Энэтхэг Улс, Дармасала, Тэгчин Чойлон - Мөргөлдөөнд нэрвэгдсэн улс орнуудын залуу удирдагч нар, тэдгээрийн дэмжигч АНУ-ын Энх тайвны хүрээлэн (USIP) –ийнхэн энэ өглөө дахин Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын өргөөнд цугларлаа. Өрөөнд орж ирэхэд Дээрхийн Гэгээнтэн бүгдэд нь өглөөний мэндийг хүргэж, хүрэлцэн ирсэн хүмүүстэй гар барив.
USIP-ийн Ерөнхийлөгч бөгөөд ярилцлагын ахлагч Нэнси Линдборг хэлэхдээ, өмнөх жилүүдэд ийм уулзалтад оролцсон залуу удирдагчид, нийт 106 хүн бүгд энх тайвныг бүтээгчээр сонгогдсон гэж цохон тэмдэглэв. Тэрээр Дээрхийн Гэгээнтэнд өглөөний хэлэлцүүлгийн эхний хэсгийн гол зорилго нь боловсрол байх болно гэлээ.
Эхлээд Венесуэлийн нэгэн залуу эмэгтэй өөрийн орны хүмүүс хоорондоо өс хонзонгоор хуваагдаж байгаа хэмээн яриад уучлалыг хэрхэн дэлгэрүүлэх вэ гэж асуув. Дээрхийн Гэгээнтэн хүмүүс хоорондоо бие биенээ устгах замаар өшөө авах нь ямар ч үр ашиггүй зүйл гэв. Гэхдээ үндэсний болон олон нийтийн түвшинд болсон явдлыг хүлцэн тэвчихгүй, харин түүнийг эсэргүүцэх нь тустай байж болох юм. Тэрбээр түүний сайн мэдэх коммунист дэглэмийг эсэргүүцэж байсан Лех Валеса ба Солидар хөдөлгөөний тухай Польшийн хэрэг явдлыг дурдсан юм. Зарим үед өөрийн дэмждэггүй эсрэг байр суурь дээрээ баттай зогсож байх нь зүйтэй байдаг хэмээн зөвлөлөө.
Дээрхийн Гэгээнтэн залуучууд бие биендээ хүндэтгэлгүй хандаж байгаа, ахмадуудын хэлж ярьсан зүйлийг үл тоодог хэмээн санаа зовниж буй Өмнөд Суданы залууд зөвлөхдөө “Тэдгээр хүмүүс та бүхний хийж буй зүйлийн гэрч болсноор тэдэнд нөлөө үзүүлэх болно” гэлээ.
Афганистаны энх тайвныг бүтээгч залуу тосгоны хүмүүс боловсрол, ялангуяа охидын боловсролын эсрэг байр суурьтай байдагт харамсаж байгаагаа хэлээд, ийм хандлагыг хэрхэн яаж эсэргүүцэх тухай мэдэхийг хүслээ.
"Удаан хугацаанд тогтсон шашны хандлага, нийгмийн ёс заншлыг өөрчлөхөд хэцүү байдаг тухай өчигдөр би дурдсан" гэж Дээрхийн Гэгээнтэн хариулав. “Та үүнийхээ төлөө аажмаар, цөхрөлтгүй ажиллах хэрэгтэй, тэгээд өөрчлөлт гарах болно. Аливаа зүйлийг илүү хурдан өөрчлөхийг хүсвэл хувьсгал хэрэгтэй.”
Энх тайвны Элчин сайдуудыг үүсгэн байгуулсан Нигерийн нэгэн залуу Дээрхийн Гэгээнтнээс түүнийг залуу байхдаа эсэргүүцлийг хэрхэн даван туулж байсныг асуусанд хүмүүст боловсрол олгох, тэдэнд илүү бодитой өнцгөөс харахад сургахыг хичээсэн гэлээ. “Хүмүүс ухаалаг бус байх, буруу мэдээлэлтэй байх зэрэг бэрхшээл нь мунхаглал бөгөөд үүнийг арилгах цорын ганц арга зам бол боловсрол юм. Бид 1962 онд Далай Ламын эрх мэдлийг хязгаарлах заалтыг оруулсан ардчилсан тунхаг бичиг нийтлэх үед болон намайг улс төрийн хариуцлагаас чөлөөлөгдөх үед хүмүүс эдгээрийг хүлээн авах дургүй байсан юм. Гэхдээ би үүнийг шаргуу шаардсан.” гэлээ.
Дээрхийн Гэгээнтэн Сомали залууд зөвлөхдөө яриа хэлэлцээрт орох нь байнгын хүчирхийллийн мөргөлдөөнөөс хүмүүсийг хязгаарлан барих цорын ганц зөв зам юм гэлээ. Тэрээр хэлэхдээ, 21-р зуунд хүч хэрэглэх гэх мэт сэтгэхүйн хуучинсаг арга барил нь цаашид явцгүй болох нь тодорхой гэлээ.
Тэрбээр Бирм залууд - Бурхан Багш янз бүрийн оюун ухааны хандлагатай сонсогчдод өөр өөр сургаалыг айлдсан гэж тайлбарлав. Тиймээс, философийн үзэл баримтлалууд хоорондоо эсрэг тэсрэг мэт санагдахаас үл хамааран бид өөр өөр шашны уламжлалыг хүндэтгэх хэрэгтэй.
Колумбын нэгэн энхтайвныг тогтоогч ярихдаа хүүхэд байхаасаа л айдас дүүрэн байдаг байсан тухайгаа хэлсэн бөгөөд бид эрүүл зүрх, оюун ухааныг хөгжүүлэхийн тулд хэрхэн суралцах тухай санаа зовнин асуув.
"Эхлээд та сэтгэлийн амар амгаланг олох хэрэгтэй" гэж Дээрхийн Гэгээнтэн хариулав. “Сэтгэл чинь хэт их хямралтай байвал илүү их асуудал үүсгэдэг. Жишээлбэл дэлхийн хүн ам нэмэгдэж, дулаарал, цаг уурын хямрал зэрэг олон янзын асуудал бидэнд тулгарч байна. Эдгээрийн тухай зүгээр л бодох нь хангалтгүй, бид арга хэмжээ авах хэрэгтэй. Үүний тулд бид хэрэгжих боломжтой шийдэл байгаа эсэхийг дүгнэж цэгнэх хэрэгтэй. Бурхан Багш зовлонгийн үнэний талаар тодорхой айлдсан боловч мөн түүнчлэн зовлонгийн шалтгаан нь нөхцөл байдлаас үүдэлтэй бөгөөд үүнийг эцэслэх боломжтой гэдгийг тайлбарласан байдаг. Эхний чухал алхам бол асуудлыг шийдэхээсээ өмнө асуудал байгааг хүлээн зөвшөөрөх явдал юм.”
“Бидэнд хүмүүний онцгой оюуны чадвар бий. Бид үүнийг тулгарч буй бэрхшээлийг даван туулахын тулд ашиглах хэрэгтэй ба хэзээ ч бууж өгөхгүй байх буюу найдвар алга гэж өөрсдөдөө хэлэх хэрэггүй. Хэрэв та зөв, эерэг зорилготой бөгөөд бусдын сайн сайхны төлөө зүтгэх хүсэл эрмэлзэлтэй бол түүнд хүрэх хичнээн хэцүү байсан ч та тууштай байх ёстой. Бидний төвөд хүмүүсийн хувьд тулгамдсан асуудлаа харилцан ашигтай шийдэх гарц хайж байгаа тул хүч чадлаа хадгалах шалтгаан бий. Та өөртөө итгэж, үнэнч, шударга байх ёстой.”
Дээрхийн Гэгээнтэн 8-р зууны Наландагийн мастерийн бичсэн шүлгээс гүн гүнзгий урам зориг авдаг гэлээ.
Орчлон ертөнц хэдий удаан орших хүртэл,
Оюун ухаант амьтад хэдий удаан амьдрах хүртэл,
Би бээр төдий удаан амьдарч
Амьтдын зовлонг арилгах болтугай.
Тэрээр инээд алдан тэр мастер бас өөр нэг бодит зөвлөгөөг өгсөн гэж нэмж хэлэв.
- Хэрэв тухайн зүйлийг засч залруулах боломжтой бол санаа зовох хэрэг юу байна? Харин засах боломжгүй бол санаа зовох ямар хэрэг байна?
"Амар амгалангийн төлөө дан ганц залбирал үйлдэх нь хангалтгүй. Та оюун санаандаа юу саад болж байгааг шинжилж, үүнийг арилгах хэрэгтэй. Үүний адил, эрүүл байх хүсэл нь бие махбодийн өвчнийг эмчлэхгүй, заавал эмчийн бичиж өгсөн эмийг уух хэрэгтэй. Бурхан Багшийн сургаалийн үндэс суурь болох Пали уламжлалыг би ихэд хүндэтгэн үздэг. Гэхдээ би Наланда уламжлалаас учир шалтгааныг ашиглан буруу болж байгаа зүйлийг шинжлэх, тэдгээрийг зогсоох арга замыг олохын ач холбогдлыг олж мэдсэн юм."
Суданаас ирсэн өөр нэг энх тайвныг бүтээгч Дээрхийн Гэгээнтнээс хүмүүсийн ялгаатай байдлыг хэрхэн даван гарч, хамтран ажиллах урам зориг ард түмэндээ хэрхэн өгч байсан тухай асуув. Тэрбээр хариулахдаа Төвөдийн нийгэм дэх буддизм ба хүчирхийллийн бус сэтгэлгээ нь хүчтэй нөлөөлөл бий болгосон гэж хариулав. Эрт дээр үед Төвөдүүд Монголчууд шиг дайн тулаан хийдэг ард түмэн байсан боловч Буддын сургаалтай учирсан нь тэднийг илүү амгалан тайван, найрсаг болгосон гэлээ.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам - "Өнөө үед олон хятад хүмүүс Төвөд үндэстий хүч үл хэрэглэх зарчмыг хүндэтгэн үздэг. Дүрвэж буй 120 мянган хүний хувьд Энэтхэг бол бидний оюун санааны гэр юм. Бид Энэтхэг, Швейцар, Америкчууд зэрэг нэгэн дор амьдардаг хүмүүстэйгээ сайн зохицон амьдарч байна. Би олон Төвөд хүмүүст хандан Орисса нутагт, тэр ч бүү хэл Чикаго хотод тайван амгалан байх нөлөө үзүүлснийг үнэлэх хэрэгтэй гэж захидаг юм.”
Дамаскаас Сирийн залуу удирдагч Турк руу зугтжээ. Тэрээр Төвөдүүд хүлээн авагч улсдаа хэрхэн талархлаа илэрхийлдэг талаар асуув.
"Бидний байдал онцгой өвөрмөц байж болох юм. 8-р зуунд Буддизм, тэр дундаа Наландагийн уламжлалыг Энэтхэгээс Төвөдөд авчирснаас хойш өнөөг хүртэл хадгалагдаж ирсэн. Тиймээс бид Энэтхэгт онцгой хүндэтгэл үзүүлдэг.”
“Би 1956 онд Энэтхэгт анх очихдоо Ерөнхийлөгч Ражендра Прасад, Дэд ерөнхийлөгч Радхакришнан, Ерөнхий сайд Неру болон бусад Гандичуудтай анд нөхөр болсон байлаа. Хожим 1959 онд Төвөдөөс зугтахад Энэтхэгийн эдгээр албаны хүмүүс биднийг хүлээж авахад бэлэн байв. Бидний хувьд тэнд Бодьгаяа байгаа учраас гүн гүнзгий, жинхэнэ утгаараа хүндэтгэлтэй ханддаг улс оронд хүрсэн гэдгээ мэдэрч билээ.”
"Энэтхэгийн Засгийн газрын тусламжтайгаар бид лам нар ба эмэгтэй хуврагууд 20 ба түүнээс дээш жил суралцах боломжтой хийдийн боловсролын тогтолцоогоо сэргээв. Одоо би эртний Энэтхэгийн мэдлэгийг сэргээхийг хичээж байна. Энэтхэг улс одоо үед дэлхий дахинаа хойшлуулшгүй хэрэгтэй байгаа орчин үеийн боловсролыг эртний Энэтхэгийн мэдлэгтэй хослуулж чадах цорын ганц улс гэдэгт би итгэлтэй байна.”
Колумбын залуу удирдагчийн энх тайвныг хэрхэн дэмжих тухай асуултанд хариулахдаа, догшин ширүүн байх ямар ч сайн шалтгаан байдаггүй, харин амар тайван, энэрэнгүй байх маш сайн шалтгаанууд байгааг цохон тэмдэглэв.
Өмнөд Суданаас ирсэн нэгэн залуу эмэгтэй Дээрхийн Гэгээнтний зан төлөв төлөвшөхөд эмэгтэйчүүд ямар үүрэгтэй байсныг мэдэхийг хүссэнд бидний ихэнхийн хувьд ээж бол бидний анхны багш гэлээ. Өөрийнх нь хувьд ээж нь энэрэл асралыг үзүүлсэн анхны багш нь байжээ. Эмэгтэйчүүд энэрэл нигүүлсэл, хүний үнэт зүйлийг тэтгэх чадвартай тул тэд илүү энэрэнгүй нийгмийг бий болгоход тэргүүлэх үүрэг гүйцэтгэх ёстой хэмээн нэмж хэлэв.
Курд залуу итгэл найдвараа хэрхэн хадгалах вэ гэсэн асуултын хариуд Дээрхийн Гэгээнтэн Курдуудын үндэстний соёл, өвөрмөц байдлаа хадгалахад чиглэсэн хүчин чармайлтыг нь хүндэтгэж байгаагаа илэрхийлэв. Тэрбээр бид одоо 21-р зуунд амьдарч буй бөгөөд хуучинсаг сэтгэлгээний хэв маягт уягдах шаардлагагүй гэж онцоллоо. Бүх курдууд нэгдэх тэр цаг мөчийг хүлээх болно гэж хэллээ. Тэрээр ийм зорилгод хүрэх нэг арга зам бол засгийн газрууд биш ард түмнүүдийг төлөөлдөг НҮБ-ын дүр төрх бүхий дэлхийн байгууллагыг байгуулах явдал юм гэв.
Нэнси Линдборг Дээрхийн Гэгээнтэнд хандан түүнд талархалаа хэрхэн илэрхийлэхээ мэдэхгүй байгаагаа хэлээд энэ ярилцлагыг хаалаа. Тэр олон хүмүүст талархал илэрхийлэсэн бөгөөд тэдний тус дэмгүйгээр энэхүү уулзалтыг зохион байгуулах боломжгүй байсан гэв.
"Цаг хугацаа хэзээ ч зогсдоггүй" гэж Дээрхийн Гэгээнтэн яриагаа өндөрлөлөө.
“Тэр үргэлж урагшилж байдаг. Өнгөрсөн цаг хугацаа бидний хяналтаас гарсан ч ирээдүй бидний гарт хэвээр байна. Тиймээс бид оюун ухаанаа ашиглах, хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Бидний өнөөгийн байдал аз жаргалгүй байж болох ч бид үүнийг өөрчилж чадна. Ёс суртахууны доройтолд орох нь аюултай. Өнгөрсөн үед нийгмийн жижиг бүлгүүд тусгаарлагдсан, дотогшоо чиглэсэн хандлагатай байсан бол өнөө үед технологи нь бидэнд хамтдаа ажиллаж чадах хүн төрөлхтний нэг нийгмийг бий болгон өгчээ. Би эерэг өөрчлөлт гарахыг хүлээж байна.”