Энэтхэг, ХП, Манали – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэ өглөөний номын айлдвараа айлдахын өмнө Тайваны Хакка телевизэд ярилцлага өглөө. Олон сэдвийг хөндөн ярилцсаны дотор сурвалжлагч Дээрхийн Гэгээнтнийг хамгийн өөдрөг үзэлтэй бөгөөд хэрхэн үргэлж инээмсэглэн явж чаддаг талаар асуулаа.
"Би бол хүн төрөлхтний нэг мөн. Хүмүүс нийгмийн амьтад юм. Өдгөө амьдарч буй 7 тэрбум хүмүүс сэтгэл, оюун ухаан, бие бялдарын хувьд адилхан. Бид бүгд аз жаргалтай амьдрах эрхтэй. Инээмсэглэх чадвар нь зөвхөн хүмүүст заяагдсан зүйл бөгөөд энэ нь аяндаа бий болж байдаг шүү дээ. Мөн би 8-р зууны Энэтхэгийн буддын ухааны их багш Шантидэвагийн айлдсан “Хэрэв та бодьсадвын явдлаар явж буй бол бусдад байнга инээмсэглэж хандах ёстой” гэсэн зөвлөгөөг үргэлж санаж явдаг.”
Хүн бүр сэтгэлийн амар амгаланд хүрч чадах эсэх талаар асуухад Дээрхийн Гэгээнтэн:
“Өнгөрсөн үеийн боловсролын систем нь шашны институтын боловсруулсан дотоод сэтгэлийн үнэт чанарын тухай хүмүүст өргөнөөр сургадаг байсан бол орчин үеийн боловсрол нь материаллаг зорилгууд болон материаллаг амьдралын арга замыг зааж байна. Энэ нь хүмүүст сэтгэл санааны асуудлаа шийдэхэд шаардлагатай бүхнийг өгч чадахгүй. Цэцэрлэгийн наснаас эхлээд хүүхдүүдэд биеийн ариун цэврээ хэрхэн сахих талаар заадагчлан тэдэнд сэтгэлийн эрүүл мэнд буюу хэрхэн сайхан сэтгэлтэй байх талаар заах хэрэгтэй. Ингэснээр боловсрол илүү бүрэн төгс болох болно.”
Тэрээр сүсэг бишрэл ба шинжлэх ухааны дүгнэлтээс шинжлэх ухаанд юу гэж үзэж буйг илүүд авч үздэгээ илэрхийлээд Наладагийн уламжлал нь шинжлэх ухааны адил учир шалтгаан ба судалгаа шинжилгээ дээр тулгуурладаг гэдгийг цохон тэмдэглэлээ. Тэрээр муу сэтгэл нь харагдаж буй зүйлсийг үнэн бодит гэж үзсэнээс үүдэлтэй, үүнийг багасгахын тулд бодит байдлыг ойлгох нь тустай гэв.
Төвөдийн соёлын онцлогийн талаар Дээрхийн Гэгээнтэн ингэж хариуллаа.
“Төвөдүүд өргөн уудам нутагт тархан суурьшсан хэдий ч 7-р зуунд Соронзон Гамбу хааны зарлигаар зохиогдсон сонгодог төвөд бичиг үсгийг нийтээрээ хэрэглэж эхэлсэн юм. Энэ үсгийг Энэтхэгийн деванагари үсгээс загвар авч хийсэн байна. 8-р зуунд Шантаракшита төвөдүүдэд хандан та бүхэн нэгэнт өөрийн гэсэн бичиг үсэгтэй тул Энэтхэгийн буддын зохиол бүтээлийг өөрийн төрөлх хэл рүүгээ хөрвүүлэх хэрэгтэй гэж зөвлөсөн юм.”
“Өнөө үед Наландагийн их сургууль балгас болсон хэдий ч Шантаракшитагийн авчирсан тэр мэдлэг Төвөдөд бодит хэвээрээ хадгалагдан ирсэн билээ. Мөргөлчин Шуанзан Наландагийн уламжлалыг судлаж байсан болохоор Хятадын буддын шашинтнууд энэхүү уламжлалыг мэддэг боловч тэд Наландагийн учир шалтгааны ба танин мэдэхүйн онолыг хүлээн зөвшөөрч сонгоогүй. Ирээдүйд хятадууд төвөдүүдийн бие бялдрын хөгжилд дэмжлэг үзүүлэх бол бид тэдний оюун санааны хөгжилд нь туслах боломжтой. Энэ хооронд, миний бие энд Энэтхэгт оюун ухаан ба сэтгэл хөдлөлийн талаарх эртний Энэтхэгийн мэдлэгийг сэргээх, мөн түүнийг орчин үеийн боловсролын үзэл баримтлалтай хэрхэн нэгтгэх талаар ажиллаж байна. Ингэснээр илүү олон хүмүүс өөрсдийн зовлонт сэтгэлийн асуудлыг шийдэхэд суралцана, олон хүмүүс сэтгэлийн амар амгаланд хүрэх ба олон хүмүүс дотоод амгаланд хүрч дэлхий дахин илүү их амар амгаланд хүрэх бололцоотой болно.”
Дээрхийн Гэгээнтнийг номын айлдварын талбайд морилон ирэхэд бороо татарч, урд шөнийн хүчтэй борооны улмаас тогтсон усыг бүрэн цэвэрлэсэн байлаа. Айлдвар эхлэхийн өмнө лам нар Чандракиртигийн “Төвд орохуй” номын мөргөлийн шүлгийг уншив.
Дээрхийн Гэгээнтэн суудалдаа заларсны дараа “Бүгд ном авсан уу?” гэж асуулаа. “За тэгвэл өнөөдөр бүгдээрээ Хоёрдугаар Бурхан хэмээн алдаршсан хутагт Нагаржунагийн “Бодь сэтгэлийн тайлбар” –ыг үзнэ. Түүний зохиол бүтээл нь түүний агуу шинж чанарыг илэрхийлэн гаргасан байдаг. Мөн тэрээр гүн ухааны сургаалиуд дээр нэмээд нууц тарнийн, ялангуяа Гухаясамажагийн номлолыг тайлбарлан айлдсан юм. Түүний залгамжлагч Чандракирти ба Аряадэва нар ч мөн адил нууц тарнийн номлол сургаалийг дэлгэрүүлсэн билээ.”
“Бодь сэтгэлийн тайлбар” сургаальд туйлын бодь сэтгэлийг хоосон чанартай шууд холбож ойлгох тухай, мөн бодь сэтгэлийг төрүүлэх, үүнийгээ хамаг амьтны төлөө бурхан болох хүсэлтэй хэрхэн уялдуулах зэргийг онцлон тэмдэглэсэн байдаг. Ловон Чандракирти агуу их бодь сэтгэлийг гэгээрэлд хүрэх зам мөрийн эхэнд, дунд, эцэст нь ч чухал хэмээн магтсан юм.”
Муу сэтгэл нь үнэнээс гажуудсан буруу үзэл бодол дээр үндэслэгдсэн байдаг учраас зовлонт амьтад мунхаг сэтгэлд хүлэгдсэн байна. “Билгүүний үндэс” номынхоо төгсгөлд хутагт Нагаржуна Бурхан Багшийг дээд бодь сэтгэлийг төрүүлж, сургааль айлдсан, бүхий л муу сэтгэлийг арилгахад хөтөлсөн таньд мөргөе гэх зэргээр магтжээ.
Дээрхийн Гэгээнтэн тараасан номыг нээж “ Наландагийн 17 багш нарын магтаал”-ыг уншиж эхэллээ.
“Эхний шүлэг нь хосгүй, ер бусын гүн ухааны үзэлтэй Бурхан Багшийг магтсан билээ. Дараа нь билиг барамидийн сургаал, үүн дотроос шүтэн барилдлагын учрыг тодруулж, төв үзлийн сургалтыг дэлгэрүүлсэн хутагт Нагаржунайг магтаж буй. Дараа нь хутагт Аряадэваг магтах бөгөөд тэрээр Нагаржуна хутагтын шадар шавь байжээ. Дараа нь Буддапалитаг магтах ба тэрээр Прасангика үзлийг тайлбарласан юм. Түүний дараа Нагаржунайн өөр нэгэн шавь Вхававивека орж ирнэ.”
“Дараа нь ловон Чандракирти бөгөөд тэрээр юмс үзэгдлийг тайлбарлахдаа хоёр туйл болох эс орших буюу үгүйсгэх үзэл ба мөнхөд оршино гэх хэтрүүлэх үзлээс ангид, нөхцөл шалтгаантай шүтэлцэн оршдог гэж үзсэн юм. Мөн тэрээр судар ба дандрын асар олон номлолыг тайлбарласан билээ.”
“Ловон Чандракиртигийн дараа ловон Шантидэва ордог. Хэдийгээр хутагт Нагаржуна, Аряадэва нар бодь сэтгэлийг хэрхэн төрүүлэх тухай тайлбарлан айлдсан боловч ловон Шантидэвагийн айлдсан ‘Бодьсадвын явдалд орохуй’-д илүү гүн гүзгий, дэлгэрэнгүй тайлбарласан байдаг. Үүнтэй өрсөлдөхүйц өөр сурвалж байхгүй.”
“Би хүүхэд насандаа бодь сэтгэлийн талаар сонирхож байсан ч үүнд хүрэхэд маш хэцүү гэж бодож байлаа. Би өөрийн багш Дадаг ринбочэгээс энэхүү номыг заалган хөтлүүлсэн билээ. Тэрээр надад “Итгэл алдаж болохгүй, би бодьсадвын талаар багахан туршлагатай учир надад найдаж болно” гэж зөвлөсөн юм. Цагаачлалд байхдаа “Бодьсадвын явдалд орохуй” номыг бүрэн гүйцэд үзэж судласан бөгөөд хэрэв би хичээвэл бодьсадвад ойрхон байгаагаа мэдэрдэг.”
“Ертөнцийн зургаан чимэг, хоёр дээд хэмээн алдаршсан Энэтхэгийн найман бандида нарын магтаал Төвөдөд аль хэдийн зохиогдсон байдаг ч тэрхүү магтаалд багтаагүй ч бид сургааль бүтээлийг нь анхааран судладаг бусад багш нар үлдсэн байсныг нэгтгэж би энэхүү 17 бандида нарын магтаалыг зохиосон юм.”
“Дараагийнх нь ловон Шантаракшита бөгөөд Төвөдөд учир шалтгаан ба логикийн үндсэн дээр суралцах уламжлалыг тогтоож өгсөн түүнд бид талархдаг. Дараа нь түүний шавь ‘Бясалгалын зэргэмж” номыг зохиосон ловон Гамалашила орно.”
“Асанга нь ‘Сэтгэл төдийтөн’-ний сургаалийг үндэслэгч билээ. Түүний дүү Васубанду нь Абидарма номлолын их багш байсан. Түүний шавь Дигнага нь логик ухааны багш, логикч бөгөөд танин мэдэхүйн онолын багш нь Дармакирти юм. Вимуктисена нь Васубандугийн гарын шавь байсан хэдий ч гэгээрэлд хүрэх билиг оюуныг Төв үзлийн үүднээс тайлбарласан билээ.”
“Харибадра мөн адил билиг оюуныг төгс төгөлдөр болгох тухай алдартай тайлбарлагч байсан. Олон суралцагчид түүний “Утгыг тодруулагч тайлбар” сургаалийг цээжилдэг. Непалийн Гопаны хэсэг эмэгтэй хуврагууд энэхүү сургаалийг цээжилсэн байсныг би санаж байна. Энэ нь намайг үнэхээр гайхшируулсаныг би тэдэнд хэлж байсан билээ.”
“Гунапрабха, Шакяапрабха нар хоёулаа хийдийн дэг журмын багш нар байсан. Хамгийн сүүлийнх болох Атиша гэгээн нь Цаст Төвөдийн оронд Дээдийн номын сургалтыг цэцэглэхэд хүргэсэн сайхан сэтгэлт дээдэс байсан юм.”
“Энэ магтаалын төгсгөлд ‘Оюун ухаан минь өндөр түвшинд боловсрон гэгээрэлд хүрэх болтугай, хуурмаггүй бодь сэтгэл төрөх болтугай, судар хийгээд тарнийн бүхий л сургаальд суралцаж түргэн гэгээрэлд хүрэх болтугай” гэх зэрэг ерөөлийн үгсийг бичсэн юм. Төгсгөлийн үгэнд бид буддын сургаалийн учрыг өрөөсгөл бус, сониуч ухаанаар судлах хэрэгтэйг онцолсон билээ. Би энэхүү магтаалыг Түлшиг ринбочэ болон бусад хүмүүсийн хүсэлтээр зохиосон юм.”
“Зан үйл, мөргөлөөр сэтгэл ханаж болохгүй. Хоёр үнэн, Дөрвөн үнэний сургааль дээр үндэслэн Бурхан Багш бидэнд юу заасныг ойлгохыг хичээх хэрэгтэй. Хэрэв та Наландагийн уламжлал дагуу Бурханы сургаалийг учир шалтгаан хийгээд логик ухаанаар судлаж чадвал Бурхан Багшийн айлдвар сургааль ирээдүйд өнө удаан орших болно.”
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам бодь сэтгэл төрүүлэхүйн уншлагыг уншлаа. Тэрээр “Бид юмс үзэгдэл өөрсдийн талаасаа оршиж байна гэсэн төсөөлөлтэй байдаг, гэвч харагдаж буй зүйлийг эрэн сурвалжилж, чухамхүү аль нь вэ, хаана байна вэ хэмээн олохыг хичээх үед тэдгээрийг нарийн тодорхойлж чаддаггүй.” хэмээн тайлбарлав.
Оюун ухааныг сэрээх үндсэн ойлголтын талаар номлосон нь 72 дахь шүлгээр дуусч, 73 дахь шүлгээс эхлэн бодьсадвын оюун ухааныг төрүүлэх, гэгээрлэлд хүрэх тэмүүлэлийн тухай нарийн тайлбар эхэллээ. Төвөдөөр гэгээрэл гэдэг нь Жан-чүв гэсэн 2 үгээс бүтдэг байна. Эхний үг нь оюун ухааны хир буртгийг ерөндөгийн тусламжтайгаар ариусгах, 2 дахь үг нь бүх хир буртаг арилж дууссанаар сэтгэлийн эцсийн мөн чанар бий болох буюу оюун ухамсар хөгжлийн дээд шатандаа хүрдэг байна.
“Илт онохуйн чимэг”-ийн тайлбарт өгүүлснээр, бодьсадва нар хамаг амьтдыг энэрэн хайрлах бодийн сэтгэлээр харж байх, тэднийг зөвхөн зовлонгийн зовлонгоос бус, хувиран өөрчлөгдөх зовлон, мөн түгээмэл зовлонгоос ч ангижрахыг хүссэн бодь сэтгэлээр харах ёстой гэжээ. Энэ нь 12 шүтэн барилдлагын хэсэгт тайлбарлагдсан байдаг. Эхний холбоо барилдлагыг даван гарахад бусад 11 холбоо нь тасардаг. Энэ нь хоосон чанарыг хир зэрэг ойлгосноос хамаарна.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам бусдыг хайрлах энэрэнгүй сэтгэл ба амин хувиа хичээх үзлийг тайлбарласан Банчэн Лувсан Чойжаны ‘Багшийг Тахихуй’ номоос эш татлаа.
"Амин өөрийгөө энхрийлэх архаг өвчин үүнийг
Аяа, зовлон үүсэхүйн шалтгаан мөн хэмээгээд..."
"Эх болсон амьтдыг энхрийлж, амгаланд хүргэх сэтгэлийг
Эх хязгааргүй эрдэм гарахуйн үүд хэмээгээд..."
Бодь сэтгэлийг хөгжүүлэх гэдэг нь өөрийгээ гагцхүү хамаг амьтны тусад зориулна гэсэн үг ажээ.
Сургаалийг уншиж дуусаад тэрээр маргааш, нөгөөдөр ном айлдахгүй завсарлах болсныг зарлалаа.
Дээрхийн Гэгээнтэн 8-сарын 17-ны өдөр ‘Жанрайсиг бурханы авшиг, үүн дээр нэмээд‘Оюун судлахуйн найман шүлэг’, ‘Бодьсадвын гучин долоон гарын авлага’ номуудыг айлдана.