Энэтхэг, ЖК, Ладак, Лех – Чогламсараас Төвөдийн дунд сургууль хүртэлх Лех-Маналийн зам дагуу хоёр талд хүмүүс эгнэн зогсжээ. Өнөөдөр өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг ирэхэд хөгшин залуу олон Төвөд хүмүүс, бас бүрээ бишгүүр барьсан залуучууд Дээрхийн Гэгээнтнийг замын дагуу тосож авсан юм.
Машинаас гарч сургуулийн талбай дээр зассан индэрийн зүг явахдаа Дээрхийн Гэгээнтэн түр зогсоод түүнийг хүлээж байсан настай болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст адис хүртээлээ. Сургуулийн удирдлага, Ража Сабхагийн хуучин гишүүн Тиксей Ринбочэ түүнийг тосон мэндчилэв. Сурагчдын хамтлаг Төвөд, Энэтхэгийн төрийн дуулалыг тоглоход цугласан бүх хүмүүс босож зогслоо.
Сургуулийн захирал Чемей Лхүндүв сургууль дээрх саяхны үйл ажиллагаануудаас танилцуулж товч үг хэлэхдээ тусгай асаргаа шаардлагатай хүүхдүүдэд үйлчилгээ үзүүлэх нэгж байгуулсан тухай үйл явдлыг онцолсон юм. Нэгжийг байгуулахад зориулалт бүхий байр, мөн тусгай ажилчдыг бэлдэх хэрэгтэй байсан бөгөөд Далай Ламын Сан үүнд тусалсан байна.
Сурагчид Төвөдийн үндэсний бүжиг бүжлээ.
Төвөдийн цагаачдын Сонамлин суурингийн тухай дэлгэрэнгүй тайланг танилцуулахдаа ерөнхий төлөөлөгч Цэтэн Ванчук энэ жилийн эхээр таалал төгссөн Тиксей тосгоны зөвлөх Сонам Давад хүндэтгэл үзүүллээ. Гэвш Сонам Дава нийтэд их тустай, нэр хүндтэй нэгэн байсан бөгөөд Буддизмын үндэс хичээлийг заадаг байсан гэв. Бусад үйл явдлуудыг дурдахдаа өвчлөлөөс сэргийлэх санал зөвлөмж өгөхөөс гадна шаардлагатай бол хүмүүст эмчилгээ үзүүлэх боломжтой эрүүл мэндийн цэгүүд байгуулсан тухай тэр бас өгүүлэв. Төвөдийн Эм зурхайн институтын салбар эмнэлэг Ладакын бусад нутгуудаар явж шинжилгээ, эмчилгээ хийж байна. Чан Танд амьдардаг нүүдэлчин иргэд болон Лехийн суурин иргэд ч Сонамлин суурингийн үйлчилгээнд хамрагдсан гэлээ.
Мөн Энэтхэгийн засгийн газрын Свах Бхарат аянтай уялдуулан хэрэгжүүлж буй хоггүй цэвэр орчин аян, ЖК мужийн засаг захиргаанд гаргасан дэмжлэг хүссэн хүсэлт болон Хүүхдийг Хамгаалах Сангаас дэмжиж буй усны гачигдлыг бууруулах худаг ухах ажлуудыг тайланд бас хөндлөө. Бакула ринбочэгийн төрсний 100 жилийн ойг сая тэмдэглэн өнгөрүүлсэн бөгөөд 7-р сард суурингийн төлөөлөгчид Шринагар дахь Төвөдийн Лалын нийгэмлэгт айлчилсан байна. Эцэст нь ерөнхий төлөөлөгч Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд урт наслаж, санасан хүсэл нь биелэхийн ерөөлийг дэвшүүллээ.
Сонамлин суурингийн иргэд үндэсний бүжгээ танилцуулсаны дараа Төвөдийн дунд сургуулийн хүүхдүүдийн өмнөөс хүндэт зочдод бэлэг гардуулахыг Дээрхийн Гэгээнтнээс хүслээ.
“Жанрайсаг бурханд мөргөмүй” гэж Дээрхийн Гэгээнтэн Далай Лам үгээ эхлэв.
“Өнөөдөр Төвөдийн дунд сургуулийн олон сурагчид цугласан энэ сууринд ирсэн тул би та бүхэндээ Цаст Төвөдийн орны хүний хувьд, төвөд хэлээр үгээ хэлье. Төвөдөд байгаа болон цагаачлан гарсан олон төвөд хүмүүс надад итгэж найддаг, тиймээс би мөн тэдэндээ хандаж хэдэн үг хэлмээр байна.”
"Төвөд орныг дэлхийн дээвэр гэж олонтоо нэрлэдэг. Нэгэн хятад археологчийн надад хэлснээр түүний судалсан эртний олдвороор багцаалбал Төвөдөд хүн 35,000 жилийн тэртээгээс амьдарч байсан гэж билээ. Энэ нь аль ч хэмжүүрээр үзсэн их эртнийх болж байгаа юм. 7-р зуунд Соронзонгамбу хаан Хятад, Непалаас хатад авснаар тэднээр дамжуулан буддизмтэй холбогдсон байна. Тэрээр Энэтхэгийн Диванагар болон түүний хэлний дүрэм дээр үндэслэсэн төвөд бичгийн хэлийг зохиолгосон билээ.”
“8-р зуунд Тисрон Дэзэн хаан Төвөдөд буддизмыг дэлгэрүүлэхийн тулд ловон Шантаракшитаг урьсан байна. Наландагийн энэ гайхамшигт эрдэмтэн хийдэд шавилан сууж ном үзэх ёсыг анх нэвтрүүлсэн юм. Түүнийг Самьяад анхны хийдийг байгуулахад тэнд сахил санваартай лам нарт зориулсан хэсэг байгуулагдсан бөгөөд сахил санваарыг сахиж чадах эсэхийг шалгахын тулд долоон төвөд хүнд гэлэнгийн санваар анх хүртээж байжээ.”
“Түүний удирдлага доор голчлон санскрит хэл дээрх бурханы шашны ном зохиолуудыг төвөд хэл рүү орчуулах ажил эхэлсэн ба үр дүнд нь бид Бурхан Багшийн сургаалиуд болсон 100 боть Ганжуур, бас түүний дараа дараагийн Энэтхэг мастеруудын зохиол бүтээлүүд болох 225 боть Данжууртай болсон шүү дээ. Үндсэн текстийг цээжлээд, түүнд өгсөн тайлбаруудыг судлаад, сурсан зүйлсээ мэтгэлцээнээр батжуулдаг өнөөдрийн бидний сургалтын аргыг ч ловон Шантаракшита анх нэвтрүүлсэн билээ. Мэтгэлцээн нь бусдын үзлийг няцаах, өөрийн үзлийг тулган тавиад түүнд өгөх шүүмжлэлийг няцаах гэсэн үндсэн хэлбэрээр явагддаг.”
“Ловон Шантаракшита бол шантаршгүй эрдэмтэн, бас агуу гүн ухаантан, логикч байсныг түүний зохиол бүтээлүүд баталдаг. Түүний ачаар орчуулгын явцад төвөд хэл гүнзгийрэн баяжсан юм. Үүний дараа төвөдүүд өөрсдийн хичээл зүтгэлийн үр дүнд буддизмыг хадгалж авч үлдэж чадсан. Төвөдийн эрдэмтдийн бичсэн тайлбарууд өнөөдөр 40,000 хол илүү гараад байна.”
“Бидний Төвөдийн өвөг дээдсүүд агуу гурвал болсон Бадмасамбава, Шантаракшита ба Тисрон Дэзэн хааны хүсэл мөрөөдлийг биелүүлж Төвөдөд бурханы шашныг дэлгэрүүлсэн юм. Тэдний дараагийн үе бид ч энэхүү уламжлалаа хадгалсаар байна.”
“Бурхан Багшийн сургаал үнэн гэдгийг батлахад судар шастираас эш татах төдийд хязгаарлаж болохгүй. Учир нь эдгээр зохиолуудын хооронд зохилдохгүй зүйлс нэлээдгүй бий. Сүүлд гарсан их эрдэмтэд судар шастируудыг ангилж шууд дагаж болох, эсвээс хоёрдмол утгаар хүлээн авах гэсэн хоёр хэсэгт хуваасан байдаг. Ингэж ангилахад логик ба учир шалтгааны ухаан гол суурь нь болж байв. Энэ яриа эхлэхийн өмнө сая мэтгэлцээн хийж байсан сурагчид энэхүү уламжлалыг үргэлжлүүлж байгаа билээ.”
“Бидний төвөдүүдийн мэтгэлцээний арга хэлбэр Наландад явагддаг байсан мэтгэлцээнээс зарим талаараа ялгаатай байж болно. 12-р зуунд Сажа Бандида логикийн тухай дэлгэрэнгүй зохиолоо туурвисны дараа түүн дээр суурилан Чапа Чожи Сэнгэ өнөөдрийн бидний хэрэглэж байгаа мэтгэлцээний дүрэм, хэлбэрийг гаргасан юм. Үүнд анхаарах ёстой нэг зүйл бол хинди, англи болон хятад хэлний аль нь ч төвөд хэл дээр Буддизмын үзэл санаа, логик маргааныг илүү нарийн илэрхийлэхэд дөхөж очиж чадахгүйд оршино. Өнөөдөр амьдарч буй 7 тэрбум хүний дотор 6 сая төвөд хүн бол далайд дусал төдий л боловч бидний төрөлх хэл дээр буддизмыг хамгийн нарийн, хамгийн сайн тайлбарлаж, ойлгож байна шүү дээ.”
Дээрхийн Гэгээнтний ажигласнаар Төвөдийн эрдэмтэд орчин үеийн шинжлэх ухааны эрдэмтэдтэй харилцахад логик ба учир шалтгаанд суурилсан эш үндэслэл л хамгийн ихээр тус болсон байна. Энэ бүгдийн үр дүнд Төвөд эрдэмтэд материаллаг ертөнцийн тухай илүү ойлголттой болж харин орчин үеийн эрдэмтэд сэтгэл, оюун ухааны тухай илүү олж мэдэж байна. Өөрөөр хэлбэл харилцан ашигтай байгаа юм. Одоо шинжлэх ухааны сургалтууд томоохон дацангуудын сургалтын хөтөлбөрт ордог болжээ. Энэ өөрчлөлт нь Бхававивекагийн “Учир шалтгааны зул” зохиолд хоорондоо зөрчилтэй олон үзлүүд анхааралд өртөх гэж өрсөлдөж байна гэж Наландагийн тухай дүрслэн өгүүлсэнтэй адил төстэй нөхцөл байдал хийд дацангуудад бий болж байгааг харуулж байна.
“Бидэнд маш олон хүчир бэрхшээлүүд тулгарч байсан.” гэж Дээрхийн Гэгээнтэн үргэлжлүүлэн айлдлаа. “Гэсэн хэдий ч Төвөдийн эр зориг, эрмэлзэл хүчтэй хэвээр байна. Бид Хятадын ард түмнийг бүхэлд нь эсэргүүцээгүй, гэвч Хятадын Коммунист Намын явцуу үзэл, хатуу чиг шугам барьсан гишүүд бидэнд их хүндрэл учруулсан. Эдгээр хатуу үзэлтнүүд Төвөдүүд бидний өөрсдийн үндэсний онцлогоо хадгалах хүслийг маань Хятадаас салан тусгаарлах үзэл гэж ойлгосоор байх болно. Бидний тэмцлийн явцад мянга мянган сүм хийдүүд устгагдсан. Лам нарыг ч харгис хэрцгийгээр тарчлаан зовоож, егүүтгэсэн шүү дээ.”
“Би 1954 онд Хятадад очих үед Жамьян Шадба гэгээний багштай уулзаж байсан бөгөөд 1959 оны дараа түүнийг баривчилж цаазалсан юм. Цаазлуулахын өмнө тэрээр залбирах боломж асуугаад энэхүү бадгийг уншсан гэдэг:
Иймийн тул нигүүлсэн гэтэлгэгч багш минь,
Эх болсон амьтдын хилэнц, түйтгэр бүгдийг
Эдүгээ надад үлдээлгүй боловсруулж
Амгалан, буян бүгдийг минь бусдад өгсөнөөр
Аливаа амьтан бүгдийг аз жаргалтай болгож хайрла
“Үүнтэй адилаар, миний таних өөр нэгэн лам Хятадын шоронд 18 жил хоригдоод эцэст нь Энэтхэгт ирж чадсан юм. Түүнээс болж өнгөрсөн явдлын талаар асуухад тэр олон аюултай учирч байснаа надад хэлж билээ. Амь насанд нь аюул учирч байж дээ гэж би бодоод лавшруулж асуутал шоронгийн хуягуудын нөлөөнд хэд хэдэн удаа бусдыг энэрч хайрласан энэрэнгүй бодь сэтгэлээ алдах аюулд ойртсоноо надад хэлсэн юм.”
“Буддизм анх Төвөдөд дэлгэрсэн 8-р зуунаас хойш бид Буддизмыг бүрэн нэвтрүүлж амьдралынхаа нэг хэсэг болгож чадсан билээ. Хятадын коммунистууд төвөд хүмүүсийн үзэл бодлыг өөрчилж, бидний соёл, үндэсний чанарыг устгахыг тулд олон төрлийн арга хэрэглэсэн ч бидний чин зориг нугаршгүй байсан тул үр дүнд хүрээгүй. Өнөөдөр олон хүн, үүн дотроос Хятадын 400 сая буддистууд Төвөдийн бурханы шашинд анхаарлаа хандуулж байна.”
“Түүхийн баримтуудаас харахад 7, 8 ба 9-р зуунд гурван гүрэн цэцэглэн хөгжсөн байдаг нь Хятад, Монгол, Төвөд гурав юм. Энэ цаг үеийн түүхэн баримтуудад Төвөдийг Хятадын нэг хэсэг гэж тэмдэглэсэн зүйл огт байхгүй.”
“АНУ Төвөдийн тусын тулд Хятадтай дайн хийхгүй, тиймээс эрт орой хэзээ нэгэн цагт та нар Хятадтай ярилцах л хэрэгтэй болно гэж Бандит Неру надад хэлж байсан юм. Бид нар НҮБ-д хандаад ч амжилт олж чадаагүй учраас 1974 онд тусгаар тогтнолын тэмцлээ орхиод яриа хэлэлцээгээр асуудлаа шийдэхэд бэлдсэн юм. Бидний “Дундаж хандлага”-г нутагтаа үлдсэн болон цагаачлан гарсан төвөдүүдийн дийлэнх нь дэмжиж байсан. Бид нар тусгаар тогтнолын тухай яриагүй гэдгийг Хятадын ард түмэн ойлговол тэдэнд биднийг эсэргүүцэх шалтгаан тэр хэмжээгээр багасах болно гэдэгт би итгэдэг. Хятад сүүлийн 40 жилд маш их өөрчлөгдлөө, цаашдаа улам их эерэг өөрчлөлтүүд гарна гэж бид харж байна.”
Ладакын Төвөдүүд өөрсдийн мэдлэг, соёлоо хадгалж авч үлдэхийн тулд чадах бүхнээ хийсэн гэдгийг Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэж хэлсэн юм. Мөн тэрээр дэлхийн өөр олон газарт төвөд хүмүүсийг биеэ авч явж байгаа байдал болон шулуун шударга зангаар нь ихэд үнэлж байна гэж хэллээ. Тэрээр 2011 онд өөрөө чөлөөлөгдөж, улс төрийн хариуцлагуудаа сонгуулиар батлагдсан удирдлагуудад шилжүүлсэн үйл явдлыг мөн хөндсөн юм. Хуучны зарим аялагчид Төвөдийн Буддизмыг “ламаизм” гэж нэрлэдэг байсан бол одоо дэлхий нийтээрээ Төвөдийн буддизм бол Энэтхэгийн Наландагийн уламжлалын төлөөлөгч мөн болохыг хүлээн зөвшөөрч эхэлснийг бас дурдлаа.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 1954 онд Мао Зэдунтэй уулзаж байхад тэр Төвөдөд төрийн туг байдаг эсэхийг асууж байсан түүхээр яриагаа дуусгасан юм. Төрийн туг байдаг гэдгийг сонсоод Мао Дээрхийн Гэгээнтэнд тугаа авч үлдээд улаан тугтай хамт мандуулах нь чухал гэдгийг хэлж байжээ. Тиймээс энд тэнд Төвөдийн тугийг зоосон байна гэж Хятадын элчингийн ажилтан гомдол мэдүүлэхэд Мао Зэдун өөрөө Далай Ламд зөвшөөрсөн юм гэдгийг хэлж байгаарай гэж биднийг дэмжигчдэд хэлж урам зориг оруулдаг гэлээ.
Дондүв Цэрин талархал илэрхийлээд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд “Таны энэрэл нигүүлсэлийн ач ивээлийг төлж барашгүй, гэсэн ч манай Төвөд суурингийн иргэд болон нүүдэлчин иргэдийнхээ өмнөөс Дээрхийн Гэгээнтэн таньдаа урт удаан наслаж, санасан бүгд тань сэтгэлчлэн бүтэхийн ерөөлийг дэвшүүлэн залбиръя” гэлээ.