Энэтхэг, Дарамсала, Тэгчинчойлин – Өнөөдөр өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын өргөөний зэрэгцээ орших Зүглагхан дуганы өмнөх талбайд Дээрхийн Гэгээнтний өлмий батжиж урт наслахыг бэлэгдсэн Бат оршил өргөх ёслолд оролцохоор 7,500 гаруй хүн цуглажээ. Өргөөний үүднээс цэцэрлэгээр дамжин дуган хүрдэг замыг төрөл бүрийн цэцэг болон цэцгийн баглаагаар сайтар чимэглэснээс гадна багануудыг өнгө өнгийн даавуугаар машид нямбай ороосон байв. Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг өргөөнөөсөө гарч алхах замд даши шолпа, гял шай болон ламо бүжигчид бүжиг бүжин угтаж мэндчиллээ.
Хийдийн дотор хуврагууд дүүрэн суусны дотор Төвөдийн шашны бүх уламжлалуудын төлөөлөгчид байсан нь: Бон уламжлалын Мэнри Лопон Тринлэй Няма ринбочэ, Гэлүгба урсгалын Жанцэ цорж Госог ринбочэ ба Гандан Ширээт Жэвзун Лувсан Тэнзин, Сажын уламжлалын тэргүүн Сажа Тизин Радна Важра ринбочэ, мөн Гэлүгвийн уламжлалын Шарпа цорж Лувсан Тэнзин, Гарма гаржудвийн уламжлалаас Ситу ринбочэ ба Нянмавын урсгалын Рингу Тулку нар заларчээ.
Дээрхийн Гэгээнтний сэнтийний баруун талд Гандан Ширээт асан Ризон ринбочэгийн ард Сэра, Гандан, Брайбун, Даши Лхүнбо, Жүмэ ба Жүдо дацангуудын хамба нар, харин зүүн талд нь Төвөдийн Төв Захиргааны хуучин болон одооны түшмэд сайдууд суусан байлаа.
Дээрхийн Гэгээнтэн орж ирсэн даруйдаа нүүр дүүрэн инээмсэглэж тэдэнтэй мэндчилээд сэнтийдээ заларсны дараа урд талд сууцгаасан хуврагууд дундаас Тайландаас ирсэн зургаан хуврагыг онцлон заагаад тэднийг хамбуудтай дээр суухыг хүссэн юм.
Намжал, Жүдо болон Гирти дацангуудын лам нар зохион байгуулж байгаа энэхүү ёслол Түлшик ринбочийн зохиосон, Энэтхэг ба Төвөдөд заларсан Жанрайсигийн өмнөх хувилгаадыг урин дуудах залбирлаар эхэлсэн бөгөөд дараа нь “Наландын 17 бандидагийн магтаал”-ыг уншлаа. Дээрхийн Гэгээнтэнд Бат Оршил өргөх энэ ёслол нь Тавдугаар Далай Ламын нууцын үзэгдлүүдийн нэгэнд багтдаг Аюуш бурханы зан үйл юм.
Ёслолын тодорхой цэгт таван дагинасын зан үйлийг төгсгөсний дараа Найчун болон Дорж Ямагон, Нинчэн Тангла болон Хараг Хүн Зүнгийн чойжин нар Дээрхийн Гэгээнтний урд сахиусны бүжгийг үйлдэнгээ залбирал ерөөлийг тавьж байлаа. Тэдний дараа шашны урсгалын төлөөлөгчид ба тэргүүд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд өргөл хүндэтгэл үзүүлсний дараа цогчод өргөв.
Сажа Тизин мандал өргөхийн зэрэгцээ Сижон, доктор Лувсан Сэнгэ Дээрхийн Гэгээнтэнд урт наслахыг ерөөж урт айлтгал залбирлыг цээжээрээ уншсан юм. Залбиралд хэрхэн Дээрхийн Гэгээнтэн Төвөдийн ард түмэнд өгүүлшгүй их энэрэл нигүүлслийг үзүүлсэн хийгээд бүх дэлхийгээр аялан сургааль айлдахдаа шашин бүгдийн эв нэгдлийг дэмжиж, байгаль орчныг хамгаалах, Төвөдийн ард түмний өв соёлыг хадгалан авч үлдэхэд хэмжээлшгүй их зүтгэл дэмжлэг гаргасныг дурьджээ. Мөн хүчирхийллээс татгалзсан дэлхий ертөнцийг байгуулахад оруулсан түүний хувь нэмэр болоод Ганжуур, Данжуурын мэдлэгүүдийг гүн ухаан, шинжлэх ухаан ба шашны талаас гүн гүнзгий тайлбарлахын зэрэгцээ хүн төрөлхтний тусын тулд шашингүй ёс зүйг дэмжихэд гаргасан Дээрхийн Гэгээнтний зүтгэлийг энд өгүүлсэн байв.
Айлтгал залбирал “Таны лагшин очир мэт эвдэршгүй байх болтугай, Төвөдийн ард түмэн эргэн нэгдэх болтугай, та эргэн Төвөд орноо залраад Потала ордны арслант сэнтийд залрах болтугай. Төрлөөс төрөлд та минь биднийгээ хөтөлж үйлдэгтүн. Таниас энэхүү залбирал айлтгалыг минь хүлээн авахыг хүсье” гэж айлтгаснаар өндөрлөв. Үүний хамтаар Сажа Тизин Аюуш бурханы дүрийг Дээрхийн Гэгээнтэнд өргөсний дараа өлзийт найман эрдэнэ, дээдийн долоон тэмдэг бүхий царыг Дээрхийн Гэгээнтэнд өргөн барилаа.
Шашны тэргүүд болон Төвөдийн Төв Захиргааны албан тушаалтнууд Дээрхийн Гэгээнтэнд хүндэтгэл үзүүлэв.
Дараа нь Дээрхийн Гэгээнтэн хурсан олонд зориулан айлдвар айлдсан юм.
“Гурван мужийн ард иргэд, манай шашны уламжлалын төлөөлөгчид болон Тисрон Дэзин хааны үеэс тангарагаар барилдсан хамгаалагч сахиуснууд бүгд энэхүү Бат Оршилын зан үйл хийж байна. Та бүгдэдээ баярлалаа.”
“Саяхан миний бие өвдөхөд дэлхийн өнцөг булан бүрт, бас Төвөд нутаг болон гаднаас олон хүмүүс миний төлөө залбирсан билээ. Тиймээс би дахин та бүгдэдээ талархлаа илэрхийлмээр байна. Үйлийн үр гэдэг бол хэрэв та үйлийг нь үйлдээгүй бол үрийг нь эдэлдэггүй, бас хэн нэгний үйлийн үр өөр дээр чинь боловсордоггүй тийм жамтай юм. Гэхдээ гэр бүлийн харилцаа болон багш шавийн харьцаа ойрхон байдаг учраас тэдний хоорондоо үйлдсэн залбирал ерөөл нь үр дүнтэй байдаг. Миний төлөө залбирсан хүмүүс үүнийгээ чин сэтгэлийн угаас хийсэн тул эдгээр залбирал их хүчтэй, их үр дүнтэй байсан гэдэгт би итгэлтэй байна. Их баярлалаа.”
“Би өөрийн өнгөрсөн төрлүүдийн тухай ярьж чадахгүй, гэхдээ энэ төрөлдөө хувраг болоод номд сайтар суралцан бүтээл дадуулгад хичээсээр ирсэн билээ. Энэ талаар Богд Зонхов “Шүтэн барилдлагын магтаал”-ын төгсгөлийн хэсэгтээ өгүүлсэн байдаг юм.
“Эгнэшгүй багш түүнийг даган хувраг болоод
Эрхэм Бурханы зарлигийг сайтар судалсан
Ирмүүн ёогийн явдал хичээгч нэгэн аяга тахимлага
Их арш түүнээ ийнхүү биширмуй.”
Дээрхийн Гэгээнтэн Наландын 17 бандита нарт гүн хүндэтгэл бишрэлтэй байдгаа ярилаа. Өмнө нь зохиогдсон “Зургаан чимэг ба хоёр дээд”-ийн матгаалд Төвөдөд их нөлөө үүрэг бүхий хэд хэдэн бандита нарыг орхисон байсныг тэрээр дурьдаад улмаар өөрийн “Наландын 17 бандита нарын магтаал”-аа зохиож тэдний судар зохиолуудыг уншиж судлахыг дэмжиж ирснээ онцолсон юм.
“Би хоосон чанарыг маш нухацтайгаар бодож бясалгах болсон нь миний багш Монголын Ойдов Цогнигийн ач тус юм. Сүүлд нь би Хоёрдугаар Далай Ламын “Үнэн үзлийн дууллууд”-ыг сайтар бясалгаж тунгаагаад өөрт төрсөн бодлуудаа гавж Лин Ринбочэ багшдаа айлтгахад тэрээр “Чи тун удахгүй ‘огторгуйн ёоги’ эрдмийг олон болно” гэж өгүүлж билээ. Жонэ Лама Ринбочийн нэгэнтээ хэлснээр ‘Гайхамшигт багш нарынхаа энэрэл нигүүлслийн ачаар л би одоо хоосон чанар, сэтгэлийн гэгээн гэрлийн чанар хийгээд бодийн сэтгэлийн тухай ярьж, өгүүлж чадаж байгаа билээ.”
“Бодь сэтгэлийн тухайд Хүннү Лама ринбочийн “Бодьсадийн явдалд орохуй”-н тайлбарыг 1967 онд сонссоны дараа миний сэтгэлд хүчтэй өөрчлөлт гарсан юм. Би хоосон чанарын үзэл болон бодь сэтгэлийн зам мөрийн тухай зарим туршлагыг олж аваад үүнээсээ бусадтай хуваалцахыг хүссэн учир нь гэвэл энэ бүх туршлага маш хэрэгтэй, үр өгөөжтэй байдгийнх юм. Би бодь сэтгэлийг өдөр бүр бодож бясалгаж Шантидэва гэгээнтний өгүүлснийг санаж тусгааж явахыг хичээдэг.
“Ертөнцөд буй жаргал бүхэн
Бусдыг жаргаах хүслээс төрдөг
Ертөнцөд буй зовлон бүхэн
Амин хувиа хичээснээс гардаг
Хэрэв би өөрийн жаргалаа
Бусдын зовлонгоор солихгүй бол
Хэзээ ч Бурханы хутгийг олохгүй
Хорвоод оршихдоо ч баяслыг эдлэхгүй
Огторгуй хэзээд орших сацуу
Орчлонд амьтад эргэн төрсөөр л
Төдий хугацаанд би ч оршоод
Төөрөлдсөн тэдний замч нь болог.”
“Энэ амьдралдаа би Төвөдийн ард түмэнд, Төвөд орныхоо уламжлалд үйлчилж, бас бусдад энэрэл нигүүлслийн сэтгэл нь хичнээн их ач тустай болохыг харуулж чадсан гэж бодож байна. Махчин амьтад өлссөн үедээ л ан хийдэг бол хүмүүс бараг бүхий л шалтаг шалтгааны үүднээс бие биендээ хор хөнөөл учруулж байгаа шүү дээ. Тиймээс ч бид энэрэл нигүүлсэл дүүрэн байх ёстой.”
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цааш нь өгүүлэхдээ Бурхан Багшийн айлдсан зөвлөгөөг дурьдлаа.
“Ухаантан алтыг түлж, тасалж бас үрж шалгадгийн адил хувраг та бүгд зөвхөн миний айлдвар гэсэн бишрэлийн сэтгэлээр бус өөрсдөө шалган үзэж байж сургаалийг маань хүлээн аваарай.”
Зөвхөн Бурхан Багш л ийм бодит учир шалтгаан дээр суурилсан хандлагыг дагахыг дэмжиж байсныг тэрээр онцлоод Бурхан Багш анхны номын хүрдийг айлдах үедээ Хутагтын дөрвөн үнэн болон гэгээрлийн гучин долоон шалтгааныг номлосныг тодруулав. Хоёрдугаар хүрдийг номлох үед билиг билгүүний сургаалиа айлдсан бол гуравдугаар номын хүрдийн үед дандрын номын суурь болсон гэгээн гэрлийн сэтгэлийг тайлбарласныг Дээрхийн Гэгээнтэн өгүүлээд Бурхан Багш ч өөрийн айлдвараа үе шаттайгаар ахиулан номлосныг сануулав.
Өөртөө хүлээсэн гурван үүрэг зорилгын тухай ярихдаа Дээрхийн Гэгээнтэн эхлээд хувь хүнийхээ үүднээс хүн төрөлхтөний сайн сайхны төлөө үйлчлэх ёстойгоо хэлсэн юм. Харин Буддист хүний хувьд шашин хоорондын эв найрамдал, хамтран эвсэн зохицон оршихыг дэмжих үүрэгтэй гэдгээ тэрээр онцлоод ахимса болон каруна (хүчирхийлэлгүй орших ба энэрэл нигүүлсэл) уламжлалуудыг эртнээс дадуулсан Энэтхэг улсад энэ хамтран оршихуй нь маш амжилттай явж байгааг хэлж шашин бүгдийн зорилго бол энх тайван гэдгийг сануулсан юм. Гуравт, Төвөд хүний хувьд Дээрхийн Гэгээнтэн дүрвэн гарсан Төвөд хүн бүрт боловсрол олгохын тулд чадах бүхнээ хийснээ хэллээ. Хэдийгээр Төвөдөд тэрээр их үр дүнтэй байж чадаагүй ч дүрвэн гарсаныхаа дараа Төвөдийн өв соёлыг дэмжин баяжуулахад их зүйл хийж чадсан гэж боддогоо хэлэв.
“Бага ба их хөлгөн, мөн очирт хөлгөнийг багтаасан учраас Төвөдийн Буддизм бол бүрэн цогц уламжлал юм. Энэтхэгийн гүн ухаантан ба логикч Шантаракшита Цастын оронд Буддизмыг үндэслэсэн билээ. Саж Бандита түүнийг даган өөрийн нөлөө бүхий “Логик ба танин мэдэхүйн гуу сан” зохиолоо туурвисан. Энэ л онол мэдлэг дээр бид суурилаад орчин үеийн эрдэмтэдтэй харилцан ашигтай, үр дүнтэй хэлэлцүүлгийг явуулж чадсан шүү дээ. Хэдийгээр би сүүлийн 60 жилд нийт хүн төрөлхтөний сайн сайханд багахан хувь нэмэр оруулж чадсан боловч энэ бүгдийн үндэст сэтгэлийн маань энэ урам зориг Төвөдөд амьдарч буй ард түмний минь мятаршгүй гал цогоор тэжээгдэж ирсэн юм. Тэдний ач гавьяагаар л бид өөрсдийн соёлоо хадгалан авч үлдэж чадсан билээ.”
“Анхдугаар Далай Лам Гэндэндүв наян дөрвөн нас сүүдэр хүрэхдээ ариун оронд төрөхийг хүсдэггүй байсан гэдэг. Амьтны тусыг бүтээх боломж надад байгаа учраас би ч гэсэн урт удаан наслах хэрэгтэй гэж бодож байна. Би түүний адислалаар ахиад 10-15 жил амьдрах болтугай гэж залбирья.”
“Хэдийгээр би усанд сэлж чаддаггүй боловч нэг удаа сэлж байна, харин нуруун дээр маань Балдан Лхам сахиус суужээ гэж зүүдэлсэн юм. Тэрээр надад “Та 110 нас наслах нь эргэлзээгүй” гэж хэлсэн шүү. Бусад хүмүүс ч намайг 113 нас наслана гэж зөгнөн хэлдэг.”
“Хүмүүс, бас тэнгэр сахиуснууд энэ Бат Оршилыг өргөлөө. Тиймээс үүний үр дүн гарч би 110 нас наслах байх гэж найдаж байна.”
Бат Оршилын төгсгөлд зориулга ерөөл уншихын хамтаар өмнөх болон одоогийн Төвөдийн сайд түшмэдүүд Дээрхийн Гэгээнтэнд хүндэтгэл үзүүлэн мөргөв.