Энэтхэг, ХП, Дарамсала – Өнөө өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын өмнөх дэлгэцүүд дээр Лондон хотын цагдаагийн газрын ажилтнуудын царай тодрон байлаа. Дээрхийн Гэгээнтэн тэднийг хараад гараа даллан, “Сайн байна уу, сайн байна уу” хэмээн мэндчилэв. Тэрээр суудалдаа тухлан суусныхаа дараа өглөө 3 цаг 30 минутад босож, 5 цаг 30 минутанд өглөөний цайгаа уудаг тухайгаа дурдаад тэднийг ийм эрт хоосон ходоодтой ярилцлага хийхэд дадаагүй байх гэж хэллээ.
Ярилцлагыг зохион байгуулагч хатагтай Брин Деол Дээрхийн Гэгээнтнийг төрсөн өдрөө сайхан тэмдэглэсэн үү гэж асуув.
“Тиймээ” гэж хариулаад, “Гэхдээ надад өдөр бүр төрсөн өдөр шиг санагддаг. Хамгийн чухал зүйл бол сэтгэлийн хандлага юм. Хэрвээ таны оюун ухаан тайван байвал, өглөө бүр л таны төрсөн өдөр шиг байх болно” хэмээлээ.
Оюун санааны судалгааны төвийн доктор Куманга Андрахэннади үг хэлэхдээ энэ онцгой үйл явдалд цагдаагийн оффицерууд, ажилчид болон тусгай зочид гэх 1000 хүн Дээрхийн Гэгээнтнийг энэрэнгүй сэтгэл гэж юу болох талаар ярихыг сонсохоор цугларсан тухай мэдэгдэв. Мөн тэд энэ үйл явдалд туйлын баяртай байгааг дуулгав.
Цагдаагийн ажилтан Брин Деол одоогийн хамгийн ахмад офицер, хотын цагдаагийн газрын 'Шайн' тэмцээний аварга, ахлах мөрдөгч, захирагч, Саймон Роуз энэ удаагийн арга хэмжээг зохион байгуулахад нөлөөлсөн гэдгийг танилцуулав. Тэр энэ ярилцлагад оролцох хүсэлтэй байсан хэдий ч үйл ажиллагаатай холбоотой бусад шалтгаанаар энэ мөчид ирж чадаагүй комиссарын өмнөөс уучлалт хүслээ. Мөн тэрээр “Шайн” бол сайн дурын группуудээс бүрдсэн оюун санааны уян хатан, олон талт байдлыг тэлж, оюун ухааны амар амгаланг олох хүсэлтэй цагдаа нарын хөтөлбөр болох тухай тайлбарлав. Энд байгаа оффицерууд болон ажилчдыг өглөөний 5 цаг 30 минутад цуглуулан “Одоогийн Тодорхой Бус Цаг Үеийн Энэрэл Нийгүүсэл” –ийн талаар суралцах уулзалтанд урьсан нь тэд байсан юм. Гэвч тэд энэ уулзалтыг доктор Куманга Андрахэннадигийн тусламжгүйгээр хийж чадахгүй байлаа гэдгийг онцлон хэлэв.
“Бид их чадал сорьсон цаг үед цагдаагийн алба хашиж байна.” гэж Цагдаагийн дарга Роуз Дээрхийн Гэгээнтэнд хандан хэлээд “Оюун ухааны дотоод амар амгаланг хөгжүүлэх болон сэтгэлийн эрүүл мэнд өмнө хэзээ ч байгаагүйгээр асар их ач холбогдолтой болж ирлээ” гэв.
Дээрхийн Гэгээнтэн хариуд нь, “Надад та бүхэн шиг Англи хүмүүстэй ярилцах боломж олдсонд их баяртай байна. Төвөдүүд болон Англичууд түүхэндээ ойр дотно холбоотой байсан. Хамгийн сүүлд би Англид очихдоо Лхаст хилийн заставт байсан хүмүүстэй уулзсан юм.” хэмээгээд яриагаа эхэллээ.
“1904 онд Англи цэргүүд Янгхасбанд нэртэй эрээр удирдуулан Лхаст ирсэн юм. Тэдний биеэ авч яваа байдал ерөнхийдөө, хэрвээ намайг хэлэхийг зөвшөөрвөл, дараа нь ирсэн хятад цэргүүдээс илүү байсан. XIII Далай Ламыг Монгол руу зугатсаны дараа, түүнийг орлож байсан тухайн үеийн захирагч Янгхасбанд Бурхан Багшийн дүр шүтээн өгсөнийг гэр бүл нь өнөөг хүртэл хадгалж байснаа надад үзүүлж билээ. Түүнд Төвөдүүдийн оюун санааны сэтгэлгээ гүн сэтгэгдэл үлдээж хожим нь өөрийн оюун санааны төвийг байгуулж байсан түүхтэй.”
“Англичууд Энэтхэгт засаглаж байхдаа Лхаст төлөөлөгчид байршуулж, албаны хүмүүс үргэлж тэнд байдаг байв. Даалгавар авсан төлөөлөгчид бяцхан хүү надтай уулзахаар ирэхдээ тоглоом бэлэглэдэг байсан юм. Иймд би Англичууд ирж байна гэхэд нь юу авчирсан бол гэж хүлээдэг байж билээ. Өнөөдөр та бүхэнтэй ярилцах боломж олдсонд би их баяртай байна.”
“Ази тивд хүчирхийлэлгүй энэрэн нийгүүлсэлийн уламжлал 3000 жилээс өмнөөс бий болсон юм. Өнөөдрийн дэлхийд эдгээр чанарууд өмнөхөөсөө илүү их хэрэгтэй болсон байна.”
“Цаг хугацаа үргэлж л хөдлөн урагшилж байдаг. Гэхдээ чухал асуулт бол бид өөрсдийн цаг үеийг сайнаар өнгөрүүлж чадаж байна уу гэх асуудал. Энэ хариуцлага үргэлж биднээс шалтгаалж байдаг. Баруунд материалист хандлага давамгайлж байна. Харин Азид эртнээс нааш энэрэн нигүүлсэл, хүчирхийлэлгүй байдал нь ихэвчлэн бидний дотоод ертөнцтэй холбогддог гэж үздэг. Бид өөрсдийн эрүүл мэндийг хамгаалахын тулд бие махбодийн эрүүл мэндийг онцгойлон анхаардаг. Гэвч бид сэтгэл хөдлөлийн эрүүл мэндийн талаарх ойлголтыг ч мөн хөгжүүлэх хэрэгтэй. Бид дэлхийд энх тайвныг тогтоох тухай ярьж болох ч өөрсдөө амар амгаланд хүрэхгүйгээр үүнийг цогцлоох боломжгүй юм.”
“Бид оюун ухааны амар амгаланг хэрхэн сайжруулах вэ гэдгийг залбирал, зан заншил, адислалын тусламжтайгаар биш бидний оюун хэрхэн ажилладаг, хор хөнөөлт сэтгэл хөдлөлийн хэрхэн арилгаж болдог дээр үндэслэн сурах хэрэгтэй.”
“Хүүхдүүд жаахан байхдаа инээх дуртай, энэрэн нийгүүлсэлд хариу үзүүлэхэд бэлэн байдаг. Бид энэ чанаруудыг л хэвээр авч үлдэж чадсанаар энэрэнгүй хандлага болон өсөн торних явцдаа уур уцаарыг хэрхэн арилгахад суралцаж чадна. Тэднийг цэцэрлэг, сургуульд байхад нь оюун санаагаа тайван байлгах аргад суралцуулж, уур уцаар, айдас гэж юу вэ гэдэгт анхаарлыг хандуулж зааж сургах хэрэгтэй.”
“Квант физикт гадаад төрх болон бодит байдлыг салган үздэг. Материаллаг зүйлс бие даан обьектив байдалтайгаар оршиж буй мэт үзэгдэвч илүү гүнзгий судалвал тэдгээр зүйлүүд алга болно. Хор хөнөөлт сэтгэл хөдлөл харагдах байдал дээр суурилдаг. Энэ бол бидний уур, айдас гэх мэт сэтгэл хөдлөлийг бий болгодог бидний буруу ойлголт юм. Харин өрөвч сэтгэл ба өөрийгөө умартан бусдад туслах нь учир шалтгаанд үндэслэнэ.”
“Бидний оюун ухаан хугацаа өнгөрөх тусам өөрчлөгдөж байдаг. Хэрвээ бид оюун ухааныг нэгжиж үзвээс тэр нь агшин агшинаар явагдаж байдаг. Ийм төрлийн судлан шинжлэх бясалгал бидэнд бодит байдлыг илүү сайн ойлгоход туслана. Бодит байдлыг сайн ойлгосноор хор хөнөөлт сэтгэлзүйг багасгаж чөлөөлөхөд тустай. Энэ нь учир шалтгааныг эрэлхийлэн өрөвч сэтгэлийг бий болгох чадварыг сайжруулахад тустай билээ.”
Дээрхийн Гэгээнтэн цааш нь ярихдаа XX зууны сүүл хүртэл эрдэмтэд оюун ухаанд төдийлөн анхаардаггүй байсныг дурьдлаа. Гэсэн хэдий ч XX зууны төгсгөлд зөвхөн уураг тархи биш оюун ухааныг судлах сонирхол өссөн байна. Хүний мэдрэлийн уян хатан чанараар бясалгал тархинд нөлөөлдөгийг олж нээжээ. Мөн сэтгэл төвлөрөлөө сайжруулах нь оюун ухааныг тайвшруулах арга зам мөн гэдгийг баталсан байна. Мэдрэхүйн мэдрэмжийн өгөгдөл байхгүй учраас тархинд хоосон мэдрэмж төрнө. Бясалгагчид туршлага хуримтлуулахын хэрээр тэд сэтгэцийн ухамсарт анхаарлаа хандуулж сурдаг. Дээрхийн Гэгээнтэн өөрт нь энэ мэт төвлөрлийг 3-4 цагийн туршид хийж чаддаг найз байдаг тухай дурьдлаа.
Өрөвч энэрэнгүй сэтгэл нь мэдрэхүйн ухамсар биш гэдгийг хэлэв. Энэ сэтгэхүйн ухамсарт хамаарна. Эдүгээ эрдэмтэд бясалгалаар өрөвч энэрэнгүй сэтгэлийг хөгжүүлж дотоод хүч болон сэтгэлийн амар амгаланг бий болгож болохыг хүлээн зөвшөөрөөд байна гэж тэрээр нэмж хэлэв. Уур, атаархал зэрэг сөрөг сэтгэл хөдлөлүүд ирж, буцан дуусашгүй байхад өрөвч энэрэнгүй сэтгэл учир шалтгаанд үндэслэн тэлж байдаг.
“Би бол Наланда уламжлалыг дагагч лам хүн. Энэ уламжлалыг нарийвчлан авч үзэхэд ерөөсөө л оюун ухааны дасгалууд байдаг. Шашны бус байдлаар энэ уламжлалыг дагахад ямар ч харшилах шалтгаан байхгүй. Үүнд бидний өдөр тутмын амьдралыг сайжруулах тухай л өгүүлдэг. Би энэрэнгүй сэтгэлийг сүүлийн 50 жилийн турш бясалгасны үр дүнд миний цусны даралт хэзээ ч өндөрсөж байсангүй. Сайхан унтаж амардаг ба хоол унд сайн шингэж байна. Оюун ухааны амар амгаланг олж авснаар миний эрүүл мэндэд сайнаар нөлөөлж байгааг би мэдэж байна.”
“Өнгөрсөн зуунд дайн ихээр өрнөж, зэвсэг хөгжүүлэхэд хэт их анхаарч байв. Тэр дундаа цөмийн зэвсэг болон үй олноор нь устгах бусад төрлийн зэвсэгүүдэд ихэд анхаарч байлаа. Гэтэл эдгээр зэвсэгүүдийг устгахыг хүссэн хүмүүсийн тоо өдгөө өсөж байна. Хүчирхийлэл энэ тэндгүй улам л түгшүүрийг бий болгосоор байна. Бид хүмүүст хүчирхийлэлээр өөрийгөө устгадаг тухай, мөн сөрөг сэтгэл хөдлөлийг арилгаж болно гэдгийг зааснаар энэ бүхнийг өөрчилж чадна. Хүчирхийлэл илүү их хүчирхийлэл рүү л биднийг дагуулах болно. Удаан оршин байх бидний цорын ганц шийдэл нь хүчирхийлэлгүй байхад оршино. Бид учир шалтгааныг ойлгох мэдрэмжээ ашиглан хүчирхийлэл бидэнд хүссэн зүйлсийг маань авч ирэхгүй, бид дэлхийг зэр зэвсэггүй болгохыг зорих ёстой.”
“Олон хүмүүс өнөөдөр 7 тэрбум хүн “хүн” гэдгээрээ адил гэдгийг одоо анзаарч эхэлжээ. Бид глобал нийгэмд амьдарч байна. Жишээлбэл, дэлхийн дулаарал ямарч үндэстний хилээр хязгаарлагдахгүй явагдаж байна. Ийм сорилтуудтай нүүр тулахын тулд, бид хүн төрөлхтний нэгдмэл чанарыг ихээр хөгжүүлэх ёстой. Зөрчилдөөн үүсэхэд нийтээрээ хүлээн зөвшөөрөх шийдэлд хүрэхийг зорьж байгаа бол бид энэ зууныг харилцан ярилцлагын зуун болгох ёстой.”
“Бид бол нийгмийн амьтад. Бидний ямар нийгэмд амьдарч байгаагаас шалтгаалан бид үлдэх эсэх маань шийдэгдэнэ. Хэрвээ ганцхан хүн хүчирхийлэлгүй нийгмийг бий болгох уриалгыг үүргээ болгон түүснээр нийгэмд хүрч, дэлхийд нөлөөлж хүчирхийлэлгүй амар амгаланг бий болгох боломжтой болно. Энэ миний хүсэн залбирдаг зүйл.”
“Боловсрол бүх өөрчлөлтийг хийж чадна. Барууны боловсрол материаллаг зорилгыг урьтал болгож байгаа ч үүнийгээ дотоод ертөнцийн боловсрол, сэтгэлийн амар амгалантай хослуулах хэрэгтэй. Ингээд л болоо. Баярлалаа”
Брин Деол Дээрхийн Гэгээнтэнд талархал илэрхийлээд асуулт асуухыг хүссэн хүмүүсийг танилцуулж эхэллээ. Эхэнд нь амар амгалан болон тэнцвэртэй байдлыг өдөр тутам тулгарч буй гэмт хэрэг, маргааны хажуугаар хэрхэн хадгалж үлдэх тухай байв.
“Үүний шалтгаан нь, бид өөрсдийн дотоод ертөнц, дотоод амар амгаланг үл тоомсорлож байгаа учраас бид нийгэм дэх хямралуудыг үүсгэж байна. Гэвч хэн нэгэн чам руу зэвсэг далайж байхад дотроо өрөвч энэрэнгүй сэтгэл гэж дахин дахин бодож чадахгүй. Чи шаардлагатай эсрэг арга хэмжээг авах ёстой. Цаашдаа, бид хүмүүст ерөнхийд нь дотоод үнэ цэнийн ач холбогдлын талаар зааж сургах ёстой.”
Дарамсала дахь хийдэд зочилж байсан хэмээн өөрийгөө танилцуулсан цагдаагийн олон нийттэй харилцах албаны офицер цагдаагийн байгууллагад шинэ ажилтан авахдаа хүнлэг ёсонд итгэх итгэлийг хэрхэн дээшлүүлж байх талаар зөвлөхийг хүслээ.
“Та нар чин сэтгэлийг үргэлж өдөөж байх хэрэгтэй” гэж тэрээр хэлэв. “Та бүхэн асуудал үүсгэж байгаа нэгэнд ч мөн адил өрөвч энэрэнгүй сэтгэлээр хандах хэрэгтэй. Хэрвээ өөр аргагүйд хүрвэл хүчирхийллэлийг таслан зогсоох хатуу арга хэмжээ авч болно шүү дээ. Гэхдээ өөрийн сэтгэлийн амар амгалангаа алдахгүй байх нь чухал. Заримдаа хүмүүс өрөвч энэрэнгүй сэтгэлийг сул доройн шинж тэмдэг гэж боддог. Харин би үүнийг хүчтэй байгаагийн билэг тэмдэг гэж үздэг.”
Гэмт хэргийн газарт шүүхийн шинжилгээ хийдэг менежер өөртэй нь тааралдаж байсан хэцүү дүр төрхүүдтэй хэрхэн зохицох ёстойг асуулаа.
“Би Европын Холбоог биширдэг гэдгээ үргэлж илэрхийлдэг. XX зууны үед Франц ба Германчууд хоорондоо үргэлж дайтаж, нэг нэгнийгээ үгүй хийж байв. Дэлхийн II дайны үед Аденауэр ба де Голль нар дайсан байсан боловч дайн дуусахад тэд Европын холбоог бий болгосон төлөвшсөн арга барилыг сонгон хэрэгжүүлсэн билээ. Түүнээс хойш гишүүн улсуудын дунд дахин аллага болоогүй юм. Гол зорилго нь хүчирхийлэлийг зогсоох, багасгах байсан ба тэд зорилгодоо хүрч чадсан байна. Ингэж л бид илүү амгалан дэлхийг бүтээнэ.”
“Хүчирхийлэлийн үзэгдэл таны ёс суртахууныг доголдуулах ёсгүй. Та өөрчлөлтийг хийхээр шийдэмгий байх ёстой. Мэдэхгүйн улмаас хор хөнөөлт сэтгэл хөдлөлүүд үүсдэг, гэвч шийдэмгий байдлаар энэ бүхнийг даван туулж болно.”
Бас нэгэн Лондонгийн цагдаагийн офицер Дээрхийн Гэгээнтнээс шашны тэргүүн гэдэгтээ өөртөө эргэлзэж байсан удаа таньд байдаг уу? Өөртөө эргэлздэг хэн нэгэнд та ямар зөвлөгөө өгөх вэ гэж асуулаа.
“Би үргэлж өөрийгөө эдүгээ амьд сэрүүн байгаа 7 тэрбум хүний нэг гэж боддог. Би оюун санааны хувьд, бие сэтгэлийн хувьд бусад хүн бүртэй адил нэгэн. Гэвч би өөрийгөө оюун ухаан болон хөнөөлт сэдлэл хөдлөлийн талаар суралцах хувь тавилан надад олдсон гэж үздэг.”
“Энэтхэгт олон шашны үзэл санааны уламжлалууд хамтдаа тайвнаар оршиж байна. Энд хинду, жейн, буддист, сик, христ, еврей, муслимууд болон зороастрейн бүгд хамтдаа амьдарч байна. Энэтхэгт маш олон шашны уламжлалууд байгаа хэдий ч бүгдээрээ хайрын тухай ижил сургаалыг түгээдэг. Цорын ганц шашин, цорын ганц үнэн байх ёстой гэх үзэл магадгүй тусгаарлагдсан улсад л хэрэгжиж болох юм. Гэвч өнөөгийн хоорондоо холбоотой дэлхийд бид хэд хэдэн шашин болоод үнэнийг харах өнцөгтэй байх хэрэгтэй. Бүгдээрээ л хайрын тухай үзэл түгээж байгаа учир бид бүгдэнд нь талархаж сурах хэрэгтэй.”
Эмэгтэй цагдаагийн офицер Дээрхийн Гэгээнтнээс эрэгтэй хүмүүс давамгайлж буй байгууллагын эмэгтэйчүүдэд урам өгч, зөвлөхийг хүсэв. Дээрхийн Гэгээнтэн түүнд эмэгтэй хүн бол хайрын бэлгэдэл гэж хэлэв. “Ээжүүд нь хайр энэрлийг агуулдаг.”
“Заримдаа би улсууд илүү олон эмэгтэй удирдагчидтай болвол бид илүү амгалан дэлхийтэй болох байх гэж ажигладаг. Саяхан Финландын ерөнхий сайд тангараг өргөсөнд би баяр хүргэж захидал илгээсэн юм.”
“Эрдэмтэд эмэгтэйчүүд бусдын мэдрэмжид илүү мэдрэг ханддаг тухай нотолсон байна. Түүхийн хувьд бол дайчдын ихэнх нь эрэгтэйчүүд байлаа. Мөн адил мал нядлагчид ч гэсэн эрэгтэйчүүд байсан. Эмэгтэйчүүд илүү зөөлөн аргаар ажилладаг. Түүнчлэн хаана ч ажилласан бай эмэгтэйчүүд хайр, өрөвч энэрэнгүй сэтгэлээр бусадтай харилцахад илүү идэвхитэй үүрэг гүйцэтгэдэг.”
Сургуулийн цагдаа Дээрхийн Гэгээнтнээс сургуулийн хүүхдүүдэд зөвлөгөө өгөхийг хүслээ. Тэрээр хариулахдаа боловсрол нь сэтгэл санааны ариун байдлыг хэрхэн бий болгох талаар, мөн хор хөнөөлт сэтгэл хөдлөлийг зогсоох, дотоод амар амгаланг хэрхэн өөртөө авч ирэх талаар зааж байх ёстой гэв.
“Бидний оюун ухааны амар амгаланг сүйтгэгч, эрүүл мэнд болон сайн сайхныг үгүй хийгч нь айдас болон уур хилэн юм. Хэрвээ бид өрөвч энэрэнгүй сэтгэл, уучлалыг сурвал илүү эрүүл бие, саруул оюун ухаантай болно. Эртний Энэтхэгийн нэгэн их мастер хэлэхдээ бидний дайснууд бидний хамгийн сайн багш мөн. Учир нь бид тэдэнгүйгээр тэвчээрт суралцаж чадахгүй байсан шүү дээ хэмээн номлосон байдаг. Би та нарт орчин үеийн мэдлэг болон тэдгээрийн материаллаг зорилгыг эртний ойлголтуудтай нэгтгэж оюун санааны амар амгаланг шашны бус замаар хөгжүүлэх хэрэгтэй гэдгийг өмнө нь хэлж байсан шүү дээ.”
Лондонгийн цагдаагийн түрүүч 45 наснаас доош залуусын хамгийн их нас баралтын шалтгаан болох амиа хорлолттой хэрхэн тэмцэх талаар мэдэхийг хүслээ. Дээрхийн Гэгээнтэн хэт их материаллаг зүйлийн төлөөх байнгын тэмцэлд хүлээцтэй байдал дутаж, бүтэлгүйтэл амиа хорлолтоор төгсөж байна хэмээгээд дахин тэрээр боловсрол бол шийдэл юм хэмээн санууллаа.
“Хэтэрхий их гүйцэлдээгүй хүслүүд болон бүтэлгүйтлүүд амиа хорлолтоор төгсөж байна. Би амьдралдаа олон асуудалтай нүүр тулж байсан, гэвч боловсрол, оюун ухаантайгаа харьцаж сурсан маань надад өөрчлөлтийг өгсөн билээ.”
Ажиллаж буй цагдаагийн алба хаагчдад ач тусаа өгөх бясалгалын дадлага санал болгооч хэмээн хүсэхэд Дээрхийн Гэгээнтэн сэтгэхүйн ухамсарт илүү анхаарал хандуулах шаардлагатай байгааг онцолж эхлэв.
“Сэтгэл хөдлөл нь оюун ухааны ухамсрын нэг хэсэг мөн. Чамайг унтах үед зүүдэнд чинь мэдрэхүйн ухамсарууд байхгүй. Хэрвээ үүнийг ойлгож чадвал, бясалгалд ашиглаж болно. Бясалгалын түвшинд сэрэх мөчид ямар нэгэн мэдрэхүйн саадгүйгээр сэтгэхүйн ухамсарыг ашиглаж чаддаг. Мэдрэхүйг хорьсноор оюун ухаан хоосон мэт зүйлийг мэдэрч эхэлнэ. Хэрвээ бүрэн төвлөрч чадвал ямар нэгэн зүйл байхгүй болж байгааг мэдрэнэ. Оюун ухаан яг л тусгал толь мэт бидний дадалтай холбоотой. Үүнийг сайн төвлөрөн бясалга, хэдэн секундээс эхэл, тэгээд хэдэн минут болго, дараа нь хэдэн цаг гэх мэт явсаар бай.”
“Ерөнхийдөө, бидний амьдралын материаллаг үзэл биднийг мэдрэхүйн боол болгож орхидог, гэтэл тэд мэргэн ухаан өрөвч энэрэнгүй сэтгэлийг хөгжүүлж чадахгүй шүү дээ. Тиймээс бүхэн сэтгэхүйн ухамсарт анхаарал хандуулах хэрэгтэй. Хэрвээ төвлөрлийг бий болгож чадвал оюун ухааны хүчийг нь сайжруулж чадна. Та шашны бус үзлээр дүгнэлт хийж үүнийг үр дүнтэйгээр хэрэгжүүлэх боломж бий.”
Дээрхийн Гэгээнтэн өөрийн мэдэхгүй асуудал, шүүмжлэлд хэрхэн эерэг хэвээр үлдэх талаар асуусан асуултанд хариулав.
“Заримдаа хэвлэл мэдээлэл зөвхөн сөрөг зүйлд анхаарах хандлагатай байдаг. Учир нь, хүмүүсийн анхаарлыг илүү их татдаг шиг санагддаг. Тэд эерэг зүйлийг цаанаасаа заяагдсан мэтээр авч үзнэ. Та бүхэн өөрт тулгараад байгаа ямар ч нөхцөл байдлын талаар үнэнийг тайлбарлаж болно. Бурхан Багшийн үед хүртэл их олон лам байсан хэдий ч зарим нь зүгээр л сөргөөр танигдсан юм.”
“Хувийн сахилга бат их чухал. Хэрвээ шийтгэлээс айж үйлдэл хийвэл магадгүй энэ нь чиний эсрэг байдлыг үүсгэж болно. Энэ нь чамайг хуурамч дүр эсгэхэд хүргэнэ. Боломж байгаа дээрээ өөрийн сахилга батад үндэслэн юу мэдэрч байгаагаа илэрхийлэх хэрэгтэй. Ингэж чадвал чи хэн нэгэн хараагүй байсан ч зөв үйлдэл хийж чадна. Урт болон богино хугацааны үр дагаварыг тооцож үзэх хэрэгтэй. Хэрвээ ямар нэгэн зүйл богино хугацаандаа тааламжтай боловч хэсэг хугацааны дараа аюултай байх аваас бүү хий.”
Хамгийн сүүлчийн асуулт энэ хэцүү цаг үед итгэл найдвараа хэрхэн алдахгүй байх вэ гэх төвөд цагдаагийн офицерийн асуулт байлаа. Дээрхийн Гэгээнтэн түүнд бидний биеийн болон үг ярианы үйлдлүүд бүгд сэтгэхүйн үйлдэлтэй холбоотой. Иймд чи бусдын сайн сайхны төлөө сайн сэдлээр хандвал ямар ч алхам хийсэн чамд эерэг байх болно гэлээ.
Брин Деол зохион байгуулагчдын зүгээс Дээрхийн Гэгээнтэнд талархал илэрхийлэв. Мөн тэр түүнд зориулан бялуу хийсэн өөр нэгэн офицерийг танилцууллаа. Тэрээр бялуунд түүний 85 насны төрсөн өдөрт зориулсан 85 ширхэг цэцгийн дэлбээ байгааг тайлбарлав. Дээрхийн Гэгээнтэн харахыг хүсэхэд түүнд бялууг өргөн харууллаа. Дээрхийн Гэгээнтэн инээмсэглээд, амтлан идэж байгаа мэт үйл хөдлөл хийлээ.
“Та бүгд миний ахан дүүст үзүүлж буй гүн гүнзгий сэтгэлд маш их талархаж байна. Бид бүгдэд яг адилхан агуу боломж бий бөгөөд үүнийг эерэгээр хөгжүүлэх тал дээр анхаарал хандуулах хэрэгтэй. Баярлалаа.”
Брин Деол энэ үйл ажиллагааг зохион байгуулсан хүн бүрт талархал илэрхийлэв. Эцэст нь Дээрхийн Гэгээнтнээс дахин уулзах боломжтой юу гэж асуулаа. Дээрхийн Гэгээнтэн энэ тухай бодох болно гэж хариуллаа. Мөн тэрээр өөрийн өндөр наснаас болоод урт хугацаатай нислэгт ядардаг болсон тухай хэлээд, Хэрвээ Щвейцарт очвол тэндээсээ Англи явж тэднийг дахин харахдаа баяртай байх болно, мөн хуучин найзуудтайгаа ч уулзах байх гэлээ.
Тэрээр төгсгөлд нь,
“Бид биеэр хол байж болох ч, оюун санаагаар үргэлж хамт байх болно. Баярлалаа” гэв.