Энэтхэг, УП, Матура – Шири Удасин Каршни ашрамын 2 дахь өдрийн өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Ламтай Свами Каршни Гурушаранандажи Махараж, Свами Чидананд Сарасвати нар бусад ашрамын гишүүдийн хамт нэгдсэнээр хамтдаа бясалгал хийцгээлээ.
Үүний дараа Дээрхийн Гэгээнтэн Ямуна хөндий рүү хөдөлсөн бөгөөд тэнд Махараж-жи, Свами-жи нартай хамт гэрлийн тахил өргөх аарти зан үйлд оролцлоо. Түүнээс Энэтхэгийн соёлын аль хэсэг нь өнөөдрийн дэлхий дахинтай уялдаатай вэ гэсэн сэтгүүлчийн асуултанд:
“Энэтхэгийн эртний уламжлалууд болох “ахимса” буюу хүчирхийлэл үл хэрэглэх ёс, мөн түүний сэдэл болсон “каруна” буюу энэрэл нигүүлсэлийн сэтгэл нь дэлхий дээрх хүчирхийллийг зогсоох цорын ганц арга зам юм. Хүн гэдэг утгаараа бид өөр хоорондоо их адилхан. Бид адилхан төрж бас адилхан хорвоог орхидог. Тиймээс энэ оронд мянга мянган жилээр хөгжүүлэн дадуулж байсан хүний эдгээр үнэт зүйлсүүдэд анхаарал хандуулах нь маш чухал байна” гэж хариуллаа.
Ашрам дээр буцаж ирсэний дараа Дээрхийн Гэгээнтэн Буддийн цэцэрлэгийг нээх ажиллагаанд мөн оролцлоо. Тэнд тэрээр Бурхан багшийн дүрийн өмнө дараах ерөөлийг талбин уншсан юм:
Ханьцашгүй Багшийг энэ ертөнцөд морилоход
Дээдийн ном нарны туяа мэт мандан гийгээд
Сүсэгтэн бүгд ахан дүүсийн барилдлагатай оршиж
Дээдийн ном өнө удаан орших ерөөл бүрдэх болтугай.
Хэдийгээр Бурханы дүрүүдийг бүтээх нь буянтай хэрэг боловч энэхүү дүрүүд маань ном айлдаж чадахгүй учраас Бурханы ном сургаалийг хадгалан авч үлдэхийн тулд сурч судлах сургууль, төвүүдийг бий болгох нь чухал гэдгийг Дээрхийн Гэгээнтэн захиж хэллээ.
Энэ арга хэмжээний дараа Дээрхийн Гэгээнтнийг Шивагийн сүмд урьсан бөгөөд тэнд тэрээр Махараж-жигийн хамт Шивлингд (Лингам) зориулан Рудра Абишек тахилыг өргөхөд оролцсон ба Лингамыг таван ариун шүүс, цэцэгсийн болон бусад ариун шингэнүүдээр тослов.
Товч завсарлагын дараа ашрамд цугларсан сэтгүүлчид ба гишүүдийн асуултанд Дээрхийн Гэгээнтэн хариуллаа. Хоорондоо талцан хуваагдсан өнөөгийн дэлхийн нөхцөл байдалд Энэтхэг улсын гүйцэтгэх үүргийн тухайд Дээрхийн Гэгээнтэн “ахимса” ба “каруна”-гийн ач холбогдолыг дахин онцолсоноос гадна шашин хоорондын эв зохицол дээр үлгэр жишээ болж чадна гэдгийг цохон тэмдэглэв. Эдгээр чанарууд нь тус улсын хүч, нөлөөнд хувь нэмрээ оруулж байгаа учраас Энэтхэг улс зэр зэвсэг, цэрэгжилтээр хөөцөлдөх явдлыг бууруулах, багасгах дэлхий нийтийн хөдөлгөөнийг манлайлах хэрэгтэйг Дээрхийн Гэгээнтэн нэмж дурьдсан юм.
Мөн тэрээр Энэтхэг улс шинжлэх ухаан ба технологид төвлөрсөн орчин үеийн боловсролыг сэтгэл ухамсар ба сэтгэл хөдлөлийн уламжлалт мэдлэг ойлголтуудтай хослуулах боломжтой маш онцгой нөхцөлтэй улс гэдгийг тэмдэглэн хэллээ. Орчин үеийн боловсрол нь дотоод амар амгаланг өгч чадахгүй байгаа учраас дангаараа тохиромжтой бус байна. Энэтхэгт шашны урсгалууд нь гүн ухааны үзэл онолуудаараа ялгаатай боловч бүгд хүний дотоод үнэ цэнэ дээр төвлөрдөг учраас энэ нь шашин хооронд эв зохицолтой орших нөхцөлүүдийн нэг болдог юм.
Дээрхийн Гэгээнтэн дотоод үнэ цэнийг залуу хүмүүст бага наснаас их дээд сургууль хүртэл нь зааж сургадаг болох хэрэгтэйг зөвлөөд “ахимса” ба “каруна” нь уур хилэнгийн эсрэг төгс ерөндөг болно гэдгийг хэлсэн юм. Мөн тэрээр эдгээр зүйлсийг шашны хүрээнд хэрэгжүүлэх шаардлагагүй, харин бодит академик түвшинд хэрэгжүүлэх боломжтой. Учир нь шашин шүтэх эрх нь хувь хүний сонголт байдаг бол бүхий л хүн төрөлхтөнд сэтгэлийн амар амгалан хэрэгтэй байгаа гэдгийг цохож хэлсэн юм.
Махараж-жи Дээрхийн Гэгээнтнийг хүн төрөлхтний сайн сайхны төлөө билиг оюун ба хайр энэрэл дээр суурилан эцэх цуцахыг хайхралгүйгээр хичээн зүтгэж байгааг нь магтан сайшаагаад хайр ба энэрэл нигүүлслийг дотроосоо хөгжүүлэх Дээрхийн Гэгээнтний зөвлөмжийг хичнээн их талархалтай хүлээж авч байгаагаа илэрхийлсэн юм. Мөн тэрээр нийт Энэтхэгийн шашны урсгалуудын нэгдмэл нэг байр суурь, өгч буй итгэл үнэмшил, ойлголтуудын тухайд Дээрхийн Гэгээнтэнтэй санал нэг байгаагаа хэлээд хэрхэн билиг билгүүн ба хайр энэрэл нь уур хилэн ба шунал тачаалыг даран арилгадгийг харуулсан бадгийг Гита-гаас эш татан уншив.
“Бид Дээрхийн Гэгээнтний бие махбодид хүндэтгэл үзүүлээд байгаа бус харин түүний мөн чанар болсон билиг билгүүнд бишрэл хүндэтгэлээ үзүүлж байгаа билээ. Дээрхийн Гэгээнтэн үнэн ба билиг билгүүний бодит илэрхийлэл болсон учраас үнэнийг дагагчид ч түүний дагагчид мөн юм. Би Дээрхийн Гэгээнтнийг энэхүү ашрамын жинхэнэ мастеруудын нэг гэж үзэж буй учир энэхүү ашрам түүнийх юм. Тиймээс энд хүссэн үедээ морилж үлдэхийг урьж байна.”
Махараж-жи ба Свами Чидананд Сарасвати нартай өдрийн зоог барьсаны дараа Дээрхийн Гэгээнтэн Дели хотын зүг хөдөллөө.