Энэтхэг, Карнатака, Мангалор – Өчигдөр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Мангалор боомт хотод хүрэлцэн ирсэн бөгөөд өнөө өглөө энд ажиллаж, сурч буй 250 орчим төвөд оюутан залуустай уулзлаа. Дээрхийн Гэгээнтэн 70-аад оны үед Бээжинд болсон нэгэн үзэсгэлэнгийн үеэр Төвөд нь Хятадын хэсэг байсаар ирсэн, мөн Төвөдийн хаан Соронзон Гамбу хятад гүнжтэй гэрлэж, Чингис хаан Төвөдийн хяналтыг Пагва ламд шилжүүлж байсан гэх зэргийг сонссон тухайгаа дурсав. Өнөө үед жуулчдыг ихээр татдаг Хятадын Цагаан хэрмийн тухайд эдгээр мэдээлэл нь үнэнтэй ямар ч холбогдолгүй болох нотолгоо болж байгаа юм. Учир нь хананы нэг талд нь Хятадын газар нутаг байсан ч нөгөө тал нь Хятадын нутаг байгаагүй юм. Мөн Тан гүрний үеээс Төвөдийг Хятадын нэг хэсэг байсан гэсэн түүхэн баримт бичиг байдаггүйг Дээрхийн Гэгээнтэн нэмж хэллээ.
“Соронзон Гамбу хааны хятад эхнэр Бурхан Багшийн шүтээн дүрийг Хятадаас залж ирсэн нь хожмоо чухал ач холбогдолтой болсон юм. Хятадын эртний нийслэл Сианьд очиход уг шүтээн байсан газрыг надад харуулж билээ. Тухайн үед Төвөд, Хятад хоорондын харилцаа сайн байсан. Гэсэн хэдий ч Соронзон Гамбу төвөд бичгийг зохиолгохдоо хятад бичгийн хэв маягийг авалгүй энэтхэгийн деванагари бичгийг үндэс болгон авчээ.”
“Хожим нь, хятад эхтэй байсан ч Тисрон Дэзэн хаан эхлээд Шантаракшита, дараа нь Бадамжунай зэрэг буддын гарамгай багш гэгээнтнүүдийг Энэтхэгээс Төвөд руу урьж ирүүлсэн байна. Ийнхүү бурхан шашныг Төвөдөд дэлгэрүүлсэн хаан, багш, ловон гурав хэмээн алдаршсан юм. Тухайн үед Төвөдөд олон хятад лам хуврагууд байсан ба тэд гүн ухааныг судлахад бус бясалгал хийхэд түлхүү анхаардаг байв. Хятад эхнэрийн залж ирсэн Бурхан Багшийн шүтээн дүр нь Төвөдийн хаадыг бурханы сургаалын эх орон болох Энэтхэг рүү чиглэхэд нь нөлөөлсөн буй.”
“Ловон Шантаракшита агуу эрдэмтэн хүн байсан ба түүний судалгаа хийх, шүүн тунгаах, дадлага болгон бясалгах гэсэн арга барилыг бид өнөөг хүртэл баримталж ирсэн юм. Бид сүсэглэх төдий бус учир шалтгааны буюу логик, учир зүйн үндэслэл дээр тулгуурлан суралцдаг. Сонссон зүйлдээ сохор итгэхийн оронд судалгаа шинжилгээ хийдэг.”
“Бурхан Багш анх номын хүрдийг эргүүлэхдээ Варанасид Хутагтын Дөрвөн Үнэний сургаалыг номлосон юм. Ражгирт хоёрдугаар номын хүрдийг эргүүлэхдээ та бүгдийн мэддэг учир шалтгаан дээр үндэслэдэг “Билгүүний Зүрхэн” судрыг айлдсан байна. Пали уламжлалыг баримталдаг Тайландын эрдэмтэн багш нартай нэг удаа уулзахдаа Хутагтын Дөрвөн Үнэнд тайлбар өгөхдөө судар номлол дээр үндэслэж байна уу, эсвэл учир шалтгаан дээр үндэслэж байна уу гэж асуухад тэд судар номлолоос эш татан тайлбар өгдөг гэв. Үүний дараа бид ловон Дигнага, Дармакирти нарын учир шалтгаан хийгээд нотлохуй дээр тулгуурласан бүтээлүүдийг үзэж судалсан нь их аз завшаантай юм гэж бодож билээ.”
Пали болон санскрит уламжлалын философийн хандлага ялгаатай хэдий ч хоёул Винаяг чандлан сахих тал дээр нэгдмэл байдгийг Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэв. Тэрбээр Австралийн Мельбурн хотод болсон дэлхийн шашны парламентийн уулзалтын үеэр Бирмээс ирсэн хоёр лам нартай уулзжээ. Тэд төвөд лам нар тэдний адил виная уламжлалыг сахидаг болохыг мэдээд гайхаж байснаа ярьсан байна.
Дээрхийн Гэгээнтэн Төвөд оюутнуудад хэдэн жилийн өмнө шинжлэх ухаан, гүн ухаан, шашны гэсэн гарчгийн дор Ганжуур, Данжуурын агуулгыг дахин ангилах, системжүүлэх, энэ ангиллын дагуу ном хэвлүүлэх төслийг эхлүүлсэн гэв. Эрдэмтэд оуюн ухааны бүтцийг судлахад чиглэсэн буддын шашны шинжлэх ухаантай холбоотой боть эмхэтгэлийг аль хэдийнэ боловсруулжээ. Энэ нь хятад, орос, хинди, англи, япон, монгол зэрэг хэл дээр орчуулагдсан байна. Хятад улсад олон нийтэд ашиглах боломжгүй ч, хятадын их дээд сургуулиудад ажилладаг хүмүүс эдгээр материалыг олж авах боломжтой гэж мэдэгдсэн гэдгээ дурдлаа.
Бидний амин хувиа хичээх үзэл нь бусдыг хардах, сэжиглэх зэрэгт хүргэдэг ба үүний эсрэг ерөндөг нь хамаг амьтны тусын тулд гэсэн бодь сэтгэлийг хөгжүүлэх явдал юм.
Бидний бас нэг асуудал нь юмс үзэгдэл өөрсдийн талаасаа бие даан оршиж байна гэх буруу үзэл юм. Энэхүү буруу үзэл бодлыг хутагт Нагаржунайн юмс үзэгдлүүд бидэнд үзэгдэж буйтай адил оршдоггүй гэсэн сургаалийг судалснаар арилгаж болно гэлээ.
“Бусдыг гэсэн бодь сэтгэлтэй байхад та нар хэзээд амар амгалан хийгээд аз жаргалтай байна. Цаст Төвөд нутаг нь Жанрайсиг бурханы орон гэдгийг санаж яваарай. Хятад Төвөдийн уламжлалыг үгүй хийх гэж оролдсон боловч бүтэлгүйтсэн. Хятадууд зэвсгийн хүчинд найддаг бол бид үнэн, шударга ёсонд итгэдэг. Хятадад өөрчлөлтүүд ихээр хийгдэж байгаа ба нам нь нөхцөл байдлын хяналтаа алдахаас айж байна. Бидний хүч чадал тусгаар тогтнолын төлөө бус, харин соёлын өв уламжлалаа хадгалж үлдэхэд оршино.”
Уулзалтын төгсгөлд оюутнууд Дээрхийн Гэгээнтнийг тойрон цугларан хамт дурсгалын зураг татуулав. Үүний дараахан Далай Лам Энэтхэгийн орон нутгийн улс төрийн төлөөлөгчидтэй уулзаж, Энэтхэгийн эртний уламжлалууд болох “ахимса” буюу хүчирхийлэл үл хэрэглэх ёс, мөн түүний сэдэл болсон “каруна” буюу энэрэл нигүүлсэлийн сэтгэл нь өнөөдөр дэлхийд маш их хэрэгтэй байгааг онцолсон юм.
Мангалор руу богино аялал хийсний дараа Дээрхийн Гэгээнтэн Бүх Энэтхэгийн Католик сургуулиудын холбооны 52 дахь Үндэсний их хурал болох эцэг Мюллерийн нэрэмжит хурлын төвд хүрэлцэн ирэхэд ах Томас Тханикал, эцэг Жимми Жеймс нар угтан авав. Танхимд хүлээж байсан христийн шашны эмэгтэй санваартнууд Энэтхэгийн уламжлалт гэрлийн тахил өргөх “аарти” зан үйлээр мэндчилэхэд, Дээрхийн Гэгээнтэн хариуд нь сарнайн дэлбээ цацав. Үлээвэр найрал хөгжим дохиолго аялгуугаар угтан авлаа.
Танхимд орж ирсэн Дээрхийн Гэгээнтэн үйл ажиллагаа эхэлснийг бэлэгдэн зул өргөөд, тайзан дээрх суудалдаа суув. Үлээвэр найрал хөгжим “Гэгээнтнүүд ёслолын алхаагаар алхахад” дууг аялуулсны дараа эмэгтэй санваартны найрал дууны хамт олон болон оюутнууд дуун мэндчилгээ дэвшүүлэв.
Дарамсалагийн ойролцоох Сидхпур хотын Ариун Зүрхний Сургуулийн захирал Молли Шериан Дээрхийн Гэгээнтнийг цугласан олонд танилцууллаа. Тэрбээр “Жинхэнэ баяр баясгалан нь бусдад үйлчлэх явдал юм” гэсэн мэдэгдлийг эш татан дурдаж, Дээрхийн Гэгээнтний хүний үнэт зүйлийг сурталчлах, шашин хоорондын эв найрамдлын төлөө тууштай байдгийг нь тэмдэглэжээ. Ярианыхаа төгсгөлд тэрээр Далай Ламд хүндэтгэл үзүүлж түүнд алчуур, цэцгийн баглаа барилаа.
Гималайн бүс нутгийн 150 оюутан, католик сургуулийн багш нар багтсан 1000 орчим хүмүүстэй Дээрхийн Гэгээнтэн хүндэт “оюун санааны ахан дүүс минь” хэмээн мэндчилэв.
“Өнөөдөр та бүхэнтэй хамт байгаадаа туйлын их баяртай байна. Өндөр настай хүмүүстэй уулзахдаа бидний хэн нь түрүүлж насан өөд болох бол гэж бодогддог, харин залуучуудтай уулзахад би өөрөө мөн залуу болсон мэт санагддаг юм. Би 20-р зууны үеийнх, харин та бүгдийн ихэнх нь 21-р зууных билээ. Өнгөрсөн зүйл нь өнгөрсөндөө л үлддэг, харамсалтай нь түүнийг өөрчлөх боломжгүй. Гэхдээ бид алдаанаас нь суралцах боломжтой. Хамгийн тодорхой зүйл маань хүн төрөлхтний ирээдүй бидний гарт бий. Өнөөгийн дэлхийд бидний өмнө тулгараад байгаа бэрхшээлүүдийг харахтун. Баян, ядуугийн ялгаа улам бүр ихсэж, эдийн засгийн хувьд өндөр түвшний улс орнуудад ч хүмүүс сэтгэл тайван байж чадахгүй байна.”
“Эрдэмтэд хүний үндсэн мөн чанарыг энэрэнгүй хэмээн дүгнэсэн юм. Хувь хүний оршин тогтнох, аз жаргалтай байх нь нийгмээс бүрэн хамааралтай. Жишээлбэл, бага насны хүүхдийг авч үзье. Тэд шашин шүтлэг, үндэсний ялгааг үл тоодоггүй, тэд илэн далангүй, эргэн тойрныхоо хүмүүсийг өөрсөдтэйгээ адилхнаар харж илэн далангүй байж чаддаг. Бид төрсөн цагаасаа эхийн хайр халамжийн ачаар амьд үлдэж, энэ нь бидэнд амьдралын туршид үргэлжлэх аюулгүй байдлын мэдрэмжийг өгдөг юм.
“Мангалорын ард иргэдийн ирээдүй Энэтхэгийн ирээдүйгээс хамаарна. Энэтхэгийн ирээдүй нь бүх Азийн ирээдүйгээс хамааралтай. Бодит байдал дээр долоон тэрбум хүн нэг том гэр бүл юм. Хэрэв бид үүнийг ойлгож, хүлээн зөвшөөрч чадвал дэлхий дээр аллага, хүчирхийлэл үйлдэх газаргүй болно. Харамсалтай нь, өнөөдөр хүмүүс “бид” болон “тэд” гэдэгт хуваагдахад хэт их анхаарал тавьж буй тул энэ нь зөрчил үүсэхийн үндэс болсоор байна. Тийм ч учраас бид өөрсдийн гараар олон асуудал үүсгэжээ. Бид хүний үндсэн мөн чанар болох энэрэн нигүүлсэхүй, халуун сайхан сэтгэлийг хойш тавьж, үл тоож байна. Материаллаг үнэт зүйл дээр төвлөрсөн боловсролын тогтолцоо нь үүнд нөлөөлж буй хэмээн би бодож байна.”
“Хүүхдүүд сургуульдаа явж эхэлмэгц хүмүүсийг шашин шүтлэг, гарал угсаагаар нь ялгаварлан гадуурхаж сурч эхэлдэг. Энэ нь “бид” болон “тэд” гэсэн мэдрэмжийг төрүүлэх болно. Боловсролын систем нь зөвхөн оюуны хөгжилд хязгаарлагдах ёсгүй, бас халуун дулаан сэтгэлийг төлөвшүүлэхэд анхарах хэрэгтэй.”
“Бид бүгдээрээ нийгмийн амьтад гэдгийг ойлгох хэрэгтэй гэж би боддог. Шашин шүтлэгтэй эсэхээс үл хамааран, бид бусдын сайн сайхны төлөө санаа тавих ёстой. Мөн би шашин хоорондын эв нэгдэл, хамтран оршихуйг дэмжин сурталчлах үүрэгтэй. Христэд итгэгч ахан дүүс та бүхэн маань дэлхий ертөнцийг бүтээсэн Эзэн байдаг гэдэгт итгэдэг, энэ бол гайхамшигтай. Хүн бүр Эзэн тэнгэрийн хүүхэд гэж харвал юунд тэдэнд хор хөнөөл учруулах билээ? Харин бүтээгч Эзэн тэнгэрийг хүлээн зөвшөөрдөггүй жейн, буддизм, самхяагийн уламжлалд үйлийн үрийн хүчинд итгэдэг. Сайн үйл хийвэл сайн үйлс тань хэзээд аз жаргал авчирна.”
“Бидний шашин шүтлэгээс үл хамааран, Энэтхэг улс бол шашин хоорондын эв нэгдэл, хамтран орших боломжтойн үлгэр жишээ юм. Дэлхийн бүх томоохон шашнууд энд цэцэглэн хөгжиж байна. Бие биенээ хүндэлж, бие биенээсээ суралцаж байна. Олон жилийн өмнө Тайландад очих үеэр би нутгийн хийдийн тэргүүн Сангаражатай уулзсан юм. Би түүнд христэд итгэгч ахан дүүс маань эрүүл мэнд, боловсролын үнэ цэнийг сурталчлах ажилд идэвхтэй оролцож, бид, буддистууд тэднээс үлгэр жишээ аван дагах ёстой гэсэн байр суурийг илэрхийлэв. Үүний хариуд тэрээр буддын лам хуврагууд нийгмээс тусдаа, ангид байх нь илүү зохистой гэж хариулж билээ.”
Эцэст нь Дээрхийн Гэгээнтэн 20-р зуунд Махатма Ганди хүчирхийллийн бус “ахимса” зарчмын үр нөлөөг өөрийн үлгэр жишээгээр үзүүлсэнтэй адил өнөөдөр Энэтхэг орон хүн төрөлхтөнд дахин үйлчилж, оюун санааны амар амгаланд хэрхэн хүрэх вэ гэдгийг харуулж чадна гэлээ. Мөн тэрээр эртний уламжлал сэтгэл оюуны төвлөрөл “шаматха”, дүн шинжилгээ хийх бясалгал “випашяна” нь бидний тогтворгүй сэтгэлийг номхотгох батлагдсан аргууд юм гэлээ. Эрүүл саруул ухаантай хүмүүс эрүүл нийгмийг бүрдүүлдэг.
Хүмүүсийн асуусан асуултуудын хоёр нь цагаан хоолны талаар байв. Дээрхийн Гэгээнтний хэлснээр барыг махнаас гаргах аргагүй ч, хүмүүст цагаан хоолтон болох ач тусыг итгүүлэх бүрэн боломжтой юм гэв. Тэрээр шашны нэрийн өмнөөс аллага хийж байгаа хүмүүсийг жинхэнэ сүсэг бишрэлтэй гэхэд эргэлзээтэй, учир нь шашин шүтлэгийн гол зорилго нь сүсэгтэн олондоо хайр энэрэл, хайрыг хөгжүүлэх явдал гэдгийг дахин хэлэв.
Хамба Десмонд Тутутайгийн нөхөрлөлийн талаар дурсаж, Туту түүнийг дүрсгүй Далай Лам гэж дуддаг бол Тутуг дүрсгүй хамба гэж хариуд нь дууддаг гэлээ. Туту христэд итгэдгийн хувьд диваажинд очих нь гарцаагүй, харин Далай Лам огт өөр газар очиж магадгүй юм гэж тоглон хэлж байсан тухайгаа дурсав.
Далай Ламын амьд сэрүүн байхад Төвөд улс бие даасан байдалд хүрэх эсэхийг асуухад тэрээр авторитар дэглэм ноёрхсон Хятадад байдал өөрчлөгдөнө гэж хэлэв. Тэрээр Төвөдийн тусгаар тогтнолыг эрэлхийлдэггүй бөгөөд хуучин зөрчилдөж дайсагнадаг улс орнууд зөрчилдөөний эсрэг, бүх нийтийн сайн сайхныг дэмжиж байгаа Европын Холбооны үзэл санааг биширдэг гэв.
Аав нь буддын шашинтан, ээж нь католик шашинтан нэгэн оюутан энэрэл нигүүлсэл, шударга үнэн хоёрын аль илүү чухал вэ гэж асуув. Дээрхийн Гэгээнтэн түүнд энэрэл нигүүлсэл чухал гэж хэлээд үүний тулд та буддист эсвэл католик шашинтан байх албагүй. Тэрээр үүнийг дахин онцолж хэлэхдээ амьдралыг утга учраар дүүргэх, энэрэл хайрыг энд, одоо харуулах нь хамгийн чухал гэлээ.
Албан ёсны талархалын үгийн дараа Дэрхийн Гэгээнтэнд бэлэг дурсгал гардуулав.
Дээрхийн Гэгээнтэн тайзан дээр гарч гараа даллан зогсоход цугалсан олон эргээд түүн рүү даллав. Зочид буудал руу буцахын өмнө Дээрхийн Гэгээнтэн Бүх Энэтхэгийн Католик Сургуулиудын Холбооны гишүүдийн хамт үдийн зоог барилаа.
Маргааш тэрээр Дели хотоор дайран Дарамсала хот руу буцна.