Энэтхэг Улс, ХП, Дармасала, Тэгчин Чойлон – Өнөөдөр Дээрхийн Гэгээнтэн Далай лам өргөөнөөсөө Зүглаг Хан дуган хүртэл алхах үед өглөө эрт бороо орсон тул агаар цэвэр, мөн тэнгэр цэлмэг байлаа. Ойролцоогоор 6500 хүн түүнийг хүлээж байсан бөгөөд түүний дотор 2000 нь 69 орноос ирсэн зочид, 855 нь Азийн 38 багийн төлөөлөгчид байв.
Тэрээр дуганы дотор морилон ороод Намжал дацангийн хамба лам Тамтог ринбочэ, Гандан ширээт асан Ринзон ринбочи болон индрийн ойролцоо суугаа бусад хүмүүстэй мэндчилэв. Мөн сэнтийд залрахын өмнө Бурхан Багш, Жанрайсиг бурхадын дүр шүтээнд мөргөлөө.
Ингээд Тайланд лам нар Мангала судрыг пали хэлээр аялгуулан уншсан ба дараа нь “Билгүүний Зүрхэн” судрыг хятад хэлээр уншив.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам:
“Бид Дармасалад дахин нэг цуглаад байна. Дэлхийн өнцөг улам бүрээс хүрэлцэн ирсэн та бүхэнд мэндчилгээ дэвшүүлье. Уламжлалт бурханы шашинт орны хүмүүс энэхүү номын айлдварыг ихээхэн сонирхож байгаа болон идэвхи санаачилгатай байгаа тул энэ ажил маань нэлээд хэдэн жилийн турш явагдаж ирсэн билээ. Энэ удаад ч мөн адил номын үйл ажиллагаа явагдах гэж байна. Ийм боломжийг бүрдүүлж өгсөн зохион байгуулагч нарт талархал илэрхийлье.”
Энэхүү үйл ажиллагааг онлайнаар шууд дамжуулж байгаа бөгөөд Дээрхийн Гэгээнтний төвөд хэлээр айлдаж буй айлдварыг англи, хятад, вьетнам, хинди, солонгос, япон, орос, итали, испани, герман, тай, индонез хэл рүү синхроноор орчуулж байлаа.
“Шашны янз бүрийн уламжлалууд бүгд хайр, энэрэнгүй сэтгэл, хүлцэл тэвчээр, сэтгэл ханамжтай байх талаар сургадаг. Хүн төрөлхтөн бидний амьдрал эхийн хайр халамж, дулаан нөмөрт эхлэдэг бөгөөд үүнгүйгээр бид амьд үлдэх боломжгүй. Мөн хайрлах ба хайрлуулах нь хүний үндсэн шинж чанар юм. Шашны уламжлалууд өөрсдийн янз бүрийн философийн үзэл баримтлалыг нотлодог ч бүгд хайр ба энэрэнгүй сэтгэлийг амьдралд хэрэгжүүлэхэд анхаарлаа төвлөрүүлдэг. Өвчтөний нөхцөл байдал, шаардлагаас хамааран ямар нэгэн эмийг энэ нь хамгийн сайн гэж хэлэх боломжгүйтэй адил энэ шашин нь хамгаас илүү, сайн гэж хэлэх боломжгүй. Бидний одоогийн оюун санааны авьяас сонирхол нь олон хүчин зүйлээс, түүний дотор урьд төрлүүдийн ул мөрөөс хамаарч байдаг.”
“Бүтээгч Эзэнд итгэдэг ба итгэдэггүй гэх шашны уламжлалууд бий. Эхний ангилалд христ, ислам, иудаизм ордог ба эдгээр шашны уламжлалууд нь өөрсдийн сүсэгтнүүддээ ач тусаа өгсөөр байна.”
“Надад ядуу, орон гэргүй хүмүүст зориулан үйлчилгээ үзүүлдэг олон христын шашинтан найзууд бий. Тэд хайр, энэрэнгүй сэтгэлийн үйл ажиллагаандаа чухал ач холбогдол өгдөг. 1964 онд Тайландад би Сангхаражатай уулзах үедээ түүнд хандан христын шашны ахан дүүс нар нийгэмд хэрхэн үйлчилдэг талаар, харин буддын шашны лам нар иймэрхүү ажилд оролцдоггүйг дурдаж билээ. Тэрээр надад буддын шашны лам нар хот, суурин газраас хол, тусгаарлагдан амьдрах нь дээр болов уу гэж хариулсан юм.”
“Саяхан би Мангалорт католиг шашны сургагч багш нарын уулзалтанд оролцох үер христын шашинтнууд боловсролын салбарт асар их хандив оруулсан талаараа сануулсан юм. Би нөхцөл байдлыг тайлбарлан, зарим үед хүмүүст үйлчилж байгаа нь өөрийн шашиндаа оруулах халхавч мэт санагддаг тухай хэлсэн. Ямар ч шүтлэггүй хүмүүсийг шашинд оруулах нь нэг хэрэг ч, нөгөө талаас хүмүүсийн итгэл үнэмшилийг өөр нэгэн итгэл үнэмшилд урвуулах оролдлого гэж бодож байна. Шашны үйл ажиллагааны ач тусыг харж, хүмүүс ямар ч шашин шүтдэгээс үл хамааран би бүх шашинд хүндэтгэлтэй хандаж, шашин хоорондын зохицлыг дэмжиж ажилладаг.”
“Эдүгээ зөвхөн материаллаг хөгжилд анхаарлаа төвлөрүүлж, сэтгэл оюун ба нөхцөл байдлыг үл ойшоосноор хүмүүсийн үйлдэл нь машины эд ангийн үйл ажиллагаатай адил болсон байна. Энэ бол шүүмжлэлтэй асуудал юм.”
“ХХ зууны төгсгөлд шинжлэх ухааны эрдэмтэд нейропластик шинж чанарыг нээж олсноор ухамсар нь тархинд өөрчлөлт үзүүлэх нөлөөтэйг харуулж, улмаар ухамсар нь зөвхөн тархины үйл ажиллагаа төдий бус түүнээс илүү зүйл мөн гэсэн дүгнэлтийг хийж эхэлсэн юм.”
“Эртний Энэтхэгт сэтгэл оюунтай ажилласнаар хүч хэрэглэхээс татгалзах, энэрэнгүй байх, ‘ахимса’, ‘каруна’ болон амар амгалан байдал, саруул билиг оюун, ‘шаманта’, ‘випашяна’ гэх мэтийн уламжлалууд үүсч бий болсон юм. Ер нь эртний соёл иргэншилт орон болох Египет, Хятад, Энэтхэгийн Индусийн хөндийд сэтгэл оюунтай ажиллах хамгийн гүнзгий мэдлэгүүд бий болсон байна. Мөн цор ганц, хувирашгүй, бие даасан “би” хэмээгч, өөрийн мөн чанар нь бие хийгээд сэтгэлийн нэгдлийн удирдагч бөгөөд төрлөөс төрөлд үргэлжилж байдаг гэсэн итгэл үнэмшил бий болжээ.”
“Христ, ислам, иудаизм нь баруун, баруун Азид дэлгэрч байх зуур буддын шашин нь дорно дахинд өргөнөөр тархсан байна. Буддын шашин нь анх Энэтхэг орноо үүсэн бий болж улмаар Шриланка, Тайланд, Бирмд мөн түүнчлэн зүүн өмнөд Азийн Индонезид дэлгэрсэн байна. Умард зүгт Хятад оронд хүрсэн бөгөөд тэндээс Солонгос, Япон, Вьетнамд дэлгэрчээ. Мөн өөр замаар Төвөдөд, улмаар Монголд хүрсэн байна.”
“Хятадын Тансан лам Наландад сурч байсан бөгөөд хутагт Нагабодитой уулзсан гэдгээрээ алдаршсан юм. Соронзон Гамбу хаан хятад гүнжтэй гэрлэх үед Бурхан Багшийн нандин дүрийг Хятадаас Төвөдөд залан авчирч тусгайлан сүм барьж, залсан ба Тисрон Дэзан хаан Төвөдөд буддын шашныг заах хүн хайж байсан учир тэрээр Наладагаас ловон Шантаракшитаг урин залсан юм.”
“Бурхан Багш гэгээрэлд хүрснийхээ дараа Варанасид анхны сургаалиа айлдсан бөгөөд энэ нь пали, санскртит уламжлалын аль алинд нь хадгалагдсан ёс зүй, төвлөрөл, билиг оюун гэх гурван сав аймгийн номуудыг багтаасан юм. Мөн үүнд “Би үгүй”-н үзлийн тайлбар багтдаг. Билиг барамидийн сургааль нь санскрит уламжлалд багтах бөгөөд үүнийг Ражгирийн ойролцоо Тас цогцолсон ууланд номложээ. Жишээлбэл ‘Билгүүний зүрхэн’ судар-т гардагчлан бодит байдлыг хэрхэн ойлгох талаар ярилцаж буй Жанрайсиг хийгээд Шаарийбү хоёрын харилцан яриагаар энэ сургаалийг илэрхийлдэг.”
“Хутагт Нагаржуна айлдахдаа Бурхан Багшийн сургааль нь харагдах байдал ба бодит үнэн хоёрын ялгааг үзүүлсэн “Хоёр үнэн”-ий сургааль дээр үндэслэдэг” гэсэн юм. Өдгөө ухамсарыг бус юмс үзэгдлийн гадаад чанарыг судалдаг квантын физикчид юмсыг харагдах байдлаасаа үл хамааран материаллаг байдлаар орших боломжтгүй гэж үзэж байна. Энэ нь буддын гүн ухааны Сэтгэл төдийтний сургаалийн үзэл онолтой адилхан юм. Тэд юмс үзэгдэлд гадаад оршихуй байхгүй гэж нотолдог. Юмс үзэгдэл нь зөвхөн сэтгэлийн тусгал мөн гэдэг.”
“Билиг барамидийн сургааль нь нийтэд өргөн дэлгэрээгүй учраас пали уламжлалын Гурван сав аймгийн номонд ороогүй. Иймээс зарим хүмүүс энэхүү сургаалийн санскрит уламжлалыг Бурхан Багш номлоогүй гэж үздэг.”
“Бурхан Багш хоёрдугаар номын хүрдээ эргүүлэхдээ обьектив хоосон чанарын талаар номлосон юм. Гуравдугаар номын хүрдэнд айлдсан ‘Сайтар ялгасан судар’, ‘Бурханы мөн чанар’ номуудад сэтгэлийн гэгээн гэрлийн мөн чанар буюу субъектив гэгээн гэрлийн тухай номложээ. Гүнтан ринбочэ эдгээр номын хүрдний сургаалиуд нь явсаар дээд цэгтээ нууц тарнийн сургаальд тулж ирдэг бөгөөд ялангуяа угийн гэгээн гэрэл буюу төрөлхийн цэвэр ухамсарын ойлголтонд хүрдэг гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Бүх бүдүүн түвшиний сэтгэлүүд энэхүү гэгээн гэрлээс үүсдэг ба эцэстээ эргэн уусдаг байна.”
“Бурхан Багш анхны номын хүрдээ эргүүлэх үедээ “Хутагтын дөрвөн үнэн”-ий сургаалиа айлдсан ба энэ нь нийтлэг ба туйлын үнэн гэх “Хоёр үнэн” дээр суурилсан 1.зовлонгийн үнэн, 2.зовлонгийн шалтгаан үнэн, 3.хорихуйн үнэн, 4.мөрийн үнэн юм. Бурхан Багш зовлонгийн үнэний тухай сургаалиа айлдахдаа зовлонг мөнхийн бус, зовлонтой, хоосон, “би үгүй” гэсэн 4 шинж чанартай гэж тодорхойлсон байна. Мөнхийн бус шинж чанар нь түгээмэл үзэгдэл дэх нарийн өөрчлөлтөнд хамаарна. Үхэл нь мөнхийн бус шинж чанарын бүдүүн хэлбэр юм. Юмс үзэгдэл жилийн турш өөрчлөгдөн хувирч байгааг бид ажиглан харж чадах бөгөөд харин атомын түвшинд юмс үзэгдэл нь агшинаас агшинд хувирч байдаг. Бид үүнийг микроскопоор харж чадна.”
“Хувиран өөрчлөгдөх нь зовлонд хөтлөдөг тул хувирахуйн зовлонг номлосон байна. Хэрэв бидэнд таатай сайхан байвал тэр нь зовлон байсан ч бид түүнээс салахгүй хандлагатай байдаг. Бие ба сэтгэлийн нэгдэл нь үйлийн үр, муу сэтгэлийн үр дүн учраас зовох шалтгаан болдог. Бурхан Багш дан ганц, хувирашгүй, бие даасан зүйлс олдохгүйг мэдсэн учраас “Би” хэмээгч байхгүй тухай сургаалиа айлджээ.”
“Муу сэтгэл нь тусдаа бие даасан “би” хэмээгч байдаг гэсэн үзэлтэй холбоотой бөгөөд хэрэв үүнийг арилгавал тэд дахин гарч ирэхгүй. Бидний ялан дийлэх ёстой зүйлс нь мунхаг, хорт муу сэтгэлийн үндэс болсон дан ганц, хувирашгүй, бие даасан “би” байдаг гэх гажуудсан үзэл билээ. Юмс үзэгдэл оршин байдаг ч харагдаж буйгаасаа өөрөөр оршдог. Ловон Чандракирти ‘Төвд орохуй’ номондоо хэрэв юмс үзэгдэл нь бидний үзэж байгаа шиг оршдог бол тэдгээрийг олох боломжтой, гэвч тэдгээрийг эрж хайгаад үлд олдоно гэж айлдсан юм. Учир нь мунхагийн эрхээр бид аливаа зүйлсийн мөн чанарыг хэтрүүлсэн байдаг. Тиймээс хоосон чанарын ойлголт нь энэхүү буруу төсөөллийг арилгадаг юм.”
“Наландагийн уламжлалын сургалт нь учир шалтгаан, логикийг өргөнөөр ашигладаг ба энэ нь шинжлэх ухааны арга барилтай ихэд дүйцдэг. Би сүүлийн дөчөөд жилийн турш орчин үеийн эрдэмтэдтэй харилцан яриа хийж байна. Бурхан Багш шавь нартаа “Та нар алтыг шатааж, тасдаж, үрж шалгадагтай адил миний сургаалийг зөвхөн сүсэг бишрэлээр дагах бус, нягталж шалгах хэрэгтэй” гэж зөвлөсөн байна. Энэ айлдварын дагуу Наландагийн их багш нар түүний сургаалийг сайтар нягтлан судалж, тэдгээрийг шууд хүлээн зөвшөөрөх, эсвээс тайлбартайгаар хүлээн зөвшөөрөх гэж хуваасан юм.”
Уур, хүсэл шунал гэх муу сэтгэлүүд нь бидний эрүүл мэндийг сүйтгэж байдаг бол энэрэнгүй сайхан сэтгэл, хайр нь эрүүл мэндэд тустай гэлээ. Уур, хүсэл шунал нь бидний өөрийгөө гэх хандлагаас үүсдэг. Үүний эсрэг бодь сэтгэлийг сэргээн хөгжүүлэх хэрэгтэй гэж зөвлөв. Тэрээр мөн бодь сэтгэлийг хөгжүүлэхтэй зэрэгцүүлэн хоосон чанарыг ойлгож чадвал омголон сэтгэлийг номхтогоход ихэд тустай байх болно гэлээ.
Дээрхийн Гэгээнтэн цааш нь өгүүлэхдээ бусдыг хүчирхийлэлгүй, энэрэнгүй байлгах тал дээр үүрэг хүлээн ажиллаж байгаа гэдгээ мэдэгдэв. Мөн тэрээр шашин хоорондын эв эеийг дэмжих үүрэг өөртөө хүлээжээ. Зургаан сая төвөд хүний итгэл найдварын тулгуур болсон тул төвөд хэл, соёл, Наландагийн жинхэнэ уламжлалыг авч үлдэхэд өөрийгөө зориулж буй хэмээн ярьлаа. Төвөдийн буддын шашин нь өргөн хүрээний цогц уламжлал бөгөөд үзэл баримтлал нь дэлхий дахинд ач тусаа үзүүлнэ гэдэгт итгэлтэй байдгаа илэрхийлэв.
Дээрхийн Гэгээнтэн бурханы шашинтнууд Бурхан Багш юу айлдсаныг ойлгодог 21-р зууны буддист байхыг уриалав. Тэрээр зөвхөн сүсэг бишрэл хангалтгүйг цохон тэмдэглэлээ. Мөн тэрээр Бурхан Багшийн сургаалийг дагадаг шавь нарыг зөвхөн сүсэг бишрэлийг дагадаг, эсвэл судалгаа шинжилгээ хийж саруул ухааныг дагадаг гэж хоёр ангилсан ловон Харибадрагийн дүгнэлтийг дурьдлаа. Өнөө үед буддистууд ухаалаг асуулт тавьж, сурсан зүйлээ магадлан судалж чадвал Бурхан Багшийн сургааль цаашид оршин тогтнох бөгөөд хэрэв зөвхөн сүсэг бишрэл дээр тогтвол ийм ирээдүй байхгүй гэв.
Дээрхийн Гэгээнтэн өнөөдөр ерөнхий ойлголтын талаар тайлбар хийснээ мэдэгдээд маргааш хутагт Нагаржунайн ‘Бодь сэтгэлийн тайлбар’-номыг айлдах тухайгаа зарлав.