Энэтхэг, Бихар, Бодьгаяа – Уламжлал ёсоор Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Гандан Пэлжээлин дацангаас гарч ирэхэд гурван ахмад лам түүнийг номын талбайн зүг урин залж явав. Тэдгээр гурван ламын эхнийх нь энэ удаагийн номын айлдварыг ивээн тэтгэн оролцож буй Намжал дацангийн хамба лам, мөн Жанзэ болон Шарзэ цорж нар байлаа. Тэд шашир малгай өмсөж, гартаа анхилуун үнэрт хүж барьсан байв. Шашир малгайн орой дахь сэсгэр олон үс нь олон бурхадтай уулзахын бэлэгдэл ажээ. Шар өнгө нь ёс суртахууны цэвэр ариуныг бэлэгдэнэ гэж үздэг байна.
Дээрхийн Гэгээнтэн номын айлдварын талбайд хүрэх зуураа хэд хэдэн удаа зогсож хүмүүстэй уулзсан юм. Тэрээр номын айлдварын төвд орших Дүйнхорын дуганд морилон шүтээний өмнө залбирал үйлдээд сэнтийндээ суув.
Өнөөдөр Бирмын лам хуврагууд Мангала судрыг пали хэлээр уншсаны дараа Билгүүний Зүрхэн судрыг монгол, орос, япон, англи хэлээр тус тус уншлаа.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам номын айлдвараа эхлэхийн өмнө өчигдөр бие гэнэт муудсан талаар ярив. Гэсэн хэдий ч өчигдөр оройн үед олон түмний итгэл сүсгийн хүчинд бие маань тун сайн болсон гэж мэдэгдлээ. Тэрээр энэ өглөө ойролцоогоор 16,000 гаруй цугласан хүмүүст “Манзшрийн номын аймаг”-т багтсан Цагаан Хэрүга (Дэмчог)-ын үүднээс насны авшиг хүртээх болно гэв.
“Би энэхүү авшигийг олон жилийн өмнө хүртэж билээ. Би өдөр бүр насны бүтээлийн бясалгал хийдэг. Насны бүтээл хийх бүртээ энэ насыг хэрхэн утга төгөлдөр өнгөрүүлэх хэрэгтэй вэ гэдгийг боддог юм.”
“Энэ жилийн Бодьгаяа дахь номын айлдвар өнөөдрөөр өндөрлөж байна. Та бүхэн өөрсдийн дотоод сэтгэлээ сайн шинжих хэрэгтэй. Бид үнэхээр чөлөө учрал бүхэн бүрдсэн хүний төрлийг олсон, бурханы сургаалтай учирсан, үүнд сайтар суралцаж чадвал бусдын сайн сайхны төлөө хичээж чадах бүрэн боломжтой гэдгийг байнга санах хэрэгтэй. Үүний төлөө та бүхэн хичээгээрэй!”
“Бодьсадва нарын чин зорилго бол бусдын зовлонг арилгах явдал юм. Үүний тулд сөрөг муу сэтгэл хөдлөлөө арилгах хэрэгтэй болдог. Энэ нь өөрт болон бусдад хэрэгтэй гагц эм билээ. Хэрэв та өөрийн сэтгэлийг засч чадах аваас сэтгэлийн хөшүүн, хатуу ширүүн байдал үгүй болж улам уян хатан болно.”
Ингээд Дээрхийн Гэгээнтэн олон нийтэд насны авшиг хүртээсэн юм. Насны авшигийн үеэр лам хуврагууд олон нийтэд насны үрэл, рашаан зэргийг тарааж байлаа.
Авшиг хүртээж дууссаны дараа тэрээр:
“Би энэхүү “Манзушрийн номын аймаг”-ийг удахгүй гүйцээн номлож дуусгана. Бид ирэх жил ахин уулзалдана. Энэ хугацаанд та бүхэн хичээж өөрт бий болсон эерэг өөрчлөлтийг анхаарах хэрэгтэй. Би тодорхой хугацаанд өөрт гарсан өөрчлөлтөө өөрийн багшид айлтгаж билээ. Багш минь ихэд баясч төд удахгүй “огторгуй мэт егүзэр”-ийн эрдэм олохоор байна гэж айлдсан юм.
“Та бүхэн хичээгээрэй. Хичнээн их номын айлдварт суусан хэрнээ дотоод сэтгэлд өөрчлөлт гарахгүй бол энэ нь тун таагүй хэрэг болно. Та бүхэн сонсох, санах, бясалгах гэсэн гурван зарчмаар ном сургаалд суралцаарай. Би сүүлийн 70 гаруй жилийн хугацаанд хоосон чанарт суралцаж, бясалгаж байна. Үүнд миний багш Монголын Ойдүв Цогни ихэд нөлөөлсөн юм. Харин бодь сэтгэлийн тухай анх сонсоход ихэд хэцүү мэт санагдаж байлаа. Гэвч удалгүй “Бодьсадвын явдалд орохуй”, мөн “Эрдэнийн эрхи” номуудыг багшаар хөтлүүлсний дараа үүнд хичээж эхэлсэн ба сэтгэлд үнэхээр өөрчлөлт гарсан юм. Та бүхэн ч гэсэн хичээж чадвал өөрчлөлт гарах нь дамжиггүй. Өөрийн дуулж мэдсэн зүйлээ амьдрал ахуйдаа хэрэглэж, дотоод сэтгэлээ эерэг тал руу хөгжүүлж чадвал урт удаан наслахын гол зорилго бүтнэ.”
“Маргааш Намжал дацан, Төвөдийн Төв Захиргаа, Шелкар Нгашав нутгийн төлөөлөл хамтарч Цагаан Дарь Эхийн үүднээс бат оршил өргөх ёслол болно.”
Энд хүрээд Дээрхийн Гэгээнтэн энэ өдрийн номын айлдвараа өндөрлөж сэнтийнээс буулаа. Тэрээр хүмүүсийн зүг инээмсэглэн явсаар өөрийн өргөөндөө хүрэв.