Энэтхэг Улс, Дармасала - Энэ өглөө Төвөдийн гол хийд Зүглаг Хан дуганд 7600 гаруй хүмүүс Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг ирэхийг тэсч ядан хүлээж байлаа. Тэдгээр хүмүүс дэлхийн 69 орноос ирсэн бөгөөд түүний дотор 429 нь Энэтхэгээс, 254 нь Изриалиас, 194 нь АНУ-аас, 147 нь Их Британиас, 137 нь Герман иргэд байв. Мөн түүнчлэн оролцогчдын үндсэн хэсэг болох 1100 хүн ОХУ-аас иржээ. Дээрхийн Гэгээнтэн талбайгаар морилон ирэх зуураа хэд хэдэн хүнтэй ярилцав. Тэр бээр дуганд хүрээд индэр дээрх суудалд суухаасаа өмнө Гандан Ширээт асан Ризон Ринбүчи болон одоогийн Гандан Ширээт болон бусад хүмүүстэй мэндчилсэн юм.
“Билгүүний зүрхэн судар”-ыг уншсаны дараа Дээрхийн Гэгээнтэн цугларсан хүмүүст хандан номын айлдвараа эхэлсэн юм.
“Өнөөдрийн номын үйл ажиллагаа нь ОХУ-аас ирсэн хүмүүст голлон зориулагдсан бөгөөд түүний дотор Төвөд оронтой эртний холбоотой ОХУ-н Буддын шашинтан улс болох Халимаг, Буриад, Тувагаас хүрэлцэн ирсэн хүмүүс байна. Бидний хооронд тусгай холбоо байдаг юм.”
“Нэлээд хэдэн жилийн өмнөөс Оросын сүсэгтнүүдэд зориулсан номын үйл ажиллагаа Дели хотод болдог байлаа. Дараа нь зарим хүмүүс тэнд ирэхэд амаргүй байна гэсэн учраас Латви улсын Рига хотод зохион байгуулагдаж байсан бөгөөд тэдгээр хүмүүст хүрч очиход нь хялбар байсан. Миний хувьд тэр хол газар аялахад хүндрэлтэй болсны улмаас номын ажиллагааг дахин Делид зохион байгуулахаар болсон. Гэвч Делид их халуун бөгөөд агаарын бохирдолтой байдаг учраас бид бүгд Дармасалад дахин уулзаж байна. Эндхийн цэвэр агаар, таатай цаг уур нь та бүхэнд тааламжтай байх болно гэж найдаж байна.”
“Бурхан Багшийн нэгэн сударт бичсэнээр түүний сургааль нь умраас умарт дэлгэрэх болно гэсэн байдаг. Үүнийг бид буддын шашин хамгийн эхлээд Энэтхэгээс Төвөдөд дэлгэрч тэндээсээ Монголд болон Оросын Буддын шашинт орнуудад дэлгэрэнэ гэж тайлбарладаг юм. Эртний үед Соронзон Гомбо хаан Хятадын гүнжтэй гэрлэх үед тэр гүнж Зуу бурханыг авчирснаар Хятадаас Төвдөд Буддын шашин орж ирсэн байдаг. Дараа нь Тисрэн Дэзэн хаан ловон Шантаракшитаг урьснаар Наландагийн уламжлал Энэтхэгээс Төвдөд уламжлагдан ирсэн юм.”
“Энэтхэгт Буддын шашны 2 гол урсгал болох Пали уламжлал, Санскрит уламжлал үүсч бий болсон. Эдгээр 2 уламжлал нь ерөнхийдөө сүм хийдийн дэг журам, Винайн ёс суртахууныг сургадагаараа адил юм. Наландагийн уламжлал нь Санскрит уламжлалаар хөгжсөн бөгөөд философи ба оюун ухааныг учир шалтгаан ба логикоор дадлагажуулах тал дээр голлон чухалчилдаг. Сөрөг хортой сэтгэл хөдлөлийг учир шалтгааны үүднээс зогсоох, ялангуяа амин хувиа үл бодох мэргэн ухааныг ойлгох явдлыг чухалчилжээ.”
“Эцсийн дүнд төв үзлийн онолоор түгээмэл үзэгдэл нь зөвхөн нэр томьёололын төдийд л оршин тогтдог гэж нотолсон байна. Энэ ба нотолгоо нь юмс үзэгдлийг үзэгдэж байгаагаас өөрөөр оршин тогтдог гэж үздэг бөгөөд энэ нь квантын физикийн ямар нэгэн зүйл бодитоор оршдоггүй гэсэн дүгнэлттэй адил төстэй байдаг.
Дээрхийн Гэгээнтэн Наландагийн уламжлал нь эхлээд Төвөдөд нэвтэрч улмаар Монголд, Оросын Буддын шашинт улсуудад дэлгэрсэн тухай дахин дурдлаа. Эдгээр улсууд түүхэндээ мянга мянган гайхамшигт эрдэмтдийг төрүүлэн гаргасан юм.
“Би Гэвшийн шалгалтанд бэлтгэж байхдаа тэдгээр эрдэмтдийн олон номыг уншсан билээ. Миний туслах багш нарын нэг Өвөр Монголын эрдэмтэн Ойдүв Цогни нь намайг Төв үзлийн үзэл баримтлалыг үзэн сонирхоход ихээхэн нөлөөлсөн билээ. Өнөөдрийн байдлаар Өмнөд Энэтхэгийн томоохон хийдүүдэд хэдэн зуун Монголчууд сурч байна."
“Наландагийн уламжлал нь Бурхан Буддагийн ‘Алтыг шинжлэх арга нь түүнийг шатаах, таслах, үрэх. Тиймээс гэлэнгүүд та бүхэн миний сургаалийг гагцхүү намайг хүндэтгэх үүднээс бус нягтлан шалгасныхаа дараа хүлээж аваарай.’ гэсэн сургаалийн утга санааг ашиглаж ирсэн юм. Наландагийн багш нар Буддагийн айлдсан энэ үгиийг анхаарч түүний айлдварыг шалгахын тулд логик, учир шалтгааны судалгаа явуулжээ. Тэд шалтгаан, сорилт туршилтын үр дүн сэтгэлд нь нийцтэй болсон тохиолдолд л тэдгээр сургаалийг хүлээн авдаг байв. Бурхан Багш л зөвхөн өөрийн дагагч нарт өөрийн сургаалийг шууд хүлээн авах бус, эргэлзэх, судлах арга замыг хөхүүлэн дэмжиж байсан багш юм. Энэхүү эргэлзэх сэтгэлгээ нь шинжлэх ухааны судлаачид Наландагийн уламжлалд анхаарал хандуулахад хүргэж байна.”
“Өнөөдөр дэлхийн олон газар мэдээлэл солилцоход маш хялбар болсон энэ үед улам олон хүмүүс Буддын шашиныг сонирхож байгаагийн дотор орос үндэстнүүд орж байна. Түүнчлэн оросын эрдэмтэд оюун ухааныг судлан шинжлэхийг сонирхож байна.”
Дээрхийн Гэгээнтэн өөрийн байнга өгдөг зөвлөгөө болох өнөөдрийн Буддын сургааль дагагчид 21-р зууны буддист байхыг хичээх хэрэгтэй гэсэн зөвлөгөөгөө давтан хэллээ. Тэр Гурван Эрдэнийг авралын оронд хэрхэн авч үзэх ёстойг бүрэн ойлгохгүй байх нь учир дутагдалтай гэж айлдлаа. Буддын шашин нь философийн онцгой үзэл баримтлалтай шашин бөгөөд харьцааны соёл нь ахимса буюу хүчирхийллийн бус арга замыг чухалчлан зааж сургадаг. Хэрэв ахимса нь каруна буюу энэрэнгүй сэтгэл дээр үндэслэгдэж байвал дэлхий дээрх бидний амьдралын олон тохиолдолд зөрчил тэмцэл багатай байж, баян ядуугийн ялгаа зэрэг асуудлуудыг илүү сайнаар шийдэхсэн гэв.
Дээрхийн Гэгээнтэн агуу их Наландагийн багш нарын сонгодог бүтээлүүд ба тэдгээрт Төвөд, Монголын эрдэмтдийн хийсэн тайлбарууд нь гүн гүнзгий ойлголт, мэдлэгийг агуулж байдгийг дурдаад тэдгээрийг зорилоготойгоор, академик аргаар судлах хэрэгтэй гэдгийг онцлон айлдав.
"Энэ удаагийн номын айлдвараар тайлбарлах Уттаратантра ном нь бидэнд олдсон хугацаанд хэтэрхий их байж магадгүй. Энэ нь ‘Татагатагарба судар’ буюу ‘Буддагийн мөн чанарын тухай судар’-т хамаарах бөгөөд энэ нь Бурхан Багшийн 3-р номын хүрдний хэсэгт багтдаг. Хоёрдугаар номын хүрдэнд Билиг оюуны чинад хязгаарт хүрэх тухай сургаалиа айлдсан бөгөөд анхдугаар номын хүрдэнд Хутагтын дөрвөн үнэний сургаалиа айлдсан билээ."
“Гүнтан Дамби Донмэ нь Номын 3 хүрд буюу Бурхан Буддагийн 3-н удаагийн номын сургааль нь уулын бэлээс эхэлж үргэлжлүүлэн явсаар түүний оргилд хүрэхтэй адил гэж тэмдэглэсэн байдаг. Хоёрдугаар номын хүрдний Билиг оюуны чинад хязгаарт хүрэх тухай сургаальд хоосон чанар буюу обьектив гэгээн гэрлийн тухай авч үздэг ба гуравдугаар номын хүрд, ялангуяа ‘Татагатагарба судар’-т гэгээн гэрлийн субьектив чанарыг онцлон авч үзсэн юм.”
“Бурхан Багш гэгээрснийхээ дараа: “Гүнзгий, амарлингуй, цацралаас хагацсан, гэгээн гэрэл, хуран эс үйлдсэн рашаан мэт номыг би оллоо. Гэвч үүнийг номлох аваас хэн ч ойлгохгүй тул би чимээгүйгээр аглагт сууя‘ гэж айлдсан байна. Энэ шүлгийг бид Бурхан Багш хожим айлдах сургаалиа урьдчилан харсан гэж ойлгож болох юм. ‘Гүнзгий, амарлингуй’ гэдэг нь Бурхан Багшийн анхдугаар номын хүрдний сургаальд, ‘цацралаас хагацсан’ гэдэг нь хоёрдугаар номын хүрдний сургаальд, ‘гэгээн гэрэл, хуран эс үйлдсэн’ гэдэг нь 3-р номын хүрдний сургаальд тус тус хамаарна.”
“Татагатагарба судар’ нь оюун ухаанаа хэрхэн гэрэл гэгээтэй болгохыг тайлбаласан байдаг бөгөөд ‘тунгалаг гэгээн гэрэл’ нь эхлэлгүй цагаас үргэлж оршин байсан гэж үздэг. Энэ нь мөн Гухяасамаяагийн дантарт дөрвөн хоосон байдлаар тусгагдсан юм. Мөн 7-р Далай ламын зохиосон Махапаринирвана судрын тайлбарт ч нарийн гардаг.”
Үүнийг Нинма уламжлалын ‘Есөн хөлгөн’-тэй харьцуулж болох бөгөөд үүнд ширвага, брадига, бодьсадвын гэх гурван хөлгөн, крия, чария, йогийн тантра хэмээх гадаад гурван хөлгөн, маха, ану, Ади йога гэх дотоод гурван хөлгөн гэсэн ойлголтууд орно. Маха йога нь үүсгэлийн зэрэгт, Ану йога нь төсгөлийн зэрэгт тохирох бөгөөд Ади йога нь гэгээрэлд хүрч чадах сэтгэл оюуны үндсэн чанар буюу бодьгалын бурханлаг чанарын тухай айлддаг юм. Энэ талаар Гухяасамаяагийн дантарт айлдсан байдаг.
Дээрхийн Гэгээнтэн үүгээр энэ өдрийн сургаалиа айлдаж дуусаад өөрийн ордон руугаа буцлаа. Яндэн ринбочи өглөөний айлдварийг үргэлжлүүлсэн бөгөөд үдээс хойш Дээрхийн Гэгээнтний айлдварыг давтах, хэлэлцүүлэх хичээлийг удирдсан юм.