Энэтхэг, Бихар, Бодгаяа – Гаяа дахь Олон шашны форумын гишүүд болох буддын, хинду, христ, лал, жайн, сикх болон брахмакунимари шашны төлөөлөл Дээрхийн Гэгээнтэнд бараалхахаар Гандан Пэлжээлинд өнөөдөр зочлон ирлээ.
Форумын нэрийн өмнөөс нарийн бичгийн дарга АК Хан энэхүү ариун дагшин газар дахин морилон ирсэнд нь Дээрхийн Гэгээнтэнд талархал илэрхийлэв. Тэрээр олон шашны форум анх 2001 онд байгуулагдсан тухай танилцуулсан юм. Байгууллагын олон янзын үйл ажиллагааны хүрээнд гишүүд бие биенийхээ мөргөлийн газарт зочилж, баярт үйл ажиллагаанд нь оролцон, хайр энэрлийг түгээх нийтийн зорилгоо баталгаажуулдаг тухай мэдэгдэв. Тэд терроризмын бүх хэлбэрийг эсэргүүцэж, бүхий л томоохон шашинд хүндэтгэлтэй ханддаг ажээ.
“Шашны ахан дүүс нар аа!”хэмээн Дээрхийн Гэгээнтэн яриагаа эхлэв.
“Бид бүгд дэлхий дээр амьдарч байгаа 7 тэрбум хүний нэгээхэн хэсэг гэж би байнга хэлдэг. Хоёр нүд, нэг хамар гэх мэт бидний бүх зүйл адилхан, зарим нь жаахан илүү үстэй л байх. Оюун ухааны хувьд ч, сэтгэл санааны хувьд ч бид адилхан. Бид бүгд аз жаргалтай, баяр баясалтай амьдрахыг хүсдэг. Биднийг жаахан байхад хайр энэрэл бол аз жаргалын эх сурвалж гэдгийг ээж нар маань халамж хайраараа ойлгуулсан билээ.”
Ээж маань маш сайхан сэтгэлтэй хүн байсан. Ядуу тарчиг хүмүүсийг хараад нулимсаа тэвчиж чаддаггүй байсан ч тэдэнд ямар нэг зүйлийг заавал илүүчилж чаддаг байсан юм. Энэрэнгүй сэтгэлийн анхны багш минь миний ээж билээ. Харин одоо хүн мөн чанартаа энэрэнгүй гэдгийг орчин үеийн эрдэмтэд судалгаагаараа нотлоод байна. Тиймээс өнөөгийн боловсролын тогтолцоо сэтгэлийг хэрхэн амар амгалан байлгах, хэрхэн аз жаргалтай гэр бүл байх талаар зааж сургах шаардлагатай байна.”
“Шашин өнөөдөр хэрэгтэй эсэх талаар би заримдаа асуулт тавьдаг ч, хүн бүрт хайр энэрэл хэрэгтэй байгаа цагт “Тийм” гэсэн хариулт гарах нь дамжиггүй. Гэхдээ янз бүрийн шашныг шүтэгсэд эв зохицолтой байх нь юу юунаас илүү чухал юм. Бид зөрчилдөж, тэмцэлдээд байвал хүмүүс “Шашин ямар хэрэгтэй юм бэ?” гэж асуух болно. Тиймээс бид шашин хоорондын эв зохицлын төлөө идэвхтэй үйл ажиллагаа өрнүүлэх хэрэгтэй. Ирэх жилийн 6 дугаар сард Делид бүх Энэтхэгийн муслимын шашинтны бага хурал болж, Ойрхи Дорнод болон бусад бүс нутаг дахь суннит ба шиат урсгалын харилцан ойлголцлыг бэхжүүлэх асуудалд анхаарлаа хандуулах гэж байна.”
Хэрвээ бид шашнаа зохих ёсоор шүтэж чадвал аль ч шашин сэтгэлийн амар амгаланг бий болгох чадвартай гэдгийг Дээрхийн Гэгээнтэн цохон тэмдэглэв. Өөрийн шашныг ам хэл төдийхнөөр дагах хангалттай бус, шашин дарангуйллын зэвсэг байж болохгүй, бид бүгд шашиндаа чин сэтгэлээсээ хандах ёстой хэмээн тэрээр нэмж хэллээ. Материаллаг зорилгод чиглэсэн боловсролын үр дагаварт хүмүүс ‘бид’ ба ‘тэд’ хэмээн талцаж, хэт их өрсөлдөж байна. Үүний эсрэг орчин үеийн боловсролыг эртний Энэтхэгийн сэтгэлийн тухай агуу мэдлэгтэй хослуулах боломж энд Энэтхэгт л байна хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэллээ.