Энэтхэг, Мумбай – Нарлаг өглөө, тунгалаг хөх тэнгэрийн дор тогтуун зөөлөн салхи навчисыг үлээн байхад Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Ай Ай Ти Бомбэй үзэсгэлэнд уригдан Мумбай хотын зүүн хойно орших Повайд хүрэлцэн ирлээ. Дээрхийн Гэгээнтнийг оюутны хотхонд ирэхэд Захирал Деванг Випин Какар, Оюутны асуудал хариуцсан декан, профессор Соумио Мукержи нар угтан авсан ба Төвөд иргэд уламжлалт ёсоор арвайн гурил өргөн барьж угтав.
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Төвөдийн заншил дагуу дарцаг унжуулж, Оточ Манал бурханы танка болон Дээрхийн Гэгээнтний хөргүүд залсан ёслолын танхимд урин заллаа. Тэрээр алгаа хавсран дийлэнх нь оюутнуудаас бүрдэх 2000 үзэгчдийн төв, мөн 2 жигүүрийн зүг гурвантаа мэхийн мэндчилээд суудалдаа морилсон юм.
Төслийн багийн гишүүн, залуухан Төвөд бүсгүй Тензин Декёон Дээрхийн Гэгээнтнийг танилцуулав. Тэрээр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Төвөдийн зүүн хойд Амду мужид мэндлэн, XIV Далай Ламаар тодорсон талаар, Төвөдүүд Далай Ламыг ‘Ишин Норбу’ буюу ‘Хүсэл биелүүлэгч чандмань эрдэнэ’ хэмээн нэрлэдэг тухай ярив. Улмаар, хүн төрөлхтний энх тайван, амар амгалан, аз жаргалыг нэмэгдүүлэх, шашин хороондын эв эеийг бүрдүүлэх, Төвөдийн хэл, соёл, байгаль орчныг хамгаалах, Энэтхэгийн эртний мэдлэг оюуныг сэргээн түгээхийн төлөө гаргаж буй Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын хүчин чармайлтыг цохон тэмдэглэлээ.
Ай Ай Ти Бомбэйн Захирал Проф. Деванг Какар үг хэлэхдээ Дээрхийн Гэгээнтэн Далай Лам тус сургуулийн 60 жилийн ойн баярт хүрэлцэн ирж үг айлдаж буй нь тун завшаантай хэрэг хэмээгээд, шинжлэх ухаан, технилогийн шинийг санаачлагч оюутнуудын нэгдсэн платформ болох энэ жилийн ТехФестийн нээлтийн өдөрлөгт Дээрхийн Гэгээнтнийг болон бусад оролцогчдыг урисан юм. Ай Ай Ти Бомбэй нь шинжлэх ухаанаас гадна эдийн засаг, англи хэл, гүн ухаан, сэтгэл судлал, нийгэм судлал зэрэг өргөн хүрээний хөтөлбөрүүдээрээ дамжуулан өндөр боловсрол олгох зорилготой сургууль хэмээн Проф Какар дурдав.
Дээрхийн Гэгээнтэн оролцогчидтой мэндчилэв:
“Өглөөний мэнд! Та бүхний дийлэнх нь залуу хүмүүс байгаад би их баяртай байна. Би та нар шиг хүмүүсийн дунд байхдаа өөрийгөө залуу болсон мэт санадаг. Хүндэт ахан дүүс нар минь, цаг хугацаа ямагт хөдөлж байна. Юу ч түүнийг зогсоохгүй. Энд байгаа 30-аас дээш насны хүмүүс 20 дугаар зууны хүмүүс мөн. 30 хүрээгүй нь 21 дүгээр зууны хүмүүс билээ. Болж өнгөрсөн зүйлсийг өөрчилж болохгүй ч ирээдүй бидний гарт бий. 21 дүгээр зууны хүмүүс та бүхэн хүчин чармайлт гаргах аваас илүү сайхан, аз жаргалтай ертөнцийг бий болгож чадна.”
“Миний үеийн хүмүүс энэ дэлхийд их олон гай гамшиг тарьсаны учир юу байв гэдгийг бодолцох нь зүйтэй. Хүн бүр аз жаргалтай амьдрахыг хүсдэг бөгөөд аз жаргал энх тайвантай холбоотой, харин хүчирхийлэл үргэлж зовлонгийн шалтгаан байдаг.”
‘Би та бүхнээс асууя, та бусдыг инээхэд дуртай юу, эсвэл уурлахад дуртай юу?’ Оролцогчид ‘Инээхэд’ гэж хариулав. ‘Таны эргэн тойронд хүмүүс инээж байвал та илүү аз жаргалтай, илүү айдасгүй болдог биз дээ? 1954 онд би Хятадад айлчилж албаны олон арга хэмжээнд оролцсон бөгөөд бүгд их хүнд уур амьсгалтай байсан. 1956 онд энд Энэтхэгт Будда Жаяанти-тэй холбоотой уулзалтууд ч гэсэн нэлээд хүнд болж өнгөрсөн. Надад хүмүүс инээж байх нь таалагддаг, энэ нь нөхөрлөлийн илрэл бөгөөд харин нөхөрлөл нь итгэл сэтгэлийн илрэл юм.’
‘Бусад хүмүүс бидэнтэй ижил гэдгийг бид байнга санаж байх хэрэгтэй. Бидний төрөх, үхэх яг л адилхан. Амьд байх хугацаандаа найз нөхдийн адил нэг нэгэндээ итгэх нь зүйтэй. Бид бусдын сайн сайхны төлөө чин сэтгэлээсээ санаа тавьсанаар хүмүүсийн итгэлийг олж авдаг.’
‘20 дугаар зуун руу эргэж харахад хэт их хүчирхийлэлтэй байжээ. Дэлхийн 2 дугаар дайны дараа Хүйтэн дайны үед ч хүчирхийлэл дахин эхлэх вий гэсэн айдас, санаа зовнилоор дүүрэн байсан юм. Зарим эрдэмтдийн тооцоолсноор өнгөрсөн зуунд 200 сая хүнийг дайнд хэрцгийгээр хөнөөжээ. Хэрэв тэр дайн нь сайн сайхан дэлхийг бий болгохын төлөө байсан бол зөвтгөж болох байсан ч ийм зорилго байгаагүй.’
‘Эдүгээ, олон хүн энх тайвныг хүсэвч аллага, хүчирхийлэл байсаар байна. Хүмүүсийг шашны нэрийн өмнөөс ч егүүтгэж байна – бүр, төсөөлөшгүй. Энэ нь бидэнд тулгарч буй асуудлууд биднээс хамааралтай гэдгийг нотолж буй нэгэн жишээ юм. Бага насны хүүхдүүдэд үндэс угсаа, шашин шүтлэг, нийгмийн давхарга, каст хамаагүй. Эдгээр нэр томьёо нь биднийг ‘бид’, ‘тэд’ гэж бодоход хүргэж талцуулдаг. Хагарал талцал нь биднийг хүчирхийлэл, дээрэнгүй үзэл, мөлжлөг, бүр цаашлаад хамгийн аймшигт аллагад хүргэдэг. Үүнийг залруулах арга бол илүү гүнзгий харж бид бүгд бие цогцос, ухаан санаа, сэтгэлээрээ ижил гэдгийг хүлээн зөвшөөрөхөд оршино. Бид бүгд энэрэн нигүүлсэх сэтгэлийг хөгжүүлэх боломжтой.”
‘Бид ээжийнхээ энгэрт хайр, энэрэл нигүүслийг анх мэдэрдэг. Анагаахын ухааны эрдэмтдийн хэлж буйгаар байнгын уур, айдас бидний биеийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг бол халуун дулаан сэтгэл дархлааг сэргээдэг байна. Иймд, биеийн ариун цэврийн тухай сургуульд заадагтай адил сэтгэлийн ариун цэврийг сайшаах, хэрхэн өөрийн муу хортой сэтгэлийг дарж эерэг сайныг хөгжүүлэх вэ гэдэгт суралцах хэрэгтэй.’
‘Оюун ухаан, сэтгэлийн талаарх мэдлэг Энэтхэг оронд сүүлийн 3,000 жилийн туршид хөгжиж ирсэн. Амирлан оршихуй болон үлэмж үзэхүйн бясалгал (shamatha and vipashyana), хэд хэдэн урсгалд түгээмэл байдаг бөгөөд энэ бүгд сэтгэлийн амар амгаланг олох арга юм.’
Оюун санаа эсвэл ухамсар гэж юу вэ, хаанаас үүдэлтэй вэ? гэсэн асуултанд хариулахдаа Дээрхийн Гэгээнтэн бодит болон хам шалтгааныг ялгааг тодрууллаа. Ухамсар нь материаллаг бөөмсөөс үүсэхгүй, ухамсарын бодит уг нь өмнөх эгшний ухамсар юм. Иймээс зарим хүмүүс өмнөх насаа дурсдаг. Харин тархи бол ухамсарын хам шалтгаан нөхцөл бөгөөд нүдний материаллаг эрхтэн хэрхэн нүдний ухамсар төрөх шалтгаан болдогтой ижил юм.”
“Хүн бүрэлдэн бий болоход тухайн хүүхдийн бие махбодийн гол уг үндэс нь эцэг, эхээс ирдэг бол оюун ухааны уг нь өмнөх ухамсраас үүдэлтэй байдаг. Тиймээс Буддизмд хойд төрлийн талаар номлодог юм.”
‘Эртний Энэтхэгийн оюун ухаан, сэтгэлийн талаарх мэдлэг орчин үеийн боловсролтой нэгдэн сэтгэлийн амар амгаланг бий болгоход тус нэмэр болж чадна. Энэ их чухал ойлголт билээ. Учир нь шунал, үзэн ядалт зэрэг сөрөг сэтгэл хөдлөл их төрсөн үед бодит байдлыг харж чаддаггүй. Харин амар тайван оюун ухаан чин үнэнийг олж харж чадна.”
Сайн суралцахад бидэнд саруул оюун ухаан хэрэгтэй. Би багадаа хичээлдээ хойрог ханддаг байсан ч тухайн үед сурсан зүйлс маань миний оюун ухааныг ихэд задалж өгсөн байдаг. Өнөөдөр суралцах боломжтой байгаа дээрээ сайн суралцахыг та бүхнээс хүсье! Мөн өөрийн оюун ухааныг сайхан сэтгэлтэй хослуулж явахад суралцаарай.’
Оролцогчдын тавьсан асуултанд Дээрхийн Гэгээнтэн хариулах зуураа, хүмүүс хүчирхийллээс залхахын хэрээр энэрэн нигүүлсэх сэтгэл өсөн хөгжиж байна гэсэн юм. Ирээдүйн Далай Лам эмэгтэй хүн байж болох уу гэсэн асуултанд ‘Тийм’ гэж хариулаад, Бурхан Багш өөрийн шавь нарт эрэгтэй, эмэгтэй ялгалгүй сахил хүртэх ижил боломж олгосон гэдгийг онцлов.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам уур амьсгалын өөрчлөлт ноцтой асуудал гэдгийг хүлээн зөвшөөрөөд Төвөдөд болон одоо амьдарч буй Дарамсалад цас орох нь тогтмол багасаж байгааг ажигласнаа хэлэв. Энэ нь усны нөөцөд эргэлзээгүй ноцтой нөлөө үзүүлнэ гэдгийг анхааруулав. Технологийн ирээдүйн хөгжлийн талаарх түүний хүлээлтийг асуухад бусад хүмүүс хиймэл оюун ухаан хөгжилд их найдлага тавьж байгаа ч Дээрхийн Гэгээнтэн үүнд эргэлзэж байгаагаа дурьдав. Түүний бодлоор, техникийн хөгжил дэвшил хүний ухаанаас үүдэлтэй бөгөөд технологи хүний ухамсартай энэ тэнцүү болоход их урт замыг туулна гэлээ.
Тэрээр айлдвараа өндөрлөхдөө бид шинжлэх ухааны ололт, эргэцүүлэн шинжлэх чадвар зэргээс гадна ердийн мэдрэмж, туршлагадаа тулгуурлах хэрэгтэй хэмээв.
“Чинээлэг гэр бүлийн гишүүд бие биедээ итгэдэггүй бол тэд аз жаргалтай байж чадахгүй гэдгийг олж харахад амархан. Нөгөө талаас, гуйлга гуйдаг гэр бүлийн гишүүд нэг нэгэндээ хайр энэрэлээр хандахад аз жаргал амархан олдоно.”
Дээрхийн Гэгээнтэн тайзыг орхин явахад зарим оролцогчид түүнтэй уулзахыг хүсэн тэмүүлж байлаа. Сургуулийн захирал болон оюутны асуудал хариуцсан декан нар түүнийг үдсэн ба Далай Лам зочид буудлын зүг буцсан юм. Маргааш тэрээр Дели, тэндээсээ Бодгаяа морилно.