Энэтхэг, Чандигар – Өчигдөр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Дарамсалагаас машинаар хөдлөн Чандигард хүрэлцэн ирэв. Тэрээр Читрака их сургуулийн 11 дэх удаагийн Глобал Викийн нээлтийн үйл ажиллагаанд уригдсан байна. Өнөө өглөө сургуулийн төлөөлөгчид түүнийг угтан Ражпура кампус хүртэл замчиллаа. Глобал Викийн үеэр дэлхийн олон орноос багш нар ирж, оюутнуудад богино хэмжээний лекц уншдаг тул оюутнуудад олон улсын байдлын талаарх мэдлэг, туршлагаа дээшлүүлэх боломж олддог байна.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам оролцогчидын эхний эгнээнд суусан бөгөөд сургуулийн дэд захирлын орлогч Сангийт Жаура түүнийг 1200 чадварлаг багш, оюутнуудад танилцууллаа. Дараа нь таван төвөд эмэгтэй тайзан дээр Дээрхийн Гэгээнтнийг урт наслахыг ерөөсөн Төвөдийн уламжлалт дуу дуулж, бүжив. Мөн таван энэтхэг залуу бүсгүй өмнөд Энэтхэгийн уламжлалт бүжиг болох Баратанатям бүжгийг сүр жавхлантайгаар бүжиглэлээ. Дараа нь дөрвөн хос Энэтхэгийн хойд зүгийн Катак бүжгийг үзүүллээ. Үзүүлбэрээ дуусгаад 3 бүжгийн баг тайзнаас буун Дээрхийн Гэгээнтэн дээр очин мэндчилэхэд, тэрээр хүн тус бүрт талархал илэрхийлэв.
Ингээд Дээрхийн Гэгээнтэн Далай Лам тайзан дээр уригдан сургуулийн захирал болон дэд захирлын хамтаар оюун ухаан, урлагийн бурхан Сарасватид зул өргөсөн юм.
“Хүндэт ахан дүүс минь! Бид үнэхээр хүн төрөлхтөн хэмээх нэгэн ахан дүүс билээ. Бүтээгч Эзэнд итгэдэг уламжлалт шашны хувьд хязгааргүй бүтээгч Эзэн тэнгэр нь хайраас бий болсон бөгөөд бид бүгдийг бүтээсэн. Тиймээс түүний хүүхдүүд болсон бид ахан дүүс юм. Бүтээгч Эзэн тэнгэрт итгэдэггүй хүмүүсийн хувьд үзвэл, бидний амьдралд эхлэл гэж байдаггүй. Бид төрлөөс төрөл дамжин одоогийн энэ төрөлдөө хүний төрлийг авч хүн төрөлхтөн хэмээх нэгэн том гэр бүлийн гишүүн болсон юм.”
“Бидэнд тулгардаг зарим асуудлууд, жишээ нь байгалийн гамшиг бидний хүчин чадлаас хэтэрсэн байдаг. Гэхдээ бусад асуудлууд болох дарамт, мөлжлөг, хууралтыг бид өөрсдөө бий болгосон. Юутай ч шинжлэх ухааны эрдэмтэд хүний уг чанар нь энэрэнгүй болохыг баталсан байна. Мөн байнгын уур уцаартай, үзэн ядалт, хорсолтой байвал бидний дархлааны тогтолцоо мууддаг гэсэн судалгааны дүн гарсан тул сайхан сэтгэлийг хөгжүүлэх нь бидний эрүүл мэндэд ч сайнаар нөлөөлөх нь тодорхой билээ.”
“Бид бага балчир байхдаа найзуудтайгаа их дотно нээлттэй байдаг, гэвч сургуульд орсны дараа бид өөрсдийн сэтгэл хөдлөлөө бага багаар хянаж эхэлдэг. Орчин үеийн боловсролд барууны боловсролын нөлөө орсон хэдий ч Энэтхэг орны хувьд удаан хугацаанд оршсон “хүч үл хэрэглэх”, “энэрэл хайр”, “анхаарал төвлөрөл”, мөн “бодит байдлыг мэдрэх”—‘ahimsa’, ‘karuna’, ‘shamatha’ and ‘vipashyana’ зэрэг уламжлалууд бий. Жейнизм болон буддизм хоёулаа Энэтхэгийн эдгээр уламжлалаас гаралтай. Өнөөдөр бидэнд өөрийн сэтгэл оюунтайгаа ажиллах боловсрол нэн чухал байна, үүнийг үл тоовоос бид зөвхөн материаллаг амжилтыг л зорих болно.”
“Бид өөрсдийн хөнөөлт муу сэтгэл хөдлөлөө хэрхэн удирдахад суралцах хэрэгтэй. Хэрэв ингэж чадвал сайхан сэтгэл нь дэлхийн энх тайвны үндэс суурь болохыг ойлгож чадна.”
“Зөвхөн материаллаг талын боловсрол олж авсан хүмүүс аяндаа материаллаг байдлыг чухалчлах үзэлтэй болж ирдэг. Бид хүүхдүүдийнхээ биеийн эрүүл мэндийг чухалчилдаг шигээ уурлах, донтох асуудлыг хэрхэн удирдан чиглүүлэх, мөн бусдыг хайрлах сэтгэлийг хөгжүүлэх сэтгэлзүйн эрүүл ахуйг заан сургах хэрэгтэй.”
“Эртний Энэтхэгийн оюун санаа, сэтгэлийн мэдлэг, ухааныг дахин сэргээх нь миний үүрэг бөгөөд Энэтхэг улс орчин үеийн боловсролыг дээр дурдсан эртний мэдлэг ухаантай хослуулсан анхдагч улс болж чадна гэдэгт итгэлтэй байна. XX зуунд Махатма Ганди “Ахисма” буюу “хүч үл хэрэглэх”-ийн хүчийг харуулсны адилаар энэ зуунд Энэтхэг улс хөнөөлт муу сэтгэл хөдлөлөө удирдах, оюун санааны амар амгаланг хөгжүүлэх нь хэчнээн чухал болохыг харуулж чадна. Шашин бол хувь хүний сонирхолын асуудал ч, ёс зүй бол хүн төрөлхтөн бүгдэд нь хамааралтай. Тиймээс сэтгэлийн амар амгаланг иргэний боловсрол талаас нь хөгжүүлж чадвал илүү өргөн цар хүрээтэй болох юм.”
Дээрхийн Гэгээнтэн хүч чадал эсвэл мөнгө аз жаргалын дуусашгүй ундарга биш, жинхэнэ аз жаргал бол бидний дотор оршдог зүйл гэдгийг л ойлгочихвол бид илүү их аз жаргалтай, илүү их амар амгалан дэлхийг бүтээж чадна хэмээн тайлбарлалаа. Тэрээр сонсогчдоос энэ талаар юу гэж бодож байгааг нь мэдэхийг хүсэв. Өөр өөр санааг сонсох нь шинэ бодлыг хөгжүүлэхэд тусалдаг хэмээлээ.
Эрүүл мэнддээ анхаарах талаар нэгэн оролцогч асуухад, Дээрхийн Гэгээнтэн сэтгэлийн амар амгалан бол биеийн эрүүл мэндтэй яг адил чухал хэмээлээ. Сэтгэлээ хянаж чадвал чиний эргэн тойронд ямар ч байдал үүсч байсан чи тайван байж чадна. Энэ тухайд, 8-р зууны энэтхэгийн эрдэмтэн Шантидива гэгээн “Бидний дайсан бидний хамгийн том багш болдог” хэмээн айлдсан байна. Мөн амин хувиа хичээх нь айдаст автуулдаг, харин бусдыг ах, эгч, дүүс хэмээн бодох төдийд айдас чинь шууд арилах болно гэв.
Дээрхийн Гэгээнтэн тэрээр ямарваа нэгэн сорилттой нүүр тулах үедээ тэрхүү асуудлыг тодорхой болтол нь өөр өөр өнцгөөс дүгнэж, үргэлж шалгаж үздэг гэдгээ дурдлаа. Хэрвээ ингэж чадвал түүнд санаа зовох хэрэггүй болдог. Хэрвээ тэгж чадахгүй бол тэр талаар санаа зовох ямар ч шаардлагагүй юм. Тэрээр аливаа нэгэн асуудал ихэнхдээ ямар нэгэн боломж агуулж байдгийг ажигласан байна. Хэрвээ залуу хүмүүс өндөр сорилттой тулгарахдаа алсын хараатайгаар нүүр тулж чадвал тэд илүү аз жаргалыг бий болгох боломжтойг олж харна. Өөрийгөө төвчлөх нь оюун ухааныг агшааж, айдаст автуулдаг бол энэрэнгүй сэтгэлтэй байх, мөн бусдыг бодох нь өөртөө итгэх итгэлийг авчирдаг гэлээ.
Үндсэн хэрэглээний эд зүйлсээр дутагдаж байгаа хүүхдэд хэрхэн хүний үнэ цэнийн тухай заах вэ гэсэн асуултад Дээрхийн Гэгээнтэн дэлхий дахины баян ядуугийн ялгаанд харамсдагаа илэрхийлээд “Энд Энэтхэгт гэхэд кастын систем хуучирсан бөгөөд аль 2000 гаруй жилийн өмнө Бурхан Багш кастаар ялгаварлан үзэхийг эсэргүүцэж байсан. Энэ нь феодолын хандлага бөгөөд үүнийг боловсролоор өөрчилж болно” гэв. Тэрээр Энэтхэгт олон үндэстэн өөр өөрийн онцлог шинжүүдээ хадгалан хөгжин цэцэглэж байгаад сэтгэл бахдам байдгаа илэрхийлээд, учир нь хүн төрөлхтөн нийгмийн амьтан бөгөөд бид бие биетэйгээ эелдгээр харилцах ёстой хэмээлээ.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам дэлхийн дулаарал, цаг уурын асуудал ноцтой байгаа талаар дурдаад, Грета Тунбергийн зохистой арга хэмжээ авах шаардлагатайг ойлгуулахаар хичээж байгаад маш их баярлаж байгаагаа илэрхийлсэн юм. Тэрээр Тайваны байгаль орчны мэргэжилтнүүд түүнд саяхан хэрвээ юмс өөрчлөгдөхгүй бол одоогоос 80 жилийн дараа маш ноцтой нөхцөл байдал үүснэ хэмээн анхааруулсныг энд цохон тэмдэглэв. Дээрхийн Гэгээнтний үеийнхэнд нөлөөлөхгүй ч бага залуу насныханд нөлөөлөх талаар заавал бодолцож үзэх шаардлагатай гэв.
“Хувь хүн бүр сайхан сэтгэлийг хөгжүүлэх нь нийгмийг илүү амар тайван болгоход нөлөөлдөг. Мөн илүү энх тайван дэлхийг бий болгоход хувь нэмэр болно. Хамаг амьтан аз жаргалтай байхыг хүсдэг. Бид ямар нэгэн баяр жаргалыг эрж хайдаг бөгөөд үүний тулд өөрсдийн оюун ухаанаа зөв ашиглах хэрэгтэй. Жинхэнэ аз жаргал мэдрэхүйн мэдрэмжээр биш оюун санаанаас хамаардаг. Тиймээс гол түлхүүр нь сэтгэлийн амар амгаланг бий болгох юм. Үүний тулд бид эртний Энэтхэгт сайтар судлагдсан оюун ухаан болоод сэтгэл хөдлөлийн тогтолцоог ойлгох шаардлагатай байна.”
Дэлхий дахины энх тайван болоод боловсрол, хүнлэг чанарт оруулсан баршгүй хувь нэмрийг нь үнэлэн Читкара их сургуулиас Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд Хүндэт уран зохиолын докторын зэргийг олголоо. Тэрээр Читкара их сургуулийн Глобол Вик үүгээр эхэлснийг мэдэгдэв.
Тэнхимээс гараад Дээрхийн Гэгээнтэн Далай Лам “Читрака - Аз жаргалын төв”-ийг албан ёсоор нээсэн бөгөөд их сургуульд зочлон ирснийхээ дурсгал болгож мод суулгалаа. Сургуулийн захирал болон дэд захирлын урилгаар замын хажуугийн Пунжабийн үндэсний хэв маягаар тохижуулсан өрөөнд үдийн зоог бариад дараа нь буудал руугаа буцав.