Энэтхэг, Бихар, Бодьгаяа – Нарны туяа Махабодь суврагийн оройд тусах үед Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өргөөнөөсөө эртлэн гарч номын айлдварын талбайн зүг явав. Тэрээр замын хажууд зогсон хүлээж буй хүмүүсийн зүг гар даллан мэндэлж, инээмсэглэн явсаар тайзан дээр гарлаа. Эхлээд авшиг хүртээх бэлтгэл зан үйл хийхээр хот мандлын өмнө суусан ба түүнийг тусгайлан бясалгал хийх зуур номын айлдварын талбайд хүмүүс цугласаар байв.
Түүнийг сэнтийндээ заларсны дараа теравада уламжлалын лам хуврагууд ахин Мангала судрыг пали хэлээр уншив. Дараа нь барууны хэсэг хүмүүс Билгүүний Зүрхэн судрыг дууны аялгуу мэтээр уншсанд олон нийт алга ташин талархав.
“Өнөөдөр би Ямандагийн авшиг хүртээнэ. Энэ нь нууц тарнийн сургаалд багдаг. Нууц тарнийн номлолд дотоод хийгээ хөгжүүлж, улмаар тарнийн бясалгал хийж судал, хий, дусал гурвыг гэгээрлийн мөр болгон ашигладаг. Энэ арга техник нь зарим нэг бусад шашны номлолд ч байдаг юм. Би хиндүгийн нэгэн садхутай уулзах үед тэрээр өөрийн сэтгэл оюуныг биеэсээ гаргах арга ухаанд суралцаж байна гэж билээ.”
“Өнгөрсөн цаг үед зарим хүмүүс их хөлгөний ном сургаалыг Бурхан Багш айлдаагүй гэж үзэх тохиолдол байлаа. Үүнийг үгүйсгэж Хутагт Нагаржуна, Бхававивека, Шантидева нар маш тодорхой байр суурь илэрхийлсэн байдаг. Мөн зарим нь нууц тарнийн номлолыг Бурхан Багш айлдаагүй гэж үзсэн юм.”
“Шүтэн барилдахуйн онол болон энэрэн нигүүлсэх сургаал нь Бурхан Багшийн үндсэн сургаалууд билээ. Нууц тарнийн ном сургаалыг Бурхан Багш олон нийтэд зориулж айлдаагүй, онцгой бэлтгэгдсэн шавь нарт зориулж айлдсан байна. Бурхан Багшийн айлдварыг бүхэлд нь тодорхойлсон Наландагийн их эрдэмтэд нууц тарнийн ном сургаалыг Бурхан Багш өөрийн дүрээр бус ядамын дүрээр айлдсан гэж тодорхойлсон. Төвөдийн их эрдэмтэн Нянгон Сунрав Бурхан Багшийн ном сургаалыг нийтэд зориулсан ба онцгой шавь нарт зориулсан гэж хоёр хуваасан юм.”
“Нууц тарнийн номлол нь энгийн үзэгдлийг арилгах, энгийн үзэгдэлд шунахыг арилгах талаар номлодог. Хэдхэн хором ч гэлээ өөрийгөө ядам болгон бясалгахад өөрийн энэ эгэл бие дээр бясалгадаггүй. Эхлээд хоосон чанарыг бясалгаж, хамаг юмсыг хоосон чанарт урвуулан бясалгах ёстой. Нууц тарнийн ёсны бүхий л ном уншлагын эхэнд УМ СҮМБАВА... гэх тарни бий. Энэ нь юмс бүгдийг хоосон чанарт урвуулах бясалгалын тарни бөгөөд хоосон чанарын агаараас ядамын бие лагшинг ургуулан бясалгадаг.”
“Эс арилсан үзэгдэл нь бидний үйл хийгээд нисваанист муу сэтгэлийн үр дагаварт бий болдог. Сэтгэлийн гэгээн гэрэл, нарийн хий, нарийн сэтгэл дээр суурилан өөрийгөө ядам болгон бясалгана. Эс арилсан үзэгдэл нь бурханы газарт хүрч чадахгүй, арилсан үзэгдэл л тэнд хүрч чадна. Тиймээс арилсан үзэгдлийг “хөлгөн” гэж нэрлэдэг юм.
“Нинмавын ёсонд есөн хөлгөний тухай номлодог. Ширвагаяана, брадигабуддаяана, махаяана гэх гурван хөлгөн нь гадаад судрын хөлгөн, крияа, чаряа, йогийн дандар нь гадаад дандрын хөлгөн, маха, ану, ади йога нь дотоод дандрын хөлгөн юм. Ямандагийн бясалгал нь маха йогийн бясалгалтай холбогддог.”
“Энэ бүгдээс үзвэл гэгээрэл гэдгийг гаднаас хэн нэгэн өгөхгүй гэдгийг харуулж байна. Гэгээрэл нь гаднаас ирдэг зүйл биш юм. Бид өөрсдийн сэтгэлийн машид нарийн хэлбэр болох гэгээн гэрэл, нарийн хийг бурханы гурван лагшин болгосны үр дүнд л бурханы хутагт хүрч чадна гэсэн үг юм.”
“Гэгээн гэрэл үхлийн үед ил бий болдог. Энэ нь зүгээр нэг гэнэтийн шалтгааны улмаас, эсвэл тохиолдлоор илэрч гардаг зүйл биш юм. Угийн гэгээн гэрэлд эхлэл гэж үгүй, төгсгөл гэж үгүй.”
Авшиг эхлэхийн өмнө тэрээр багадаа анх удаа ханьцашгүй дандрын ёсны авшиг хүртсэн нь Ямандагийн авшиг байсныг дурсан ярьлаа. Дараа нь Лин ринбочэ багшаасаа ч олон удаа хүртсэн бөгөөд хамгийн сүүлд Бодьгаяад ханьцашгүй дандрын ёсны сүүлийн авшиг хүртсэн нь Ямандагийн авшиг байсан байна. XIII Далай Лам гүнзгий түвшинд Гагц Баатар Ямандагийн анхааран авлага хийдэг байжээ.
Нөгөөдрөөс эхлэн гурван хоногийн турш тэрээр “Манзушрийн номын аймаг”-ийн авшиг хүртээнэ.