Швейцарь, Цюрих – Нийтийн тээвэртээ дугуй түлхүү хэрэглэдэг Дармстад хотын тайван амгалан орчныг орхиод энэ өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Хайдэлберг хот руу түргэвчлэн хөдөллөө. Некар голын эрэг дээр орших энэхүү үзэсгэлэнт хотод очоод Дээрхийн Гэгээнтэн хотын төв захиргаа руу шууд хөдөлсөн бөгөөд түүнийг хотын дарга Вольфганг Эрихсон тосож авсан юм. Зам дээр угтан тоссон хүмүүстэй мэндчилсэний дараа тэрээр эргэн тойрны байшингуудын цонхон дээр зогсож буй хүмүүст гараараа даллав.
Захиргааны уулзалтын танхимд түүнтэй албан хүндэтгэлийн дагуу мэндчилсэн бөгөөд хотын хүндэт зочид гарын үсгээ үлдээдэг алтан номонд өөрийн нэрээ үлдээхийг хүслээ. Үүний дараа бэлэг солилцов. Дээрхийн Гэгээнтнийг хурлын зааланд орж индэр дээр гарахад тэнд цугласан 1,500 орчим хүмүүс халуун дотно алга ташилтаар угтав.
Нээлтийн үгэндээ хотын дарга Вольфганг Эрихсон үзэсгэлэнт Хайдэлберг хотыг танилцуулав. Тэрээр яриандаа “Хайдэлбергийн Их Сургууль дэлхийн олон орны оюутнуудыг татдаг, дэлхийн шилдэг 50 их сургуулийн нэг юм. Хотод 160 гаруй үндэстний хүмүүс амьдардаг бөгөөд энэ нь хотын гол давуу тал болоод байна. Энэ орчиндоо бид аз жаргал, амар амгаланг бүрдүүлэх арга замд суралцах боломжтой” гэдгийг онцлоод хотын анхдагч сургуулиудын нэг яг үүнийг сургалтандаа хэрэгжүүлж байгаа гэдгийг танилцуулахад тааламжтай байна гэлээ.
Уулзалт түр завсарлахад үлээвэр болон чавхдаст хөгжмийн хамтлаг Моцартын аялгууг тоглов.
Герман-Америкийн Институтын захирал Якоб Колхофер “Дээрхийн Гэгээнтэн Хайдэлберг хотод айлчилсан нь нэр төрийн хэрэг боллоо” гэж онцлоод түүнийг өөрийн дулаан сайхан инээмсэглэлээрээ дэлхийд танигдсан, энх тайван, энэрэл нигүүлслийн амьд үлгэр жишээ мөн гэж тодорхойлов. Дээрхийн Гэгээнтэн цагаачлаад 60 гаруй жил болоход түүний гадаад төрх, биеэ авч яваа байдал нь хэзээд нэгэн хэвээр байсныг тэр бас онцолсон юм. Үгийн төгсгөлдөө шинжлэх ухааны хот гэж нэршсэн энэхүү хотод зохиогдож буй шинжлэх ухааны их наадамд тавтай морилохыг Дээрхийн Гэгээнтэнд хүсээд аз жаргал ба үүрэг хариуцлагын тухай өөрийн бодлоо хуваалцахыг түүнээс хүслээ.
“Хүндэт ахан дүүс нар минь! Та бүхэнд энэ өглөөний мэнд хүргэе! Дэлхий дээр өнөөдөр амьдарч буй 7 тэрбум хүн сэтгэлийн хувьд, оюун ухааны хувьд, бас бие махбодийн хувьд адилхан гэдгийг би дахин онцлон хэлмээр байна. Бид бүгд аз жаргалтай амьдрахыг хүсэж, зовлон шаналалыг хүсдэггүй билээ. Бидэнд бодит байдлыг шинжлэн танихад туслаж чадах гайхамшигтай тархи заяажээ. Сэтгэл оюун маань бидэнд амар амгаланг авчирч чадна, бас биднийг хөнөөж ч чадна шүү дээ. Өөрсдийн оюун ухаанаа ашиглан ёс суртахууны зарчмуудыг ойлгосноор халуун дулаан сэтгэл зүрх, зах хязгааргүй энэрэл нигүүлслийг бид өөрсдөдөө төрүүлж, хөгжүүлж чадна.”
“Шинжлэх ухааны эрдэмтдийн нотолсноор хүний суурь мөн чанар энэрэнгүй ажээ. Ээж нар маань биднийг төрүүлээд хамгийн их хайр энэрэлээр асран тэтгэдэг шүү дээ. Хэрэв тэгэж асраагүй бол бид лавтай үхэх байсан биз.”
“Уур хилэн айдас бидний дархлааг сулруулж байдаг бол халуун дулаан сэтгэл сэтгэлийн амар амгаланг авчирдаг. Тиймээс эрүүл чийрэг байхын тулд биеийн эрүүл мэндээ сахихыг бид өөрсдийн үр хүүхдэдээ заадгийн адилаар тэдэнд сэтгэл оюунаа эрүүл цэвэр байлгах тухайтад зөвлөж, зааж сургах хэрэгтэй. Үр хүүхдүүд маань бие ба сэтгэлийн хувьд эрүүл чийрэг байхын тулд сөрөг сэтгэлээ таньж тэдгээрээ барин зогсоох замаар өөрсдийн сэтгэлийн амар амгалангаа хангаж чаддаг байх ёстой. Харин тэгэж таньж зогсоохын тулд сэтгэл, ухамсрыг тодруулан харуулж чадах, газрын зураг мэт зураглал бидэнд тус болно.”
“Энэ бүгдийг эзэмшихийн тулд бид нэгэн үзүүрт төвлөрөл болон билиг оюуныг хөгжүүлэгч бясалгалуудыг дадуулах эртний Энэтхэгийн мэдлэг, аргуудаас суралцаж болох юм. Бурхан Багш төвлөрөл, бас билиг оюуны аль алийг нь ингэж дадуулсан. Хэдийгээр эдгээр мэдлэгүүд нь шашны ном судруудад голчлон бичигдсэн байдаг ч академик хэлбэрээр орчин үеийн шинжлэх ухаанд судлан ашиглаж болно.”
“Эртний Энэтхэгийн эрдэм мэдлэгийг хадгалан авч үлдсэн, учир шалтгаан ба логикт суурилдаг Наландын ийм уламжлалын сурагч, шавь нь би бас мөн билээ. 8-р зуунд эзэн хааны урилгаар Төвөдөд ирсэн Наландын их эрдэмтэн Шантаракшита Төвөдийн Буддизмын сургалт ба практикийн өнөөгийн хэв загварыг анхлан үндэслэсэн бөгөөд энэ сургалтанд учир шалтгаан ба логик гол үүрэг гүйцэтгэдэг.”
“Энэтхэгт ирээд би шинжлэх ухааны эрдэмтэдтэй уулзаж ярилцах боломжтой болсон юм. Бурхан багш өөрөө зөвлөж хэлсэн “Миний заасан зүйлсийг дан ганц сүжгээр хүлээж авалгүй учир шалтгааны үндэс дээр шалгаж үзэгтүн” гэсэн үгс надад урам зориг хайрласан юм даа. Өнөөдөр ингээд эргээд харахад эрдэмтэдтэй хийж байсан миний гуч гаруй жилийн уулзалтууд харилцан үр өгөөжтэй байж чаджээ.”
Өнөөдрийн уулзалтанд Колхофер Дээрхийн Гэгээнтэнтэй уулзуулахаар гурван эрдэмтнийг урьсан нь нейробиологич, доктор Ханна Мониер, геронтологч, доктор Андреас Крузе, мөн астрофизикч, доктор Маттиас Бартелман нар байлаа.
Доктор Мониер өөрийн олж харсан асуудлыг хөндөв: “Бид нийгмийн амьтад гэж та хэллээ, үнэхээр ч тийм, гэхдээ бид хархнуудаас их ялгарахгүй болов уу. Хархнуудын адилаар бид эхлээд өөрийн хамгийн ойрын гэр бүлийн гишүүддээ туслахыг хүсдэг.”
“Бид оюун ухаантай төрсөн” гэж Дээрхийн Гэгээнтэн хариулав. “Бас бид төрөхдөө л энэрэл нигүүлслийн үрийг тээсэн байдаг шүү дээ. Учир шалтгааны үндсэн дээр оюун ухаанаа ашиглаад бид өөрсдийн энэрэл нигүүлслийн сэтгэлээ тэлж энэхүү сэтгэлийн эсрэг сэтгэл болсон уур хилэн хичнээн хор хөнөөлтэй болохыг ойлгож чадах юм. Бидний биологийн энэрэнгүй зөн мэдрэмж шунал тачаалтай холбогдсон байх талтай. Ийм гажуудалтай хандлага нь агуу энэрэл нигүүлсэл болж тэлж чадахгүй. Ийм ч учраас бид эхлээд өөрсдийн тэгш хандлагыг хөгжүүлэх хэрэгтэй. Үүний дараа хайр энэрлийн сэтгэлдээ бид нийт хүн төрөлхтнийг багтааж чадна.”
“Тодорхой ойлгох ёстой нэг зүйл бол энэрэл нигүүлсэл ба уур хилэн хоёулаа оюун ухааны нэг хэсэг, бидний сэтгэл ухамсрын бүтээгдхүүнүүд шүү дээ. Зарим ухамсар, мэдрэмж бидний мэдрэх эрхтнүүдээс хамаардаг. Зүүдний төлөвт бидний мэдрэх эрхтнүүд идэвхгүй хэлбэрт оршино. Гүн нойрсох үед ухамсар нарийсдаг бөгөөд үхлийн үед хамгийн нарийн ухамсар тодордог ба энэ нь тархитай огт хамаагүй юм.”
“Энэ чинь дуалист үзэл” гэж доктор Мониер хэллээ.
“20-р зууны эхээр эрдэмтэд ухамсрыг бүхэлдээ тархины бүтээгдхүүн гэж үздэг байсан” гэж Дээрхийн Гэгээнтэн тодруулав. “Зууны төгсгөлөөр тархины өөрчлөлт нь ухамсрын өөрчлөлтөөс хамаардаг байж болохыг нейропластисити харуулсан шүү дээ.”
Доктор Маттиас Бартелман шинжлэх ухааны судалгаанд даруу төлөв зан чухал эсэхийг асуулаа. Дээрхийн Гэгээнтэн “Тийм” гэж хариулаад бид хэрхэн бие биенээсээ хамаарч оршдог, өөрсдийн амьдарч буй нийгэм, бүлгээсээ хэрхэн хамаардагийг лавшруулан өгүүлэв.
Геронтологич доктор Андреас Крузе Дээрхийн Гэгээнтнээс гурван асуулт асуух гэснээ хэллээ. “Аз жаргал ба үүрэг хариуцлагын хоорондын уялдаа нь цаанаасаа утга учиртай гэж та боддог уу?” Дээрхийн Гэгээнтэн энэ асуулт нь “Бид яагаад оршдог юм бэ?” гэдэг гүн ухааны асуулттай адил сонсогдож байна гэж хэлээд шашны зүгээс өгөх хариулт бол нэг бол энэ нь Бүтээгч эзний хүсэл, эсвэл үйлийн үрийн шалтгаан байх болно гэлээ.
Настай хүмүүсийн амьдралд гэр бүлийнхээ залуу гишүүдийг харж хандаж байгаа нь их утга учир өгдөг гэсэн судалгааны үр дүнг доктор Крузе танилцууллаа. Гэхдээ тэд дементиа гэх мэт хүнд өвчнөөр өвдөхөд тэднийг ийм үүргээс нь холдуулж залуу гэр бүлийн гишүүд нь хөгшчүүлээ асрах хариуцлага үүрнэ. Үүнтэй уялдуулаад доктор Крузе Хайделбергт боловсрол эзэмшсэн герман-швейцарийн сэтгэл судлаач, гүн ухаантан Карл Жасперсын “хязгаарын нөхцөл” ойлголтыг хөндлөө.
Энэ нь хэтэрхий нарийн түвэгтэй болгосон гүн ухааны ажиглалт байна гэдгийг Дээрхийн Гэгээнтэн онцлов. Бүхий л зүйлс харьцангуй, юу ч бие даан оршдоггүй. Тэрээр цаг хугацаагаар жишээ татав. “Цаг хугацаа оршдог уу? Байнга л урагшлаад байхад одоо цаг гэж хаана байна вэ?”
Дээрхийн Гэгээнтэн цугласан хүмүүсийн зүгээс тавьсан асуултанд хариулахдаа аймшигт хүчирхийлэл явагдсан 20-р зууныг 21-р зуун давтах ёсгүй гэдгийг онцлон хэлсэн юм. 21-р зуун яриа хэлцлийн зуун байх ёстой. Асуудлыг хүчээр бус ярьж шийддэг байх ёстой гэлээ.
Мьянмарын Рохингийн хямралыг зохицуулахад яагаад оролцоогүй тухай асуултанд Дээрхийн Гэгээнтэн тухайн асуудалд шууд оролцох боломжгүй хөндлөнгийн хүн байснаа хэллээ. Аунг Сан Сү Китэй ярьсан, бас түүнд захидал бичсэнээ хэлээд Мьянмарын зүгээс илүү их зүйл хийж болох байсныг дурдлаа. Хэрэв уур хилэн төрж байгаа бол Бурхан Багшийн царайг санагтун гэж Мьянмарын буддистуудад зөвлөснөө хэлэв.
Колхофер уулзалтын төгсгөлд хүн бүр Дээрхийн Гэгээнтнийг анхааралтай сонсож бас ярьсан зүйлсээс нь урам зориг авлаа гэж хэлээд Хайдэлбергт морилсон явдалд талархсанаа илэрхийлэв. Дээрхийн Гэгээнтэн “Илүү аз жаргалтай, амар амгалан дэлхийг бий болгохын тулд бид хувь хүмүүсийн түвшинд эхлэх хэрэгтэй. Өөрчлөлт хувь хүнээс эхэлж нийгэмдээ таран түгэх болно” гэж хариуллаа.
Дээрхийн Гэгээнтнийг хотын захиргааны тусгайлсан танхимд өдрийн зоогт урьсан бөгөөд хоолны дараа тэрээр Манхейм хүртэл машинаар явж тэндээсээ Цюрих уруу ниссэн юм. Дээрхийн Гэгээнтнийг ирэхэд Төвөдүүд зочид буудлын гадаа уламжлалын дагуу ёслон хүлээн авсан бөгөөд замын хоёр талд Төвөдийн тугуудыг байршуулсан байв. Мөн Даши Шолпа бүжиглэж, Төвөдийн залуучууд “чема чангпу” өргөлөө.
Дээрхийн Гэгээнтэн хүрэлцэн ирсэн хүн бүртэй харилцсаны дотор хэд хэдэн хуучны анд нөхөд нь байв. Буудлын хүлээлгийн танхимд түүнийг Төвөдийн Рикон Институтын захирал болон бусад лам хуврагууд тосон авлаа.
Маргааш тэрээр Төвөдийн Рикон Институтын хүлээн авалтанд оролцоно.