Энэтхэг, ХП, Дарамсала – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэ жилийн Нобелийн шагналыг Эфиоп болон Эритрей хоёр улсын хооронд болсон хилийн мөргөлдөөнийг дуусгасан, энхтайван, тогтвортой байдлыг авчирсан гавьяаг нь үнэлэн Эфиоп улсын Ерөнхий сайд Аби Ахмад Алид хүртээсэнд баяр хүргэж захидал илгээлээ.
“Энэ хоёр орон шиг хөрш хоорондын нөхөрсөг харилцааг бий болгох нь дан ганц тэдгээр улсын иргэд төдийгүй, энх тайвныг зорьж буй дэлхийн улс орнуудад ч сайн жишээ болно. Зүүн болон зүүн хойд Азийн энх тайван, тогтвортой байдалд чиглэсэн таны үйл ажиллагааг хараад би бас урам зориг авлаа.”
“Та Эритрейн Ерөнхийлөгч Афвэрки Изаистай холбогдоход тэрээр харилцан хэлэлцээр хийх хүсэлтийг нааштайгаар хүлээж авсан нь энх тайвныг тогтоох эхний алхам байжээ. Жинхэнэ эвлэрэл бол бие биенээ хүндэтгэсэн сэтгэл дээр л бий болдог хэмээх энгийн үнэнийг та хоёрын энэхүү үйлдэл бодитоор харуулсан хэмээн бодож байна.”
“Би бас таны цаг уурын өөрчлөлтийн эсрэг Эфиопд мод тарих санаачлага гаргах зэрэг байгаль орчны талаар онцгой анхаарал хандуулдагийг тань дэмжиж байна.”
Захианыхаа төгсгөлд Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Нобелийн хорооны найдаж байгаагийн адилаар Эфиопийн амжилт, тогтвортой байдал, энх тайван нь маш олон эерэг үр дүн авчрах бөгөөд бүс нутгийн болоод үндэстнүүд хоорондын ах дүүсийн харилцааг бэхжүүлээд зогсохгүй мөнхүү тивийн цаашдын хөгжил цэцэглэлтэнд ч сайнаар нөлөөлнө хэмээн найдаж байгаагаа илэрхийллээ.