Энэтхэг, Шинэ Дели – Гэгээн Стефений коллеж нь Делигийн их сургуулийн байгуулсан гурван коллежийн нэг юм. Энэхүү коллеж нь одоогоос 137 жилийн өмнө анх үүсгэн байгуулагдсан бөгөөд 1857 оны хямралын дараа гэгээн Стефен хариуцан авч үйл ажиллагааг нь сэргээсэн байна. Тэр цагаас хойш энэхүү коллеж нь Энэтхэгийн алдартай сургуулиудын нэг хэдийнээ болж чаджээ. Тус коллеж нь сурагчдыг үндсэн хөтөлбөрт хамруулахын зэрэгцээ шинжлэх ухааны болон урлагийн чиглэлийн богино хэмжээний сургалт ч зохион байгуулдаг юм. Төгсөгчдөөс улс төрийн, бизнесийн, урлагийн, шинжлэх ухааны салбарын олон алдартан төрөн гарсан байна.
Өнөөдөр гэгээн Стефений коллежийн “Үүсгэн байгуулагчдын өдөр” тохиож буй бөгөөд хүндэт зочдыг урьж энэхүү баярыг тэмдэглэж байна. Энэ баярт Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг урьж оролцуулж байгаа юм. Түүнийг хүрэлцэн ирэхэд Бурсар, Дин болон ахмад багш нар угтан авч захирлын өрөөнд урихад тус коллежийн захирал, профессор Жон Варгеш, мөн удирдах зөвлөлийн гишүүн, Делигийн бишоп Варрис Масих нар түүнийг хүлээн байлаа.
Коллежийн академийн хувцас өмссөний дараа Дээрхийн Гэгээнтэн Далай Лам факультетийн гишүүдтэй уулзсан юм. Дараа нь баярын үйл ажиллагаа зохион байгуулагдаж буй танхимд оров. Зочид тайзан дээр суудлаа эзэлсний дараа коллежийн захирал бишоп Масихыг уг үйл ажиллагаа эхлэл болох залбирал үйлдэхийг хүслээ.
Дараа нь коллежийн захирал Варгеш үг хэлэхдээ Дээрхийн Гэгээнтэн Далай Лам, мөн бишоп Масих, хүндэт зочид, оюутнууд бүгдэд нь энэ өдрийн, ойн баярын халуун мэндчилгээ дэвшүүлэв. Тэрээр энэ өдөр нь дан ганц үүсгэн байгуулагч нарын тухай дурсах бус, бидний төлөө чин сэтгэлээ зориулсан тэдний алдар гавъяаг санан дурсах өдөр гэлээ. Тэдний хичээл зүтгэлийн үр дүнд өнөөгийн коллеж маань ийм амжилтанд хүрсэн гэв. Дараа нь тэрээр сургуулийн үе үеийн хүндэт багш нарын нэрсийг уншиж танилцууллаа.
Захирал Варгеш Дээрхийн Гэгээнтнийг танилцуулахдаа хүн төрөлхтний бурхан, дэлхий дахины хүн, энх тайвны төлөөлөгч хэмээн тодорхойлоод үг хэлэхийг хүсэв.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам:
“Би албархаг байдалд төдийлөн дуртай биш ээ. Бид төрөхдөө албархаг байдлаар төрөөгүй. Үхэхэд ч албархаг байдал нэмэр болохгүй. Тиймээс бид амьд байхдаа аль болох амар аргаар хоорондоо ярилцаж, харилцах хэрэгтэй.” хэмээн яриагаа эхлэв.
“Би өөрийн яриагаа үргэлж “Ахан дүүс минь” гэж эхэлдэг. Тиймээс энд цугласан хүндэт ахан дүүс та нарт энэ өдрийн мэнд хүргэе. Хүн төрөлхтөн бид бүгдээрээ адилхан билээ. Бид адилхан уураг тархитай. Бид бие махбодь, оюун санаа, сэтгэл хөдлөлийн хувьд адил юм.”
“Та бүхний итгэл үнэмшлийн хувьд, бид бүгд Эзэн тэнгэрийн бүтээл бөгөөд энэрэнгүй эцгийн үр сад тул бид ахан дүүс мөн юм. Тиймээс бидэнд муудалцах, нэг нэгнээ хорлох, нэг нэгнээ егүүтгэх шалтгаан огтхон ч байхгүй. Бид нийгмийн амьтад тул амьдрал маань бусдаас, нийгмээсээ хамаардаг. Өнөөгийн дэлхийн эдийн засаг хил хязгаарыг хэдийнээ даваад байна. Нөгөөтэйгүүр бид цаг уурын нөлөөнд байдаг. Зарим газар цаг уурын өөрчлөлтөөс улбаатай нэлээдгүй гамшиг тохиолдсоор байгааг бид хамтдаа туулах ёстой.”
“Бидний бүх шашин энэрэл хайрыг номлодог атал зарим газарт шашны нэрийн өмнөөс хүмүүсийн алтан амийг егүүтгэж байгаа нь санаанд багташгүй зүйл юм.”
“Бидэнд хосгүй уураг тархи, саруул оюун ухаан заяасан тул үүнийхээ ачаар бид хэл соёлоо хөгжүүлж, нэг нэгэнтэйгээ нэгдэж, бусдад аливаа зүйлийг тайлбарлан ойлгуулах чадвартай болсон. Дөнгөж сая нэрсийг нь дурдсан хүндэт захирлууд боловсролын салбарт тууштай ажилсан хүмүүс юм. Хэдийгээр энэ мөчид тэд бидний дунд байхгүй ч гэлээ тэдний хичээл зүтгэлийн үр дүн өнөө ч байсаар байна. Бид тэдэнд талархах ёстой. Би тэдний чин үнэнч, зорилгодоо тууштай сайхан чанарыг нь үнэхээр биширч байна.”
“Түрүүнд хэлсэнчлэн бидэнд саруул оюун ухаан бий боловч түүнийгээ зөв зүйлд зарцуулах, эсвэл сөрөг буруу зүйлд ашиглах нь цэвэр бидний хандлагаас шалтгаалдаг гэдгийг бид байнга санах хэрэгтэй байна. Жишээлбэл цөмийн энергийг нээсэн нь үнэхээр том амжилт боловч үүнийг хүмүүсийг үй олноор нь устгах зэр зэвсэг болгож ашигласан нь тун харамсалтай хэрэг билээ. Арслан, бар гэх мэт махчин амьтад хэдийгээр харгис догшин боловч тэд ямар нэгэн шалтгаангүйгээр амьтдыг барьдаггүй. Гагцхүү өлссөн үедээ л бусад амьтдаар хооллодог. Гэтэл хүмүүс бид асар нарийн зэр зэвсэг үйлдвэрлэж, урьдчилан төлөвлөж дайн тулаан, хүчирхийлэл, аллага үйлдэж байна.”
“Хамгийн гол алдаа нь хүч хэрэглэх замаар асуудлыг шийднэ гэж үзсэнтэй холбоотой. Тиймээс бид 20-р зууны алдаа дутагдлаас үлгэр авч 21-р зуунд энэ алдааг давтахгүйн тулд энэ зууныг энх тайвны эрин үе болгох хэрэгтэй. Шинжлэх ухааны эрдэмтэд хүний үндсэн чанарыг эерэг энэрэнгүй гэж тодорхойлсон байна. Бодит байдал дээр ч бид бусдад сайхан хандвал аз жаргалтай, хэрэв бусдын талаар таагүй зүйл бодох аваас аз жаргалгүй болж байгаа биз дээ.”
“Шашин шүтсэн ч, эс шүтсэн ч бидэнд найз нөхөд хэрэгтэй. Бид эхээс төрсөн даруйдаа эхийн хайрыг хүртэхгүй бол амьдарч чадахгүй. Боловсрол нь дан ганц бидний оюун ухааныг хөгжүүлээд зогсохгүй бидний сайхан сэтгэлийг ч хөгжүүлдэг байх ёстой. Энэ коллеж нь христийн шашны сургууль бөгөөд христийн шашинд бусдыг өөр шигээ хайрлах ёстой гэж номлодог. Энэ сургаалыг бид амьдралын салшгүй хэсэг болгох хэрэгтэй. Бусдад туслах нь өөрсдийн саруул оюун ухааныг үнэн зөвөөр ашиглаж байна гэсэн үг юм.”
“21-р зууны залуучууд та нар өөрсдийн мэдлэг боловсролоо сэтгэлийн тэнхээгээр цэнэглэх хэрэгтэй. Үүний тулд та бүхэн сайхан сэтгэлийг төрүүлээрэй. Байнгын уур хилэн нь бидний дархлааны системийг дарангуйлдаг гэсэн судалгаа бий. Харин эсрэгээрээ энэрэнгүй сайхан сэтгэл төрүүлж чадвал бидний эрүүл мэндэд сайнаар нөлөөлөх болно.”
“Нэгэнт та аз жаргалтай байхыг хүсч л байвал сүсэг бишрэлээс үл хамаарсан сайхан сэтгэл үүний эх үндэс нь болно гэдгийг ойлгоорой. Дотоод сэтгэлийн энэ үнэ цэнэтэй зүйл нь хувь хүний аз жаргалыг бий болгоод зогсохгүй түүний гэр бүл, улс нийгэмд ч асар их ач тустай байдаг. Та бүхэн энэ сургуульд суралцаж байх үедээ эрдэм мэдлэг, сайхан сэтгэлийг хослуулах акадаемик арга барилыг олох хэрэгтэй.”
Захирал Жон Варгеш үг хэлэхдээ Дээрхийн Гэгээнтний саруул билиг оюуны талаар айлдсан түүний эгэл жирийн үгсийг магтан сайшаалаа. Дараа нь төрийн дуулал, мөн тус сургуулийн сүлд дуу явахад бүгд босч хүндэтгэл үзүүлэв.