Энэтхэг, Бихар, Бодьгаяа – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэ өглөө Гандан Пэлжээлин дацангаас гарч явган явсаар номын айлдварын талбайд хүрэлцэн ирлээ. Тэрээр уламжлал ёсоор хүмүүсийн зүг гар даллан мэндэлж, зарим ахмад лам нартай тусгайлан мэндлээд сэнтийндээ залрав.
Дээрхийн Гэгээнтнийг суудалдаа заларсны дараа Лаосын лам нар Мангала судрыг пали хэлээр уншиж, дараа нь Майдар сургуулийн сурагч хүүхдүүд “Билгүүний Зүрхэн” судрыг санскрит хэлээр уншив. Дараа нь хятадын сүсэгтнүүд “Билгүүний Зүрхэн” судрыг хятад хэлээр уншсан юм.
Номын айлдвар эхлэхийн өмнө Дээрхийн Гэгээнтэн энэ өдөр X Банчэн Богдын таалал төгссөн өдөр тохиож буй тул “Сайн явдлын ерөөл” номыг бүх нийтээрээ уншихыг хүслээ.
“Энэ удаа номлох гэж буй “Манзушрийн номын аймаг” нь Лама Умабагаас дамжсан юм. Тэрээр багадаа мал хариулж явахдаа Манзушри бурханыг харсан байна. Дараа нь өдөр бүр Манзушри бурханыг хардаг болжээ. Энэхүү номын дамжлага нь гэлүгбийн ёсны онцгой номд тооцогддог. Лама Умаба энэхүү дамжлагыг Богд Зонховт өвлүүлж Богд Зонхов үргэлжлүүлэн Жамбал жамцад өвлүүлсэн ба дараа нь хайдүв Гэлэг Балсан, Басо Чойжижалцан, Чойдорж, Лувсан Дондүв, Хайдүв Санжай Еши, Лувсан Чойжалцан, Гончог Жалцан, Банчэн Лувсан Еши, Лувсан Сойба, Лувсан Балдан Еши, Лувсан Жамбал гэх дээдсүүдээр дамжсан байна.”
“Би энэхүү номын дамжлагыг багадаа Тагдаг ринбочэгээс хүртсэн юм. Энэ номын дамжлагыг бусдад хүртээхэд олон янзын арга байдаг. Энд багтсан олон бурхадын даган соёрхолын бэлтгэл бясалгал бүрийг нэг дор гүйцэтгэж, даган соёрхол бүгдийг нэгэн дор өгдөг арга байдаг ба мөн бурхан тус бүрийн бэлтгэл бясалгалыг даган соёрхолтой нь хамтатгадаг ёс бий. Би энэ удаад сүүлийн аргыг дагна. Харин Жадо ринбочэ миний дэргэд байж, урд хойно орох уншлагын хэсгүүдийг надад бэлтгэн өгч туслах юм.”
Тэрээр мөн адил судал, хий, дусал гурвыг анхааран авлага болгож машид нарийн сэтгэл, хийгээ бурханы чанарт урвуулах ёстой гэдгийг ахин санууллаа.
Тэрээр эхний даган соёрхол болох Гагц Баатар Манзушрийн даган соёрхол хүртээх үедээ оюун ухааныг хөгжүүлэх олон арга байдгийг тайлбарлав. Оюун ухааныг хурц, тодорхой, гүн гүнзгий сэтгэх зэрэг олон янзаар хөгжүүлж болдог гэлээ. Дараа нь хот мандалт Манзушри, түүний дараа нууц Манзушрийн даган соёрхол тус бүрийг хүртээв.
Энэ өдрийн номын айлдварын төгсгөлд эдгээр даган соёрхол хүртсэн хүмүүс амны уншлага унших ёстойг дурдаад, гэвч бодь сэтгэл, хоосон чанарыг бясалгах нь хамгаас чухал гэдгийг тэмдэглэн хэллээ.
Маргааш “Манзушрийн номын аймаг”-ийг үргэлжлүүлэн айлдана.