Энэтхэг Улс, Дармасала, Тэгчин Чойлон – Энэ өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын 84 насны төрсөн өдрийн өмнөх өдөр Төвөдийн Төв Захиргаа (ТТЗ)-ны өндөр насны тэтгэвэртээ гарсан 300 орчим албан хаагчид болон тэдний гэр бүлийн 200 гаруй хүмүүс Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд зориулан Бат Оршил өргөж түүнийг урт удаан наслахын төлөө хичээнгүйлэн ёслол үйлдлээ.
Зүглаг Хан дуган хүртлэх зам хурц тод ёслолын өнгөөр чимэглэгдсэн байсан нь борооны улирал эхлэх дөхөж байгаа саарал тэнгэрийн өнгөнөөс онцгой ялгарч байлаа. Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг өргөөнөөс нь хийд хүрэх замд ахмад ажилтан Калун Трипа, Тэнзин Намжал Тетон, ТТЗ-ны тэтгэвэртээ гарсан албан хаагчдын зөвлөлийн дарга Лувсан Жинпа, болон Намжал дацангийн багш Тэнзин Норбү нар бараа болон явав.
Дээрхийн Гэгээнтэн замдаа түр саатаж найз нөхөд болон түүнд сайн сайхныг хүсэн байгаа хүмүүстэй мэндчилж байв. Тэр сэтгэл нь илтэд хөдөлсөн Төвөдийн хөдөө тосгоны сургуулийн хүүхдүүдтэй хэд хэдэн удаа зогсож ярилцав. Дээрхийн Гэгээнтэн хийдэд ороод Сикон болон одоогийн Засгийн газрын гишүүд, Шүүхийн дарга, Цагаачлал дахь Төвөдийн парламентийн дарга нартай тус тус мэндчиллээ. Мөн тэрээр сэнтийд ойролцоо байгаа тэтгэвэртээ гарсан хэсэг албан хаагчдаар дамжуулан дугуйтай сандал дээр сууж буй Гарже Хамтүл ринбочэтэй мэндчилэв.
Дээрхийн Гэгээнтнийг сэнтийд заларсны дараа ТТЗ-ны бат оршил өргөх хорооны дарга Лувсан Жинпа Бурхан Багшийн лагшин, зарлиг, таалалыг илэрхийлсэн 3 давхар мандал өргөсөн ба ахмад нарийн бичгийн дарга нар хадаг өргөснөөр Бат Оршил өргөх ёслол эхэллээ. Тулшик ринбочэ ерөөл уншсаны дараа Далай Ламын өмнөх дүрүүд болох Жанрайсиг Бурханы хувилгаадыг дурьдаж байх үед Дээрхийн Гэгээнтэн түр зогсоож айлдвар айлдсан юм.
“Өнөөдөр ТТЗ-ны ахмад албан хаагчид энэхүү урт наслахыг хүсэн бат оршил өргөх ёслолыг хийж байна. Та бүхний сүсэг бишрэл, зүтгэл, оюун санааны хэлхээ холбоо баттай байна. Намайг урт удаан наслахын тухайтад Бат Оршил үйлдэж байгаа та бүхэнд баярлалаа. Өнөөдөр намайг ахмад ажилтан Калун Типа асан Тэнзин Намжал бараа болон энд ирлээ. Түүнийг эцэг нь Муссоорид Төвөдийн төрийн албан хаагч байх үед жижигхэн хүү байхаас нь танина.”
“Нутгаасаа гарч дүрвэн явахдаа бид хуучны элдэв олон ёс заншлийг орхисон нь миний хувьд эрх чөлөөнд хүрч байгаа мэт санагдаж байв. Энэ явдлаас өмнө зарим хүмүүс намайг алтан хоргонд амьдарч байсан гэж харж байсан юм. Аз тохиож миний багш нарын сайхан сэтгэлийн ач тусаар би эрдэм номд шамдан сурах боломжтой болсон билээ.”
“Хэдийгээр бид эх орноо алдан дүрвэсэн ч өөрийн шашин шүтлэг, соёл, өвөрмөц байдлаа авч үлдэхийн тулд бүгд шургуу ажилласан билээ. Бид эх орноо алдсанаас хойш 60 жил өнгөрч байна, тэнд одоог хүртэл эрх чөлөө байхгүй. Энэтхэгт байхдаа ч бид эх оронтойгоо удаан хугацааны турш холбоотой байсаар буй. Цагаачлах үедээ бид Наландагийн эрдэмтдийн зохиосон буддын сонгодог бүтээлийг судлах боломжтой болсон нь Энэтхэг, Төвөд орнуудын онцгой нандин холбоог харуулж байна.”
“Өнгөрсөн үед зарим нэг нь Төвөд уламжлалыг ламаизм бөгөөд цэвэр буддын уламжлал биш гэж үздэг байсан, гэтэл бидний бодитой хадгалж үлдсэн зүйл бол жинхэнэ Наландагийн уламжлал юм. Эх орноо алдснаар бид буддын сургаалийг илүү өргөн хүрээнд гүнзгий түвшинд судлах, хэрэгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх боломжийг олж авсан. Эдгээр сургаалийг бид төрөлх төвөд хэл дээрээ тайлбарлаж чадна. Бид буддын уламжлалыг мухар сүсгийн үндсэн дээр бус учир шалтгаан, логикийг үндэслэн хадгалж, суртачилж ирсэн юм. Үүний үрээр өнөө үед буддын шашинтан бусад орнууд, урьд өмнө нь буддизмыг сонирхдоггүй байсан орнууд бидний мэддэг зүйлд анхаарлаа хандуулдаг болж байна.”
“Юутай ч нэгэн дуурьт дуулдагын адилаар настай хүмүүс бид хамтдаа байж хөгжилдөх, баярлах хэрэгтэй.”
“Төвөд орон нь Жанрайсиг бурханы ивээлд багтсан орон мөн. Үүнийг бид түүхээсээ болон Төвөд дэх түүхэн баримтуудаас харж болох юм. Жанрайсиг бурханыг хүмүүстэй шууд холбох тал дээр би өөрийгөө түүний элч гэж боддог. Биднийг дүрвэхээс өмнө миний бие Энэтхэгийн Свараг Ашрамд байх үед би нэгэн зүүд зүүдэлж билээ. Би Лхасын Зуу бурханы сүмд өөрөө бий болсон 5 нигуурт Жанрайсиг бурханы өмнө байж байлаа. Тэр намайг өөр лүүгээ дуудаж намайг тэврээд “Миний үйлсийг үргэлжлүүлээрэй, бүү орхиорой” гэж хэлсэн юм. Дараа нь Соёлын хувьсгалын үеэр тэрхүү шүтээн сүйтгэгдсэн боловч түүний нүүрний зарим хэсгүүд аврагдан энд надад хүргэгдэж ирсэн юм. Тэдгээрийн зарим хэсгийг энд байгаа 1000 мутарт Жанрайсиг бурханы дотор байрлуулсан бөгөөд бусдыг нь хайрцагт хийн түүний ард байрлуулсан байгаа.”
“ТТЗ байгууллагын төлөө шаргуу хөдөлмөрлөж байсан хүмүүс энэ болон дараа төрөлдөө Жанрайсиг бурханы ивээлд багтах болно. Энэ бол хоосон сүсэг дээр бус, учир шалтгаан дээр үндэслэгдсэн юм. Ухамсар нь өөрийн бодит шалтгаантай байдаг. Үүний учир нь аливаа оюун ухаан тасралтгүйгээр өмнөх оюун ухаантай холбогддог. Энэ амьдрал, өмнөх амьдрал гэж ярьдаг нь үүнтэй холбоотой. Та бүхэн ажлаараа дамжуулан Жанрайсиг бурхантай онцгой холбоотой болсон тул Жанрайсиг бурхан та нарыг ивээх болно. Үүнийг сайтар ашиглан та бүхэн энэрэнгүй, өгөөмөр сэтгэл ба хоосон чанарыг ойлгох мэргэн ухааныг хөгжүүлэхийг хичээх хэрэгтэй.”
“Манай түүхийн энэ хүнд хэцүү үед та нар бүхий л чадах зүйлээ хийсэн тул Жанрайсиг бурханд хоосон чанарыг онох, бодь сэтгэлийг төрүүлэхэд тус болохыг гуйж залбираарай. Уулын хөндийд байгаа өглөгийн эзэн ба толгод дээр байгаа даянч хоёр чин сэтгэлээр хамтарч чадвал хоёулаа гэгээрч болох юм гэж Мял Богдын айлдсаныг санаарай.”
“Хүмүүс уур хилэн, хүсэл шунал гэх мэт сөрөг сэтгэл хөдлөлийн улмаас дэлхий даяар хямарч байгааг бид харж байна. Энэ цаг үед хайр, энэрэнгүй сэтгэлийг хөгжүүлж өөрсдийн ажлаа дэлхий дахины амар амгалангийн төлөө зориулах хэрэгтэй. Бид хамаг амьтдын сайн сайхны төлөө залбирдаг. Гэвч бодит байдал дээр бид энэ дэлхий дээр бидний хамт амьдарч байгаа 7 тэрбум хүн төрөлхтөнд илүү тус болж чадна. Тийм учраас би очсон газар бүртээ хүмүүсийг сайхан сэтгэлтэй байхыг уриалж байдаг юм. Хэрэв өдөр тутмын амьдралдаа та нинжин зөөлөн сэтгэлтэй байдаг бол гарцаагүй илүү их амар амгалан, сэтгэл ханамжийг олох болно.”
“Бид бүгд насан эцэслэнэ, гэвч энэ зүйл тохиолдоход та бүхэн харамсах хэрэггүй. Та бүхэн Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын сургааль зөвлөгөөг дагаж байснаа, Жанрайсиг бурханд энэ ба хойд насаа даатган аль чадахаараа залбирч байснаа санах хэрэгтэй.”
Бат Оршил өргөх ёслолыг Намжал дацангийн лам нар өөрийн хамба лам Тамтог ринбочэгээр удирдуулан 5-р Далай Ламын нууц увидсын дагуу Жанрайсиг бурханы уламжлал дээр үндэслэн хөтлөн явууллаа. Энэ ёслолын үер ТТЗ-ны ахмад албан хаагчид хийдэд цуваагаар зогсч хүндэтгэл үзүүлэв. Ёслол өндөрлөх үед Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд ахмад ажилтан Калун, ТТЗ-ны албан хаагчид, мөн Хамтул ринбочэ нар биечлэн очиж хадаг өргөв.
Энэ үеэр Төвөдийн Соёл урлагийн хүрээлэнгийн жүжигчид Төвөдийн орчин үеийн, уламжлалт хөгжмийн найруулгыг тоглож, магтаал талархлалын дууг дуулж сонирхуулсан юм.
Дээрхийн Гэгээнтэн талархалын мандал өргөхийн өмнө дахин айлдвар айлдлаа.
“Төвөдийн үйл хэргийн төлөө болон бидний оюун ухааны өв соёлыг хадгалахад өөрийн бие, хэл, сэтгэлээ зориулсан эдгээр хүмүүс учир утгатай амьдрал руу чиглэсэн билээ. Миний хувьд, би үргэлж урт удаан амьдрахыг хүсдэг. Тулшик ринбочэ намайг Тантон Жалбугийн адилаар 125 наслахыг санал болгодог. Энэ арай хэцүү байх болов уу. Зарим даянч нөхөд маань намайг Банчэн Лувсан Чойенгийн жишгээр 108 наслахыг хүссэн юм. Үүнийг би сайн мэдэхгүй ч өөрийгөө 90-100 насыг наслана гэдгээ мэдэрч байна."
Орчлон ертөнц хэдий удаан орших хүртэл
Оюун ухаант хамаг амьтад хэдий удаан амьдрах хүртэл
Би бээр төдий удаан амьдарч
Амьтдын зовлон зүдгүүрийг арилгах болтугай.
“Хэрэв би илүү удаан амьдрах юм бол нэмэр тустай байх болов уу гэж боддог.”
Бурхан заларсан ч түүний үнэт сургааль дэлгэрээгүй,
Дэлгэрсэн ч доройтож үгүй болсон газар нутагт
Би аз жаргал, ач тустай үнэт эрдэнийн сургаалийг
Их бодь сэтгэлээр тайлбарлах болтугай.
“Өөрөөр хэлбэл, үр дүнгүй урт удаан амьдрахыг хүсэх нь утгагүй зүйл юм. За ингээд та бүхэн одоо талархалын мандалаа өргөж болно.”
Олон жил Дээрхийн Гэгээнтэнд өөрийн боломж, чадвараараа үйлчлэж байсан Төвөдийн ахмадууд түүнд хадаг өргөсөнд тэрээр хадгийг элэгсэгээр аваад эргүүлэн өгч байлаа. Түүнийг хийдээс гаран талбайд хүлээж байгаа машиндаа хүрэх замд маш олон хүмүүс Дээрхийн Гэгээнтэнд сайн сайхныг хүсч байсан бөгөөд тэр инээмсэглэх, үг хэлэх, гараараа даллах зэргээр хариулж байлаа.