Энэтхэг, Карнатака, Мундгод – Өнөө өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Гандан Жанзэ дацангийн дуганд морилон орж ирэхэд түүнийг Гандан Ширээт, Шарва болон Жанзэ цорж, Брайбун Ширээт нар хүлээж байлаа. Тэрээр цугларсан хүмүүс, зочидтой мэндчилж, бурхан шүтээний өмнө зул өргөөдсэнтийд залрав.
“Наландагийн 17 их бандидагийн соёрхол” зэрэг сайн сайхныг билэгдсэн ерөөл, залбирал уншигдав. Мөн бүх нийтэд цай, амтат бэрээс түгээлээ.
Дээрхийн Гэгээнтний заларсан сэнтийн өмнө Гандан Ширээт, Шарва, Жанзэ цорж, түүнчлэн Гандан Ширээт асан Ризон ринбочэ, Жонан Жалцав нар суусан байв. Жанзэ дацангийн унзад лам уншлагыгудирдан явууллаа. Дээрхийн Гэгээнтний баруун талд Лин ринбочэ, Тагцаг Кундэлин ринбочэ, Брайбун Ширээт нар суусан байлаа. Түүний зүүн талд Төвөдийн ардчилалын Гурван тулгуурын төлөөлөгчидболох Сикён, ерөнхий шүүгч, Цагаачлал дахь Төвөдийн парламентын дарга нар байв.
Бат оршил өргөх ёслол эхлэхийн өмнө Дээрхийн Гэгээнтэн цугларагсдад хандан айлдвар айлдсан юм.
"Өнөөдөр энд Гандан, Брайбун, Сэра хийдийн лам нар хүрэлцэн ирсэн байна. “Гурван их газар”-ын лам нар цугларч энэхүү Бат оршил өргөх ёслол хийхээр болжээ. Өчигдөр би дурдсанчлан, анхныДалай Лам Гэндэндүб Дарь эх бурханд мөргөн "Би бээр Буддын шашны уламжлалыг, ялангуяа Богд Зонховын уламжлалыг хадгалахыг хичээн зүтгэж, зорьсондоо хүрэх болтугай" гэж ерөөл тавьсан байдаг.”
"Өнөөдөр нэг талаас дацан хийдийн төлөөлөл, нөгөө талаас Төвөдийн Төв захиргааны (ТТЗ) төлөөлөгчид оролцож байна. Өлзийтэй сайхан өдөр тохиож байгаа учраас би сахил хүртээх үеэр адис жанлав оршсон энэхүү номын хувцсыг өмсөхөөр шийдлээ.”
“Орчлон ертөнц хэдий удаан орших хүртэл би хамаг амьтдад туслахын төлөө залбирах болно. Газар дэлхий, сансар огторгуй гэх мэт дөрвөн махбодь шиг хамаг амьтдыг тэтгэхийн төлөө би залбирч байна. Би хүн төрөлхтөн ба хамаг амьтанд үйлчлэхдээ бодитой байхыг хичээдэг. Тэдэнд туслахын тулд зүгээр л уруул амаа хөдөлгөх нь хангалтгүй юм.”
“Би өндөр наслах тусмаа бусдад тустай байж, өөрийн хамгийн том зорилгоо биелүүлэх тухай илүү их боддог. Өөрийн болон бусдын тусыг биелүүлэхийн тулд би бодь сэтгэлийг бясалгадаг. Бусдад үйлчлэх энэхүү энэрэнгүй хүсэл тэмүүлэл нь урт наслахад минь нөлөөлөх болно. Амин хувиа хичээх нь урт наслахад тус болохгүй. Би өнөөдрийн долоон тэрбум хүн төрөлхтний оршин тогтнохийн төлөө зүтгэхээр шийдсэн ба үүнээс ямар нэгэн үр дүн ирж буй.”
"Энд мөн Хятадын бурханы шашинт ахан дүүс ирсэн байна.”
"Энэрэнгүй сэтгэлийг бясалгаж хөгжүүлж эхлэх үеэс би урт наслалтын тухай зүүдэлж эхэлсэн юм. Нэг зүүдэндээ би 13 гишгүүртэй шатаар өгсөж байсан ба энэ нь намайг 113 нас хүртэл амьдрах болно гэсэн таамаглалтай холбоотой гэж тайлсан билээ. Анхдугаар Далай Лам Гэндүндүбийн үес эхлэн Далай Лам нар Балдан Лхам сахиустай ойр харилцаатай байсан юм. Миний нэгэн зүүдэнд тэр надад 110 наслана гэж билээ. Мөн түүнчлэн Түлшиг ринбочэ надаас Тантон Жалбу шиг удаан амьдрахыг хүссэн. Тантон Жалбу 125 нас хүртлээ амьдарсан гэж ярьдаг ба би ч мөн түүнтэй адил урт наслах боломжтой.”
“Урт удаан амьдрахад нөлөө үзүүлэх олон хүчин зүйл байдаг. Үнэндээ би маш шийдэмгий байгаа тул энэхүү урт наслахыг билэгдсэн Бат оршил өргөх ёслолыг хийх шаардлагагүй ч байж магадгүй.”
"Энэхүү үйл ажиллагааны нэгэн хэсэг нь Найчун Чойжон сахиус буулгах үйл явдал юм. Тисрон Дэзэн хаан, ловон Шантаракшита, ловон Бадмасамбава нарын үеэс хойш сахиусууд бурханы шашин болон хамаг амьтанд үйлчлэхийн тулд хүмүүстэй хамтарч ажилладаг байв. Эдгээр хамгаалагчдын зарим нь Энэтхэгээс ирсэн байдаг. Нинчен Тангла гэх мэт бусад нь Төвөдийн уугуул сахиус байжээ. Сахиусууд ямар ч хэлбэр дүрсгүй тул нэг их зүйлийг хийж чадахгүй. Бид физик бие махбодьтой учраас эдгээр сахиусуудын хийж чадахгүй зүйл дээр бид ажиллах боломжтой.”
"Та бүхэн надтай оюун санааны холбоотой байдаг учраас энэ сайхан өлзийтэй газарт энэхүү билэг дэмбэрэлтэй үйл явдал болж байгаа энэ үед би та бүгдийг амар тайван байхыг хүсч байна.”
Жанзэ дацангийн унзад лам Багшийг тахихуйн зан үйлийн дагуу Бат оршил өргөх ёслолыг эхлүүлэхэд олон зочид нэгдэв. Тодорхой цаг болоход Найчун Чойжон танхимд гол хаалгаар орж ирэн, дэгдэн гүйсээр сэнтийд хүрлээ. Тэрээр Дээрхийн Гэгээнтэнд хүндэтгэл үзүүлж, түүнд мандал, Бурхан Багшийн лагшин, зарлиг, таалалыг илэрхийлсэн өргөл өргөв. Дээрхийн Гэгээнтэнтэй ярилцсаны дараа тэрбээр гол сэнтийг тойрч, Гандан Ширээт, Гандан Ширээт асан Ризон ринбочэ болон бусад хүмүүстэй мэндчилэхээр яаран буулаа.
Тэрээр Дээрхийн Гэгээнтэнд олон өнгийн утаснууд холбосон жижиг мөнгөн очирыг авчиран өгч, адилхан очируудыг бусад лам нарт тараан мөн өөртөө нэгийг үлдээлээ. Дараа нь тэр эвхдэг сандал дээр сууж, очирыг зүрхэндээ барин бусад лам нарын хамт Төвөдийн буддизмын бүх гол уламжлалууд цэцэглэн хөгжихийн төлөө Дээрхийн Гэгээнтэний зохиосон залбирал ерөөлийг уншив. Энэ бол багш,шавь хоорондын холбоог бэхжүүлэх зан үйл байлаа. Ерөөл дууссаны дараа Найчун Чойжон босч хийдийн хаалгаар гарав.
Цoгчод өргөх ёслол боллоо. Гандан Ширээт Дээрхийн Гэгээнтэнд урт удаан наслахыг албан ёсоор хүсээд түүнд мандал, Бурхан Багшийн лагшин, зарлиг, таалалыг илэрхийлсэн бэлэг дурсгал болон бусад өргөлүүдийг өргөсөн юм. Танхимд өргөл барьсан лам хуврагууд, эрэгтэй, эмэгтэй хүмүүс, Төвөд хүмүүс, гадаадаас ирсэн хүмүүсийн урт дараалал үүсэв.
Төгсгөлийн ерөөлийн нэг нь Тулшик ринбочэ зохиосон үе үеийн Далай Лам нарын дамжлагаар Төвөдөд хүрсэн Жанрайсиг бурханы хувилгаан дүрүүдийн тухай ерөөл юм. Өөр нэгэн ерөөл нь Дээрхийн Гэгээнтэнд зориулан түүний хоёр их багш болох Лин ринбочэ, Тижан ринбочэ нарын зохиосон Бат оршилын залбирал байлаа.
Ёслолын ажиллагааны төгсгөлд 2017, 2018, 2019 онд сургуулиа төгссөн 298 лхарамба, гэвш нарт эрдмийн зэрэг цол олгох ёслол болов. Гандан Ширээт хүн тус бүрт гэрчилгээ гардуулж, дараа нь тэд Дээрхийн Гэгээнтэнтэй зургаа авахуулахаар түүний эргэн тойрон цугларч байлаа.
Өглөөний ёслол дуусахад Дээрхийн Гэгээнтэн хийдийн дээд талд байрлах өргөө рүүгээ заларсан юм.