Энэтхэг, Бихар, Бодгаяа - Өчигдрийн борооны дараа Бодгаяагийн гудамж нойтон, бохирдуу байсан ч нар ээсэн энэ сайхан өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам олон урсгалын эрдэмтэн мэргэдийн оролцож буй Богд Зонховын ‘Сайтар номлолын шим’ бүтээлийн тухай бага хуралд оролцохоор хөдөллөө. Түүний өнгөрөх замын дагуу олон хүмүүс эгнэн зогссон байв. Том асар бүхий бага хурал зохион байгуулагдах газарт Дээрхийн Гэгээнтнийг морилон ирэхэд Кирти ринбочэ тэргүүтэй Гандан Тисүр, Гандан Ширээт, Шарба болон Жанзэ цорж нар, мөн томоохон сүм хийдийн хамба нар тосон угтлаа.
Төвөдийн буддист Самяалин Наланда академийн шав тавих ёслолд уригдсан Дээрхийн Гэгээнтэн элдэв очир сийлсэн тоосгыг баригдаж буй хананд байрлуулж, ерөөл айлдсан юм.
Асарт ормогц Кирти ринбочэ Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд зориулж, бие, хэл, сэтгэлийн гэгээрлийн бэлэг тэмдэг болсон бурханы лагшин, зарлиг, таалалын шүтээнийг мандлын хамт өргөв. Лам хуврагууд Бурхан Багшийн магтаал, мөн “Шүтэн барилдахуйн магтаал”-ыг уншлаа. Төвөдийн буддизмын олон урсгалын эрдэмтэн мэргэдийн оролцоотой зохион байгуулагдаж байгаа Богд Зонховын ‘Сайтар номлолын шим’ сэдэвт бага хурлын танилцуулгыг ринбочэ хийлээ. Арга хэмжээний нээлтийн ажиллагаанд цаг зав гарган оролцож байгаа Дээрхийн Гэгээнтэнд тэрээр талархал илэрхийлэв. Уг арга хэмжээнд Төвөдийн буддизмын бүх урсгал болон Бон бөө, гэвш, гэвшмаа нар оролцож байгааг цохон тэмдэглэсэн юм.
Төвөдийн буддизм болон Бон бөөгийн төлөөллийг оролцуулсан ижил төрлийн арга хэмжээ Төвөдөд, түүний төрөлх хийд болох Такцан Лхамод 2016 онд болсон тухай тэрээр дурдлаа. Энэ удаагийн арга хэмжээнд олон лхарамба гэвш нар, 12 гэвшмаа, 7 эрдэмтэн 62 хуудас илтгэлийн хүрээнд хэлэлцүүлэг, мэтгэлцээн өрнүүлэх ажээ. Бага хуралд нийт 700 гаруй хүн оролцож байгаагаас 442 нь сургалтын 3 том дацан болох Гандан, Сэра, Брайбун хийдээс ирсэн байна. Мэтгэлцээнд нинма, сажа, гаржүд, гэлүгба, жонан урсгал болон Бон бөөгийн төлөөлөл оролцох аж.
Бага хурал 610 жилийн тэртээд Богд Зонховын туурвисан ‘Сайтар номлолын шим’ бүтээлийн сэдвээр явагдах ажээ. Уг бүтээлийн сэдвээр гарсан 89 тайлбар, орчин үеийн эрдэмтдийн 125 эрдмийн ажлыг бага хурлыг зохион байгуулагчид олж илрүүлсэн байна. Төвөдийн Аари бүс нутгийн лам хуврагууд ‘Их бодь мөрийн зэрэг’ болон ‘Сайтар номлолын шим’ гэсэн хоёр номыг хаа явсан газартаа авч явдаг гэдгийг Кирти ринбучи онцлон хэлэв. Үүнийг мэддэг энгийн иргэд таалал төгсөх гэж байгаа нэгний зулай дээр дээрх 2 номыг тавьж өгөхийг лам нараас хүсэх нь элбэг байдаг ажээ.
Кирти хийдийн лам хуврагуудын хувьд ‘Сайтар номлолын шим ’ номыг цээжлэх нь заншил болсон бөгөөд ийнхүү цээжилсэн 200 ламын нэрс бий хэмээн ринбочэ дурдав. Тэрээр Брайбун Лосалин хийдэд суухаар Амдогоос Лхас орох замдаа уг номын “Сэтгэл төдийтөн” гэсэн бүлгийг бүрэн цээжилсэн бөгөөд үүгээр шалгалтаа өгнө хэмээн найдаж байснаа тэрээр дурсан ярьсан юм. Харамсалтай нь, Лхаст өрнөсөн замбараагүй байдлын улмаас энэ бүхэн тасалдсан ажээ. ‘Сайтар номлолын шим’-ийг ойлгохгүйгээр гүн ухааныг ойлгосон гэж баталж чадахгүй хэмээн ярьцгаадаг талаар Кирти ринбочэ тэмдэглэн хэлэв.
Энэхүү арга хэмжээг зохион байгуулж, түүнд нь Дээрхийн Гэгээнтэн морилон ирсэн нь Кирти хийдийн хувьд гайхалтай хэрэг болсныг Гандан Ширээт тэмдэглэн хэллээ. Богд Зонховыг Төвөдөд анхдагч хэмээн үздэг бөгөөд түүний ‘Сайтар номлолын шим’бүтээл нь судрын ёс, ‘Таван зэргэмжийг тодруулагч зул’ бүтээл нь тарнийн ёстой холбогдоно хэмээв. ‘Сайтар номлолын шим’ бүтээл нь ‘Сайтар ялгасан судар’ болон ‘Акшямати судар’ дээр үндэслэгдсэн туурвил бөгөөд аль алинд нь сэтгэл төдийтөн хийгээд төв үзлийн онолыг тусгасан байдаг хэмээн тэрээр нэмж өгүүлээ. Тус бүтээлийг эхнээс нь төгсгөл хүртэл судлах нь сонгодог агуу бүтээлүүдийн шимийг үзсэнтэй дүйцнэ. Мэдлэгийн хязгааргүйн чинадад хүрэхийн тулд хүмүүс энэ бүтээлийг судалж, олж мэдсэнээ амьдралд хэрэгжүүлээсэй гэсэн зорилгын үүднээс Богд Зонхов бүтээлээ туурвижээ. Олон түмэн эв нэгдэлд хүрэх болтугай гэсэн залбирлаар Гандан Ширээт үгээ өндөрлөлөө.
Кирти ринбочэ урьд нь энэхүү бага хурлыг Дарамсалад хийхээр төлөвлөж байсан тухай Дээрхийн Гэгээнтэн ярив.
“Харин би энд, Бодгаяад хийхийг санал болгосон юм. Ринбочэ өөрийн бүхий л амьдралыг бусдын сайн сайхны тусын тулд зориулж, хүмүүст сурч боловсрох бодит боломжийг бүрдүүлсэн. Асар том барилгатай, агуу том хэрнээ дотор нь ямар ч үйл ажиллагаа явагддаггүй сүм хийдүүд байдаг. Тэд бол зүгээр л хөндий хоосон сүр. Ихээхэн өртөгтэй ч хэзээ ч юу ч илэрхийлж хэлдэггүй агуу том хөшөө баримал лугаа адил зүйл юм.”
“Бурхан Багшийн сургаалийг ойлгохын тулд ном зохиолыг судалж, ухаарч мэдэх шаардлагатай. Үүний тулд бид судлах, тунгаан бодох, бясалгах ёстой. Үг унших хангалттай бус, уншиж мэдсэн зүйлээ тунгааж, учир шалтгааны 4 шатлалаар шинжлэн нягтлах учиртай. Тунгаан бодож ойлгосны үндсэн дээр бид ойлгосон зүйлээ бясалгалын тусламжтайгаар өөрийн болгох ёстой билээ.”
‘Сайтар номлолын шим’ номыг татахад хатуу хэцүү ч, харвасан сум нь асар хүчтэй, хол явдаг ган нумтай зүйрлэвэл зохилтой хэмээн Лин ринбочэ надад айлдаж байсан юм. Төв үзлийн онолын тухай өгүүлсэн хоёрдугаар бүлэг маш чухал бөгөөд энэ бүлэгт Богд Зонхов Чандракирти гэгээний ‘Төв үзэлд орохуй’ бүтээлээс олонтаа эш татсан байдаг. Прасангха нарын үздэгчлэн, юмс туйлын оршихуйд бус, харин нөхцөлт оршихуйд байдаг гэдгийг тэрээр тодорхой тайлбарласан юм. Дотоод оршихуйг үгүйсгэснээрээ прасангха нарын үзэл нь свантрика үзлийг баримтлагчдаас ялгаатай байгааг тэрээр тодруулж өгсөн юм.”
Дээрхийн Гэгээнтэн саяхан Оросын нэгэн эрдэмтэнтэй уулзсан бөгөөд тэр эрдэмтэн түгдам буюу бясалгагч хүн клиник үхлийн дараа хэд хоногийн турш гүн бясалгалд орших үзэгдлийг судлах төсөл хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн ажээ. Тэрээр өмнөд Энэтхэгт байгаа гурван том дацанд аль хэдийн очиж үзсэнээ хэлсэн байна. Дээрхийн Гэгээнтэн түүнд Оросын холбооны улсын бүрэлдэхүүнд байдаг Халимаг, Буриад, Тува улсын ард түмэн Төвөдийн буддизмыг шүтдэг тухай хэлжээ. Тэндээс ирсэн хуврагууд Брайбун Гоман дацанд ном үзэж байсан байна. Тэдний дунд Дээрхийн Гэгээнтний туслах багш Ойдүв Цогни зэрэг гайхалтай эрдэмтэй монгол лам нар олон байжээ.
“Буддын ном зохиолыг дотор нь шашин, гүн ухаан, шинжлэх ухааны хэмээн ангилж болно” хэмээн Дээрхийн Гэгээнтэн үргэлжлүүлэн хэлэв.
“Шашин нь ‘сэтгэлийн амар амгалангийн’ үндэс суурь байж болох юм. Бусад шашин залбирал, сүсэг бишрэл дээр анхаардаг бол Наландагийн уламжлал нь учир шалтгааны ухаан дээр суурилдаг. Сэтгэл санааны зовлон нь юмс харагдаж байгаа шигээ оршдог гэх буруу ойлголт буюу мунхагийн харанхуйгаас үүдэлтэй. Арьядева гэгээн 400 бадагтаа сэтгэлийн шаналал нь бодит ахуйг буруу таньсны гэм гэсэн байдаг.
“Муу сэтгэлээ ялсан бүхэн зовлон үгүй
Мунхагийн нойрноос сэрсэн бүхэн чадал төгөлдөр”
“Эртний Энэтхэгийн гүн ухаан, сэтгэл судлалын үзэл санааг иргэний нийгэмд хэрэглэх боломжтой. Бурхан Багш нэгэн зүйлд төвлөрөх (шаматха) болон шинжлэн нягтлах (випяшна) бясалгах Энэтхэгийн уламжлалыг дагасан юм. Бие даасан “Би” байдаг гэсэн үзлээсээ салаагүй цагт зовлонгоос ангижрахгүй гэдгийг тэрээр олж нээсэн билээ.”
Гэгээрснийхээ дараа Бурхан Багш ийнхүү айлдсан юм.
"Гүн бөгөөд амгалан, цацралаас хагацсан, гэгээн гэрэл,
Хуран эс үйлдэх рашаан мэт Дээдийн номыг би бээр олов
Хэн бээр ч үүнийг үл ойлгох тул
Юуг үл өгүүлэн аглагт оршихтун”
"Эхний мөрийн гүн гүнзгий бөгөөд амгалан гэдэг нь Бурхан Багшийн анхдугаар номын хүрдийн гол санаа болох гэгээрэлд хэрхэн хүрэх утгыг илэрхийлнэ. “Цацралаас хагацсан” гэдэг нь хоёр дахь номын хүрдийн сэдэв, “гэгээн гэрэл” гэдэг нь гурав дахь номын хүрдийн утга санааг илэрхийлж байгаа болно.”
“Хэрэв бид Бурхан Багшийн сургаальд ухаалгаар хандаж, судалж мэдэж, түүнийгээ таньж ухаарч чадвал буддизм оршин тогтносоор байх болно. Хэрвээ зөвхөн сүсэг бишрэл дээр тулгуурлаж хөнгөн хуумгай хандах аваас бидний шашин хэр удаан оршин тогтнохыг тааж хэлшгүй. “Мэргэд алтыг шатааж, зүсч үздэг адил гэлэнгүүд та нар зөвхөн намайг хүндэтгэх хүндлэлээр бус, миний хэлснийг дээрх лугаа сайтар нягталсны дараа хүлээн авах эсэхээ шийдээрэй” хэмээн Бурхан Багш өөрөө айлдсан юм.”
Хэрвээ бид учир шалтгаан хийгээд шинжлэх ухаан дээр үндэслэн гүн ухааны үзэл бодлоо тайлбарлаж чадвал хүмүүс анхаарлаа хандуулах болно. Сүм хийдүүдэд маань туршилт шинжилгээ хийх замаар онол номлолоо нягтлах лабаротари бий болж байна.”
Дараа нь Гандан Шарзэ хийдийн хамба лам Жанчүв Сэнгэ бага хурлын ажиллагааг удирдан явууллаа. Илтгэгч бүр илтгэлээ 15 минутад багтаах ёстойг тэр тайлбарлав. Илтгэлийн дараах 15 минутад асуулт хариулт явагдана.
Эхний илтгэлийг Дээд Төвөд судлалын төв институтын ахмад эрдэмтэн, гэвш Еши Тавхай тавьж, эх зохиолын ерөнхий танилцуулгыг хийсэн байна. Дараа нь Дарамсала дахь Төвөдийн диалектикийн буддист институдын багш, Гандан Шарзэ дацангийн гэвш Жалцан Вандуй илтгэл тавив. Өглөөний хуралдааны сүүлчийн илтгэлийг Зонсар институтээс ирсэн Ловбон Ринзин Доржэ тавьсан юм.
Дээрхийн Гэгээнтэн лам хуврагуудын хамт үдийн зоог барьсны дараа Гандан Пэлжээлин рүү буцлаа. Үдээс хойших хуралдаан 1 цагт эхэлсэн байна.