Энэтхэг, Дарамсала, Маклеод Ганж – Дарамсала дахь өглөөний үүлгүй цэлмэг тэнгэрийн дор, өвлийн гэрэлт нарны туяанд Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өргөөнөөсөө ойрхон байрлах Кирти Жеба дацан хүртэл машинаар явав. Түүнийг хийдийн үүдэнд Кирти ринбочэ угтан авсан бөгөөд талбайд лам хуврагууд, сүсэгтэн олон хүлээж байв. Дээрхийн Гэгээнтэн эхлээд Богд Зонхов болон түүний 2 шавийн шүтээний өмнө түр зогсож, равнай өргөлөө.
Цааш хэсэг алхаад Даржайлин Сукэ Кирти дацангийн лам хуврагууд дагсал хаялцаж байгаад анхаарлаа хандуулав. Түүний дараа Кирти Жеба дацангаас гаргасан номын үзэсгэлэнг үзэж сонирхов.
Дээрхийн Гэгээнтэн “Хийдийн боловсрол” сэдэвт симпозиумд зориулан зассан том асарын тайзан дээрх сандал дээр тухлан суулаа. Түүний зүүн талд Төвөдийн төрийн гурван тэргүүн болон Төвөдийн Төв Захиргааны гишүүд, төлөөлөгчид, зүүн талд нь Кирти ринбочэ, профессор Самдон ринбочэ нар суув.
Кирти ринбочэ мандал өргөн бурханы лагшин, зарлиг, таалалыг бэлэгдсэн бурханы дүр, судар, суварга шүтээн өргөв. Лам хуврагууд нийлэн бурхан, чухаг дээдэд аврал одуулсан уншлага, мөн “Наландагийн 17 бандидагийн соёрхол” уншив. Энэ зуур олон нийтэд хүндэтгэлийн цай, амтат брээс тарааж байлаа.
Дараа нь Богд Зонхов нирваан дүр үзүүлсний 600 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд эрэгтэй, эмэгтэй залуу хуврагуудад зориулсан тус симпозиумыг нээснийг мэдэгдэв. Төвөдийн Төв Захиргааны шашин, соёлын галон Карма Гелек Юток арван лам нарт төгсөлтийн гэрчилгээ гардуулсан ба Кирти Жеба дацан үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан боловсролын галон Пема Янчен дурсгалын номын нээлт хийлээ.
Кирти ринбочэ симпозиумд зориулж үг хэлэхдээ Дээрхийн Гэгээнтэн урилгыг хүлээн авсанд талархал илэрхийлэхийн зэрэгцээ Төвөдийн Дой Ме нутгийн хүмүүс Дүйнхорын авшиг айлдах хүсэлт өргөсөн ба хүсэлтийг хүлээж авна хэмээн найдаж байгаагаа илэрхийлэв. Мөн 1990 онд Төвөдөд буй Кирти Жеба дацанг Дарамсала хотод хэрхэн сэргээн байгуулсан талаар товч дурьдлаа.
Кирти ринбочэ энэхүү симпозиумыг залуу лам хуврагуудад үр өгөөжтэй байх үүднээс зохион байгуулж буй ажээ.
“Төвөдөд байгаа болон дүрвэн гарсан лам хуврагууд өсч томрох тусам тэдэнд олон сорилтууд тулгарна хэмээн харж байна. Тэднийг удирдан чиглүүлэх дүрэм, журам хэрэгтэй. Тиймээс бид лам нарын сургалтанд анхаарлаа хандуулж, хэлэлцүүлэг өрнүүлэх нь зүйтэй болов уу гэж бодож байна. Мөн шинээр байгуулагдаж буй дацан хийдүүдийн нийтлэг сургалтын хөтөлбөрийг хэлэлцэхээр төлөвлөж байна.”
“Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын хойд дүрийг тодруулах талаар хэлэлцсэн хурлууд саяхан болж өнгөрлөө. Мэдээжийн хэрэг бид бүгдээрээ Дээрхийн Гэгээнтэн Далай Лам бидний дунд дахин төрөөсэй хэмээн хүсч байна. Гэвч эдүгээ бидний хийх зүйл бол энэ бүгд биелэхийг хүсэн соёрхол тавих явдал мөн. Дараах дүр нь тодорвол асарч халамжлах нь бидний үүрэг харицуцлага билээ. Мөн тэрээр ирээдүйд нэгэн жижиг гэр бүлийн гишүүн болж төрөхийг хүсч байгаагаа илэрхийлсэн ч, Далай Ламын ажлыг дэмжих чадвар бүхий тогтвортой институт байх шаардлагатай. Эцэст нь Дээрхийн Гэгээнтэнд эрүүл энх байхыг хүсэн ерөөе.”
Дүрвэн гарсан Төвөдийн Парламентын дарга Пема Юнги Дээрхийн Гэгээнтний удирдлага дор хийдийн сургалтын төвүүдийг шинээр байгуулахаар ахмад үеийнхэн шаргуу ажиллаж байсныг дурсав. Тэрээр симпозиумын сэдвийг сайшаагаад амжилттай болно гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгдлээ.
Дүрвэн гарсан Дээрхийн Гэгээнтний удирдлага дор Кирти ринбочэгийн хэрэгжүүлсэн зам мөрийг Сикён Лобсан Сэнгэ сайшаан магтлаа.
“Төвөдөд сүүлийн 60 жилийн турш хятаджуулах кампанит ажил өрнөж байна. Хэдий дүрвэн гарсан ч бид энд өөрсдийн уламжлалаа хадгалж чадсан юм. Төвөдийн төлөө олон арван мянган хүн амиа золиосолсон билээ. Өөрийгөө шатаасан хүмүүсийн ихэнх нь Төвөд дэх Кирти хийд байрладаг Нгаба хотынх байсан юм.”
Тэрээр Дээрхийн Гэгээнтэн Ганжуур, Данжуурын агуулгыг шинжлэх ухаан, гүн ухаан ба шашин гэсэн гурван чиглэлд ангилсаныг дурьдаад буддизм дахь сэтгэл судлалын шинжлэх ухааны ойлголтыг олж авснаар хувь хүний итгэл үнэмшлээс үл хамааран хүн бүр ашиг тус хүртэх боломжтой гэв.
Дээрхийн Гэгээнтэн эхлээд Кирти ринбочэ, дараа нь Төвөдийн Төв Захиргааны удирдагч болон симпозиумд оролцсон бүх хүмүүст хандан мэндчилэв. Дараа нь “Наландагийн 17 бандидагийн соёрхол”-оос эш татаад “Одоо цагт шинжлэх ухаан, технологийн салбарт асар их дэвшил гарч байгаа ч бид завгүй амьдралын төвөгтэй байдалд төөрсөөр байна. Буддист хүний хувьд Бурхан Багшийн сургаалыг ухаж ойлгосон мэдлэг дээр суурилсан сүсэг бишрэлтэй байх нь туйлын чухал юм.” гэлээ.
“Буддизм нь гурван зүйлийн ухагдахууны тухай номлодог. Тэр нь ил, далд, машид далд ухагдахуун юм. Бид далд, машид далд ухагдахууныг Бурхан Багшийн сургаалд түшиглэн дүгнэлт хийсний үндсэн дээр ойлгож чадна гэж үздэг билээ. Бид логик, учир шалтгаанаар магадладаг тул ойлгоход бэрх далд ба машид далд ухагдахууны талаар дүгнэлт гаргаж чадна.
"Сикёны хэлснээр Ганжуур, Данжуурын агуулгыг шинжлэх ухаан, гүн ухаан, шашны талаас нь авч үзэж болно. Шинжлэх ухаан нь ашиг тусыг ихээр хүртэхүйц сэтгэл судлалтай холбогддог. Гүн ухааны үндсэн санаануудын нэг нь квант физикийн суурь ойлголттой нийцэж байна.”
"Зөвхөн Наланда уламжлалд л Бурхан Багшийн сургаалыг ойлгоход логикийг ашиглах нь чухал гэж үзсэн юм. Сонгодог бичвэр дээр учир шалтгааны ухаанаар шалгах гүн ухааны ойлголтыг номлодог бөгөөд орчин үеийн боловсролд бүрэн ашиглаж болно. Наландагийн ихэнх уламжлал нь шинжлэх ухаантай нийцдэг.”
"Наландагийн 17 их бандида тус бүр нь зохиол гаргасан бөгөөд өнөөг хүртэл судлагдсаар байна. Үүний эсрэгээр 16 Архатын хувьд Рахулатай холбоотой нэг эшлэлээс өөр ямар ч ном сургаал үлдээгүй.”
“Кирти ринбочэ надаас Дүйнхорын ван өгөхийг хүссэн боловч би түүнээс Шамбалын орон хаана байдаг талаар асуумаар санагдаж билээ. Нэгэн удаа удаа зурхайчтай энэ талаар ярилцахад Шамбалын орон Кайлашийн ойролцоо байдаг бөгөөд тэнд хүрэхийн тулд эхлээд цасаа ухсан байх хэрэгтэй гэж билээ.”
“Дүйнхорын ван авах нь түгээмэл байдаг ч оюун санааныхаа мандалтай холбон бясалгах дадлагыг хэрэгжүүлэх нь тийм ч хялбар биш ээ. Мөн төгсгөлийн зэргийн зургаан үе шаттай иогийн хувьд зөвхөн Жонанба уламжлалд л харагдаж байна.”
“Бурхан Багш гэгээрсний дараахан “Гүн гүнзгий, амирлангуй, цацралаас хагацсан, гэгээн гэрэл, хуран эс үйлдсэн үнэнийг оллоо. Гэвч үүнийг бусдад номловоос үл ухаарах тул аглагт чимээгүй оршъё” гэж айлдсан юм.”
“Гүн гүнзгий, амирлангуй” гэдгийг түүний эхний номын сургаалтай холбож болно. “Цацралаас хагацсан” гэдэг нь хоёрдугаар номын хүрдэн буюу билиг барамидыг илэрхийлнэ. Харин “гэгээн гэрэл” гэсэн нь дээд төвшний иог бясалгалыг хийхэд ашигладаг гэгээн гэрлийн нарийн сэтгэлтэй холбоотой гэж ойлгож болно.”
“Банчэн Балдан Еши нь Шамбалын оронд очсон гэж алдаршсан бөгөөд тэндээс маш том тарианы үр байсныг Поталад авч ирсэн хэмээдэг.”
“Буддагийн сургаалын үндэс нь энэрэл хайр юм. Түүн дээр үндэслэн бодь сэтгэлийг хөгжүүлдэг. Бодь гэдэг нь энд билиг билгүүн дээр суурилсан гэгээрлийг илэрхийлж буй.”
Дээрхийн Гэгээнтэн цааш нь ярихдаа ловон Шантаракшита ариун, үнэн зөв Наланда уламжлалыг Төвөдөд авчирснаар, Төвөдүүд 1200 гаруй жилийн турш хадгалан ирсэн хэмээлээ. Азийн ихэнх улс бурханы шашныг дэлгэрүүлж, Наланда уламжлал Хятадад, тэндээс Солонгос, Япон зэрэг улсуудад хүрсэн ч логик, учир шалтгааны ухааныг онцлоогүй байна. Үүнийг зөвхөн Төвөдийн уламжлалаас олж харж болно.
Тэрээр анх орчин үеийн шинжлэх ухааны эрдэмтэн судлаачидтай ярилцах хүсэлтэй байгаагаа эхлээд нэгэн Америк найздаа хэлэхэд шинжлэх ухаан шашныг сүйтгэнэ гэж сануулж байсныг дурсав. Гэсэн хэдий ч тэрээр аюул биш гэдэгт итгэлтэй байсан бөгөөд бараг 40 жилийн турш эрдэмтэй хамтран ажиллаж, харилцан яриа өрнүүлж ирсэн билээ.
Өнөө үед хүн төрөлхтний үндсэн чанар энэрэнгүйгээс үл хамааран хүмүүс өөрсдөө олон бэрхшээлийг бий болгосныг тэрээр дурдлаа. Нэгэн шалтгаан нь хэт олон хүн зөвхөн материаллаг зорилгын төлөө шамдаж байна. Дээрхийн Гэгээнтэн эртний Энэтхэгийн мэдлэг, ялангуяа оюун ухаан болоод сэтгэл судлалыг дахин сэргээх үүрэгтэй гэдгээ илэрхийлэв. Тэрээр хэд хэдэн туршилтын төслүүд хэрэгжиж байгааг дурдсан юм.
Тэрээр зөвхөн Төвөдийн буддизм л Бурхан Багшийн сургаалыг учир шалтгаан, логикийн үүднээс судалж байсныг дахин давтаж хэлэв. Өмнө нэгэн удаа Саранатад лам нарын ном хаялцахыг хараад ном хаялцахдаа дан ганц учир шалтгаан дээр үндэслэн мэтгэлцэхээс гадна Бурхан Багшийн судраас эш татахыг зөвлөж байснаа дурдав.
“Кирти ринбочэ маш шаргуу ажилласан бөгөөд ялангуяа Төвөдөд ашиглаж болох сургалтын хөтөлбөр сайжруулах тал дээр нэлээд анхаарсан билээ. Бид түүнд талархах ёстой.”
"Сикён хэлсэнчлэн бид бүгдээрээ XXI зууны буддист байхыг эрмэлзэх ёстой. Богд Зонховын “Их бодь мөрийн зэрэг”-т бид багшийг ариунаар харах ёстой хэмээгээгүй, харин багш хүний эзэмших ёстой чанаруудыг жагсаасан байдаг. Бусдыг дадлагажуулахыг хүсч байгаа бол эхлээд өөрөө дадлагажсан байх ёстой. Ёс суртахуун, дөлгөөн тогтвортой сэтгэлээ хөгжүүлж мөн бодит байдлыг гүн гүнзгий танин мэдэх хэрэгтэй.”
“Хүмүүс багшийнхаа хэлсэн үгийг эргэлзэлгүйгээр шууд дагаж байснаас Шүгдэн шүтэх явдал түгээмэл болсон юм. Цагаачилсны дараа дацан хийдүүдэд логик болон философи судлалыг нэвтрүүлэхийг уриалав. Сохор мухар сүсэг бидэнд хэрэггүй, харин учир шалтгаан болон логик шаардлагатай. Дээр нь логик болон мэтгэлцээний ухааныг энгийн сургуулиудад нэвтрүүлэхийг санал болгосон билээ. Учир нь судлагдаж буй ямар ч асуудлыг логикоор шалгаж болно. Эцэст нь манай маш олон хүн ийм аргаар суралцаж байна.”
“Бид Наланда уламжлалыг хадгалан хамгаалагч бөгөөд мэдлэг боловсролыг нь ч хөгжүүлэн авч явж буй билээ. Үүнтэй зэрэгцэн төвөд хэл энэ мэдлэгийг хамгийн оновчтой илэрхийлэх хэл болоод байна. Энэ бүгдээс үзвэл Төвөд хүний оюун сэтгэлгээнд сэтгэл хангалуун байгаад зогсохгүй улмаар олон хүн бидний төлөө хүчин чармайлт гаргахад хүргэж байгаа билээ.”
Тус симпозиумд тавьсан илтгэлдээ профессор Самдон ринбочэ уулзалтын зорилгыг магтан сайшаагаад, “Буддын шашны сургаал бол аз жаргалын эх үүсвэр юм. Үүнийг авч үлдэх эсэх нь дацан хийдүүдээс ихээхэн хамаардаг учир тэдний сургалт боловсрол амин чухал юм. Кирти ринбочэгийн нөлөөн дор Төвөдийн олон хийдүүд номын дуу сонссон бөгөөд би үүнд талархаж байна.”
Тэрээр сургалтын дунд хэсэгт төвөд хэлийг сурах, тэр дундаа бичгийн хэлийг сурах ач холбогдлын талаар ярив. Ингэхдээ нутгийн аялаг ашиглахаас аль болох зайлсхийж байхыг зөвлөлөө. Мөн сайн багш нарын сургалтыг дэмжихээ илэрхийлээд, Кирти дацанд боловсруулагдсан багш нарт зориулсан гарын авлагыг дахин сайшаасан юм. Шашны бус хичээлийн багш нар болон бурханы сургаал заадаг багш нар тус тусдаа байх санал дэвшүүлсэн боловч багш нар нэг нэгэндээ заах учраас хамт байсан нь дээр гэсэн санал гарлаа. Эцэст нь тэрээр симпозиумын үйл ажиллагаанд амжилт хүсэн ерөөв.
Симпозиумыг зохион байгуулах хорооны дарга Вен Церин зочид, сурган хүмүүжүүлэгчид, 150 лам хуврагууд болон 100 гаруй хийдийн төлөөлөгч нарт анхаарал хандуулан хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлэв.
Дээрхийн Гэгээнтэн болон бусад зочид хамтдаа үдийн хоол зооглосны дараа тэрээр ордон руугаа буцахын өмнө хурлын танхим болон дуганд морилов. Анд нөхдүүд, сайн сайхныг хүсэгчид, инээмсэглэл тодруулан хадаг барьсан хүмүүс хаалганаас хаалганы хооронд замын хажуугаар эгнэн зогссон байлаа.