Энэтхэг, Химачал Прадеш, Манали – Дээрхийн Гэгээнтнийг Аари дацангаас хөдлөх үед шөнийн туршид орсон бороо зогсож байлаа. Дүүргийн захиргааны урд индэр болон сүсэгтэн олонд зориулсан талбайг засжээ. Аари дацангийн хамба лам Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг хүрэлцэн ирэхэд орон нутгийн удирдлагуудын хамт тосож авсан бөгөөд индэр дээрээс Дээрхийн Гэгээнтэн хуран цугласан олонд гараараа даллаад Төвөдийн шашны урсгал бүрийн төлөөллүүд болсон мяндагтан лам нартай мэндчиллээ. Тэдний дунд Саж Пунцаг Бодангаас ирсэн залуу Дүнсэ Асанга ринбочэ байсан юм.
Дээрхийн Гэгээнтнийг морилох үед хэсэг лам нар индэрийн өмнө номын мэтгэлцээн өрнүүлж байсан бөгөөд түүнийг суудалдаа заларсны дараа номын айлдварт зориулсан залбирал уншлага явахын зэрэгцээ цай, үзэмтэй будааг тарааж эхлэв.
“Өнөөдөр бид Маналид Аари дацангийн урилгаар цуглалаа” гэж Дээрхийн Гэгээнтэн айлдвараа эхэлсэн юм.
“Аари дацанг хуучин Гоман дацангийн хамбын айлтгасны дагуу дахин байгуулсан бөгөөд тус дацангийн лам хуврагуудыг сургалтын их газар хэмээн алдаршсан Сэра, Гандан ба Брайвун хийдүүдэд харьяалагдах зарчмаар байгуулсан юм. Энэ хийдэд хуврагууд судар зохиолуудыг зөвхөн цээжлэх бус гүнзгийрүүлэн судалж байна. Аари дацан, Дагбу Шэдүвлин ба Чойхоржал дацангуудыг II Далай лам анх байгуулсан түүхтэй.”
“Борооны улирлын гурван сарын номын нямбаны үед бүх хуврагууд Чойхоржал хийдэд цуглардаг. Гэхдээ Чойхор хийд нь Намжал дацангийн адилаар зан үйлд чиглэсэн хийд байсан бол Аари дацан ба Дагбу Шэдүвлин хийдүүд нь судар номыг нухацтайгаар судлан суралцахад төвлөрч байсан юм. Патликулын ойролцоо дахин байгуулагдсан Дагбу Шэдүвлинд очиход надад таатай байсны адилаар өнөөдөр би энд хүрэлцэн ирсэндээ баяртай байна.”
Дээрхийн Гэгээнтэн Куллу хөндийд олон буддистууд байдгийг тэмдэглэн хэлээд Буддизм нь зөвхөн сүсэг бишрэл төдий бус логик, учир шалтгаанд суурилдагийг санууллаа. Тэрээр Буддизмыг тусгайлан хамгийн шилдэг шашны уламжлал гэж онцгойлохгүй гэдгээ тодотгоод өвчтөний байдалд тохируулж ялгаатай эмүүдийг хэрэглэдгийн адил шашин тус бүрийн үр нөлөө нь тухайн хувь хүний суурь төлөв шинжтэй хамаатай гэдгийг тайлбарлав.
“Бид өнөөдөр энд дээдийн номыг сонсохоор цугласан тул багш болон сонсогч сүсэгтэн та бүгд аль аль нь зөв сэдлийг үүсгэсэн байх ёстой юм шүү. Номонд олон суусан гээд алдар, нэр хүнд горилох сэтгэлийг үүсгэж болохгүй. Үүнийг чухаг дээд гуравтаа аврал итгэлээ одуулах өөрийн бясалгал дадуулгын хэсэг гэж үзээд хамаг амьтны тусыг бүтээе гэсэн шийдэл зоригийг үүсгээрэй.”
Дээрхийн Гэгээнтэн хурсан олныг дагуулан итгэлийг гурвантаа уншлаа. Куллу нь Дэмчог бурханы 24-н ариун газрын нэг учраас олон бурхад ба бусад бодьгалиуд бидний ойролцоо оршиж байгаа гэдгийг Дээрхийн Гэгээнтэн тодотгоод тэдэнд бас зориулан уншлага өргөлөө.
“Буддизмд эх болсон хамаг амьтад ертөнц даяар тоолшгүй ихээр оршин байгааг бид ярьдаг билээ” гэж тэрээр үргэлжлүүллээ. “Эдгээр амьтан бүгд зовлонг үл хүсэж, зөвхөн жаргалыг хүсдэгээрээ адилхан юм. Энэ дэлхий дээр амьдарч буй амьтан бүгд, тэр дотроо 7 тэрбум хүн төрөлхтөн эдгээр амьтдын нэг хэсэг билээ.”
“Хүмүүс бодож сэтгэх чадвартай учраас шашинг даган сүжиг бишрэлийг үүсгэдэг бол адгуус амьтад болон бусад төрөл амьтад голчлон мэдрэхүйн, мэдрэмжийн ухамсар дээрээ суурилсан байдаг.”
“Шашинд итгэгчид, үл итгэгчид бас эргэлзэгчид бий. Шашингүй хүмүүсийн хувьд заримдаа амьдралд нь хүндрэл учрахад хөлөө алдах тохиолдол бий. Харин итгэл үнэмшилтэй хүмүүс энэхүү итгэлээсээ түшиг тулгуур олдог юм.”
“Энэтхэгт дээдийн номын санаа анх үндэслэгдэж үүний хамтаар “ахимса” буюу хүчирхийлэлгүй оршихуйн санаа гарсан билээ. Хүчирхийлэлгүй оршихуйг бодоод үзэхээр энэрэл нигүүлсэлийн тухай аяндаа бодох болно. Энэтхэгт мөн оюун сэтгэлийг хөгжүүлэн дадлагажуулахын тулд төвлөрөх болон шинжлэх бясалгал дасгалуудыг боловсруулан хөгжүүлсэн байдаг. Шагжамуни бурхан энэ бүх дадлагуудыг амьдралд хэрэгжүүлсэн билээ.”
“Зороастр, Иудизм, Христийн болон Исламын шашин баруун Азид үүсэж хөгжсөн бөгөөд эдгээр уламжлалуудыг дагагчид бүгд энэ сүжиг бишрэлээсээ итгэл найдвараа олж байсан билээ. Өнөө цагт орчин үеийн шинжлэх ухаан, түүний юмс үзэгдлийн мөн чанарын судалгаа нь шашинд итгэх итгэл үнэмшлүүдэд нөлөөлж буй. Гэвч хүний оюун ухаан юмсыг задлан шинжилж ухаарч ойлгох чадвартай билээ. Тиймээс ч Бурхан багш өөрөө “Эрхэм хуврагууд минь, алтыг түлж, тасдаж бас үрж чанарыг нь шалгадгийн адилаар миний сургааль айлдваруудыг намайг хүндлэхийн эрхэнд бус харин сайтар шинжиж үзсэнийхээ дараа л хүлээж авагтун” гэж зөвлөсөн байдаг.”
“Үүний ч үр дүнд Наландын их мастерууд учир шалтгаан ба задлан шинжлэлийг ашиглан судлаад Бурхан Багшийн тэмдэглэгдэж үлдсэн сургааль номлолуудыг тодорхой бөгөөд үнэн, бас тайлбарлах шаардлагатай гэсэн үндсэн хоёр хэсэгт хуваасан байдаг. Үүний шалтгаан нь Бурхан Багш өөрийн шавь нарын төлөв, ухаарах чадварт тулгуурлан номоо ялгаатай айлдсантай холбоотой. Өөрөөр хэлбэл тодорхой нөхцөл байдал дахь Бурхан Багшийн номлол бүрт тодорхой зорилго байсан юм.”
“Үнэмлэхүй үнэнийг өгүүлсэн сургааль номлолуудыг тодорхой бөгөөд үнэн, харин бусад сургааль номлолуудыг тайлбар шаардлагатай гэж үзэж болно. Наландын уламжлалын хувьд ийм задлан шинжлэл чухал байсан юм.”
Бурхан Багш төрөх, өтлөх, өвдөх ба үхэхийн тохиолдлуудтай учирсны дараа өөрийн тансаг, тав тухтай хан хүүгийн амьдралыг хөсөр орхиод гэр оронгүй гэлэнгийн амьдралыг сонгосныг Дээрхийн Гэгээнтэн тайлбарлав. Бурхан Будда зургаан жилийн хүнд хүчир даяанчлалыг хийсний эцэст гэгээрлийн хутгийг олсон бөгөөд үүнийгээ “Гүн гүнзгий ба амар амгалантай, гэм түйтгэрээс ангид, цуврил үгүй гэрэл гэгээ –шимт рашаан болсон Дээдийн номыг би оллоо. Гэхдээ үүнийг би номловол хэн ч ойлгохгүй учраас чимээ аниргүйгээр аглагт оршиё” гэж илэрхийлсэн байдаг.
“Бурхан Багш урьд хамт даяанчилж байсан Каундиньяа зэрэг таван даяанчтай уулзах үед тэд Түүнээс юу мэдэрч ямар туршлага олсныг асуусан байна. Энд анх удаа Бурхан Багш Хутагтын Дөрвөн Үнэнийг айлдсан бөгөөд энэ нь Нагаржуна гэгээтний нэгэнтээ өгүүлснээр шүтэн барилдлагыг ойлгосон ямар ч хүний хувьд ухаарахад хялбархан ойлголт байв. Зовлонгийн үнэн, шалтгааны үнэн, гэтлэхийн үнэн, зам мөрийн үнэний тухай энэ тайлбар нь номын анхны хүрдний айлдварын нэг хэсэг байсан билээ. Эдгээр үнэнүүд, тэр дотроо зовлонгийн шалтгааныг арилгаж гэгээрэх боломжийн тухай үнэн нь Бурхан Багшийн хоёрдугаар номын хүрдний гол агуулга болсон юм.”
“Хутагтын Дөрвөн Үнэн ба түүний арван зургаан төлөв нь Пали ба Санскрит уламжлалуудын аль алины суурь үндэс болдог” гэж Дээрхийн Гэгээнтэн тодрууллаа. “Билиг билгүүний сургаалиудыг Ражгирын дэргэд Тас Цогцолсон ууланд үйлийн үр нь илүү цэвэр бодьгал нарт номлосон бөгөөд үүнийг харуулсан билгүүний 25 шүлэгт судар бол алдарт “Билгүүний зүрхэн” судар юм. Эхний хоёр номын хүрдэнд айлдсан сургаалиудын агуулгаас Бурхан Багшийн холч хараа, билиг мэдэл ямар гайхалтай байсныг мэдэж болно.”
“Вайшали болон өөр хэд хэдэн газар Бурхан Багш гуравдугаар номын хүрдээ эргүүлсэн бөгөөд энд “Таалалын тайлбар” болон Майдарын гэгээний “Жүд Лама” судрын үндэс болсон бурханы мөн чанарын тухай тайлбаруудыг өгсөн байдаг. Гуравдугаар хүрдний үед үлгэрийн гэгээн гэрэл буюу гэгээрсэн ухамсарын тухай номлосон бол билиг билгүүний айлдварын үед утгын гэгээн гэрэл буюу хоосон чанарыг номлосон юм. Мөн ханьцашгүй дандрын айлдварын үедээ гэгээн гэрлийн сэтгэлийг гэгээн гэрэл ба солонгын биеийн нэгдлийн утгаар бас тайлбарласан билээ.”
“Санскрит уламжлал нь судалгаа ба задлан шинжилгээг онцолдог. Нагаржуна гэгээнтний хэлснээр Бурхан Багшийн сургааль нь хоёр үнэн дээр суурилсан юм. Аврал итгэлээ одуулах, сүжиг бишрэлийг үүсгэх зэрэг нь уламжлалт дадуулга, зан үйл бөгөөд харин бодитоор гэтлэн гэгээрэхийг ойлгохын тулд нисванист сэтгэлүүд нь мунхаг сэтгэл дээр суурилдагийг ойлгох шаардлагатай. Арьяандэвийн гэгээний “400-н бадагт”-д өгүүлснээр эдгээр сэтгэлүүд нь мунхаг сэтгэлээр л тэжээгддэг бөгөөд үүнийг арилгахын тулд юмс үзэгдлийн мөн чанарыг ойлгох – юмс үзэгдэл шүтэн барилдлагын эрхээр бий болдгийг бид ойлгох ёстой. Мунхаг сэтгэл нь бодит байдалтай нийцээгүй гажуудалт үзэл, бодол юм. Энэ сэтгэл нь өөрөө эндүүрэл учраас түүний эсрэг үйлчлэх сөрөг хүчин зүйл заавал байх болно.”
“Нисванист сэтгэлүүд ба гажуудалт үзлүүд нь түр зуурын бөгөөд тохиолдлын шинж чанартай бол жинхэнэ сэтгэлийн мөн чанар нь гэгээн гэрлийн мөн чанартай бөгөөд тэдний нөлөөллөөс ангид байдаг. Үүнийг гуравдугаар номын хүрдний үед болон Сандуй зэрэг ханьцашгүй дандрын номлолын үедээ Бурхан Багш тодорхой номлосон бөгөөд хөнөөлт хорт сэтгэлүүд нь 80 ялгаатай атгаг үзэл төсөөллүүдэд дулдуйдаж бий болдгийг энд тайлбарлажээ. Гэгээрэлд хүрэхийн өмнө цагаан, улаан ба харласан үзэгдлүүдийг зогсоох үед 80-н атгаг үзэл арилснаар гэгээн гэрлийн сэтгэл ил болж эхэлдэг. Тиймээс нисванист сэтгэлүүдийг билиг билгүүнээр арилгаж болдог учраас нирванад хүрэх нь боломжтой гэдгийг та бүхэн харж байгаа байхаа.”
“Буддист бус уламжлалуудад хоёр үнэнийг хөнддөг ч бүхэлдээ хоёр үнэний тухай бүрэн ойлголт авахын тулд та бүгд билиг билгүүний сургаалиудыг ойлгосон байх шаардлагатай. “Билгүүний зүрхэн”-д дүрс бол хоосон, хоосон бол дүрс, хоосон чанараас тусдаа дүрс гэж үгүй, дүрсээс тусдаа ч хоосон чанар гэж үгүй гэж айлдсан байдаг нь хэдийгээр юмс үзэгдэл оршдог боловч тэдний бодит үнэн мөн чанарыг хайвал түүнийг олохгүй гэсэн утгыг өгүүлж буй. Тиймээс юмс үзэгдэл бүгд зөвхөн нэрийн төдий л оршдог юм. Хэрэв хайж үзээд та юмсыг олохгүй бол эдгээр юмс нь гадаад чанараараа оршдоггүй гэсэн үг гэж сэтгэл төдийтөн үздэг.”
“Биет зүйлсийг хайж үзээд олохгүйн адилаар сэтгэлийг ч мөн олохгүй. Сэтгэл нь биет бус, харин ухамсрын мөчлөг бүрийн цуваа, хэлхээ байдлаар оршино. Биет зүйлс нь бодитой, бие даан оршиж байгаа мэт санагддаг хэдий ч нягтлан үзвэл олдох юмгүй байна. Квант физикт биет зүйлс бүгд бодитоороо оршдоггүй болохыг тогтоосон нь хоосон чанарын тухай миний бясалгалд их тустай байгаа шүү.”
“Төв үзэлд юмс үзэгдлийг ер нь тодорхой мөн чанартайгаар оршдогийг үгүйсгэдэг. Чандракирти “Төв үзэлд орохуй” зохиолдоо юмс үзэгдэл бодитой, мөн чанараараа оршдоггүй болохыг баталсан билээ. Хэдийгээр төв үзэлд юмсыг дотоод мөн чанартайгаар оршдогийг үгүйсгэдэг, сайтар шинжлэн үзээд ч олдох юм үгүй байгааг баталдаг ч эдгээр юмс үзэгдлүүд нь бидэнд нөлөөлдөг учраас нэрийн төдий оршдог гэж үздэг бөгөөд үүнийгээ “сүйх тэрэг”-ний жишээгээр тайлбарласан нь бий. Дүрс бол хоосон, хоосон бол дүрс бөгөөд учир нь юмс үзэгдэл харилцан шүтэлцлээр л оршдог ба бидэнд үзэгдэж байгаа байдлаараа оршдоггүй юм. Өөрөөр хэлбэл нэгэнтээ юмс үзэгдлүүд нь бусад хүчин зүйлсээс хамаардаг тул өөрийн бие даасан мөн чанартайгаар оршдоггүй бөгөөд харин зөвхөн шүтэн барилдаж оршдог байна.”
Өөрсдийн энэ хиртэй, гэмт сэтгэлүүд нь тохиолдлын бөгөөд арилгаж болохыг ойлгосон нөхцөлд бидний сэтгэлийн мөн чанар нь цэвэр ариун агаад гэгээлэг чанартай болохыг мэдэж болно гэдгийг Дээрхийн Гэгээнтэн тайлбарлалаа. Тэрээр Пали уламжлалыг дагагчид нь судрын номлолоо баримтлан мөнх бус, зовлон шаналал ба бусдыг гэсэн сэтгэлийг ойлгож ухаарахыг зорьдог бол Наландын уламжлал нь учир шалтгаан ба логикт суурилдагийг онцлов.
“Төв үзлийн билгүүний үндэс” зохиолынхоо эхэнд Нагаржуна Бурхан Багшид шүтэн барилдлагыг номлосонд нь хүндэтгэл үзүүлээд зохиолынхоо төгсгөлд эндүүрэлт үзэгдэл, үзлүүдээс биднийг ангижирахад туслаж сургаалиа айлдсанд нь түүнийг магтан дуулсан байдаг. Буддапалита ба Чандракирти хоёулаа нэрийн төдийд орших ёсыг цааш лавшруулан судалж тайлбарласан билээ.”
Дигнага ба Дармакирти нар учир шалтгаан логикийг ашиглан Бурхан Багшийн сургааль айлдваруудын үнэнийг нотлон буулгасан байна. Учир шалтгааны ухааны “Шалгадагийн тайлбар” зохиолынхоо хоёрдугаар бүлэгт Дармакирти Бурханы айлдварууд нь үнэн бодитой, найдвартай эх үүсвэр болохыг учир шалтгааны дагуу баталсан байдаг. Ийм учир шалтгаан ба логик ухаануудыг ашигладаг нь Буддизмыг бусад уламжлалуудаас онцгой ялгамжаатайг харуулж байгаа боловч ерөнхийдөө бүхий л шашны уламжлалууд хайр энэрлийг сайшаан номлодог гэдгийг Дээрхийн Гэгээнтэн нэмж тэмдэглэн хэлсэн юм. Жишээлбэл Христийн шашинд бид бүгд нэг Эзний хүүхдүүд учраас бид бүгдээрээ ахан дүүс мөн гэж сургадаг. Тиймээс ч өнөө цагт шашны нэрийг барьж бие биенийгээ хөнөөж байгаа нь үнэхээр харамсалтай, бас төсөөлшгүй хэрэг гэдгийг Дээрхийн Гэгээнтэн онцоллоо. Ямартаа ч шашин бүр хайр энэрлийн тухай нийтлэг номлолтой тул шашин бүр хоорондоо эв зохицолтой орших нь маш чухал юм.
Өнөөдөр энд хүрээд зогсоё гэдгээ Дээрхийн Гэгээнтэн мэдэгдлээ. Түүний айлдах судрын Төвөд, Хинди, Англи ба Хятад хувилбаруудыг сүсэтгэн олонд тараасан тул эдгээр номоо маргаашийн айлдварын өмнө уншсан байхыг Дээрхийн Гэгээнтэн зөвлөлөө. Өнөөдөр Буддизмын тухай ерөнхий танилцуулсан гэдгийг Дээрхийн Гэгээнтэн дурьдаад цаашид гүнзгийрүүлэн дадуулахын тулд орохуйн бодийн сэтгэл болон хоосон чанарын тухай ойлголттой байх нь чухал, энэ бүгдийг тараасан номонд тайлбарласан байгаа гэдгийг сануулав.
Өөрийгөө эрхэмлэсэн, хувиа хичээсэн хандлага нь биднийг аз жаргалгүй болгож айдаст автуулдаг гэдгийг Дээрхийн Гэгээнтэн тайлбарлаад ийм хандлагатай бол бид бүх дэлхийг өөрийн дайсан болгож харах эрсдэлтэй гэдгийг цохож хэллээ. Хэрэв бүх дэлхийг өөрийн анд найз гэж харвал та амар амгалантай амьдарч чадна. Тэрээр сүсэгтэн олонд хандан мэдлэгийн гурвалсан хандлага – суралцах, тусгах, тэгээд бясалган дадуулах гэсэн шатлалыг дагаж мөрдөхийг шамдуулсан юм. Ингэж үйлдсэнээр л “Билгүүний зүрхэн” сударт хутагт Жанрайсэг “Датяата гатэ гатэ пара гатэ парасам гатэ боди суха” гэж айлдсанаар (үүний утга нь: Одохтун, цааш одохтун, бүрэн цааш чинадад одохтун, гэгээрэлд оршихтун) тодорхой дүрсэлсэн таван зам мөрөөр сайтар урагшлах болно.
Дээрхийн Гэгээнтэн тодорхой тайлбарыг нь айлдлаа:
“Гатэ гатэ – Одохтун, одохтун – эдгээр нь чуулганы ба найруулгын зам мөр ба бодь сэтгэл ба хоосон чанарын анхдагч мэдрэмж, туршлагыг харуулсан бөгөөд, пара гатэ – цааш одохтун – гэдэг нь үзэхүйн мөр ба хоосон чанарыг анх ухаарч бодьсадвийн нэгдүгээр газарт хүрэхийг харуулсан ба, парасам гатэ – бүр цааш чинадад одохтун – гэдэг нь бясалгалын мөр ба дараа дараагийн бодьсадвийн газруудыг олохыг харуулсан ба төгсгөлд нь боди суха – гэгээрэлд оршихтун гэсэн нь төгс гэгээрлийн үндсийг тавихыг харуулж байгаа билээ.”
Дээрхийн Гэгээнтэн номын айлдвараа маргааш үргэлжлүүлнэ.