Энэтхэг, ХП, Драмсала – Дарамсала дахь Улсын коллежид эртний Энэтхэгийн мэргэн ухааны зургаан сарын сургалтад хамрагдаж буй 25 оюутан, багш нар, мөн сургуулийн захирал хамтдаа Дээрхийн Гэгээнтэн Далай Ламтай уулзахаар өнөөдөр өглөө ирлээ. Тэдэнтэй хамт хойд Энэтхэгийн хэд хэдэн их сургуулиас 18 Төвөд, 78 Бутан, 10 Ладак, 2 Аруначал, 4 Африк оюутнууд буюу нийт 100 гаруй оюутан хамт байв.
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг өрөөнд орж ирмэгц оюутнууд “Таши Делек” хэмээн чанга дуугаар мэндлэн угтлаа.
Энэ гариг дээрх 7 тэрбум хүн бүгд оюун ухаан, бие бялдар, сэтгэл хөдлөлийн хувьд яг адилхан гэдгийг би үргэлж мэдэрдэг. Бид дэлхийн аль ч хэсэгт амьдарч байсан ялгаагүй нийгмийн нэг хэсэг болох нь бодит үнэн билээ. Хүний уг чанарыг энэрэнгүй хэмээн эрдэмтэд баталсан байна. Энэ бол биднийг нийгэмд тулгуурлан оршин тогтдогийн илрэл юм.”
“Хүн төрөлхтөн бид нэгэн гэр бүл гэдгээ сайтар ухаарах хэрэгтэй. Гэвч хүмүүс бид хэт их хуваагдаж байна. Шашин гэх нэрийн дор хуваагдал, зөрчилдөөн хүртэл явагдаж байна.”
“Тулгарч буй олон асуудлыг бэрхшээлийг бид өөрсдөө бий болгосон, гэсэн ч асуудлыг бууруулах, шийдвэрлэх арга хэмжээг бид авч чадна. Сүүлийн жилүүдэд би эртний Энэтхэгийн ойлголтууд, тэр дундаа ахимса (хүч үл хэрэглэх явдал) ба каруна (энэрэнгүй үзэл) зэрэг гол үнэт зүйлсийг дахин сэргээхээр хичээн ажиллаж байна. Өнөө үед дэлхий ертөнцөд ийм жишиг зайлшгүй хэрэгтэй болжээ. Өнгөрсөн зуунд Махатма Ганди эдгээр зарчмуудыг өдөр тутмын амьдралд хэрхэн хэрэгжүүлж болохыг харуулсан юм.”
“Өнөөгийн боловсролын хөтөлбөрт ийм зарчмуудыг нэмж оруулах хэрэгтэй. Үүнээс гадна бид бие махбодийн хувьд эрүүл байсан ч уур хилэн, түгшүүр дүүрэн байвал ямар нэгэн юм дутуу санагдана. Тиймээс бид хөнөөлт сэтгэл хөдлөлөө арилган, аз жаргалыг олохын тулд сэтгэл хөдлөлийн эрүүл мэндийн талаар суралцах хэрэгтэй. Орчин үеийн боловсрол нь сэтгэлийн боловсролын талаар маш бага ойлголттой байдаг. Гэсэн хэдий ч энэ улсад хэдэн мянган жилийн турш "шамата" (сэтгэл төвлөрөл), "випашяна" (бодит байдлыг задлан шинжлэх чадвар) бясалгал хийгдсээр ирсэн юм. Үүний туршлагаар олж авсан оюун ухаан, сэтгэл хөдлөлийн талаархи ойлголт нь сэтгэлийн амар амгалан, дотоод хүч чадлын эх үүсвэр болдог.”
“Орчин үеийн боловсрол гадаад хөгжил олох боломжийг олгодогоороо чухал боловч үүнийгээ сэтгэл оюуны талаарх ойлголтуудтай хослуулах хэрэгтэй. Дарамсала дахь Улсын коллеж саяхан Энэтхэгийн эртний мэргэн ухааныг судлах чиглэлээр сургалт явуулж эхэлсэнд би баяртай байна.”
Уулзалтанд оролцчидын асуултанд Дээрхийн Гэгээнтэн хариуллаа.
Бид мэндэлсэн даруйдаа хамгийн анх эхийн хайр, халамжийг мэдэрдэг учир хүний уг чанар энэрэнгүй хэмээн эрдэмтэд олж тогтоосон гэв. Тэрээр квант физикт аливаа юмс үзэгдэл харагдаж байгаа шигээ оршин байдаггүй гэсэн нь Наландагийн уламжлалтай нийцэж буй. Тодруулбал буддын гүн ухааны сэтгэл төдийтөн болон төв үзлийн онолд юмс үзэгдлийн харагдаж буй байдал хийгээд жинхэнэ мөн чанарт ялгаа байгааг нотолдог хэмээлээ.
Дээрхийн Гэгээнтэн гар руугаа харан "Гарын алга, хуруунууд, хурууны хэсгүүд нь бүгд нийлээд гарыг бүрдүүлдэг, үүнээс тусдаа орших гар байна уу" гэв. Тэрээр Энэтхэгийн гүн ухаантан Чандиракиртигийн айлдсан үгийг эш татан, сүйх тэргийг задлан хэсэг хэсгээр нь салгаж үзэхэд, сүйх тэрэг энэ байна гэж хэлэх зүйл олдохгүй гэдгийг тайлбарлав. Гэтэл энгийн түвшинд бид сүйх тэргийг харж чадна гэлээ.
Ладакын нэгэн залуу эмэгтэй атаархал, үзэн ядалт гэх мэт сэтгэл хөдлөлүүд хор хөнөөлтэй гэдгийг мэддэг боловч аяндаа үүсэн гардаг эдгээр асуудлыг хэрхэн зохицуулах талаар асуухад, Дээрхийн Гэгээнтэн янз бүрийн сэтгэлийн хөдөлгөөн нь бидний оюун ухаан, амьдралын нэг хэсэг юм. Жишээлбэл биднийг илүү их амжилтанд хүргэхүйц өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж буй бол сайн, харин бусдад хор хүргэх зорилготой бол түүнээс татгалзах хэрэгтэй хэмээн хариуллаа.
Дээрхийн Гэгээнтэн бурханы шашинтнууд яагаад бусадтай харьцуулахад сөргөлдөх нь бага байдгийг мэдэхийг хүссэн Бутаны залууд хандан ёс зүй, төвлөрөл, мөн билиг билгүүний гурван суртгаал нь бурханы анхны сургаал байсан ба эдгээр нь Буддын шашны бүх уламжлалуудын суурь үндэс болохыг тайлбарлалаа. Бурхан Багшийн сургаалийн хоёр дахь хэсэг нь хоосон чанарын тухай байсан бол гурав дахь хэсэг нь хоосон чанарыг ойлгох сэтгэлийн мөн чанарын тухай тайлбарласан тухай дурдав. Мөн нарийн ухамсрын янз бүрийн түвшин байдгийг дурьдаад, нас барах үед хамгийн нарийн ухамсар илэрдэг талаар тайлбарлалаа.
Нэгэн төвөд залуу эмэгтэй эрх чөлөөтэй байх ба ёс зүйгүй байхын ялгааг асуухад, бид урт хугацаанд юу хийх нь хамгийн ашигтай вэ гэдгийг үнэлэхийн тулд оюун ухаанаа ашиглах ёстой хэмээн хариулав. Тэрээр XXI зуунд Буддын шашинтнууд зөвхөн мухар сүсэгт найдахаас илүүтэй Буддагийн сургаалийн талаарх ойлголт мэдлэгээ сайжруулах хэрэгтэй гэж нэмж хэллээ.
Цагаан хоолтон байх тухай асуултад хариулахдаа Дээрхийн Гэгээнтэн Буддын лам хуврагууд уламжлал ёсоор хувийн гал тогоогүйгээс гадна өглөгөөр олдсон зүйлийг хүртдэг байсан тул ямар нэгэн хоол хүнснээс татгалзах, хүсэлт тавих эрхгүй байсан гэв. Төвөдөд сонголт бага байсан боловч эдүгээ Энэтхэгт буй Төвөдийн томоохон дацан хийдүүд болон зарим сургуулиудийн гал тогоо олон жилийн турш цагаан хоол бэлдэж буй ажээ.
Дарамсала дахь Улсын коллежийн багшийн “Бид сэтгэл хөдлөлөө удирдахад бясалгал, зан үйл хоёрын аль илүү үр дүнтэй вэ? гэсэн асуултанд Дээрхийн Гэгээнтэн хутагт Нагаржунайн "Билгүүний Үндэс" номноос эш татан хариулав.
“Үйл болон нисванисыг арилгавал гэгээрэлд хүрнэ
Үйл болон нисванис нь төөрөлдсөн ойлголтоос үүсч
Тэдгээр нь буруу үзлээс бий болно
Тэрхүү уруу үзэл нь хоосон чанараар няцаагдана”
Өөрөөр хэлбэл сэтгэлийг үймцүүлэх хорт сэтгэл хөдлөл нь юмсын мөн чанарыг мэдээгүй мунхагаас үүдэлтэй тул үл мэдэх мунхагийг арилгахын тулд бүхий л юмс үзэгдэл бусад зүйлд шүтэхгүйгээр дангаараа, өөрийн эрхээр бүтэх боломжгүй хэмээх хоосон чанарын ойлголтыг маш гүнзгий түвшинд бясалгах шаардлагатай гэлээ.
Уулзалтын дараа оюутнууд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын хамт дурсгалын зургаа авхуулцгаалаа.