Энэтхэг, ХП, Манали – Энэ өдөр ойролцоогоор 8000 гаруй хүмүүс Дээрхийн Гэгээнтэн Далай Ламаас Жанрайсиг бурханы авшиг хүртэхээр үргэлжлэн орох бороог үл тоон цугласан байлаа. Номын айлдварын талбайд бүхэлд нь дэвсгэр дэвссэн байх бөгөөд талбайн гадна талд дотор багтаагүй 500 орчим хүмүүс сууж байв.
“Энэхүү авшиг нь V Далай Ламын арилсан үзэгдлээс гарсан нууц увидас юм.” хэмээгээд Дээрхийн Гэгээнтэн номын айлдвараа эхэллээ.
“V Далай Лам Найчун чойжонтой зөвлөлдсөний дагуу Потала ордонд Жанрайсиг бурханы бясалгал хийх үед Жанрайсиг бурханы таалалаас Сронзон Гамбу хаан тодрон гарч ирээд түүнийг хөтлөн явж мандалд оруулснаар энэхүү есөн авшигийг хүртсэн байна.”
“Би маш багадаа энэ мэт 25 нууц увидсыг Дадаг ринбочэ багшаас хүртсэн юм. Энэтхэгт цагаачлан ирснийхээ дараа Түлшиг ринбочэ багшаасаа урт хугацаанд олон янзын авшиг хүртсэн билээ. Тэр бүгдийнхээ бясалгал бүтээл, дадлагыг цаг бүрт нь хийж ирсэн. Эдгээр 9 авшигийг өдөр бүрчилэн хүртэж байх үед маргаашийн ядам бурханыг урд шөнө нь зүүдэлж хонодог байлаа. Энэтхэгт цагаачлан ирснийхээ дараа нэгэн шөнө надад хадгалагдаж ирсэн V Далай Ламын хөрөг дүрийг зүүдлэв. Гэнэт тэрхүү хөрөг дүрээс V Далай Лам бодитой урган гарч ирээд надад маш урт торгон хадаг барьж байна гэж зүүдэлж билээ. Ямартаа ч би түүнтэй үйлийн маш нарийн холбоотой гэдгээ сайн мэдэж байна.”
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цугласан олонд хүйтэн бороо орж тухгүй байгаад хүлцэл өчөөд бэлтгэл зан үйл хийх зуур бүх нийтээрээ маань уншиж байхыг хүслээ.
“Энд хүрэлцэн ирж чадахгүй хүмүүс цахим хуудсаар шууд дамжуулалтыг сонсон авшиг хүртэж чадах уу хэмээн саяхан асуусан юм. Би тэдэнд энэ нь боломжтой гэж хэлсэн. Ийм явдал Бурхан Багшийн үед болжээ. Нэгэн нутагт лам болох хүсэлтэй олон хүн Бурхан Багшийг урин залсан ч Бурхан Багш биечлэн морилох боломжгүй байсан тул үг дайж холоос сахил хүртээж байсан байна. Тайван гэх зэрэг зарим улс орны чин сүжигтэй хүмүүс цахим дамжуулалтаар авшиг хүртэх боломжтой.”
Бэлтгэл зан үйл хийгдэж дууссаны дараа Дээрхийн Гэгээнтэн Далай Лам үргэлжлүүлэн айлдав.
“Бид сэрүүн үедээ таван мэдрэхүйгээр олон зүйлийг мэдэрч байдаг бол унтах үед тэдгээр таван мэдрэхүй зогсдог, гэсэн ч энэ үед ухамсарын үйл ажиллагаа үргэлжилж байдаг. Ханьцашгүй дээд йогийн дандарт зүүдний үеийн оюун ухамсарыг ашиглах арга техник байх бөгөөд үүгээр дамжуулан төрөлхийн гэгээн гэрлийг ашиглах боломж бүрддэг. Ийм боломж биднийг үхэх үед бас бий болдог юм. Цусны эргэлт зогсч, тархины үйл ажиллагаа алдагдсан клиник үхлийн дараа ч зарим туршлагатай бясалгагч нарын нарийн ухамсар нь ажиллаж байсан тохиолдол бий.”
“Нууц тарнийн номлол дахь ханьцашгүй дээд дандрын ёсны гэгээн гэрлийн сэтгэлийг билиг барамидын сургаалд гардаг хоосон чанарын ойлголттой уялдуулах хэрэгтэй. Нинма уламжлалд гэгээрэлд хүргэх “есөн хөлгөн” гэдгийг номлодог. Эдгээрээс хамгийн дээд хөлгөн нь “дотоод дандар” буюу Маха, Ану, Ади Йога юм. Ади Йогын үед ердийн оюун ухаан хаагдаж, ухамсарын хамгийн нарийн хэлбэрийг ашиглах ёстой.”
“Хутагт Майдарын айлдсан “Илт онохуйн чимэг” номонд Бурхан Багшийн айлдварын ерөнхий бүтцийг бүхэлд нь гаргасан байна. Харин нууц тарнийн номлолыг онцгой шавь нарт тусгайлан айлдсан билээ. Тиймээс “Илт онохуйн чимэг” гэх мэт ерөнхий бүтцийн номыг сайтар судалсан хүмүүс нууц тарнийн онцгой номлолын жинхэнэ мөн чанарыг ойлгож чадна. Манай Төвөдөд нууц тарнийн номлолд чухал ач холбогдол өгдөг хэрнээ түүний ул суурь болсон билиг барамидын ном сургаалыг төдийлөн ойшоохгүй өнгөрдөг сул тал бий. Тиймээс би Энэтхэгт дүрвэн ирснийхээ дараа ихэнх дацан хийдүүдийг буддын гүн ухаанд гүнзгий суралцахыг шаардсан билээ.”
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам үргэлжлүүлэн айлдахдаа Вати Занбу хаанаас өвлөгдөж ирсэн зандан модоор бүтээсэн Жанрайсиг бурханы дүр байдгийг айлдав. Энэхүү шүтээнийг урьд өмнө Төвөдөд Зонгар Чодэ хийдэд хадгалагдаг байсан бол эдүгээ Энэтхэгт Дээрхийн Гэгээнтний ордонд залаатай буй ажээ. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам нэгэн удаа уг шүтээнийг зүүдлэхдээ хоосон чанарыг таньж мэдсэн эсэхээ асуусанд уг шүтээн “тийм” гэж хариулсан байна.
Авшиг хүртээхийн өмнөх бодьсадвын санваар хүртээх хэсэгт бодь сэтгэлийн тухай хэсэг зуур тайлбар хийлээ. Бодь сэтгэл төрүүлэхийн гол зорилго нь нэгдүгээрт бусдад туслах, үүний тулд өөрөө төгс гэгээрэлд хүрэх явдал юм. Товчдоо хамаг амьтдын төлөө Бурхан болох хэрэгтэй гэсэн үг ажээ.
“Энэ миний өдөр тутмын дадлага билээ. Би өглөө бүр сэрмэгцээ бодь сэтгэлийг бясалгадаг. Мөн өдөр бүр зургаан хэсэгтэй багшийн егүзэрийг бясалгадаг бөгөөд энд ч бодь сэтгэлийг бясалгах хэсэг бий.”
Дараа нь тэрээр хутагт Нагаржунайн “Эрдэнийн эрхи” номонд гардагчлан хоосон чанар дээр төвлөрөн ажиглан шинжлэх бясалгал хийдэг гэдгээ тайлбарласан юм.Өглөөний номын айлдвар өндөрлөж дууссаны дараа Дээрхийн Гэгээнтэн Далай Лам сэнтийнээсээ буун уламжлал ёсоор цугласан олонд хандан зүг бүр мэхийн залбирав. Дараа нь тэрээр хэсэг зуур машинаар явсаар Хималайн Нинма уламжлалын хийдэд мориллоо. Хийдийн өмнөх талбайн тусгайлан бэлдсэн хэсэгт үдийн зоог барьсан ба дараа нь Нинма нийгэмлэгийн гишүүдийн хамт зургаа татууллаа. Ингээд хэсэг зуур амраад Аари хийдийн зүг буцав.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам маргааш “Оюун судлахуйн найман шүлэг” болон “Бодьсадвын 37 гарын авлага” номуудыг тайлбарлана айлдана.