Энэтхэг, Махараштра, Аурангабад – Өнөөдөр өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Аурангабадын ПИС Биеийн Тамирын коллежид зочилсон бөгөөд тэнд цугласан олон нийтэд хандан номын айлдвар айлдахаар цэнгэлдэх хүрээлэнг зорилоо. Тэрээр машинаасаа буусны дараа гольфын жижиг тэргээр цэнгэлдэхийн нөгөө захад зассан тайз руу хөдлөв. Баяр хөөртэй хүмүүс хязгаарлаж тавьсан хайсны цаанаас Дээрхийн Гэгээнтнийг зөрж өнгөрөхийг хүлээн зогсоцгооно.
Тайзан дээр ирсний дараа Дээрхийн Гэгээнтэн Бурхан Багшийн том цагаан лагшингийн дүр, мөн хажууд нь буй Др. Амбедкарын баримал хөшөөнд хүндэтгэл үзүүлэв. Түүнийг суудалдаа залрах явцад цэнгэлдэх түргэн хугацаанд хүмүүсээр дүүрч удалгүй 50,000 гаруй хүн цуглав. Хуврагууд улбар шар ба хүрэн улаан номын хувцас өмсөж, харин энгийн сүсэгтнүүд дийлэнхдээ цагаан хувцасаар гоёжээ.
Дээрхийн Гэгээнтний хажууд суусан Шри Ланкын лам Маханаяака Теро Пали хэл дээр аврал одуулах залбирлыг уянгалуулан уншлаа. Үүний дараа үг хэлсэн Др. Харшадип Камбл өөрийн гэр бүлийн хамт энэхүү үйл ажиллагааг санаачлан санхүүгийн хувьд дэмжиж ажилласнаа хуран цугласан олонд тайлбарлав.
Хүндэт Бодипало Махатеро лам Дээрхийн Гэгээнтнээс хуврагууд болон сүсэгтэн олонд хандаж номын айлдвараа айлдахыг айлдахыг хүслээ.
“Эхлээд би билиг билгүүнд зориулсан эдгээр ерөөл залбирлуудыг уншъя” гэж Дээрхийн Гэгээнтэн өгүүллээ.
Билиг билгүүний магтаалд:
Үнэмлэхүй билиг билгүүн дор залбирал өргөмүй
Гурван цагийн бурхан бүгдийн эх
Үгээр илэрхийлэшгүй, сэтгэшгүй, цаглашгүй,
Өөрөө гарсан, түйтгэр үгүй, огторгуйн мөн чанар лугаа
Өөрийгөө танин баригч ухамсрын бодит оршихуй
Датьята - гатэ, гатэ, пара гатэ, парасам гатэ, боди суха.
Нагаржуна хутагтын “Төв үзлийн билгүүний үндэс” шастрын магтаал залбиралд:
Шүтэн барилдлага энэ нь
Хаагдах үгүй, төрөх үгүй,
Тасрах үгүй, мөнхөд үгүй,
Ирэх үгүй, одох үгүй,
Тус тусдаа ч бус, нэг ч бус,
Амгалантай бөгөөд хуурмаггүй,
Үнэнийг айлдагч, багш бүгдийн дээд
Огоот төгссөн Бурхан дор мөргөмүй.
Мөн Чандракиртийн “Төв үзэлд орохуй” шастрын эхлэл шүлэг:
Шарвага ба брадига нугууд Бүхнийг Айлдагчаас мэндэлмүй,
Бурхад бээр баатар сэтгэлт Бодьсадва нугуудаас төрмүй.
Энэрэхүйн сэтгэл, хоёр үгүй үзэл хийгээд бодийн сэтгэл бээр
Ялгуулсны хөвгүүдийн уг шалтгаан болмуй.
“Нагаржуна хутагт билиг билгүүний сургаалиудад машид тодорхой тайлбар хийж “Төв үзлийн Билгүүний үндэс” зохиолоо туурвихдаа билиг билгүүний сургаалиудын ил утга болсон хоосон чанарыг тодруулан гаргасан бол Майдрын гэгээн “Илтэд онохуйн чимэг”-тээ билиг билгүүний далд утгуудыг тодорхой тайлбарласан байдаг юм. Аль алийг нь Төвөдөд гүнзгий судлан суралцдаг байлаа” гэж Дээрхийн Гэгээнтэн яриагаа эхэллээ.
“Бид Дигнагийн “Шалгадаг ухааны хураангуй” болон Дармакиртийн “Шалгадаг ухааны тайлбар” зохиолуудыг судалснаар логик учир шалтааныг хэрэглэж сурсан юм. Бидний дагадаг Винайн ёс нь Муласарваставадын уламжлал билээ. Бид Гунапрабхагийн тунгалаг тодорхой тайлбарууд дээр суурилдаг. Мөн бид Васубандугийн “Дээд мэдлэгийн сан” зохиолд ч ихээхэн анхаарал хандуулдаг.”
“Бурхан Багш ч тухайн үедээ Энэтхэгт оршин байсан уламжлалуудад суралцаж байсан шүү дээ. Тиймээс “ахимса” ба “каруна”-гийн үзлүүдийг хүлээн авсан бөгөөд улмаар эдгээр үзлүүдтэй уялдуулан гүнзгий номлолуудаа айлдсан байдаг.”
“Сарнатад айлдсан анхны номын хүрдэндээ Бурхан Багш ёс суртахуун буюу шила, төвлөрөл буюу шамата ба билиг билгүүн буюу випашианагийн утгуудыг номлосон бол Ражгирт билиг билгүүний дэлгэр сургаалиудыг оюун ухааны хувьд өндөр, сонгогдсон шавь нартаа айлдсан юм. Тэрээр энэ үедээ үнэмлэхүй үнэнийг тайлбарласан бөгөөд сэтгэлийн нарийн түйтгэрийг арилгах зорилгын үүднээс юмсын үзэгдэх байдал ба бодит байдлын ялгааг машид онцгойлон номложээ. Энэ зам мөрийг Наландын уламжлал дагасан байна.”
“Бурхан Багшийн шүтэн барилдлагын номлолыг Нагаржуна тэргүүтэй Наландын мастерууд гүнзгий судлан, цагийн явцад Буддизмын номлол Ази даяар түгэн тархав. 20-р зуунд Барууны орнуудад Буддизмыг сонирхож эхэлсэн байна. Нагпурт 1956 онд Др. Амбедкар өөрөө, мөн бусад 500,000 гаруй хүн албан ёсоор Буддизмд орсон нь Буддизмын тухай ойлголт Энэтхэгт сэргэхэд томоохон хувь нэмэр оруулсан үйл явдал байлаа. Өнөөдөр ч та бүгд энд хүрэлцэн ирсэн нь Др. Амбедкартай холбоотой юм шүү. Түүний тусламж дэмжлэгээр Буддизм энэ улсад дахин сэргэсэн юм.”
“Буддизмыг сонирхож буй хүмүүсийн тоо өсөн нэмэгдэж байгаа учраас Буддха ба Дарма гэдэг үгсийн утгыг сайтар мэдэж байх нь чухал юм. Буддхаг илэрхийлсэн Төвөд үгний утгаас харахад энэ нь сэтгэлийн бүхий л хир буртаг, гэмээсээ салж, мэдлэгт учрах бүх түйтгэрээсээ чөлөөлөгдсөнөөр юмс үзэгдлийг өөрийн бодит мөн чанараар нь таниснаар энэхүү гэгээрэлд хүрдэг гэж тайлбарладаг.”
“Бурхан, ном, хувраг буюу чухаг дээд гурвын утга учрыг мэдсэнээр хоёр үнэн, Хутагтын дөрвөн үнэн, хорт муу үйлүүдийг орхиж гэгээрлийн зам мөрд орохын ач тусыг ойлгох болно. Үүнээс жинхэнэ зам мөрд орох нь Дээдийн номын гол учир юм. Ийм зам мөрд орж Буддха болох замналыг бодитойгоор замнахын тулд хоосон чанарыг шууд ухаарсан ойлголттойгоор хувраг болох нь чухал юм аа. Итгэл сүжиг дангаараа хангалттай бус, та бүгд логик шалтгааныг ашиглан суралцах ёстой.”
Дээрхийн Гэгээнтэн зовлонгийн зовлон, хувирахуйн зовлон ба хуран үйлдэхүйн зовлон гэсэн гурван төрлийн зовлон байдгийг дурьдав. Хорт муу үйлүүдээс татгалзсанаар зовлонгийн зовлонгоос зайлсхийх боломжтой гэдгийг тэрээр онцоллоо. Бидний таашаал авдаг байсан зүйлс болон мэдрэмжүүд зовлон болж хувирах нь хувирахуйн зовлон юм. Хуран үйлдэхүйн зовлон нь нийт гурван ертөнц – хүсэлт, дүрст болон дүрсгүй ертөнцийн амьтан бүгдийн төгөлдөр бус мөн чанараас үүдсэн зовлон бөгөөд дээш дээшхи ертөнцдөө зовлонгийн зовлонгоос түр хугацаанд ангижирч болох ч хуран үйлдэхүйн зовлонг аль ч ертөнцөд амсдаг гэдгийг тайлбарлав.
"Зовлон нь мунхагаас үүдэлтэй бөгөөд арван хоёр шүтэн барилдлагын анхдагч шалтгаанд үүнийг дурьдсан байдаг билээ. Энэхүү мунхаг нь зөвхөн бодит байдлыг мэдэхгүй байгаа тохиолдол бус бодит байдлыг буруу ухаарсантай холбоотой мунхаг бөгөөд шүтэн барилдлагыг ойлгосон нөхцөлд ийм буруу ойлголт дахин төрөхгүй."
Дээрхийн Гэгээнтэн “би үгүй”-н ерөнхий ба нарийн ойлголтуудыг Буддизмын гүн ухааны дөрвөн түвшиний хүрээнд тайлбарлалаа. Өвөрмөц өгүүлэгч буюу Вайбхасика, судрын аймагтан буюу Саутрантика нар нь өөрийн “би” үгүй гэдгийг хүлээн зөвшөөрдөг бол сэтгэл төдийтөн буюу Читтаматра ба Төв үзэл буюу Мадхаямакаг дагагчид зөвхөн хувь хүний “би” үгүйгээс гадна юмс үзэгдлийн мөн чанарыг өөр өөрийн байрь сууринаас хоосон чанартай хэмээн тайлбарладаг гэв.
Саяхан Дээрхийн Гэгээнтэн Трипитака ба Дамма судруудыг хадгалан хамгаалах зорилготой багц-цуваа загвар бүхий интернэт платформын нээлтийн ажиллагаанд оролцсоноо дурьдаад аажимдаа энэ платформд Нагаржуна хутагтын “Билгүүний үндэс” ба “Илтэд онохуйн чимэг” шаструудын гол санааг тусган оруулвал маш тустай гэдэг саналаа илэрхийлэв. Эдгээр шаструуд нь Шантаракшита гэгээнтэн бараг 1000 гаруй жилийн өмнө анх танилцуулснаас хойш Төвөдүүдийн уламжлан хадгалж ирсэн Наландын уламжлалын зүрхэн шим зохиолууд билээ.
“Хэдийгээр би манай зарим нэг шилдэг гэвш нарын адил удаан суралцаагүй ч Наландын уламжлалыг 13 жил судалсан бөгөөд зэргийг нь ч авсан билээ. Богд Зонхов гэгээний бичсэнээр би ”Эхлээд суралцахыг машид эрэлхийлсэн, дунд үед нь ном сургааль бүгдийг увидаст ургуулсан, төгсгөлд нь өдөр шөнө бүрт анхааран авлага болгосон өөрийн энэ буянаа дээдийн ном дэлгэрэхэд зориулья.” хэмээн ерөөл тавьдаг."
“Бурхан Багш юун тухай заасныг мэдэхгүй бол бид юуг бясалгах билээ дээ? Бурхан Багш өөрөө “Би гэгээрлийн зам мөрийг заасан, харин анхааран авах эсэх нь таны мэдэлд буй” гэж айлдсан юм. Бид хорт муу сэтгэлүүдээ таниад эдгээрийг арилгах ёстой. Миний суралцсан энэ эрдэм бүгд надад маш их тустай байсныг олон янзын сорилт бэрхшээлүүдийг даван туулахдаа би таньж мэдсэн юм шүү.”
“Би буддистуудад 21-р зууны буддистууд байж судалж суралцан, ойлголт мэдлэг дээрээ суурилсан итгэл үнэмшлийг олоорой гэж байнга зөвлөдөг. “Утгыг тодруулагч” гэдэг номондоо Харибадра хурц ба мохоо ухаантай хоёр төрлийн сүсэгтний тухай дурьдсан байдаг. Хэрэв та бүхэн мохоо ухаантай сүсэгтэн байвал Бурханы сургааль удаан хугацаанд оршин тогтнох нь хэцүү байх болно. Харин ухаанаа ашиглаж сүсэг бишрэлээ үүсгэсэн дагагчидтай бол Бурханы сургааль ахиад олон зууны туршид орших нь магадтай.”
“Бурхан Багш өөрийн шавь нарт “Алтны дархан алтыг түлж, зүсэж бас зүлгэж чанарыг нь шинждэгийн адилаар хувраг та бүгд миний сургаалийг зөвхөн намайг хүндлэн биширснээр бус харин сайтар шинжин судалж үзсэнээр хүлээн аваарай” гэж айлдсан шүү дээ. Бид Бурхан Багшийн дүрийг хараад “Бурхан та бол бидний багш” гэж хэлдэг. Хэрэв бид үнэхээр ингэж боддог бол суралцагч шавь нар нь болох учраас номондоо сайтар хичээн суралцах нь зүй ёсны хэрэг юм.”
“Би “Сэтгэлийг дадуулах найман бадагт”-аас та бүгдэд товч уншиж өгье. Би энэхүү судрыг бага байхдаа анх сонссоноос хойш өдөр бүр цээжиндээ давтаж дадуулдаг болсон бөгөөд машид тустай байсан юм шүү.”
Зохиолын англи хэл дээрх хувилбарыг уншихдаа Дээрхийн Гэгээнтэн эхний хоёр бадаг нь бидэнд битгий биеэ тоож, омгийг бүү үүсгэгтүн гэдгийг захин сургаж байгаа гэдгийг онцоллоо. Хэрэв бид ерөөхүйн бодь сэтгэлд орж бусдыг хорлож үйлдэхийг хязгаарлах юм бол бидэнд бие тоосон омгийн сэтгэл төрөх орон зай гарахгүй юм. Гуравдугаар бадаг нь хорт муу сэтгэлүүдээ билиг билгүүнээр даран арилгахыг зөвлөсөн ажээ. Дөрөвдүгээр бадагт бид эцэг эх, ах дүүс ба амраг садандаа үүсгэдэг, шунал хүслийн үндэстэй хайрлан дотносох сэтгэл ба дайсан маань ч бидний адил хүн гэдгийг таниж мэдэрдэг тэр жинхэнэ энэрэхүйн бодь сэтгэлийн ялгааг тодруулан гаргажээ.
Тав болон зургаа дахь шүлгүүд нь таны дайсан бол таны хамгийн сайн багш гэж Шантидэва гэгээнтний нэгэнтээ хэлсэн утгыг батлан буулгасан байна. Долдугаар бадагт өгөх авахын бясалгалыг гаргасныг Дээрхийн Гэгээнтэн тайлбарлаад энэ бясалгал өөрт нь машид тустай байдгийг тодруулсан юм. Сүүлийн бадагт “Бүхий л юмс үзэгдэл зэрэглээ адилыг таниад шунал тачаалаас ангижирч хорвоогийн хүлээснээс эгнэгт чөлөөлөгдөх болтугай” гэж өгүүлсэн нь шүтэн барилдлагыг ухаарахын хүчтэй хүсэл эрмэлзлийг илэрхийлсэн ажээ.
Юмс үзэгдлийн мөн чанарыг ажиглахад энд хоёр сонголт бий. Юмс үзэгдэл бие даасан байдлаар оршино, эсвэл бусад хүчин зүйлсээс хамаарч орших юм. Квант физикийн шинжлэх ухааны дүгнэлтээс харахад юмс өөрийн эрхээр бодитойгоор оршдоггүй буюу өөрөөр хэлбэл юмс үзэгдэл зөвхөн харилцан хамаарч л оршдог байна.
“Нагаржуна хутагтын “Билгүүний үндэс” ба Чандракиртийн “Төв үзэлд орохуй” зохиолуудыг судалсанаар юмсын үзэгдэх байдал ба бодит оршихуйн хоорондын ялгааг илүү тод томруун харах боломжтой” гэж Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэллээ. “Би энэ бүгдийг 70 жил, түүнээс ч илүү хугацаанд ажиглан судалсанаас гадна бодь сэтгэлийг 50 жилийн туршид өөртөө дадуулж ирсэн нь өөрийгөө “би” гэж барих үзэл, мөн өөрийгөө энхрийлэх сэтгэлүүд маань дарагдахад маш ихээр тус нэмэр болсон шүү.”
“Төгсгөлд нь та бүгдтэй энд уулзах боломжийг гаргаж өгсөн хүмүүст гүнээ талархаж байгаагаа хэлмээр байна. Мөн хуран цугларсан та бүгдэдээ зүдрэлээс эмээлгүй энд ирж яриаг маань сайтар анхааран хүлээн авсанд баярласанаа илэрхийлье. Буддизм машид гүн гүнзгий юм шүү, гэхдээ би энэ шашны уламжлалаа хамгийн шилдэг нь гэж зарлан тунхаглахгүй. Нэг л эм өвчин бүхэнд таарч тохирдог гэж хэлж болохгүйн адилаар хүн бүрийн шинж төлөв, суурь нөхцөлөөс хамаарч ялгаатай хүмүүст ялгаатай шашин ач тустай байх боломжтой.”
Дээрхийн Гэгээнтэн яриагаа дуусгаад явахын өмнө цугларсан олны царай төрхийг дахин сайн харахын тулд тайзны урд хэсэгт очсон бөгөөд хоёр гараа өргөж хүмүүстэй мэндчилээд гараа даллав. Түүнийг тайзнаас бууж машин руугаа явах замд олон хүмүүс Дээрхийн Гэгээнтэнд ойртохын тулд шахан түрж байлаа. Тэрээр цэнгэлдэхээс шууд Аурангабадын нисэх онгоцны буудал руу хөдөлсөн бөгөөд тэндээс Дели рүү нисэв.