Энэтхэг, ХП, Дарамсала – Хамгийн дээд адислалын тухай асуултанд Бурхан Багш хариулт болгон айлдсан Мангала судрыг Тайландын хуврагууд пали хэлээр уншсаны дараа Солонгосын эмэгтэй хуврагууд “Билгүүний зүрхэн” судрыг солонгос хэлээр уншиж эхлэхэд дуганы урд эгнээнд суусан бусад хуврагууд өргөн түрж хамтран уншив.
“Өнөөдөр Солонгосын ахан дүүс нарт зориулсан номын айлдварын хоёр дахь өдөр юм.” гээд Дээрхийн Гэгээнтэн айлдвараа эхлэлээ.
“Бурхан Багшийн сургаал номлолыг Ази тив бараг бүхэлдээ дагадаг билээ. Буддизм бидний хувьд ямар нэг шинэ зүйл биш бөгөөд учир шалтгаанд суурилан оюун ухамсараа өөрчлөх тухай сургадаг. Би өнөө цагт сүсэгтэн олныг XXI зууны буддистууд байх хэрэгтэй гэж байнга зөвлөж байна. Бурхан Багшийн айлдсан сургаалийг ойлгож ухаарахад тодорхой судалгаа шинжлэл зайлшгүй шаардлагатай юм шүү.”
“Анхдугаар номын хүрдийн үед Бурхан Багш Хутагтын дөрвөн үнэн ба түүний 16 шинжийг номлосон билээ. Үүнд аврал итгэлээ одуулах тухай гардаг бөгөөд аврал одуулахуйн гурван орныг авч үзвэл жинхэнэ аврал нь Бурхан бус харин ном чухаг эрдэнэ юм шүү гэдгийг бид сайтар ойлгох ёстой. Энд бид хорихуйн үнэн болон гэгээрлийн зам мөрийг харуулсан судар, дандрын номлолуудыг хэлж болно. Хорихуйн үнэнд хүрэхийн тулд зовлонгийн бодит уг шалтгааныг ойлгож “би” үгүйг ухаарах шаардлагатай.”
“Буддийн гүн ухааны дөрвөн үндсэн уламжлал ба тэдний дэд урсгалуудад “би” үгүйг ялгаатай тайлбарладаг. Энэ нь Бурхан Багш сургаалиа айлдахдаа сонсож буй шавь нарын оюуны цар хүрээнд тааруулан номлож байсныг илтгэж байгаа юм. Өвөрмөц өгүүлэгчийн (Вайбхашика) үзлийг судартнууд (Саутантрика) няцаасан бол сэтгэл төдийтнүүд (Читтаматра) тэдний үзлийг үгүйсгэж, харин эдгээр бүгдийн үзлийг Төв үзэлтнүүд няцаасан байна.”
“Бурхан Багш анхдугаар хүрдний үедээ Хутагтын дөрвөн үнэнээс гадна винайн номлолыг айлдсан бөгөөд сүм хийдийн ийм нарийн дэг ёсыг өнөөдөр ч Тайланд болон Бирмд даган мөрдөж, хуврагууд өөрсдийн өдөртөө барих гүнцэгээ бадар барин өглөгийн эздээс хүртдэг билээ.”
“Хоёрдугаар хүрдний үед билиг барамидын сургаалиудыг айлджээ.”
“Гуравдугаар хүрдний үед “Судрын аймгийн таалалын тайлбар” номыг айлдсан байдаг нь сэтгэл төдийтний үзлийн гол судлагдахуун ном билээ. Сэтгэл төдийтнүүд гадаад оршихуй үгүй боловч сэтгэл бодитой оршин байна гэж үздэг. Төв үзлийнхэн үүний хариуд гадаад юмс үзэгдэл бодитой мөн чанар бүхий оршихуйгаар хоосноос гадна сэтгэл ухамсарт ч бодитой орших мөн чанар байхгүй гэж нотолдог. Тэдний хувьд юмс үзэгдэл нэрийтгэлийн төдий юм.”
“ ’Билгүүний зүрхэн’ судрын эхэнд таван нэгдэл ч мөн чанарын хувьд хоосон гэж тайлбарласныг өчигдөр би дурьдсан билээ. “Таван нэгдэл ч” гэж онцгойлон тодруулсан дагавар хятад хэл дээрх судрын орчуулганд, мөн солонгос болон япон хэл дээрх орчуулганд ч алга байна. Харин миний шалган баталснаар санскрит анхдагч судар дээрээ тодорхойлжээ. Үүний утга нь, зөвхөн бодгаль өөрөө хоосон чанартайгаар зогсохгүй бодгалийн нэрийтгэлийн суурь болсон таван нэгдэл ч мөн чанараараа хоосон гэдгийг илтгэж байгаа болно.”
“Гадаад оршин буй юмс үзэгдэж буй шигээ оршдоггүй гэж сэтгэл төдийтнүүд үздэг. Гадаад орчинд оршин буй мэт харагдаж байгаа зүйлс нь зөвхөн сэтгэлийн тусгал төдий гэж тэд тайлбарладаг юм. Буддийн гүн ухааны үзлийн хамгийн дээд шатны үзэл болох хэтрүүлэгч төв үзэлд хэрэв юмс үзэгдэл бие даан өөрийн эрхээр оршдог бол шүтэн барилдсан нэрийтгэл байхын шаардлага юунд байна вэ гэж асуудаг. Тиймээс ч тэд юмс үзэгдэл бидний төсөөлөл дээр суурилсан нэрийтгэлийн хэлбэрээр л оршдог гэж нотлодог билээ.”
“Хэрэв юмс үзэгдэл харагдаж байгаа шигээ оршин байдаг бол тэд бие даасан өөрийн бодит оршихуйтай болж таарна. Гэтэл ингэж оршдог зүйлс үгүй учраас юмс нь нэрийтгэл, томъёололын төдий л юм. Түүгээр ч зогсохгүй нэрийтгэл болсон нэр ч хоосон чанартай билээ. “Ямар ч зүйлсийг та хуруугаар заах тодорхой бодит чанар тэдгээрт үгүй” гэж Жанжа Ролбийдорж нэгэнтээ айлдсан юм.”
Судрын тайлбар луугаа эргэн ороод Дээрхийн Гэгээнтэн дөрвөн хэсэгт хоосон чанарын тайлбарыг тодруулав. “Дүрс хоосон, хоосон бол дүрс, хоосноос тусдаа дүрс гэж үгүй, дүрсээс тусдаа ч хоосон гэж үгүй.” Дүрс бие даан оршдоггүй боловч түүнийг огт байхгүй гэж үзэж болохгүй. Дүрс нь олон тооны хүчин зүйлсүүдийн нэгдлээр бүтэж, өнгө, хэлбэр дүрс гэх мэт олон ялгаатай хүчин зүйлсүүд дээр суурилан нэрийддэг. Юмс оршдог боловч тэдэнд тодорхой бодит мөн чанар үгүй. Дүрс хоосон гэсэн нь байхгүй гэх туйлын үгүйсгэх үзэл бус бөгөөд учир нь энд юмс мөн чанараараа л хоосон гэдэг утгыг харуулжээ.
Үүнийг Нагаржуна хутагт “Төв үзлийн билгүүний үндэс”-тээ тодотгосон байна.
Шүтэн барилдлагат юмс бүгд
Хоосон чанартай бөгөөд
Шүтэн барилдлагат нэрийтгэл нь
Төв үзэл мөн
Хэдийгээр квант физик сэтгэлийн хоосон чанарын тухай батлаагүй боловч зөвхөн ажиглагч байхад ажиглагдахуун үзэгдэл гардагийг баталсан нь сэтгэл төдийтний үзэлтэй адил байна хэмээн Дээрхийн Гэгээнтэн онцлон тэмдэглэв.
Харьцангуй ба үнэмлэхүй үнэнүүд нь нэг ижил мөн чанарт оршихуйн ялгаатай шинж чанарууд юм. Юмс үзэгдэл угаасаа байхгүй бол хоосон чанартай орших зүйлс гэж үгүй болно. Тиймээс юмс үзэгдэл нь хоосон чанарын суурь билээ. Дөрвөн хэсэгт хоосон чанарын илэрхийлэл нь дүрс ба хоосон хоёр нь мөн чанарын хувьд адил боловч ойлголтын хувьд ялгаатай гэдгийг харуулж байна. Энэ үнэн нь бидний мэдрэмж, сэтгэл ба оюун ухааны хувьд ч адил юм.
Дээрхийн Гэгээнтэн “Билгүүний зүрхэн” судрын хураангуй тарнийн утгыг тайлбарлав.
“Гадэ гадэ – одохтун, одохтун – эдгээр нь чуулганы ба найруулгын зам мөр бөгөөд бодь сэтгэл, хоосон чанарын анхдагч мэдрэмж, туршлагыг харуулсан, бара гадэ – цааш одохтун – гэдэг нь үзэхүйн мөр ба хоосон чанарыг анх ухаарч бодьсадвын нэгдүгээр газарт хүрэхийг харуулсан ба, барасам гадэ – улам цааш одохтун – гэдэг нь бясалгалын мөр ба дараа дараагийн бодьсадвын газруудыг олохыг харуулсан бөгөөд төгсгөлд нь боди суха – гэгээрэлд оршихтун гэсэн нь төгс гэгээрлийн үндсийг тавихыг харуулсан байна.”
“Сударт тодорхой өгүүлснээр гурван цагийн бурхад бүгд билиг билгүүнд суурилж ханьцашгүй, төгс гэгээрэлд хүрэх юм.”
“Билгүүний зүрхэн” судрыг уншлага болгон гэм түйтгэр ба саад тотгорыг зайлуулах заншил байдгийг Дээрхийн Гэгээнтэн онцлоод утгыг нь ойлголгүйгээр зүгээр унших нь үр дүнтэй байж чадахгүй гэдгийг тэмдэглэн хэллээ. Ямартаа ч үндсэн гэм түйтгэр бидний сэтгэлд оршдог тул тэдгээрийг арилгахын тулд сайтар суралцаж, сурснаа дадуулах нь гол гэдгийг тэрээр чухалчлав.
“Мөрийн гурван эрхэм”-ийн тайлбарыг эхлэхийн өмнө Дээрхийн Гэгээнтэн Богд Зонховт зориулан магтаал хүндэтгэлийн залбирлыг өргөв. Энэ залбиралд эхлээд орчуулагч лозавад, дараа нь Рэндава болон түүний хоосон чанарын ухааралд хүндэтгэл өргөж, оюун ухааныг нь огторгуй мэт асар уужим гэж дүрслэн магтжээ. Түүний шавь Богд Зонхов Амдо нутагт төрсөн юм. Богд Зонховыг бага байхад нь цорж Дондүв Ринчэн өөр дээрээ авч ном заажээ. Дараа нь түүнд Төвөдийн төв нутагт очиж суралцахыг зөвлөсөн байна. Багшийнхаа зөвлөснөөр Богд Зонхов төв нутагт очиж Сангпу хийд зэрэг эрдмийн төвүүдэд суралцсан билээ.
Манзушри бурхантай уулзсан Умава ламтан Богд Зонховт тусласнаар аажимдаа Манзушри бурхантай шууд харьцаж чаддаг болжээ. Нэгэн удаа хоосон чанарын үзлийн тухай асуухад Манзушри бурхан түүнд товч хураангуй хариулсаныг Богд Зонхов ойлгож чадаагүй учраас Манзушри бурхан түүнийг аглагт гарч нүгэл хилэнц арилгах, буян хураах үйлд шамдахыг зөвлөсөн байна. Богд Зонхов олон шавь нартаа ном зааж буй үйлээ орхиод аглагт гарвал шашинд тусгүй болох тухай хариу айлтгахад Манзушри бурхан түүнд тэвчээрт суралцахыг зөвлөөд “Шашинд юу тустай болохыг би мэднэ” гэж хариулсан гэдэг.
Аглагт байх үедээ Богд Зонхов хутагт Нагаржуна ба түүний таван шавийг зүүдэлсэн байна. Тэдгээрийн нэг Буддапалита түүнд өөрийн номоор адис хүртээсэн бөгөөд дараа өдөр нь Богд Зонхов хутагт Нагаржунайн “Билгүүний үндэст” хийсэн Буддапалитагийн тайлбар зохиолыг үзэж байхдаа хоосон чанарын гүн гүнзгий илтэд оносон ойлголтыг олж авчээ.
“Богд Зонхов “Мөрийн гурван эрхэм” номоо өөрийн ойрын шавь Агваандагвын илгээсэн захидлын хариу болгон зохиосон юм. Эхний бадагтаа энэ номонд гаргахыг зорьсон өөрийн санааг товч тайлбарласан байна. Хоёрдугаар бадагт чөлөө учралыг ашиглан бүтээх дараагийн сайн төрөл ба орчлонгоос гэтлэх хоёр зорилгыг харуулсан бөгөөд эхний зорилгыг ёс суртахуун, шагшаабадаар бүтээх бол хоёр дахь зорилгыг гурван мөрийг дадуулснаар бүтээх юм.”
“Гуравдугаар бадагт магад гарахуйн сэтгэлийг үүсгэх шалтгааныг гаргасан бол дараагийн бадагт нь чөлөө учралт хүний биеийн хэргийг гарган хэрхэн энэ сэтгэлийг хөгжүүлэх тухай өгүүлсэн байна. Олдохуйяа бэрх энэ чөлөө учралт шүтээн бие нь хэврэг бөгөөд богино, үхэл магадтай ирэх боловч энэ богино чөлөө учралын хэзээд ирэх нь магадгүй билээ.”
“Тавдугаар бадагт магад гарахуйн сэтгэл баттай төрсөний хэмжээг тодруулжээ. Үүний дараагийн бадагт бодь сэтгэлийг төрүүлэхийн шалтгаан, харин долоо ба наймдугаар бадагт хэрхэн үүнийг төрүүлэхийг тайлбарлажээ.”
“Ес, арав ба арван нэгдүгээр бадгуудад хоосон чанарыг шүтэн барилдлагатай уялдуулан хөгжүүлэх тухай өгүүлсэн бол арван хоёрт хоосон чанар ба шүтэн барилдлага нь хоорондоо ялгаатай бус, нэг мөн чанартай болохыг онцлон шүлэглэсэн байна. Арван гуравдугаар бадагт гүнзгий үзлийн шинжлэл төгсөх үед мөнх ба байхгүй гэх хоёр туйлын үзлээс ангижрахыг харуулсан бөгөөд харин сүүлийн бадагт мөрийн эрхэм гурвын аньс нугуудыг мэдсэн цагт аглаг дор сууж хүчтэй хичээл зүтгэлийг төрүүлэн ашдын хэргээ түргэн бүтээхийг шавьдаа зөвлөжээ.”
“Дагалдах захиандаа Богд Зонхов ирээдүйд төгс гэгээрлийг олсоны дараа өөрийн сургааль номлолын шимийг түүнд номлоно гэдгээ Агваандагва шавьдаа амласан байна.”
Дээрхийн Гэгээнтэн энэхүү зохиолын тайлбарыг цагтаа амжуулж чадсандаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Маргааш гурав дахь өдрийн номын айлдварын үеэр тэрээр орохуйн бодь сэтгэлийг төрүүлэх уншлага зан үйл хийнэ хэмээгээд үүнийг өдөрт хэд хэдэн удаа хийж байх нь үр дүнтэй гэдгийг тодрууллаа.
Дуганаас гарах замдаа Дээрхийн Гэгээнтэн эгнэн зогссон сүсэгтнүүдийн заримтай гар барьж, заримтай нь ярилцаж түр саатав. Хамгийн доод шатанд хүрээд тэрээр нийт сүсэгтнүүдэд зориулан зүг зүгт гараа далласныхаа дараа машиндаа заларсан юм. Түүнийг өргөө хүрэх зам хооронд олон хүмүүс тасралтгүй даллан мэндчилж байв.