Энэтхэг, Химачал Прадеш, Манали- Хоёр өдөр асгарсан аадрын дараа бороо шиврэх нь үргэлжилсээр байсан ч Дээрхийн Гэгээнтэн өнөөдөр айлдвар болох газраа морилон ирлээ. Тэрээр хурсан олны зүг даллан мэндчилж, индрийн ойролцоо суусан хүмүүстэй мэндлээд, сэнтийндээ залрав. Эхний эгнээд суусан лам хуврагуудад хүйтнээс сэргийлж, дулаалахыг зөвлөж байлаа.
“Өнөөдөр бид ‘Оюун судлахуйн найман бадаг’ номыг судлан үзнэ.” хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэлээд, төвөд, хинди, англи, хятад хэл дээр хэвлэгдсэн номоо нээлээ.
“Гэвш Ланри Танба бодь сэтгэлийг үүсгэх бясалгал хийдэг байснаараа алдартай нэгэн байсан. Эх болсон зургаан зүйл, хамаг амьтны зовлонгийн тухай бясалгахдаа тэрээр уйлан хайлах хүртлээ сэтгэл нь хямардаг байсан гэдэг. Түүний царай байнгын гунигт автсан байдаг байжээ.”
“Энэхүү номыг надад гавж Тижан ринбочэ зэрэг хэд хэдэн багш маань хөтлөн заасан бөгөөд хар багаасаа л би өдөр бүр үүнийг уншиж ирсэн юм.”
“Эхний бадагт буй ‘Би’ гэсэн үг ямар утга илэрхийлж байгааг өөрсдөөсөө асуугаарай. Бидэнд байдаг хүртэхүй, мэдэрхүй нь ‘Би’ –гийн нэгэн хэрэгсэл бөгөөд улмаар бидний бие махбодийг ашиглаж, хянаж байдаг мэт санагддаг. ‘Би’ нь бие цогцос-сэтгэл гэсэн нэгдлээс ангид мэтээр буддист бус номлогчид үздэг бол энэ нь тэрхүү нэгдлээс ангид оршиж үл чадна хэмээн буддистууд үздэг. ‘Би’ эсвэл тухайн хувь хүнийг сэтгэл санааны ухамсраар нь тодорхойлж болно гэж зарим хүн баталдаг. Сэтгэл төдийтний үзлийнхэн жишээ нь энэ утгаар суурь ухамсрыг голчилно.”
“Гэхдээ аливаа юмс үзэгдэл бидний төсөөлөл, урьдчилсан таамаглалын үр дүн төдий байдаг лугаа ‘Би’ буюу хувь хүн нь бие-сэтгэлийн нэгдлийн суурь дээр тодорхойлогдоно хэмээн Төв үзэлд үздэг. Энэхүү тодорхойлолтын зорилго нь бие даасан “Би” оршдог гэсэн бидний ташаа ойлголтыг няцаахад оршино. Төв үзлийнхэн шүтэлцэн оршихуйг үгүйсгэдэггүй, харин бодит оршихуй гэж байдаггүй л гэж баталдаг.”
“Бурхан Будда бие-сэтгэлийн хослол ч биш, энэ хослолоос ангид нэгэн ч биш гэж би өчигдөр хэлсэн. Түүн дотор бие-сэтгэлийн хослол үл оршино, тэр ч энэ хослол дотор үл оршино. Бурхан Будда бие-сэтгэлийн нэгдэл бус, тэгвэл Будда гэж хэн бэ? Бурхан Будда хүртэл бодит оршихуйд бус, харин шүтэн барилдахуйн түвшинд оршин байдаг.”
“Бие даасан “Би” байдаг гэсэн ойлголтын уршгаар бид амин хувиа хичээдэг, улмаар бүх төрлийн сэтгэл хөдлөлд хөтлөгддөг учраас бид өөрсдийгөө зовлонд дөрлөдөг. Амин хувиа хичээдэг хүмүүс амархан бухимдаж, уурлах хандлагатай байдаг, харин энэрэнгүй, бусдын төлөө гэсэн сэтгэлтэй нь илүү тайван, уужуу байдгийг бид өдөр тутмын амьдрал дээр харж буй.”
“Нэгэнт бид зовлонг үл хүсэмжилж, жаргалыг хүсдэгээс хойш зовлонгийн шалтгааныг багасгаж, аз жаргалын шалтгааныг нэмэгдүүлэх шаардлагатай. Хүн болж төрсний хувьд бид энэ талаар тунгаан бодож, хэрэгжүүлэх боломжтой. Ойрын хийгээд хэтийн зорилгоо хэрэгжүүлэх маань бусдаас хамаардаг тухай эхний бадагт бичсэн байна. Бусдыг хороох зэрэг бусармаг үйлдэл хийх, өөрт өгөөгүй зүйлийг авах, бэлгийн буруу хурьцал үйлдэх, ариун бус хэл үг хэлэхээс зайлсхийх нь бусадтай харьцахтай холбоотой асуудал. Аз жаргал бусдаас хамаардаг учраас хоёр дахь бадагт ‘Бусдыг эрхэм дээд мэт дээдэл’хэмээн зөвлөжээ.”
Хүмүүс бид бие биенээ харилцан хүндлэх ёстойг Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэллээ. Бидний сайхан сэтгэлээр хандсан хүн тэрийг маань буруугаар ашигласан ч, энэрэнгүй сэтгэлийн очоо унтраах ёсгүй. Сэтгэл эмзэглүүлмээр зүйл гарсан ч, бид автагдах ёсгүй. Хэрвээ бид автагдвал өөрийгөө гэх хандлагыг дэврээж, тэр нь улмаар сүйрэлд хөтөлдөг.
“Үнэхээр зовж шаналж байгаа хүмүүсийг хараад бид тэднийг өрөвдөх бус, харин тэдэнд энэрэнгүй хандах ёстой. Жишээ нь, гуйлга гуйж байгаа хүнд өглөг өгөхдөө хүндэтгэлтэй хандах ёстой. Өглөгийг хүндэтгэлтэй өгөх нь дараа төрлөө дээшлүүлэх 16 хүчин зүйлийн нэг юм. 5 дахь шүлэгт: ‘Ялагдал доромжлол надад ирэх болтугай’ гэсэн байдаг. Гаадамба урсгалыг баримтлагч нэгэн бээр хатуу шүүмжлэлд өртөх үедээ найз нөхөддөө хандан шүүмжлэлд хариу хэлэхгүй байхыг хүсээд, ‘Би ялагдлыг өөртөө хүлээн авна’ гэж хэлсэн байдаг. Дараагийн бадагт тусалж дэмжсэн хүн нь хариу талархал илэрхийлээгүй тохиолдлын тухай өгүүлсэн байна. Ийм тохиолдолд тэр хүнийг өөрийн багш мэт үзэх нь хамгийн зөв юм.”
“Өөрийн бүхий л тусламж, баяр баяслаа ээжүүддээ би өгье! Тэдний зовлон шаналал бүхнийг би өөр дээрээ авъя!’ гэсэн 7 дугаар бадгийн мөрүүд нь ‘Өгөхүй, авахуй’-г дадуулах сэтгэлийг дүгнэн хэлжээ. Амьсгал авахдаа бусдын зовлон шаналлыг өөртөө шингээж байна хэмээн, амьсгал гаргахдаа тэдэнд баяр баясал, аз жаргал түгээж байна хэмээн төсөөл. 2008 онд Лхаст болсон жагсаал сэтгэлийг маань зовоож байсан учраас би энэ бясалгалыг хийж билээ. Тэр үед би үйл явдалд оролцсон Хятадын албаныхны уур хилэн, дайсагналыг авч, тэдэнд амар амгалан, баяр баяслыг илгээж байна хэмээн төсөөлөн бясалгасан билээ. Энэ нь тухайн бодит үйл явдалд эерэгээр нөлөөлж чадахгүй ч хямрах эрсдэлд орж буй өөрийн сэтгэлийг удирдах боломжийг бүрэн олгосон юм.”
“Дээрх дадлыг хийж байх үедээ хорвоогийн явдлаас, тухайлбал сайн алдар, нэр хүнд хүсэх гэх мэт хүслээс ангид байх ёстойг сүүлийн бадагт зөлөжээ. ‘Бүх юмс үзэгдлийг би хоосон мэт харах болтугай’ гэсэн мөр нь бодийн сэтгэлтэй холбоотой бөгөөд үүнийг Төв үзэлд бодит оршихуй гэж үгүй, аливаа юмс шүтэн барилдаж оршдог хэмээн тодорхойлсон байдаг.”
‘Бодьсадын 37 гарын авлага’ бүтээл рүү орохын өмнө Дээрхийн Гэгээнтэн зохиогч Тогмэд Санбу нь бодийн сэтгэлийг бодитоор үүсгэсэн, жинхэнэ бодьсадва хэмээн алдаршсан хүн байсан хэмээн дурсав. Тэрээр Үлчү орчимд агуйд амьдардаг байжээ. Тэр мөн Майдарын ‘Судрын аймгийн чимэг’ номны тайлбарыг бичсэн суут эрдэмтэн байсан ч эгэл даруу, номхон дөлгөөн нэгэн байсан ажээ.
Бурхан Багшийн айлдсан Гурван сав ном буюу Судар, Винай, Абидармын агуулга нь хувь хүнд мэдлэг, дадал суулгахад чиглэсэн хэмээн Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэв. Хэр тааруу чадавхитай хүн төрлөө дээшлүүлэхийн төлөө зүтгэдэг. Дунд зэргийн чадавхитай хүн ертөнцийн хүлээснээс гарахыг эрмэлздэг бол өндөр чадавхитай хүн гэгээрэлд хүрч, эх болсон зургаан зүйл, хамаг амьтны тусын тулд үйлчлэхийг зорьдог. Эхний 2 бадагт зохиогч бүх Будда нарын нигүүлсэхүйн биелэл болсон Жанрайсиг бурханд залбирал хүндэтгэл үзүүлээд, түүний өмнө энэхүү номыг туурвихаа амласан гэдгийг Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэв.
“Арьяадева гэгээний ‘Дөрвөн зуут’ –д зам мөрөө сайжруулах 3 төрлийн чадавхийн талаар өгүүлэхдээ:
“Муу үйлээс эхлээд татгалз
Мунхаг би гэх үзлээс дараа нь ангижир
Буруу сэтгэлээ эцэст нь ял.
Үүнийг мэддэг нь мэргэн болой гэсэн байдаг.
“Дээрх 3 үйлийг гүйцэлдүүлэхийн тулд судалж, дадуулах хэрэгтэйг уг бүтээлд зөвлөхдөө, ‘Өдөр шөнө алгасалгүй сонс, бод, бясалга’ гэжээ. Бид бол зөвийг буруугаас ялгаж таних боломжтой хүний төрөлтөн. Энэ боломжийг алдах нь маш том гарз хохирол бөгөөд харин үүнийг ашиглаж, зөв дадал болговоос сэтгэлд зөв үрийг тарьдаг. Хорвоогоос халихын цагт бидний тарьсан зөв үйл л ямар нэг тус дэмийг үзүүлэх болно.”
“Бодит ертөнцийн тухай мэдлэгтэй, энэрэнгүй, уран цэцэн, эрдэм төгс багшийг эрж хайн, түүнд түшиглэцгээ. Ёс зүйтэй, бясалгагч, саруул ухаантай багшийг түшихийг Богд Зонхов зөвлөсөн байдаг. Үхэл хийгээд мөнх бусын тухай санаж байгтун. Маргааш эсвэл дараа төрлийн аль нь түрүүлж ирэхийг хэн мэдэх билээ дээ. Хүний амьдралын үнэ цэнэ, түүний хэрхэн хэврэг болохыг тунгаах бодлын аясаар бид номтой ойртдог билээ.”
“Бидний жинхэнэ аврал болох Дээдийн ном, бидний багш Бурхан Будда, бидний номын садан болох хувраг гэсэн Лам Гурван Эрдэнэд аврал одуулахыг үнэн зөвөөр нь хийх хэрэгтэй. Бурхад хамаг амьтны мунхгийг арилгаж, эрх чөлөө рүү хөтөлдөг. Тэд буруу үйлдсэн үйлийг угааж арилгадаггүй, мутраараа хамаг амьтны зовлонг зайлуулдаггүй. Тэд бодит үнэний тухай сургаалийг л айлддаг. Хувраг бол хоосон чанарыг таньж мэдсэн хувь хүн бөгөөд бидний гэгээрэлд хүрэхэд тусладаг юм.”
Дээрхийн Гэгээнтэн цааш нь, алдарт эрдэмтэн, их багш Техор Жорбон ринбочэд тохиолдсон нэгэн явдлаас дурсаж ярилаа. Тэрээр Лхасаас зугтаж явахдаа нэг газар амрахаар суужээ. Тэнд хэн нэгэн транс-т орсон байжээ. Өөрийгөө Шүгдэн хэмээн нэрлэсэн сахиуст ринбочи хүндхэн асуулт тавихад хариулж чадаагүй тул хурдхан тэндээс холдохыг түүнээс хүссэн байна.
Нагаржуна гэгээн болон түүний шавь нар оюун ухааны чадлаа ашиглаж чаддаг байсан, бид ч бас ашиглах боломжтой.
8 дугаар бадагт ‘Муу үйл хэзээ ч бүү хий’ хэмээн тунхаглаад, дараа төрөлдөө аз жаргалд хүрсэн жишээгээр төгсдөг. 9 дүгээр бадаг дахь ‘Эрх чөлөөний хамгийн дээд түвшин рүү тэмүүл’ гэсэн эшлэл нь дунд чадавхи бүхий хүмүүст хамаарна. Дараагийн бадагт агуу чадавхи бүхий, ‘тоо томшгүй хамаг амьтныг чөлөөлөх, энэрэнгүй сэдэлт’ хүмүүсийн зам мөрийг заасан байна.
Дээрхийн Гэгээнтэн энэрэнгүй сэдлийн талаар дэлгэрэнгүй тайлбарласан учраас дахин энэ талаар ярих шаардлагагүй гэдгээ хэллээ. Бадаг 11-т ‘Өөрийн аз жаргалыг бусдын зовлонгоор соль’ хэмээн зөвлөдөг. Бадаг 18-т ‘Эргэлзээ тээнэглэлгүйгээр хамаг амьтны нүгэл зовлонг өөр дээрээ ав’ хэмээн уриалжээ. Бадаг 22 дээд бодь сэтгэлийн тухай юм. 25 дугаар бадгаас хойших нь Зургаан барамидын тухай өгүүлнэ. Бадаг 31-т ‘Та өөрийн алдаан дээрээ ажиллахгүй бол номын мөр хөөсөн дүртэй байж болох ч ном үзсэн хүн шиг үйл хөдлөл хийж чадахгүй’, тиймээс ‘өөрийн алдаагаа олж илрүүлэн тэдгээрээс хагац’ хэмээн тэмдэглэсэн байна.
Дээрхийн Гэгээнтэн номыг уншиж дуусаад, цаг зав гарсан үедээ ахин дахин уншихыг сүсэгтэн олонд уриаллаа. Ингэснээр үр өгөөж гарна гэдгийг тэрээр батлан хэлэв.
“Өнөөдөр бид цуврал номлолоо дуусгалаа. Авшгийн үеэр эхлээд Локешвара бурханыг энэ танка дээр байгаа шиг нь өөрийн өмнө байгаа мэтээр төсөөлөөрэй. Дараа нь тэр та бүхний биед шингэж байгаа мэтээр төсөөлж, зургаан мөрт тарнийг 10 удаа уншаарай. Сэтгэл чинь амгалан бус байвал мэдээж энэ тус болохгүй. Ороо бусгаа сэтгэлээсээ хөндийрөхийн оронд хумсаа хэмлээд суух болно. Зөвхөн өөрийн тухай бус, харин эх болсон зургаан зүйл, хамаг амьтны тухай бодоорой.”
Дээрхийн Гэгээнтэн дараа нь Бурхан Будда, Жанрайсиг, Манзушири, Арьяа Дарь эх бурханы тарнийн авшиг хүртээлээ. Тэрээр энэ ном айлдах боломж олдсонд баяртай буйгаа, мөн түүний хэлснийг хинди, англи, хятад хэлнээ орчуулсны хүчинд сүсэгтэн олон номыг ойлгох боломжтой болсонд орчуулагч нарт талархлаа илэрхийлэв.
“Дээдийн ном үр өгөөжөө өгөх эсэх нь сэтгэлээ хэрхэн номхотгосноос хамаарна. Номын дуу надаас сонслоо, одоо сэтгэлээ жолоодох нь та бүхний хэрэг. Хэрвээ та зөв дадуулбал хөршүүд тань таньд гарсан өөрчлөлтийг олж харж чадна. Намайг дахин та бүхэнтэй учрах хүртэл төрөл бүрт минь Жанрайсиг бурхан ивээх болтугай хэмээн залбираарай.”
Арга хэмжээг зохион байгуулагчид санхүүгийн тайлан тавилаа.
Дээрхийн Гэгээнтэн индрээс буугаад, Он Аари хийдийг зорив. Цаг агаарын байдал сайжирч эхэллээ.