Энэтхэг, ХП, Манали – Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Манали хотын зүг хөдлөхөд Дарамсала хотод бороо орж байлаа. Дарамсала хотын төвөд иргэд түүнийг үдэхээр замын хоёр талаар эгнэн зогссон байв. Дээрхийн Гэгээнтний замд Кангра Валли хүртэл ширүүн бороо асгарч, Надаумд хүрэлцэн ирэхэд Бий мөрөн сав дүүрэн урсаж байлаа.
Түүнийг Хамипурт хүрэлцэн ирэхэд Киннаур, Лахол, Спитид суралцдаг сурагч хүүхдүүд уламжлалт бөмбөр цохин угтаж, мөн Хамипурт амьдардаг ХП мужийн ерөнхий сайд асан, доктор Прем Кумар Думал угтан уулзлаа. Тэрээр эртний Энэтхэгийн мэдлэгийг өнөөгийн дэлхийд таниулах Дээрхийн Гэгээнтний үйл хэргийг магтан сайшааж хувь нэмэр оруулахаа мэдэгдэв.
Хамипураас хөдөлсөн зам Ревалсарын толгодыг давж, ловон Бадмасамбхавагийн ариун дагшин орон болох Цо Пемад хөтлөн ирэв. Энд Дээрхийн Гэгээнтнийг зам зуур угтаж буй олон хүмүүс гартаа хадаг, хүж, цэцэгс барин зогсож байлаа. Цо Пемаг өнгөрч байх үед бороо зогсон, нар гийлээ. Уулын бэлд байх Мандид хүрэлцэн ирэхэд ялимгүй салхитай байв. Дээрхийн Гэгээнтэн энд үдийн зоог бариад эрт цагт Мандигийн хааны ордон байсан, эдүгээ зочид буудал болсон ордонд амрахаар мориллоо.
Маргааш өглөө нь Манали хотын зүг хөдлөхийн өмнө энд байрлах Төвөдийн нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүд Дээрхийн Гэгээнтэнтэнд хүндэтгэл үзүүлэн уулзлаа. Мөн цагдаагийн дарга асан, 1980 оны үед Дээрхийн Гэгээнтний дэргэд ажиллаж байсан хуучин анд нь Манди дахь өөрийн гэртээ түүнийг урив. Ингээд аялалын багийн төлөвлөгөө бага зэрэг өөрчлөгдөж Катаула уулыг даван, Прашар нуурыг тойрч, Бажаурад ирлээ. Энд Дээрхийн Гэгээнтэн хуучин андындаа хэсэг зуур саатан амарч, цай уугаад эргээд хөдөлсөн юм.
Замд олон газарт Дээрхийн Гэгээнтнийг тавтай морилохыг хүссэн хүндэтгэлийн хаалга байх бөгөөд олон төвөд, энэтхэг иргэд, лам хуврага, энгийн ард иргэд, хүүхэд багачуул замын хоёр талаар зогсон угтаж түүнийг олж харахыг хичээж байлаа.
Маналид хүрэлцэн ирсэн даруйдаа Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Он Аари хийдэд мориллоо. Энд Гоман дацангийн хамба лам асан кэнсүр Лувсан Самдэн угтсанд Дээрхийн Гэгээнтэн түүнийг дотноор тэврэв. Мөн Күллү Валли дахь Төвөдийн суурин төлөөлөгч Тэнзин Нанва хадаг барин угтлаа. Уламжлалт заншил ёсоор Даши Шолпа бүжиг бүжиж, сургуулийн сурагч хүүхдүүд чема чамбү буюу арвайн гурил барин угтсан ба сургуулийн сурагч охидууд хүндэтгэлийн дуу дуулан угтлаа.
Хийдийн дуган дотор Дээрхийн Гэгээнтэн шүтээнд зул өргөж, Бурхан Багш болон Жанрайсиг бурханы шүтээний өмнө мөргөн залбирав. Түүнийг суудалдаа морилсны дараа хийдийн хамба лам, Гоман дацангийн кэнсүр мандал өргөсөн юм.
Дээрхийн Гэгээнтэн:
“Төвөдөд Аа, Даг, Жал гэх гурван хийдийг II Далай Лам Гэндэнжамц үүсгэн байгуулсан юм. Эдгээр нь Аари, Дагбу, Чойхоржал гэх гурван хийд билээ.”
“Хамба лам Лувсан Самдэн Энэтхэгт Аари хийдийг сэргээх хүсэлтэй байсан бөгөөд би ч түүний хүслийг дэмжсэн юм. Түүний хийсэн үйл хэрэгт би талархаж, мөн намайг энд урьсанд баяртай байна. Мөн энд хүрэлцэн ирсэн бусад лам хуврагууд болон бусад хүмүүст баярлалаа.”
“Өнөөдөр бид нэлээдгүй лам хуврагтай хэдий ч сургалтын төвийг, ялангуяа дан ганц эрэгтэй, эмэгтэй лам хуврагууд суралцдаг бус, энгийн ард иргэд суралцах боломж бүхий сургалтын төвийг байгуулах нь нэн чухал болж байна. Бурханы шашин нь дан ганц сүсэг бишрэл дээр бус, учир шалтгаан дээр суурилдаг. Бурхан Багш гэгээрэлд хүрснийхээ дараа гайхамшигт зүйлийг олж авсан ч үүнийгээ бусдад тайлбарлахад хэн ч ойлгохооргүй байжээ. Гэвч учир шалтгааны үүднээс тайлбарлаж эхэлснээр түүний айлдварыг ойлгох шавь нар улам нэмэгдэж эхэлсэн байна.”
Дээрхийн Гэгээнтэн яриан дундуур лам хуврагууд ямар ном цээжилж, үзэж судалж байгааг асуув. Тэд “Илт онохуйн чимэг” номыг цээжлэн, үзэж судладаг гэсэн хариултыг сонсоод тэрээр ихэд тааламжтай байлаа. Тэрээр Төв үзлийн номыг бүрэн гүйцэд тайлбартай нь үзэж судлах хичнээн чухал болохыг онцлон айлдсан юм.
Дээрхийн Гэгээнтэн энд “Оюун судлахуйн найман шүлэг”, “Бодьсадвын 37 гарын авлага”, “Бодь сэтгэлийн тайлбар” гэх номуудыг тайлбарлан номлож, дараа нь Жанрайсиг бурханы авшиг хүртээнэ гэдгээ мэдэгдэв.