Энэтхэг, Карнатака, Мундгод – Өнөөдөр өглөө Брайвун Лосалингийн дуган ба гадаах талбайд 15,000 орчим эрэгтэй, эмэгтэй лам хуврагууд, мөн 9,500 гаруй зочид олон нийтийн төлөөллүүд хурсан байлаа. Тэд Арьяндэва хутагтын “Төв үзлийн 400 бадагт” зохиолд зориулсан номын хэлэлцүүлэг-симпозиумын нээлтэд оролцохоор ийнхүү цуглажээ.
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг морилон ирж суудлаа эзэлсний дараа Дардо Түлгү үйл ажиллагааг нээж танилцуулга хийлээ. Тэрээр Брайвун Лосалин дацан энэхүү номын ажиллагааг Богд Зонхов гэгээрлийн хутгийг олсон 600 жилийн ой, түүний ахмад шавь Жалцав Дарма Ринчэнг хамгийн анхны Гэлүгвийн тэргүүн буюу Гандан Ширээтээр өргөмжилсний 600 жилийн ой ба Дээрхийн Гэгээнтний нэрэмжит гэвш лхарамбын шалгалтыг зохион байгуулж эхэлсний 60 жилийн ой гэсэн гурван тэмдэглэлт үйл явдалд зориулан зохион байгуулж байгааг тайлбарлав.
Брайвун Лосалин дацан Дээрхийн Гэгээнтнийг гол зочноор хүлээн авч байгаа нь нэр төртэй үйл явдал гэдгийг тэрээр онцлоод одоогийн Гандан Ширээт ба Гандан Ширээт асан Ризон ринбочэ, Шарва ба Жанзэ цорж, Брайбун ширээт лам, Лосалингийн хамба лам болон бусад хүндэт лам хуврагуудыг хүрэлцэн ирсэнд талархлаа илэрхийллээ.
Брайбун Лосалин дацангийн хамба лам хүндэт Лувсан Самдэн энэрэл нигүүлсэл, бодь сэтгэлийн биелэл болсон Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд зориулан залбирал ерөөлийг тавьснаар яриагаа эхлэв. 1959 оноос хойш Төвөдийн номын уламжлалыг дахин сэргээн хөгжүүлсэн нь Дээрхийн Гэгээнтний зөн билэг, алсын хараа ба халамжит сэтгэлийн үр дүн гэдгийг тэрээр цохон дурьдлаа. Дээрхийн Гэгээнтний айлдвар номлолууд нь Төвөдийн уламжлалыг хадгалан хамгаалах үндэс суурь болсон билээ. Төвөдийн хувьд улс төрийн хариуцлага үүрэхийн хажуугаар Дээрхийн Гэгээнтэн өөрийн ном бүтээлийн үйлээ тасралтгүй үргэлжлүүлж ирсэн нь онцгой үлгэр жишээ болсныг хамба лам өгүүлээд аажимдаа Төвөдийн лам хуврагуудыг номоо сайтар судлаад судалснаа анхааран авлага болгохыг шавдуулсан нь чухал алхам байсныг онцлов. Тэрээр Дээрхийн Гэгээнтний үйлс зохионгуйг Богд Зонхов өөрөө номын шамдлаа хэрхэн үйлдэж, үйлдсэнээ товчлон хурааж айлдсантай эш татан жишсэн юм.
Эхлээд би суралцахыг машид эрэлхийлсэн,
Дунд үед нь ном сургааль бүгдийг увдист ургуулсан,
Төгсгөлд нь өдөр шөнө бүрт анхааран авлага болгосон,
Энэ бүх хичээл шамдалаа Бурхан Багшийн сургааль түгэн дэлгэрэхэд зориулая.
Өнөөдрийн симпозиум дээр үг хэлэх бүх лам нар Лосалин дацанд суралцаж төгссөн хуврагууд гэдгийг Хамба лам мэдэгдээд Дээрхийн Гэгээнтэн энэ үйл ажиллагаанд оролцохоор зөвшөөрсөн нь машид сайхан хэрэг гэдгийг дахин давтан онцлов. Тэрээр Дээрхийн Гэгээнтэнд урт наслаж хүсэл зорилго нь биелэхийн залбирлыг тавиад амьтан бүгдэд Жанрайсиг бурханы ивээл энэрлийг хүсэн ерөөлөө.
Үйл ажиллагааны эхний хэсгийг хөтлөх гэвш Ейши Тавхай хэлэлцүүлгийн зохион байгуулалтыг тайлбарлав. Үг хэлэх хүн бүр арван минутанд сэдвээ танилцуулах бөгөөд үүний дараа гарах асуулт хариултанд арван таван минут хуваарилжээ. Тэрээр асуулт товч тодорхой байхыг хүслээ.
Анхны илтгэгч лхаарамба гэвш Арьяндэвийн “400 бадагт”-ийн мөнхөд баримтлах үзлийг няцаасан эхний бүлгийг хөндсөн юм. Тэрээр эхний бадагт өгүүлсэн “үхлийг жинхэнэ ялагчдыг” эшлэн хэрэв үхлийн эзнийг ялсан Архадууд ба Бодьсадва нар байдаг бол бид тэдэнтэй өнөөг хүртэл яагаад учраагүйг тодруулан асуултыг тавилаа. Мөн тэрээр Бурхан Багш үхэшгүй мөнхийн хутгийг олсон гэдэг боловч 81 насандаа таалал барьсныг нэмж дурьдав.
Хоёр дахь илтгэл бие махбодийн таашаалд итгэмжлэх сэтгэлийг буцаах хоёрдугаар бүлгийн агуулгуудаас хөндөв. Илтгэгч “хэдийгээр бие цогцос нь дайсан мэт боловч үүнийг эрхэмлэн хамгаалах нь зүй” гэсэн эхний бадгаас эш татаад биеийг дайсан мэт үзэхийн шалтгаан нь бие цогцос зовлонгийн мөн чанартай байдагтай холбоотой гэдгийг тайлбарлалаа. Үүнийг “мөнх бус юмс бүгд зовлонтой” хэмээсэн бүлгийн сүүлийн бадгаас харж болох бөгөөд энэ нь бид өөрсдийн биеийг байнга орших, бие даасан шинжтэй гэж боддог бодьгалийн би-д барих буруу үзлийн үр дүн гэдгийг илтгэгч онцлов.
Гурав дахь илтгэлийн сэдэв болсон “цэвэр ариунд итгэмжилсэн үзлийг буцаах” гуравдугаар бүлэг нь буруу үзлүүд болон мэдрэхүйн таашаал ба хүсэл тачаалыг хэрхэн буцаах тухай өгүүлсэн ажээ. Хүсэл тачаал нь эд юмсын мөн чанар биш бөгөөд сэтгэл ухамсарт төрдгийг илтгэлд онцоллоо. Жишээлбэл өөрөө хэн нэгэнд таалагдаагүй ч өөр нэг хүнд таатай санагдаж болно. Энд эмэгтэй хүний бие махбодьтой уялдуулан хүсэл тачаалыг гаргасан бадгийг:
“Арга юугаар ч бие цогцсын доторхоо
Ариусган цэвэрлэх боломжгүй
Ариусгах энэ хичээл зүтгэл чинь
Анхааран гадаад үзэмжээ тордохын хувь төдийд ч хүрэхгүй” гэсэн эшлэн татлаа.
Яг энэ мөчид Лосалин дацангийн хамба илтгэлийг түр зогсоож “400 бадагт” нь өнөөдрөөс ялгаатай цаг үед зохиогдсоныг дурьдаад эмэгтэй хүний биеийг хэлэлцэж байгаа нь эмэгтэйчүүдийг гутаах бус хүсэл тачаалыг бууруулах зорилготой гэдгийг онцлов.
“Омгийн сэтгэлийг буцаах” дөрөвдүгээр бүлэг ба дөрөв дэх илтгэлийн сэдэв нь бодгалийн “би”-гийн тухай тайлбарыг хөндөв. Сэтгэл ба бие цогцсын нэгдлийг бодгалийн “би”-гийн суурь болгон Чандракирти тодорхойлжээ. Бусад уламжлалуудад бодгалийн “би”-г суурь болсон ухамсар, эсвэл энэ нь өөрөө ухамсар мөн гэж үздэг юм. Шалтгаан-үр дагаварыг баримтлагчид нь бодгалийн “би” нь бие ба сэтгэлийн нэгдлийн суурьт нэрийн төдий оноогдсон бөгөөд нэгдлээс салангид бус гэж үздэг. Илтгэлийн дараа илтгэгчээс бодгалийн “би”-гийн тухай буддизмаас өөр үзлүүд дээр тайлбар хүслээ.
Гэвш Ейши Тавхай илтгэлд хэлэлцүүлэгдсэн санаануудыг нэгтгэн “Үхэшгүй мөнхийн тухай бид нар мэдэхгүй боловч үхэл ба мөнх бусын тухай бодож бясалгах нь үхлээс айх сэтгэлийг давахад маш нэмэртэй бөгөөд улмаар өнөөдөр үхсэн ч харамсал үгүйгээр одох болно. Бурхан Багш биднийг энэ айдсаас хагацаахын тулд үхлийн тухай номлосон билээ” гэж өгүүлэв.
Мөн тэрээр цааш үргэлжлүүлэн “Гэм түйтгэртэй бүхэн зовлонгийн мөн чанартай, тиймээс хүсэл таашаалыг хайх тусам сэтгэлийн ханал цадалт буурах болно. Эмэгтэй хүний биед тачаах хүслийг буцаахын тухайд “400 бадаг”-т хийсэн гол тайлбаруудын нэгд ийм бясалгалыг бас эрэгтэй хүний биетэй уялдуулан хийх шаардлагатай гэж өгүүлсэн байдаг. Цэвэр ариун бие цогцсын тухай ойлголтууд нь кастын системтэй мөн уялдаж гарч ирсэн ба дээд кастын хүмүүс цэвэр ариун байдаг бол доод кастын хүмүүс бохир заваан гэж үздэг билээ. Ингэж ялгах ямар ч утга учир, суурь үндэслэл байхгүй юм. Дээрхийн Гэгээнтэн бидэнд зөвхөн Төвөд тайлбаруудад сэтгэл ханалгүйгээр Энэтхэгийн сонгодог зохиолуудыг судлахыг зөвлөдөг. Үүний үр дүнд ийнхүү өргөн цар хүрээнд судалж байгаад би маш их баяртай байна” гэж хэллээ.
Үүний дараа Дээрхийн Гэгээнтнээс санал бодлоо илэрхийлэхийг хүндэтгэлтэйгээр хүсэв.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам,
“Тэгэхээр энэ бол Арьяндэвийн “400 бадагт” зохиолд зориулсан эрдмийн хэлэлцүүлэг симпозиум билээ. Төв үзлийн уламжлалын (Мадхьяамика) онолын гол эх үүсвэр нь Билиг билгүүний судрууд бөгөөд эдгээрт ил утгаараа хоосон чанарыг үзүүлж харин далд утгандаа зам мөрөөр дэвшихийг харуулсан байдаг юм.”
“Өнөөдөр энд бид суралцаж судалж байгаагийн зорилго нь Америк гэх мэт хол газрууд руу хүрэх зам мөрийг хайж байгаа бус харин “Билгүүний зүрхэн” сударт үзүүлсэн мөрөөр хэр дэвшин ахиж чадах эсэхээ мэдэхэд оршиж байгаа юм. Сударт “Датяата гатэ гатэ пара гатэ парасам гатэ боди суха” гэж айлдсан нь (үүний утга нь: одохтун, цааш одохтун, бүрэн цааш чинадад одохтун, гэгээрэлд оршихтун) дагагчдад таван мөрөөр дээш урагшлахыг сануулсан хэрэг юм.”
“Гатэ гатэ – одохтун, одохтун – эдгээр нь чуулганы ба найруулгын мөр ба бодь сэтгэл ба хоосон чанарын анхдагч мэдрэмж, туршлагыг харуулсан бөгөөд, пара гатэ – цааш одохтун – гэдэг нь үзэхүйн мөр ба хоосон чанарыг анх ухаарч бодьсадвийн нэгдүгээр газарт хүрэхийг харуулсан ба, парасам гатэ – бүр цааш чинадад одохтун – гэдэг нь бясалгалын мөр ба дараа дараагийн бодьсадвийн газруудыг олохыг харуулсан ба төгсгөлд нь боди суха – гэгээрэлд оршихтун гэсэн нь төгс гэгээрлийн үндсийг тавихыг харуулж байгаа билээ.”
“Төгс гэгээрлийн хутгийг бид олж чадахгүй байсан ч үүнийг зорьсон өөрсдийн шийдэл хүслээ сулруулан орхигдуулж болохгүй. Бидний хамгийн тэргүүн зорилго бол үзэхүйн мөрт хүрч хоосон чанарыг илтэд онох явдал юм.”
“Нагаржуна хутагтын “Төв үзлийн Билгүүний үндэс” (Муламадхьямакагарика) нь үнэхээр гүн гүнзгий гайхалтай зохиол билээ. “400 бадагт” болон бусад судрууд нь үүнд нэмэлт хавсралт болж өгдөг. Буддапалита ба Бхававивека нар мөн суут эрдэмтэд юм. Буддапалита “Хэрэв юмс үзэгдэл бие даан өөрийн эрхээр оршдог бол бусадтай шүтэлцэн оршихын хэрэг юу билээ?” гэж айлдсан нь гайхамшигтай билээ.”
“Чандракиртийн “Тод үгс” зохиол нь “Билгүүний үндэс”-ийг үг тус бүрээр нь тайлбарласан бөгөөд ийм зохиол бүтээлүүдийг судлаад ирэхээр бид урт удаан хугацааны эндүүрэлт сэтгэлээ танин мэдэж үүнээсээ ангижирах арга замыг ойлгох болно. 7-р Далай Ламын айлдсанаар:
Төрөл бүрийн үзэгдлүүд хийгээд зургаан мэдрэхүйн уулзвар дээр
Хоёрдмол үзлийн хуурмаг төөрөгдөл зэрэглээ мэт үзэгдэнэ,
Аргат илбичний хуурмаг үзэгдлүүд энд л оршино
Үнэнд барилгүйгээр эдгээрийн зэрэглээ төдий хоосон чанарыг хайхтун
Сэтгэлээ алдруулалгүйгээр үзэгдэл төдий ба хоосны оронд оршигтун
Сэрэмжээ алдалгүйгээр үзэгдэл төдий ба хоосны оронд оршигтун.
“Танин мэдэж сурч эхэлснээр амар хялбар болдоггүй зүйлс гэж нэгээхэн ч үгүй гэж Шантидэва айлдсан байдаг. Бид хоосон чанарыг таньж түүнийг ойлгож мэдэж эхэлснээр билиг билгүүний нүдээ нээх юм. Харин үүний эсрэг зүйл болсон мунхаг сэтгэл ба буруу үзэлд үнэн үндэслэл, суурь гэж үгүй билээ. Хоосон чанарыг судар зохиолуудад тайлбарласныг зөвхөн ойлгох бус тодорхой түвшинд өөрөө мэдрэх нь чухал юм шүү. Харин үүнд няцалтгүй хичээл чармайлт, шийдэл зориг хэрэгтэй.”
“Өглөө болгон бодь сэтгэл болон хоосон чанарын үзлийг бясалгаж байхтун. Ингэснээр маш их өөрчлөлт гардагийг би өөрийн туршлагаар баталж чадна. Үзэхүйн мөр хүртэлх зам мөрүүдийг бүрэн гүйцээх боломжтой юм шүү. Тиймээс бидний зорилго бол гэгээрлийн хутгийг олоход орших ёстой. Судалж суралц, сурсан зүйлсээ анхааран тунгааж дадуул, тэгээд бясалгаарай – үүнийг битгий мартаарай.”
“Аз жаргалыг дотроосоо л олох боломжтой. Харин үүний эх булаг нь хайр ба энэрэл нигүүлсэл юм. Миний яриа дууслаа. Та бүгдэд баярлалаа.”
Нийт цугларсан олон алга ташив.
Талархалын үгс хэлэх явцад хийдийн төлөөлөгч симпозиумыг нээж морилон ирсэнд Дээрхийн Гэгээнтэнд дахин талархалаа илэрхийлэхэд оролцогчид дахин алга ташлаа. Тэрээр цааш үргэлжлүүлэн хүрэлцэн ирсэн зочид болон хурлыг зохион байгуулах боломж гаргасан хүмүүст баярлаж байгаагаа хэлээд ийм хурлууд цаашид олноор зохион байгуулагдана гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв.