Энэтхэг, ЖК, Ладак, Лех – Өглөө эрт Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэ удаагийн Ладак дахь айлчлалын сүүлийн хөтөлбөр болох Анжуман Мойн Үл Исламын урилгаар Жума Багхын цэцэрлэгт хүрээлэнгийн нээлтэнд оролцохоор явлаа. Замын хоёр талаар олон хүн зогсон түүнийг хүлээж байв. Жума Багхт хүрэлцэн ирэхэд энэхүү нээлтэнд хүрэлцэн ирэхийг урьсан доктор Абдул Куяам түүнийг угтлаа.
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг суудалдаа суусан хойно доктор Куяам үг хэлэхдээ энэ газарт зочид буудал, бизнесийн төв гэх мэт зүйлийг барьж болох байсан ч Анжуман Мойн Үл Ислам олон хүмүүс гэр бүлээрээ ирж амардаг цэцэрлэгт хүрээлэн байгуулах шийдвэрт хүрсэн гэлээ. Цэцэрлэгт хүрээлэн нь хэд хэдэн цайны газар, биеийн тамирын зал, мөн нум сум харвадаг тусгай талбайтай ажээ. Дараа нь доктор Куяам Дээрхийн Гэгээнтэнд хаягдал материалаар дурсгалын эд зүйлс хийдэг, хөгжлийн бэрхшээлтэй Икбалыг танилцуулсан юм. Тэрээр өөртэй нь адил хэсэг залуучуудтай хамтарч ажилдаг ба уг цэцэрлэгт хүрээлэнд дэлгүүр ажилуулж байна.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэхүү цэцэрлэгийг бүтээн байгуулах ажилд гар бие оролцсон гол хүмүүст хадаг, дурсгалын зүйл гардуулав. Хамгийн эхэнд ноён Икбал болон түүний хамт олныг урив. Дараа нь Дээрхийн Гэгээнтэн ноён Куяам болон бусад хүмүүст хүндэтгэл үзүүлээд олон нийтэд хандсан яриагаа эхэлсэн юм.
“Хүндэт ахан дүүс минь! Би энд хүрэлцэн ирж та нартай уулзаж байгаадаа, мөн та нарын бүтээн байгуулсан зүйлийг хараад сэтгэл өндөр байна. Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг энд ажиллах боломж бүрдүүлсэнд би туйлын баяртай байна. Би хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг харах бүртээ залбирч, тэдний төлөө дорвитой зүйл хийж чадахгүй байгаадаа харамсдаг.”
“Би Баба Амтегийн ашрамд зочилж байснаа санаж байна. Тэрээр уяман өвчний улмаас тахир дутуу болсон олон хүмүүсийг цуглуулж холбоо байгуулсан юм. Тэдгээр хүмүүсийн итгэл найдвар, сайхан сэтгэлийг хараад би үнэхээр их сэтгэл хөдөлж билээ.”
“Та бүхэн энд хүн бүхэн ирж цагийг сайхан өнгөрүүлэх, ялангуяа энэхүү цэцэрлэгт хүрээлэн нь хүн бүхэнд нээлттэй гэдгийг сонсоод би их баяртай байна. Би Энэтхэг орныг бишрэн хүнэдтгэдэг ч эдүгээг хүртэл байсаар буй кастын системийг би ойшоодоггүй. Шашин шүтлэгийн бүх тэргүүнүүд нэгдмэл байр сууринд хүрч хүн төрөлхтөн бид бүгд адилхан хэмээн мэдэгдэх, кастын ямарваа нэгэн ялган гадуурхах үзлийг үгүй хийх хэрэгтэй гэж боддог.”
Дээрхийн Гэгээнтэн хүмүүст хандан их зүйл ярих цаг зав муутай байгаагаа мэдэгдлээ. Тэрээр маргааш Дели хотын зүг буцаж, хэд хоногийн дараа тэндээсээ Гоа, Бангалор хотуудад зочилж, сэтгэл хөдлөл хийгээд оюун ухааны талаарх эртний Энэтхэгийн мэдлэг боловсролд суралцах нь ямар чухал болж буй талаар залуучуудад хандан яриа хийх юм.
“Хүн бүхэн зовохыг хүсдэггүй ч бид сөрөг сэтгэл хөдлөлд автсаны улмаас өөрөө өөртөө зовлон удсан байдаг. Асуудал бэрхшээлийн гол хүчин зүйл нь бидэнд буй зэр зэвсэг бус бидний сэтгэлд буй уур хилэн, үзэн ядах, атаа хорсол юм. Эдгээр сөрөг сэтгэл хөдлөлийг арилгах, үүнтэй зэрэгцүүлж бид энх тайван дэлхий ертөнцөд амьдрахын тулд зэр зэвсгийг устгах нь зайлшгүй чухал билээ. Хэдэн жилийн өмнө Нобелийн энх тайвны шагналтнууд Ромд цуглаж цөмийн зэвсгээс татгалзах талаар нэлээдгүй нухацтай хэлэлцүүлэг өрнүүлж, ажлын төлөвлөгөө гаргаж байсан юм.”
“Гэсэн хэдий ч энэ нь зөвхөн гадаад зэр зэвсгээс татгалзах явдал мөн. Бид зэвсгээс бүрэн татгалзахын тулд юуны түрүүнд дотоод сэтгэлийн зэвсгийг үгүй хийх хэрэгтэй. Дүрсхийн уурлах үед тэр даруй бидний сэтгэлийн амар амгалан үгүй болсон байдаг. Мөн байнга ууртай байдаг хүний эрүүл мэнд мууддаг. Бид уур хилэн гэх мэт сөрөг сэтгэл хөдлөлийг арилгахын тулд бодит, үр дүнтэй алхам хийх хэрэгтэй байна. Хэдийгээр ерөөл тавьж залбирах нь тодорхой хэмжээнд үр дүнтэй боловч өөрчлөлтөнд хүрэхийн тулд бид зайлшгүй бодит алхам хийх хэрэгтэй.”
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Жума Багхаас хөдөлж, Шивацал ордны дэргэдэх номын айлдварын талбайд хүрэлцэн ирлээ.
Тэрээр ирсэн даруйдаа хэсэг ахмад настангуудыг хүлээн авч уулзав. Дараа нь олон нийтийн зүг мэхийн ёслоод суудалдаа суумагц Ладакын үндэсний урлагийн тоглолт болсон юм.
Ладакын Хийдүүдийн холбооны ерөнхийлөгч гэвш Шедүб Жамба үг хэлэв. Тэрээр сүүлийн хэдэн жилүүдэд Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Ладакт жил бүр хүрэлцэн ирж, Ладакын бүхий л нутаг оронд морилсон ба гурван удаа Дүйнхорын их авшиг хүртээсэн гэдгийг тэмдэглэн хэллээ. Мөн Дээрхийн Гэгээнтэн Далай Лам бидэнд боловсрол хичнээн чухал болох, ялангуяа эртний Энэтхэгийн мэдлэг боловсролын эх сурвалж болсон Ганжуур, Данжуурын үндсэн гол ойлголтуудыг бидэнд ухааруулсан юм гэв. Тэрээр ирэх жил ахин морилон ирэхийн ерөөл тавиад үгээ өндөрлөлөө.
Үг хэлэх хүсэлтийн дагуу Дээрхийн Гэгээнтэн богино яриа хийв. Тэрээр юуны түрүүнд Ладакын Буддын холбоо, Ладакын Хийдүүдийн холбоонд талархал илэрхийлж, мөн энэхүү үдэлтийн зоог бэлдсэн хүн бүхэнд талархал илэрхийллээ.
“Би 8-р сарын 3-нд энд ирсэн, өнөөдөр 9-р сарын 3-ны өдөр болж байна. Бүтэн нэг сар энд байлаа. Энэ хугацаанд би Лех, Нүбра, Занскар, Каргил, Мулбехт очив. Ард олон чин бат итгэл, сүсэг бишрэлтэй байгааг харж байна. Нэгэнт ном номлож олон нийттэй уулзах боломж надад байгаа тул шашин хийгээд олон нийтийн сайн сайханд өчүүхэн хувь нэмэр оруулсан байх гэж найдаж байна.”
“Миний очсон газар бүрт муслимын ахан дүүс нар хүрэлцэн ирж байсан нь надад үнэхээр сайхан байлаа. Муслимын болон буддын холбоо улам бүр ойртож нөхөрлөх боломжтой гэж би боддог.”
“Кема Киёонрү дэх Бригүн хийд намайг ирэх жил хүрэлцэн ирэхийг урьлаа. Дараа жил ирэх боломжтой эсэхийг харах хэрэгтэй. Ер нь Дарамсалад бороо ордог чийг ихтэй үеэр Ладакт ирэх нь тааламжтай байдаг. Өндөр настай би Ладакт шахуу хөтөлбөрт баригдаж өндөр ачаалалтай ажиллах бус, амрахаар ирдэг. Ирэх жил би 84 настай болно. Та нар энэ хөгшнийг илүү амарч, илүү удаан амьдрахыг хүсч байна уу, шахуу хөтөлбөрөөр дарж, илүү ядраахыг хүсч байна уу? Та нар, мөн Төвөдөд буй олон хүмүүс намайг урт удаан наслаасай гэж хүсдэг. Гэвч би махан биетэй тул хэрэв ядарч сульдвал тэр хэмжээнд нас минь богинсох нь тодорхой.”
“Өнөөдөр энэ удаагийн Ладак дахь ажлын сүүлийн өдөр тохиож байна. Би энд байх нэг сарын турш Шантидэва гэгээний айлдсан орчлон хорвоод хэдий хүртэл амьтад оршино тэр хүртэл би тэдгээр амьтдын сайн сайхын төлөө хичээн зүтгэсээр байх болно” гэсэн ерөөлийг байнга санаж байлаа. За ингээд миний хэлэх үг өндөрлөж байна. Одоо бүгдээрээ хоолоо идэцгээе.”
Ладакын Буддын холбооны дэд ерөнхийлөгч ПТ Кунзан хаалтын үг хэлэхдээ энэ удаагийн Дээрхийн Гэгээнтэн Далай ламын айлчлал амжилттай болоход гар бие оролцсон бүх хүмүүст таларахал илэрхийллээ.
Дээрхийн Гэгээнтэн Гандан Ширээт асан Ризон ринбочэ, Тиксей ринбочэ, Түгсай ринбочэ, Одсэр ринбочэ болон бусад хутагт хувилгаад, мөн албаны хүмүүсийн хамт үдийн зоог барив. Дараа нь Шивацал ордны зүг буцав. Маргааш тэрээр Дели хот руу буцна.