Энэтхэг, Шинэ Дели- өнөөдөр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам НХСХЁЗС сургалтын хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд оролцохынхоо өмнө эртний Энэтхэгийн мэдлэгт төвлөрсөн сургалтыг боловсруулах багийн эрдэмтэн Самдон ринбочэ ба эрдэмтэн Наваан Самтэн нартай хамтран ажиллаж буй Энэтхэгийн хэсэг эрдэмтэдтэй уулзлаа. Эрдэмтэн Наваан Самтэн ярихдаа тэд хуучны 6 сургууль дээр үндэслэн сургалтын хөтөлбөрөө зохиож байгаа ба тэдгээр сургуулиудын үзэл баримтлал, логик сэтгэлгээ, сэтгэл хөдлөлөө зөв удирдах арга замуудыг ашиглах зэрэгт анхааран ажиллаж байгаа гэсэн юм.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам тэдэнд хандан:
“Би одоо 84 нас хүрэх гэж байгаа бөгөөд амьдрал маань нилээн хүнд хэцүү байж ирлээ. Гэвч, тодорхой үед Наландагийн уламжлалаас ойлгож авсан зүйлс маань оюун ухааныг минь амар амгалан хэвээр байлгахад маш их тус үзүүлснийг би ойлгосон юм. Мөн энэ уламжлал нь надад дүн шинжилгээ хийх замаар өөрийн оюун ухаанаа хурц болгох боломжийг олгосон. Өдөр тутмын энгийн амьдралдаа оюун ухаанаа амар амгалан байлгах, сөрөг сэтгэл хөдлөл багатай байх нь маш тустай. Энэхүү өөрчлөлтийг боловсролоор олж авч боломжтой. Үүнд эртний Энэтхэгийн мэдлэгийн хувь нэмэр бүх хүн төрөлхтөнд ач тусаа өгнө гэдэгт би итгэлтэй байна.”
“Гэхдээ эртний Энэтхэгийн мэдлэг нь шашны ёс заншилтай нягт холбогдсон байдаг. Бидэнд зан үйл, мөргөл бус нарийн чанд шашнаас ангид утга бүхий боловсрол хэрэгтэй.”
“Махатма Ганди Энэтхэгийн эрх чөлөөний тэмцэлийг ахимса-хүчирхийллийн бус арга дээр тулгуурлан хийсэн бөгөөд үүнийг зарим нь сул талаа харуулах гэж орчуулсан байдаг. Харин миний хувьд “aхимса”-г дадуулах нь хүчирхийлэлээс ангид байх хүч чадлын шинж тэмдэг гэдэгт итгэдэг.”
Сургуулийн ажилтнууд ба эрдэмтэн та бүхэн цэцэрлэгээс эхлээд их сургуулийн түвшинд эдгээр мэдлэгийг орчин үеийн боловсролтой хэрхэн хослуулж болохыг бусдад тайлбарлах байх гэж би найдаж байна. Түүхийн талаасаа Буддын шашинтан орон байсан Хятад улс нь хэрэв Энэтхэгийн жишээг дагавал 2 орны 2 тэрбум гаруй хүмүүс дотоод амар амгалангаа сайжруулах бөгөөд ингэснээрээ дэлхий дахинаа бодитой өөрчлөлтийг авчирах боломжтой болох юм.”
“Би өчигдөр энэ оронд дэлгэрсэн дэлхийн бүх шашнууд хамтдаа энх тайвнаар зэрэгцэн оршин байгаа арга замыг гайхан биширч байгаагаа илэрхийлсэн. Би 20 гаруй жилийн турш Энэтхэгийн Засгийн газрыг 1956 онд Жавантид зохион байгуулсан Бурхан багшийн 2500 жилийн ойг тэмдэглэсэн шиг олон улсын шашны хурлыг энд зохион байгуулахыг санал болгосоор ирлээ. Ингэснээр шашны тэргүүтнүүд уулзалдан бие биенээ илүү сайн мэддэг болно. Мөн мэргэжлийн хүмүүс нь хэлэлцүүлэг зохион байгуулан бие биенээсээ суралцах бөгөөд мөргөлчид нь мөргөл залбирал хийх газрыг зохион байгуулах боломжтой болох юм.”
Дор хурлын танхимд 900 гаруй хүмүүс Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг хүрэлцэн ирэхийг хүлээж байлаа. Тэрээр индрын зүг морилох зуураа хүмүүсийн дунд буй найз нөхөдтэйгээ мэндчилж байлаа. Тайзан дээр гарсны дараа тэрээр ахин бууж Ричард Мооретой тэврэлдэн мэндчилсэн бөгөөд нүдний шилээ авсанаар Мооре нүүрэнд нь хүрэх боломжтой болов. Дээрхийн Гэгээнтэн суудалд суухаасаа өмнө өөрт нь зориулан бэлтгэсэн том сандлыг бусад хүмүүсийн сууж буй сандалтай ижил сандлаар солихыг хүсэв.
Ёслолын үйл ажиллагааг удирдаж байгаа Рави Гулати хэлэхдээ бидний боловсролд нэгэн цоорхой үүссэн байна, үүнийг Нийгмийн Харилцаа, Сэтгэл Хөдлөл, Ёс Зүйд Суралцахуй (НХСХЁЗС) сургалтын хөтөлбөр нөхөх арга замыг эрэлхийлж байгааг цохон тэмдэглэв. Тэрээр “Далай Лам Траст” байгууллагын төлөөлөгч Тэмпа Цэрин ёслолын үйл ажиллагааг нээхийг урилаа.
“Далай Лам Траст” байгууллагын төлөөлөгч Тэмпа Цэрин бүх оролцогчдод хандан Дээрхийн Гэгээнтэний дэмжлэгтэйгээр Эморийн Их сургуулийн боловсруулсан НХСХЁЗС сургалтын хөтөлбөр анх удаагаа нээлтээ хийж байгааг зарласан юм.
Тэрээр “дэд бүтэц, холбоо харилцаа өндөр түвшинд хүрч хөгжсөн байна” гэвч бид илүү аз жаргалтай эсвэл сэтгэл хангалуун байж чадаж байна уу? Харин эсрэгээрээ бид илүү сэтгэлийн хямралтай, хүчирхийлэлтэй, шунал ихтэй болж байна. Холбоо харилцаа сайжирч, эх дэлхий маань жижигхэн болж, хүмүүс бид бие биенээсээ илүү хамааралтай болж байна, гэвч бид илүү энэрэнгүй байна уу? гэсэн юм.
“Хэдийгээр Дээрхийн Гэгээнтэн хүний үндсэн шинж чанарыг эерэг, энэрэнгүй гэдэгт итгэдэг боловч орчин үеийн боловсрол нь тэнцвэргүй бөгөөд эдгээр үнэт чанаруудыг дэмжихгүй байна гэж үзэж байна. Үүний шийдэл нь сэтгэл ба оюун ухааны тэнцвэртэй боловсролыг олгох явдал юм.”
Вана Сангийн төлөөлөгч Веер Сингх цуглагсдад хандан “Дээрхийн Гэгээнтэн өөрийгөө Энэтхэгийн хүү, Энэтхэг хүн гэж үздэг бөгөөд тэр бидний эртний өв соёл - ёс суртахуунаа сайжруулах, Бурхан Багшийн адилаар оюун ухаанаа дадлагажуулахыг бидэнд сануулж өгч байгаад талархаж байна. НХСХЁЗС хөтөлбөр нь цаг үеээ олсон, зөв зүйтэй хөтөлбөр юм” гэж хэллээ.
Эморийн Их сургуулийн Декан асан Др. Роберт Паул хэлэхдээ Эморийн Их сургуулийн Ерөнхийлөгч Клаир Стеркийн мэдчилгээг дамжуулж байгаа нь түүний хувьд ихээхэн хүндэтгэлтэй, завшаантай хэрэг болж байна гэлээ. Тэр дэлхий дахин хөл үймээнтэй эрин үед орж байгаа энэ үед НХСХЁЗС хөтөлбөр нь урам зориг өгсөн хөтөлбөр гэж тодорхойллоо. Энэ нь бидний хүүхдүүд болон тэдний хүүхдүүд амьд үлдэх арга хэрэгслэл нь болох болно гэж хэллээ. Мөн тэрээр түүний шавь байсан, одоо түүнтэй хамтран ажиллаж буй Гэвш Лувсан Тэнзин Нэги нь энэ төслийг үр дүнтэй удирдаж буйг сайшаасан юм.
“Дээрхийн Гэгээнтэн энэ хөтөлбөрийн нээлтэнд оролцож байгаа нь үнэхээр их хүндэтгэлтэй хэрэг гэдэгтэй санал нэг байгаагаа Гэвш Лувсан Тэнзин Нэги дурдаад бидэнд алсын хараа ба урам зоригийг өгсөн гэлээ. НХСХЁЗС сургалтын хөтөлбөрийн нээлтийн ёслол нь боловсролд өөрчлөлт хийх гэсэн түүний 10 жилийн хүчин чармайлтыг харуулж байгаа юм. Хэрэгтэй байна гэдэг нь сайхан сэтгэл дээр суурилах ёстой. Дээрхийн Гэгээнтэн Эмори-Төвөдийн хамтын ажиллагааг 1998 онд эхлүүлсэн ба хүмүүст сайхан сэтгэл хөгжүүлэхийг сургаж болоход итгэлтэй байсан. Түүнээс хойш Эмори нь орчин үеийн шинжлэх ухаанд Төвөдийн дацан хийдүүдэд оруулахаар ажилласан байна.
“2015 онд Дээрхийн Гэгээнтэн бидэнд энэхүү хөтөлбөрийг боловсруулах итгэл хүлээлгэсэн билээ. Бид түүний бичсэн “ Шинэ мянганы ёс суртахуун” ба “Шашнаас ангид”, мөн түүнчлэн Даниэль Големан, Петер Сэнгэ нарын “Гурвалсан төвлөрөл“ зэрэг номуудыг харьцуулан үзсэн. Гэвш Түвдэн Жамба мөн энэхүү ажилд урам зоригтой байсан юм. Миний бие Дээрхийн Гэгээнтэн ба Эморийн Их сургуулийн Ерөнхийлөгчид биднийг дэмжиж байсанд талахрлаа илэрхийлж байна. Мөн Деканы туслалцаагүйгээр бид амжилтанд хүрэхгүй байв. Одоо би Дээрхийн Гэгээнтэнг НХСХЁЗС сургалтын хөтөлбөрийн 4 боть номыг хүндэтгэлтэйгээр нээхийг урьж байна.
Дээрхийн Гэгээнтэн Маниш Сисода, Кайлаш Сатярти нарын тусламжтайгаар номнуудын боодлыг задласан бөгөөд тэд номнуудыг бүх хүмүүст харуулахаар барьж зогсов.
Хөтөлбөрийн талаарх богино хэмжээний видео гарсны дараа Дели хотын яамны орлогч сайд бөгөөд Боловсролын сайд Маниш Сисода хуралд оролцогчдод хандан үг хэллээ.
“Өглөөний мэнд. Хүний ёсоор авч үзвэл НХСХЁЗС сургалтын хөтөлбөрийг би хүн төрөлхтөнд зориулсан агуу бэлэг гэж хэлэх байна. Хүн бүрт хэрэгтэй байгаа, хүсч байгаа асуудлуудыг бид шийдэхийг зорьж буй бөгөөд гарц шийдэл нь энд байна. Бид амар амгаланг хуулиар, зэр зэвсэг хэрэглэж тогтоох гэж хичээж байна. Гэвч өс хонзон, хүчирхийлэлийг шийдэх бодит шийдэл нь нийгмийн харилцаа, сэтэл хөдлөл, ёс зүйн сургалт олгох явдал юм. Делид, өнгөрсөн жил бид үүнтэй төстэй Аз жаргалын хөтөлбөрийг сургуулиудад нэвтрүүлсэн ба олон эерэг үр дүн гарсан. Энэ хөтөлбөр дээр ажилласан багт болон дэмжигчдэд баяр хүргэе. Энэ бол бодит хувь нэмэр юм.”
Дараа нь 2014 онд Нобелийн энх тайвны шагнал хүртсэн Кайлаш Сатярти, хүүхдүүд, залуу үеийн хэлмэгдэлийн эсрэг ба хүүхдүүдийн боловсрол олж авах эрхийн төлөө хийж буй тэмцэлийнхээ талаар ярилаа. Тэр Дээрхийн Гэгээнтэнг агуу багш, зөвлөгч, нөхөр мөн гэлээ. Тэрээр хүүхдийн эерэг чанаруудын талаар Дээрхийн Гэгээнтний тодорхойлсноор энэ нь хүүхдийн цагаан цайлган сэтгэл ба нээлттэй зан чанар болохыг тайлбарласан юм.
“Би НХСХЁЗС сургалтын хөтөлбөр миний боловсролын талаарх үзлийг өөрчилнө гэж найдаж байна. Хүүхэд төрөөд цэвэр ариун байдаг, гэхдээ боловсролын туслажтайгаар хувь хүний шинж чанаруудаа сонгон авч хүн төрөлхтөний нэгэн хэсэгт багтдаг. Хүүхдүүд хил зааг үүсгэдэггүй. Хүүхдүүдэд энэрэнгүй сэтгэлийг заах хэрэггүй харин бид тэднээс суралцах хэрэгтэй. Дэлхий дахин энэрэнгүй сэтгэлээр дутагдаж байна. Эрхэм нөхөд өө, энэ хөтөлбөрийн тусламжтайгаар энэрэнгүй сэтгэл бидний амьдрах арга зам болно гэдэгт итгэж байна. Бидэнд энэрэнгүй бизнес, энэрэнгүй улс төр хэрэгтэй, улс төрчдийг энэрэнгүй байхыг хүсч байна. Шударга удирдагчид ч мөн энэрэнгүй байхад суралцах хэрэгтэй.”
Дээрхийн Гэгээнтэн өөрийн үг хэлэх ээлж болоход индэрийг сонголоо.
Хүндэт ах дүү нар аа, би энэ дэлхий дээр одоо амьдарч байгаа 7 тэрбум хүний нэг бөгөөд энэ уулзалт нь хүн төрөлхтөний сайн сайхан байдалд хамаатай юм. Олон төрлийн хөхтөн амьтдын төрлөөс хүн нь илүү хорон санаатай байдаг. Бусад төрлийн ухамсарт бодьгаль ч мөн уур, шунал, “Би” гэсэн мэдрэмжтэй байдаг боловч тэдний үйл хөдлөлийн түвшин нь хязгаардлагдмал байдаг. Хүмүүн бид илүү хорон санаатай. Нөгөө талаасаа, хэрэв бид оюун ухаанаа үр дүнтэй ашиглавал бид илүү их сайныг бүтээж болох юм.
Хүний үндсэн шинж чанар нь сайн хүн байх, энэрэнгүй байх явдал. Ричард Мооре бол үүний амьдралын жишээ юм. Тэр хараагүй болохдоо түүний анх бодсон зүйл бол уур бухимдал биш байсан ба харин ээжийнхээ нүүрийг дахин харж чадахгүй болсондоо харамссан байдаг. Тэр түүнийг буудсан цэрэгт уур бухимдлыг хадгалж үлдээгүй. Харин үүнийхээ оронд түүнтэй найз болжээ.
Хүүхдүүдийн хамрагдаж буй боловсролын системд хүний үнэт зан чанарын талаар маш бага яригдаж байна. Тэд материалаг зорилгод чиглэсэн чиг баримжаатай болохын зэрэгцээ тэдний сайн шинж чанарууд нь унтарч байна. Боловсрол нь биднийг оюун ухаанаа сайн үр дүнд хүргэхэд туслах хэрэгтэй бөгөөд энэ нь учир шалтгааныг хэрэглэх гэсэн үг юм. Тэгвэл бид өөрсдийн богино болон урт хугацааны хүсэл сонирхол юу болохыг ялгаж чадна. Оюун ухаанаа зохих ёсоор ашиглах нь биднийг бодитой байхад маань туслах бөгөөд уур бухимдал нь биднийг алсын бодолгүй болгодог.
“Хортой сэтгэл хөдлөл гадагш чиглэсэн байдаг. Харин оюун ухааныг илүү гүнзгий түвшин гэж ойлгох хэрэгтэй бөгөөд энэ гаднах байдал ба бодит байдал хоёрт ялгаа бий.
"Энэ хөтөлбөрийн үр дүн нь дараагийн 7 хоногт гарахгүй ч үүний үр дүнд дараагийн зууны хүмүүсийг илүү энэрэнгүй сэтгэлтэй, аз жаргалтай хувь хүн ба гэр бүл болохыг харж болно. Уур амьсгалын өөрчлөлт нь ноцтой аюул заналхийлэл бөгөөд бид бат бэх хамтын ажиллагаатай, бүгд адилхан хүмүүс юм гэсэн бодолтой байх хэрэгтэй. Бидний ялгаатай байдал нь хоёрдогч асуудал. Бидний орон гэр маань болох Эх Дэлхийдээ бид хамтран амьдарч байна. Ийм учраас түүнийг бид хайрлан хамгаалах хэрэгтэй. Бид энэрэнгүй сэтгэлийг зөвхөн хүмүүсийн төлөө бус Эх Дэлхийд хамт амьдарч байгаа бусад амьтад, шувуудын төлөө хөгжүүлэх хэрэгтэй. За ингээд миний хэлэх зүйл дууслаа. Та бүхэнд баярлалаа.”
Мэргэжлийн хэлэлцүүлэг үргэлжилж, Даниэль Големан НХСХС хөтөлбөр түүний нийтэлсэн “Сэтгэл хөдлөлийн ухаан” бүтээлийн араас хэрхэн боловсруулагдсан тухай болон НХСХЁЗС хөтөлбөр нь түүнийн сайжирсан хэлбэр болохыг видеогоор харуулан тайлбарлалаа. Кимберли Шонэрт-Риэчл, НХСХС хөтөлбөр 37 оронд хэрэгжиж эхэлсэн болохыг зарлав. Тэр нийгмийн харилцаа ба сэтгэл хөдлөлийн ямар чадваруудыг сургаж болох талаар тодруулсан юм. Урьд өмнө нь бусдын сэтгэлийг (зовлонг) ойлгож сурахыг сургаж болохгүй, сурах боломжгүй гэж үзэж байсан ч энэ нь одоо боломжтой болох нь тодорхой болсон байна. НХСХС хөтөлбөрт оролцсон оюутнууд хичээлдээ 11%-р илүү амжилттай суралцдаг болох нь нотлогджээ.
Роберт Роесер, энэрэнгүй байх нь тусламж авсан хүндээ төдийгүй тусламж үзүүлсэн хүнд ч ач тустай болохыг нэмж хэлэв. Тэр бага насны хүүхдүүд хүртэл бусдын төлөө санаа тавьдаг болж байгаа тухай хэллээ.
Дээрхийн Гэгээнтэн ярианд оролцон энэрэнгүй байх төрөлхийн чанар нь садан төрөл ба найз нөхөдтэйгөө ойр дотно байх юм гэдгийг цохон тэмдэглэв. Энэ нь тодорхой хүрээнд хязгаарлагдсан байдаг ч үр тариа адил түүнийг хөгжүүлж болдог оюун ухаан юм. Асар их энэрэнгүй байх шинж чанарт танихгүй хүмүүс, бүр цаашлаад дайснаа ч хамааруулдаг ба үүнийг зөвхөн дадлагжуулах аргаар хөгжүүлж болно.
Брендан Озава-де Силва НХСХЁЗС хөтөлбөрийн хамрах хүрээг тоймлон ярьсан бөгөөд энэрэнгүй байх шинж чанарын шинжлэх ухааны тодорхойлолтонд зовлонг хүлээн зөвшөөрөх, бусдын зовлонг ойлгох, тэдгээрийг багасгахад идэвхитэй оролцох ба юу хийхээ мэддэг байх зэрэг орно гэлээ. Мөн тэр НХСХЁЗС хөтөлбөр хувь хүн, нийгэм, үйл ажиллагааны системд янз бүрийн ухамсарын ба энэрэнгүй байдлын, оролцооны цар хүрээтэйгээр хэрхэн нөлөөлж байгааг харуулав.
Төгсгөлд нь Кайвалиа Боловсролын Санг үндэслэгч Адитиа Натраж хэлэхдээ хүмүүс түүнээс ба нөхдөөс нь (НХСХЁЗС-т) суралцах нь ямар ач холбогдолтой болох талаар асууж байсан ба энэ бол нөхцөлт сэтгэхүйгээс салсан эрх чөлөө юм гэсэн дүгнэлтэнд хүрсэн гэлээ. Хүүхдүүдтэй ажиллаж байхдаа тэр ихэнхдээ асуудлууд нь хүүхдүүдэд биш насанд хүрэгчидтэй холбоотой болохыг ойлгосон. Тиймээс багш нарт, боловсролын салбарынханд энэрэгүй сэтгэлийг хөгжүүлэхэд нь туслах ёстойг олж харсан. Энэ нь бүх хүмүүс сайн, сайн зүйлсийг хийхийг хүсдэг ч тэдний өөрсдөдөө байгуулсан системдээ гацчихсан байна гэсэн итгэл үнэмшилд хүрсэн гэлээ.
Тэр багш нарын холбооны нэгэн тэргүүн би өөрчлөгдөж чадахгүй гэж тангараглан орж ирж байсан ч одоо энэрэнгүй сэтгэлийг сургах сургалтын том дэмжигч болсон тухай ярилаа. Мөн хуралд оролцогч нарыг гайхшруулсан нэгэн явдал болсон нь нэг эмэгтэй түүний нөхөрт юу тохиолдсныг мэдэх гэсэн явдал байлаа. Тэр хэлэхдээ урьд нь нөхөр нь гэртээ ирээд улс төр ярьж, цай хийж өгөхийг шаарддаг байсан. Натражтай хамт ажилладаг болсноос хойш одоо эхлээд түүнийг сайн байгаа эсэхийг нь асуудаг болсон гэв.
Дээрхийн Гэгээнтэн “Энэтхэгийн сонгодог заншлаар, ямар нэгэн шалтгаан ба нөхцөлөөр ирсэн бүхэн өөрчлөлтөнд ордог гэж үздэг учраас хүмүүс ч мөн өөрчлөгдөх боломжтой гэж тайлбарлалаа. Мөн илэрхий өөрчлөлт гэвэл биднийг наашаа ирэхэд ходоод маань дүүрэн байсан бол одоо хоосон болжээ.“ хэмээн хошигнон ярив.
Ингээд үдийн хоолны цаг болж түүнтэй мэргэжилтнүүд дагалдан явсан бөгөөд бусад зочид үдийн хоолонд уригдлаа.