Энэтхэг, Дарамсала, Тэгчинчойлин – Энэ өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам “3-р мянган дахь хүмүүний боловсрол” сэдвээр анхны дугуй ширээний хэлэлцүүлэгт оролцож буй Энэтхэг, Герман, Бразил, Мексик, Финлянд, АНУ, Австрали, Бангладеш, Англи ба Орос улсын 15 багш, сурган хүмүүжүүлэгч нартай уулзлаа.
Дээрхийн Гэгээнтэн өргөөнд морилоод хүрэлцэн ирсэн зочдод тухлахыг хүссэний дараа төслийн зохицуулагч Маргарита Кожевникова одоогийн энэ хэлэлцүүлэг нь Боловсролын Дэлхийн Форумд бэлтгэл болгон зохион байгуулагдаж байгааг тайлбарлаад хамрах дөрвөн чиглэлийг танилцуулсан нь: боловсролын бодлого, хүн байхын учир, ардчилалын боловсрол ба хүнд чиглэсэн боловсрол зэрэг ажээ. Тэрээр энэ уулзалтыг хөтлөх Скотт Вэбстерыг танилцуулсны дараа хөтлөгч өнөөдрийн байдлаар хурлын явцад хэлэлцсэн асуудлуудыг товч тайлбарласан юм.
Боловсролын ажилтнууд, багш ба сурган хүмүүжүүлэгч нарын зүгээс авч үзэхэд боловсролын системийн нөхцөл байдал улам муудсаар байгаа тухай тэрээр Дээрхийн Гэгээнтэнд ярилаа. Ахлах болон их дээд сургуулиуд оюутнуудад ажлын ур чадвар олгох чиглэлд илүү төвлөрч, харин хүний хөгжлийг бүрэн орхигдуулсан ба хүний үнэ цэнийн тухай асуудал зөвхөн ажилтай холбоотой, хүн гэхээсээ илүү ажилтан гэдэг талаасаа хөндөгдөх болжээ. Мөн боловсролыг зөвхөн хэмжиж болохуйц сэдэв, хөтөлбөр болгон хувиргаж, багш нар илүү санаачлагатай, шинийг эрэлхийлэх боломжгүй байгаа учраас хүнд чиглэсэн боловсрол олгох нь алдагдсан ба зохицуулдаг бодлого дүрмүүдийг нь мэргэжлийн сурган хүмүүжүүлэгч нар биш засгийн газар, эсвэл бизнесийнхэн боловсруулдаг болсон байна.
Хүн болох, хүн байх нь ажилчин ба ажилтан, эсвэл хэрэглэгч зэрэг эдийн засгийн нэгж байхаас хамаагүй чухал гэдэгт бүх багш, сурган хүмүүжүүлэгч нар санал нэгдэж байгаа юм. Мэдлэг ба ур чадварууд нь үүрэг гүйцэтгэх боловч хувь хүний үнэ цэнийн хэрэгцээ бас чухал билээ. Тиймээс хурлын дараа оролцогчид тодорхой арга хэмжээнүүд авах хэрэгтэйг онцолсон ажээ.
Ардчилалын хувьд энэ нь хүний эрхэм чанар, шударга ёс ба оролцоонд төвлөрсөн хүний эрх чөлөөг ерөнхийд нь томъёолдог гэж ойлгож байна. Энэ нь ёс суртахуунтай амьдрах зам бөгөөд хүний оролцоог хаах, хязгаарлах хандлагатай байдаг өсөн нэмэгдэж байгаа популизм ба үндсэрхэх үзлийн дор шахагдан гадуурхагдаж буй тул багш сурган хүмүүжүүлэгч нар ардчилалыг эргэн сэргэж хүчирхэгжээсэй гэдгийг чин сэтгэлээсээ хүсэж байна.
Сурган хүмүүжүүлэх ухаан болон оюутнуудыг хэрхэн хөгжүүлэх сэдвийн тухайд хөндөхөд багш ба сурагчид аль аль нь ялгаа үгүйгээр эрэлч хайгуулчаар асууж байх, асуулгыг тавьж байх нь биднийг илүү сайн сайхан хүн болон төлөвшихөд туслана гэдгийг оролцогчдын зүгээс онцлов.
Вэбстер Дээрхийн Гэгээнтэнд боловсролын бодлогыг хэрхэн шинэчлэх, хүн байна гэдэг нь ямар утга учиртай болох, ардчилал нь хүний хөгжлийг төлөөлөх эсэх, мөн багш, сурган хүмүүжүүлэгч байна гэдэг нь юу болох зэрэг асуултуудыг тавьсан юм.
“Хэрэв өнөөгийн боловсрол аз жаргалтай амьдрал бүхий хувь хүмүүсээр дамжуулан аз жаргалтай нийгэм ба аз жаргалтай дэлхийг бий болгохыг зорьж байсан бол үр дүндээ хүрч чадаагүй нь тодорхой харагдаж байна” гэж Дээрхийн Гэгээнтэн хариуллаа. “Бид бүгд аз жаргалтай амьдралыг хүсдэг, гэтэл мэдээллийн хэрэгслээр өдөр бүр л хүмүүсийн зовлон шаналалуудыг харуулсаар л байгаа шүү дээ. Энд тухайлан хэлэхэд шашны нэрийн дор төсөөлөхийн аргагүй хүчирхийлэл үйлдсээр л байна.”
“Боловсролын системд орохын өмнө хүүхдүүдийн үндсэн хүн төлөв, хүн чанар нь цэвэр, ариун, хөндөгдөөгүй байдаг билээ. Тэд өөрсдийн найз нөхдийн шашин, үндэстэн ястны гарал үүслийг ялгаж үздэггүй. Ийм суурь төлөв нь энэрэлтэй, нигүүлсэлтэй төлөв юм.”
“Үр хүүхдүүд эхийн хайр энэрэл ба халамж тэтгэлгийн тусламжтайгаар амьдарч, өсөж бойждог бөгөөд үүний ачаар бүх амьдралынхаа туршид аюулгүй, амар амгалангийн мэдрэмжийг олж авдаг. Бид нийгмийн амьтад учраас хувь хүмүүс бүлгээсээ, овгоосоо хамаарч амьдардаг. Харин хүүхдүүд сургуульд явж эхэлснээс хойш тэдний суурь хүн чанар, үнэ цэнэд анхаарал тавих нь орхигдож байна.”
“Баруунд орчин үеийн боловсрол аж үйлдвэрийн хувьсгалтай хамт хөгжиж эхэлсэн бөгөөд математик болон шинжлэх ухааны мэдлэгийг хүмүүс илүүтэй олж авах шаардлагатай болжээ. Энэ боловсролын зорилго нь материалистик хандлагатай бөгөөд сэтгэлийн амар амгаланд анхаарал хандуулдаггүй, сурагчдад уур хилэн, айдас болон сэтгэлийн дарамтуудаа яаж шийдэхийг заадаггүй юм. Өөр шийдэл нэгэнт үгүй учраас тэд элдэв донтуулах бодис, архи дарсыг сэтгэлээ засахын тулд хэрэглэдэг байна. Бид бие махбодио цэвэр байлгах тухайд багаасаа суралцдаг. Үүний адилаар сэтгэлийн эрүүл цэвэр байдлыг дадуулах хэрэгцээ энд байгаа юм. Хамгийн энгийнээр шалгахад хүүхдүүдээс инээмсэглэл дээр үү, эсвэл баргар царай дээр үү гэж асуухад л тодорхой болно шүү дээ.”
“Өөрийн эрх ашгийг хангахын төлөө явах нь зүй ёсны зүйл, гэхдээ бид энэ эрх ашгаа тэнэглэлээр бус ухаалаг арга замаар хангах хэрэгтэй. Аз жаргалтай байхын тулд эерэг зан хандлага чухал, харин үүнийг хэрэгжүүлэх хамгийн шилдэг арга зам бол бусдад, нийгмийнхээ бусад гишүүдэд санаа тавьдаг байх явдал юм. Боловсрол хэрхэн сэтгэлийн амар амгаланг хөгжүүлж, дотоод эрч хүчээ хадгалах тухай тайлбарладаг байх ёстой.”
“Энэтхэгт “ахимса” ба “каруна” гэдэг уламжлалууд байдгаас гадна төвлөрсөн сэтгэл ба шинжлэн таних сэтгэлүүдийг дадуулах “шамата” болон “випашиана” дасгалууд бий. Товчдоо сэтгэл их чухал юм шүү. Зөвхөн мэдрэхүйн түвшинд ч бус, оюун ухааны ухамсарын түвшинд ч чухал юм. Уур хилэн ба айдас оюуны ухамсарын түвшинд үүсдэг билээ. Хэрэв бидэнд ухамсрын болон сэтгэл хөдлөлүүдийн газрын зураг гэж байдаг бол сэтгэлийн ажиллагааг илүү сайн ойлгож буруу, сөрөг сэтгэл хөдлөлүүдээ арилгаж чадах байсан байх.”
“Бидний сэтгэлийн амар амгаланг устгадаг зүйлс нь уур хилэн, айдас ба хувиа хичээсэн зан төлөвүүд юм. Нагаржуна гэгээнтэн зааж байсан, өнөөгийн квант физикийн ажиглалтуудаар ч нотлогдож буй хоосон чанарын ойлголтуудыг, тухайлбал юмс үзэгдэл харагдаж, үзэгдэж байгаа шинж чанараараа оршдоггүй болохыг бодож бясалгаж байвал эдгээр сөрөг сэтгэлүүдийн хүлээсийг сулруулах болно. Би одоо 84 настай, хоосон чанарыг онох билгүүн, бас хязгаар үгүй хайр энэрэл болсон бодийн сэтгэлийг дадуулсаар даруй 70 жил болж байна. Тиймээс сэтгэлийн амар амгаланг бүтээхэд эдгээр нь үнэхээр их тустайг би баталж чадна. Хэдийгээр эдгээрийг дадуулах арга зам, зааврууд нь шашны ном судруудад байгаа ч эрүүл мэндийг сайжруулах хэрэгслүүд гэж үзээд академик хэлбэрээр судлах боломжтой шүү дээ.”
“Боловсролын систем өнөөгийн орчин үеийн боловсролын адил материаллаг зорилгууд дээр төвлөрсөн нөхцөлд энэ системээр боловсорсон хүмүүс нь материаллаг амьдралд л суралцах хандлагатай болдог. Би Энэтхэгт сэтгэлзүйн үйл ажиллагааны эртний уламжлалт ойлголтуудыг сонирхох сонирхолыг төрүүлэхээр зорин ажиллаж байна. Урт хугацаандаа Энэтхэг улс энэ эртний эрдэм мэдлэгээ орчин үеийн боловсролтой хослуулж чадна гэж найдаж байгаа. Хэрэв бид “ахимса” ба “каруна”-г хэрхэн дэмжин дэлгэрүүлэх арга замд багш нарыг сургаж чадвал илүү амгалан дэлхий ертөнцийг цогцлооход маш том хувь нэмэр оруулах болно. Мөн тэд шинжлэх ухааны ололтууд болон амьдралын нийтлэг төлөв хандлага дээр суурилсан ухаан, сэтгэлгээг ашиглан хайр энэрэл ба нигүүлслийг төрүүлж хөгжүүлэх боломжтой гэдгийг ойлгоод үүнд цаашлан суралцах боломжтой юм.”
“Орчин үеийн боловсрол өнөө цагт хангалтгүй байгаа гэдгийг ийм уулзалт, хэлэлцүүлгүүд харуулж байгаа учраас хэлэлцүүлгүүд маань цаашид урт хугацаандаа үр дүнтэй үргэлжилнэ гэдэгт би найдаж байгаа.”
Тавьсан асуултуудад хариулахдаа ардчилал нь бусдад санаа тавих сэтгэл, бусдын үзэл бодлыг хүндэтгэх сэтгэл дээр суурилсан бөгөөд багш оюутнууддаа хэрхэн анхаарал тавьдагтай адил гэдгийг Дээрхийн Гэгээнтэн онцоллоо. Хүн төрөлхтөн ахан дүүсийн адилаар хамтран амьдрах хэрэгтэй учраас зөрчлийг шийдэх зохист арга бол хүч, түрэмгийлэл хэрэглэхээс зайлсхийж, яриа хэлэлцээ явуулах юм гэдгийг тэрээр тодотгов.
Дэлхийн дулаарал болон цаг агаарын хямрал хичнээн ноцтой байгааг хүлээн зөвшөөрөөд Дээрхийн Гэгээнтэн өөрт нь Хятадын нэгэн байгаль судлаач энэ байдлаараа 80 жилийн дараа гэхэд дэлхий элсэн цөл болж хувирна гэдгийг хэлж байсныг дурьдав. Усны нөөц аль эрт түгшүүртэй түвшинд хүрээд байгааг тэрээр мөн нэмж тэмдэглэн хэлээд хүн бүр амьдралын хэв маягаа өөрчлөн нүүрс мэтийн органик түлшний хэрэглээнээс татгалзаж, дахин сэргээгдэх эрчим хүч рүү шилжих замаар байгаль орчны асуудлыг шийднэ гэдгийг онцолсон юм.
“Хүн төрөлхтөн бол нэг хамт олон, нэг гэр бүл юм.” гэж Дээрхийн Гэгээнтэн хэлээд “Тиймээс бид өөрсдийн оюун ухаанаа ашиглаж бие биендээ туслах ёстой. Ардчилал амжилтанд хүрэх эсэх нь бидний сэдэл зорилго, бас халуун дулаан сэтгэл дээр суурилж оюун ухаанаа ашиглах эсэхээс хамаарах болно” гэдгийг онцоллоо.
Хэлэлцүүлгийн төгсгөлд Маргарита Кожевникова олон багш сурган хүмүүжүүлэгч нар сурагчдадаа хүний үнэ цэнийг заан ойлгуулахыг хүсдэг ч одоогийн боловсролын системийн хөтөлбөрт багтаах боломжгүй байгааг дахин дурьдсан юм. Тэд шалгалт, тест гэх мэт хэмжиж болохуйц үр дүнгүүд дээр суурилсан сэдвүүдэд шахагддаг байна.
Дарамсалагийн коллежтэй хамтран эртний Энэтхэгийн саруул билиг оюуны сэдвээр багш нарыг бэлтгэх зургаан сарын курс сургалт эхлүүлэх зөвшөөрөл олгогдсоныг Самдон ринбочэ оролцогчдод мэдээлэхэд таатай байгаагаа хэллээ. Мөн багш нарт шашнаас ангид ёс суртахууны тухай ойлголт өгөх 2-3 өдрийн сургалт явагдана гэдгийг тэрээр бас нэмж дуулгаад энэ ажилд 2000 гаруй багш нарыг хамруулахаас гадна КЖ-ийн сургуулиудын 8-р анги хүртэл эртний Энэтхэгийн саруул билиг оюуныг олгох боловсролтой уялдсан хичээлүүдийг оруулахаар төлөвлөж байгаа гэлээ.
Маргарита Кожевникова хуралд оролцогсодыг цаг зав гарган хүлээн авсанд Дээрхийн Гэгээнтэнд талархлаа. Хурлыг зохион байгуулсанд хариу талархаад Дээрхийн Гэгээнтэн Орос улсыг өрнө дорныг холбох гүүр гэж үздэгээ хэлээд илүү амар амгалантай сайн сайхан ертөнцийг бүтээхийн тулд бид өөрсдийн оюун ухаанаа илүү нарийн төвөгтэй зэр зэвсэг бүтээхэд зориулах бус энх тайвны зорилгод ашиглах хэрэгтэй байгааг онцолсноор яриагаа өндөрлөв.
Тэрээр бүх зочдыг өөртэй нь цуг өдрийн зоог барихыг урьлаа.