Энэтхэг, УТ, Ладак, Лех - Өнөө өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Жанрайсиг бурханы авшиг хүртээхийн өмнөх бэлтгэл зан үйл үйлдэхээр өглөөний 7:00 цагт Шевацал номын айлдварын талбайд хүрэлцэн ирлээ.
Тэрээр өмнө нь цугларсан 70,000 орчим хүнд хандан Жанрайсиг бурхан нь Төвөд болон Гималайн бүс нутгийн ард түмэнтэй онцгой холбоотой тул бэлтгэл зан үйл үйлдэх зуур ард иргэд Жанрайсиг бурханы зүрхэн тарни болох "Ум мани бадмэ хум" тарнийг уншихыг уриаллаа.
Хэдийгээр өөрийгөө магтаж буй мэт санагдаж болох ч бие, хэл, сэтгэл оюунаараа би Жанрайсиг бурханы лагшин, зарлиг, таалалыг төлөөлж буй хэмээн Дээрхийн Гэгээнтэн айлдлаа.
Шашны бүх томоохон уламжлалууд дагалдагчдаа “каруна” буюу энэрэн нигүүлсэхүйн ач холбогдлыг ойлгоход уриалж, тэднийг зүгээр л өөрсөддөө анхаарал халамж тавих бус бусдад үйлчлэхийг уриалдаг гэж онцлон тайлбарласан юм.
"Үнэхээр бид бусдын сайн сайхны төлөө өөрийгөө зориулах юм бол өөрсдийн зорилгоо биелүүлж буй нь тэр юм."
Төвөдийн буддын шашны Брүгба Гаржүд уламжлалын Тиксэ ринбочэ цугласан олныг төлөөлөн Дээрхийн Гэгээнтэнд мандал өргөсний дараа бусад төлөөлөгчид түүнд хадаг барин мөргөв. Номын айлдварын эхэнд "Билгүүний Зүрхэн” судрыг уншлаа.
Дээрхийн Гэгээнтний хүртээх гэж буй Жанрайсиг бурханы авшиг нь цэвэр гадаад үйлийг чухалчилдаг Үйлийн дандарт харьяалагдана гэдгийг олон нийтэд мэдээлэв. Тэрээр энэхүү авшигийг хүртэхийн өмнө утга учиртай амьдрах, өөрөөр хэлбэл халуун дулаан сэтгэлийг төлөвшүүлэх, хамаг амьтны сайн сайхны төлөө хичээх сайхан сэтгэлийн үүднээс хүртэхийг зөвлөсөн юм.
Гол авшиг хүртээхийн өмнө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам олон нийтэд бодь сэтгэл төрүүлэх бясалгалыг удирдан явууллаа.
"Бидний эцсийн зорилго бол гэгээрэлд хүрэх явдал бөгөөд түүнд хүрэхийн тулд гэгээрлийн зам мөрийн “арга”-ын тал болох бодь сэтгэлийг “билиг”-ийн тал болох хоосон чанарын тухай ойлголттой хослуулах ёстой. Эдгээр хоёр талыг бид санаж, эрдэмд суралцах хэрэгтэй. Би өглөө бүр бодь сэтгэлийг бясалгах үедээ хоосон чанарыг ч бясалгадаг.”
Дээрхийн Гэгээнтэн авшиг хүртээж дуусгасны дараа энэхүү номын айлдварт суусан ба цахим сүлжээгээр дамжуулан авшиг хүртсэн бүх хүмүүст хандан Жанрайсиг бурханы зүрхэн тарнийг 10,000 хүртэл уншихыг хүсэв. Өдөрт доод тал нь хэдэн мянган удаа уншиж чадвал сэтгэлийн амар амгалан ирэх нь гарцаагүй юм гэдгийг батлан айлдлаа.
Номын айлдвар өндөрлөхөөс өмнө Тиксэ ринбочэ Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд зориулан Бат Оршил өргөх ёслол үйлдлээ. Ладакын олон нийтийн байгууллага, бүс нутгийг төлөөлсөн олон хүмүүс Дээрхийн Гэгээнтэнд өргөл өргөх жагсаалд оролцов. Түүнчлэн Ладакын хэсэг уран бүтээлчид Дээрхийн Гэгээнтэнд талархал илэрхийлсэн сайхан дууг эгшиглүүлэв.
Гурван өдрийн цуврал номын айлдварыг зохион байгуулсан Ладакын хийдүүдийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Ачарья Станзин Вангай тэргүүтэй бусад төлөөлөгчид талархалын мандал өргөв.
Дээрхийн Гэгээнтэн ёслол өндөрлөсний дараа сүсэгтэн олны зүг гар даллан мэндчилээд номын айлдварын талбайгаас буцан морилов.