүчтэй оюун ухаантай болж чадна гэж тайлбарлалаа. Роботууд сэтгэл санаагаар унасан, хямарсан нэгнийг аргадан тайвшруулж чадах эсэхийг Дээрхийн Гэгээнтэн асуухад Штайнбах “боломжтой” гэж хариулж түүнийг гайхшруулав. Нэгдүгээр хэлэлцүүлэг дуусахад Дээрхийн Гэгээнтэн Жэйдэд түүний AV1 телепрэзэнс роботоор нь дамжуулан үнсэлт илгээлээ.
“Өвчин, өтлөлт ба үхэл”-ийн тухай 2-р хэлэлцүүлэгт оролцогч гишүүдийг хөтлөгч танилцуулав. Эмч, эрүүл мэндийн судлаач Крис Вербург, Биовива Ссайнсиз компанийн ерөнхий захирал Лиз Парриш, судлаач, гүн ухаантан ба био-ёс зүйч Жантин Ланшоф, мөн Амстердамын их сургуулийн шашин судлалын оюутан, IMC Уикэнд сургуулийн төгсөгч Селма Булмалф нар байлаа. Гол тавигдсан асуулт нь: “Та 1,000 жил амьдрахыг хүсэх үү?” гэсэн асуулт байв.
Дээрхийн Гэгээнтэн асуулт бодитой байх хэрэгтэйг дурдаад энэ асуултын үндэслэл нь бодит бус байна гэж хэллээ. Түүний нэмж өгүүлснээр Энэтхэгийн хинду лам нар болон бусад олон хүмүүс иог болон амьсгалаа хянах дасгалуудаар дамжуулан ийм урт удаан наслахыг зорьсон ч хэн ч 200 жилээс дээш наслаж чадаагүй гэв.
“Цаг нь ирэхэд бидний дэлхий үгүй болно, бидний нар үгүй болно, манай галактик ч үгүй болно, тиймээс бид үхлээс зайлсхийж чадна гэж бодох нь бодит бус юм.”
120 жилээс дээш наслах нь бараг боломжгүй гэдгийг Вербург хүлээн зөвшөөрсөн ч хулгана дээр хийсэн сүүлийн үеийн туршилтууд их итгэл найдвар өгч байгаа гэж хэллээ.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам дэлхийн хүн ам 10 тэрбум давснаар бидэнд байгалийн нөөц баялаг хүрэлцэхгүй болно гэдгийг санууллаа. Хүн амын өсөлтийг хянах хүчирхийлэлийн бус арга бол магадгүй илүү олон хүмүүс лам хувраг болох явдал байх гэж хэлснээр Дээрхийн Гэгээнтэн цугласан олныг хөгжөөв.
Селма Булмалф 150 жилээс дээш амьдрахыг хүсэхгүй, учир нь өндөр насалснаар амьдралын сонголтууд үгүй болдог гэж хэллээ. “Илүү урт наслах хэрэг юу билээ? Муслимын шашинтны хувьд би энэ түр зуурын ертөнцөд яах гэж үлдэхийг хүсэх билээ?” гэж тэр хэлэв. Тэрээр Дээрхийн Гэгээнтнээс өвчин зовлон амьдралд ямар нэгэн утга учир өгдөг эсэхийг асуусан юм. Өвчинтэй тулснаар шүтлэг бишрэлтэй хүмүүс өөрсдийн бурхан, шашны итгэл үнэмшлийнхээ тухай санадаг байх гэж Дээрхийн Гэгээнтэн хариуллаа. Тэр нэмээд Селмагийн насан дээр тэр өөрөө их залхуу сурагч байсан, гэхдээ муслимын сүсэгтнүүд ном цээжилдэгтэй адил Төвөдийн буддистууд судар шастируудаа үг бүрээр нь судлан суралцдаг гэсэн юм. Тэр гурван түвшний мэдлэг байдгийг тайлбарлав. Тэр нь сонсох юм уу уншснаар олж авах ерөнхий ойлголт, задлан шинжлэх сэтгэлгээгээр олж авах итгэл үнэмшил ба бясалгалаар гүн гүнзгий таньж мэдсэн туршлага ажээ.
Лиз Парриш генийн эмчилгээ нь насыг уртасгахгүй байж болох ч өвчлөлийг бууруулснаар амьдралын чанарыг сайжруулж чадна гэлээ. Жантин Ланшоф хүмүүс яагаад урт наслахыг хүсдэгийг асуусан юм. “Адгуус амьтад ч аминдаа хайртай бөгөөд түүнийгээ хамгаалдаг” гэж Дээрхийн Гэгээнтэн хариуллаа. “Бид аминдаа хайртай байх төрөлхийн чанартай, харин үхэл амьдралыг тасалдаг. Үхэл өөрөө нууцлаг учраас бид түүнээс айдаг боловч дадлага хийсний үр дүнд дараагийн амьдралдаа итгэх итгэлийг бид бий болгож хөгжүүлж чадна.”
Криста Мейндерсма хэлэлцүүлэгийн цаг дуусаж байгааг зарлалаа. Дээрхийн Гэгээнтэн боломжийг ашиглан 20-р зуунд болж өнгөрсөн дайнуудын авчирсан хүчирхийлэл, зовлон шаналалуудын тухай эргэн дурдаад “Гэсэн хэдий ч 20-р зууны төгсгөлөөр хүмүүсийн хандлагад өөрчлөлт гарч дараа дараагийн хүчирхийлэл, түүнээс гарах зовлонг эсэргүүцэн тэмцэх болсон нь харагдаж байна. Хэрэв бид энэ хандлагыг 21-р зуунд үргэлжлүүлж чадвал бидэнд ирээдүй бий. Бид хүн төрөлхтөн бүгд нэг гэдгээ ухамсарлан, Энэтхэг орон өөрийн жишээгээр харуулсаар байгаа шашин хоорондын эв найрамдлыг хадгалахад хичээх хэрэгтэй. Хэрэв тэнд шашны эв нэгдэл оршиж болж байгаа юм бол яагаад өөр газруудад болохгүй гэж?” хэмээгээд яриагаа өндөрлөсөн юм.
Сингуларити их сургуулийн Диедерик Кроезе оролцогч гишүүд, сүмийн ажилтнууд, органист болон энэ үдийн өмнөх онцгой үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулсан хүн бүрт талархал илэрхийллээ. Дээрхийн Гэгээнтэн оролцогчдод Төвөдийн уламжлал дагуу цагаан хадаг барьсан юм.
Хэлэлцүүлгийн дараа шууд хэвлэл мэдээллийн ажилтнуудтай хийсэн уулзалтан дээр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам бие махбодийн бэрхшээлүүдийг шийдэхэд технологи гарцаагүй чухал үүрэг гүйцэтгэж байгааг тэмдэглэж хэлээд сэтгэлийн амар амгалан, мөн ёс зүйн зарчмуудыг орхигдуулж болохгүйг дахин санууллаа. Одоогийн боловсролын систем нь материаллаг зорилтууд тавьдаг учраас материаллаг амьдралд тэмүүлэх хүсэл эрмэлзэл бий болгож, дотоод сэтгэлийн үнэ цэнүүдэд анхаарал бага хандуулдаг гэдгийг тэр цохож хэлсэн юм.
Бурхан Багшийн зүгээс сексийн чиг хандлага дээр тавьсан хязгаарлалтууд нь зөвхөн лам хуврагуудад хамаатай бус энгийн хүмүүст ч хамаатай гэдгийг тэрээр тодотгосон юм.
Хянах, хязгаарлах зорилгоор ажиглан тандах чиглэлд технологи ашиглахыг тэрээр дэмждэггүй ч асуудал нь технологит өөрт нь гэхээсээ илүү үйлдэгч талын сэдэл, бас хэрхэн түүнийг ашиглахад оршиж байгааг нэмж хэллээ. Хувь хүн, гэр бүл, нийгмийн түвшинд аз жаргалтай амьдралын үндэс нь ёс суртахууны зарчмууд гэдгийг Дээрхийн Гэгээнтэн давтан цохож хэлэв.
Цаг уурын өөрчлөлт болон дэлхийн дулаарал явагдсаар байхад бид яагаад үргэлжлүүлэн агаарын нислэг ихээр хийсээр байгааг асуухад Дээрхийн Гэгээнтэн цаг агаарын өөрчлөлтийн тухай мэдээлэл, мэдлэг их чухал байгааг онцлов. Мөн тэрээр Парисын Гэрээнээс АНУ гарсныг дурдсан юм. Хэдийгээр агаарын нислэг нь бохирдлын нэг шалтгаан гэдгийг ойлгож байгаа ч нисэхийг бүрэн хориглох, мөн бүх автомашины хэрэглээг хорих нь хэт туйлширсан зүйл болно гэдгийг тэрээр онцлоод илүү тэнцвэртэй, өргөн цар хүрээтэй, алсыг харсан шийдлүүд хэрэгжүүлэх хэрэгтэй гэлээ.
Дээрхийн Гэгээнтэн баримал болон зурмал зураг голчлон тавигдсан “Бурхан Багшийн амьдрал” урлагийн үзэсгэлэнг үзэж танилцлаа. Тэрээр мацаг барьсан Бурхан Багшийн баримал болон Бурхан Багшийн 12 зохионгуйг харуулсан танка зургуудыг илүүтэй сонирхов. Үзэсгэлэнгийн төгсгөлд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын хуучин анд Эрика Терпстра Бурхан Багшийн амьдралын тухай хүүхдүүдэд зориулсан номоо түүнд барилаа. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэхүү номны өмнөх үгийг бичжээ. Зохиолч өөрийнх нь хувь дээр Дээрхийн Гэгээнтнийг гарын үсгээ зурахыг хүсэхэд өөрт нь барьсан хувь дээрээ зохиолчийн гарын үсгийг зуруулна гэсэн нөхцөлөөр Дээрхийн Гэгээнтэн зөвшөөрөв.
Дараа нь Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хуучин анд нөхөд болон Төвөдийг дэмжигчдийн хамт өдрийн хоол зооглов. Түүнийг хурц нартай үед сүмээс гарч ирэхэд үдэж өгөхөөр 300 гаруй Төвөдүүд болон бусад найз нөхөд нь хүлээж байлаа. Тэнд олон хүүхэд байсан бөгөөд Дээрхийн Гэгээнтэн хүүхдүүдтэй хамт инээж, тэдний гарыг атгаж хацрыг нь барих зэргээр явсаар машиндаа хүрээд зочид буудал руугаа буцлаа.