Энэтхэг, Бихар, Бодьгаяа - Тэнгэр цэлмэг сайхан энэ өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Калачакра номын айлдварын талбайн зүг морилох зуураа замын хоёр хажуугаар түүнийг хүндэтгэн хүлээх олны зүг инээмсэглэн мэндчилж байлаа. Тайзны урд талд гольфын тэрэг зогсох үед Дээрхийн Гэгээнтэн тэрэгнээс буун Калачакра номын айлдварын талбайд цугласан олны зүг мэндчилэв. Улмаар Дээрхийн Гэгээнтэн тус номын айлдварт хүрэлцэн ирсэн Сажа Гонма Тичен, Гандан Ширээт, Шарба Цорж, Жанзэ Цорж болон Сажа Тизин нартай мэндлээд суудалдаа заларлаа.
Дээрхийн Гэгээнтэний зүүн талд Гандан Ширээт, Шарба Цорж, Жанзэ Цорж, Лин ринбочэ, Гүндэлин Тагцаг ринбочэ, Жонан Гялцаб, Кирти ринбочэ,
Намжал дацангийн хамба лам Томтог ринбочэ, Чоки Нима ринбочэ, Түлшик ринбочэ, Бутаны Жантул ринбочэ болон бусад дээдсүүд заларсан байлаа.
Дээрхийн Гэгээнтэний баруун талд Сажа Гонма Тичэн ринбочэ, 42 дахь Сажа Тизин Ратна Важра Сажа, 43 дахь Сажа Тизин Жяна Важра Сажа, Кондун Абаяа Важра Сажа, Кондун Акаша Важра Сажа; 26 дахь Чоге Типа, 27 дахь Чоге Типа, Жэзунма Кунга Тинли Палтер Сажа, Жэзунма Кунга Чимэ Ванмо Сажа, Хансар Шабдун, Тиксэ ринбочэ, Түлшик ринбочэ, Тэнзин Чоки Лодой, Лелун ринбочэ, Калу ринбочэ нар заларсан байлаа.
Тайландын хоёр хийдийн бага хөлгөний уламжлалын лам хуврагууд Бурхан Багшийн айлдсан энэрэл нигүүслийн тухай айлдвар ‘Каруна метта сутта’ судрыг пали хэлээр уншив. Үргэлжлүүлэн Чухаг дээд гуравт аврал одуулах уншлагыг төвөд хэлээр уншлаа. Цугларсан олонд цай, гамбир тараав.
Дээрхийн Гэгээнтэн бээр “Өнөөдөр Бурхан Багшийн гэгээрсэн онцгой ариун дагшин энэ газарт би та бүгдэд “Бодь сэтгэлийн тайлбар” номыг товч тайлбарлаж, мөн бодь сэтгэлийн увидас хүртээнэ. Газрын хувьд Бодьгаяа бол Бурхан Багшийн гэгээрсэн ариун дагшин газар юм. Номын хувьд Бурхан Багшийн айлдсан ‘Хутагтын дөрвөн үнэн’, ‘Гэгээрлийн гучин долоон эрдэм’ зэрэг олон сургаалиуд бий. Гэвч эдгээр олон ном сургаалуудын охь шим нь огторгуй мэт уужим сэтгэлээр амьтан бүхнийг энэрч хайрлах бодь сэтгэлд тулна.”
“Би өглөө болгон хамаг амьтдын тусын тулд бодь сэтгэлийг төрүүлж бясалгадаг. Бодь сэтгэлийг өөртөө сайтар дадуулж чадваас амин хувиа хичээх үзэл арилж оронд нь бусдыг энэрч хайрладаг, бусдыг эрхэмлэн дээдэлдэг тийм сайхан сэтгэл бий болно. Ингэхийн хэрээр сэтгэлд амар амгалан бий болж ‘би’ болоод бусад хүмүүс өөр хоорондоо шүтэлцэн оршдогийг ойлгох болно.”
“Би ‘Бодьсадвын явдалд орохуй’ номын тайлбарт эшийг хүртсэн цагаасаа хойш өөрийн оронд бусдыг тавьж өөрийгөө бусадтай адилгаж бясалгаж ирсэн. Энэ бол ашдын амар амгалангийн үндэс суурь юм. Бодь сэтгэл бол Бурхан Багшийн ном сургаалын охь шим нь билээ. Дэлхийн найман тэрбум хүмүүсийн хэн нь ч зовлонг хүсдэггүй, бүгдээрээ жаргалыг хүсдэг. Бид бүгдээрээ хүн гэдгээрээ адилхан. Үүнийг цаг ямагт бодож бясалган бодь сэтгэлийг төрүүлж, дадлага болгож чадваас ямар нэг таагүй нөхцөл бүрдэх үед тухайн таагүй нөхцлийг өөрт ашигтай хувилбарт шилжүүлж чаддаг.”
Дээрхийн Гэгээнтэн өмнийн огторгуйд Бурхан Багшийг хэрхэн дүрсэлж бясалгахыг тайлбарлаад хэд хонгийн өмнө Тайландын Ват-па сүмд Бурхан Багшийн шүтээн дүрийг харах үед маш дотно санагдсан тухай онцлов. Цаашлаад Дээрхийн Гэгээнтэн “Тэр өдөр Пали болон Санскрит уламжлалын лам нартай уулзаж ярилцах үеэр Бурхан Багш өмнөө буй чихэрээс надад өгч байгаа маш тод үзэгдэл үзэгдсэн. Хэрэв үнэхээр хичээж чадвал Бурхан Багш бидэнд адис жинлаваа хайрлах нь гарцаагүй юм.” хэмээн айлдлаа.
“Номыг анхааран авлага болгож дадуулснаар л жинхэнэ охь шимийг нь мэдрэнэ. Бурхан Багш бодь сэтгэлийг төрүүлж, бодьсадвын явдал мөрөөр явсанаар эцэстээ төгс гэгээрлийн хутгыг олсон билээ. ‘Бурхан Багш хэрхэн бодь сэтгэлийг өөртөө төрүүлсэн, бодь сэтгэлийг төрүүлээд ямар зам мөрөөр явсан тэр бүгдийг би дагая’ хэмээн бодож хичээх хэрэгтэй. Бурхан Багш бидэнд худлаа сургааль номлол номлохгүй. Бурхан Багш ‘Хутагтын дөрвөн үнэн’, ‘Билиг барамидын сургааль’ гэх мэтчилэн маш олон сургаал номлол айлдсан юм. Энэ бүгдийн хамгийн гол зорилго бол бидний дотоод сэтгэлийн догшин муу сэтгэлийг арилгах явдал билээ. Энэ муу сэтгэлийг засч залруулж чадвал бид Бурхан Багштай адил гэгээрлийн хутагийг олох болно.”
Дээрхийн Гэгээнтэн “Бурханы сургаал номлолыг эхлээд сонсож мэдэж аваарай. Сонсож мэдсэн зүйлээ ахин дахин бодож бясалгаарай. Баттай ойлголт төрөх үед түүнийгээ амьдралд хэрэгжүүлж бусдын сайн сайхны төлөө хичээгээрэй. Ийн дадлага болгож чадвал Бурхан Багшид улам ойртож дэргэд нь очиж чадна. Бодь сэтгэлийг төрүүлж анхааран авлага болгож чадваас сэтгэлийн амар амгалан бий болно.” хэмээн айлдлаа.
Цаашлаад Дээрхийн Гэгээнтэн “Өмнийн огторгуйд Бурхан Багш, түүнийг тойроод Энэтхэг, Төвөдийн олон дээдэс мэргэдүүд бодитойгоор заларсан байна гэж бясалгаарай” хэмээв.
“Бид бүгд урдын олон төрөлдөө хураасан буянаар дээдийн номтой учирах хувь тохиосон гэдгийг сайтар бодон орчлон хорвоогийн эцсийг хүртэл би амьтаны тусыг бүтээе хэмээн зоригтойгоор шийдээрэй.”
Дээрхийн Гэгээнтэн долоон гишүүнт уншлагыг тэргүүлэн уншив.
Чухаг дээд гуравт аврал одуулья
Нүгэл хилэнцээ наминчилья
Бусдын буянд даган баясья
Бурхан бодьсадва бүгдийг сэтгэлдээ хадгалья.
Бодийн хутгийг олох хүртэл
Бурхан, Ном, Хуврагын чуулганд аврал одуулья
Өөрийн болон бусдын тусыг бүтээхийн тулд
Бодь сэтгэлийг төрүүлье.
Бодь сэтгэлийг төрүүлээд
Хамаг амьтан бүгдийг өөрийн хүндэт зочинд урья
Бодьсадвын сэтгэл зохист явдалаар явж амьтаны тусын тулд
Бурханы хутгийг олох болтугай.
Дээрхийн Гэгээнтэн “Энэ ариун дагшин газарт та бүгдэд бодьсадвын санваарыг хүртээж байгаа нь миний хувьд их хувь тохиол” хэмээгээд “Та бүхэн ч мөн бодьсадвын санваар хүртсэн энэ сайхан хувь тохиолд чин сэтгэлээсээ баясах хэрэгтэй” хэмээв.
Дээрхийн Гэгээнтэн энэ удаагийн номын айлдварын гол номыг нээн уг номыг өнөөдөр бүтнээр нь тайлбарлах боломжгүйг дурьдав. Энэтхэг хэлээр ‘Бодхичиттавиварана’ төвөд хэлээр ‘Жанчүб сэмжи дэлба’ Аль аль нь Бодь сэтгэлийн тайлбар гэсэн утгатай хэмээн айлдав.
Дээрхийн Гэгээнтэн сэтгэл нь ч өөрийн мөн чанараараа бүтээгүй хоосон чанартай болохыг тайлбарласан 41 дэх мөрийг хүртэл уншив. Унших зуураа Дээрхийн Гэгээнтэн ‘шүтэлцэн оршихуй’ нь маш гүнзгий ойлголт болохыг онцолсон юм. Үзэгдэл юмс үнэмлэхүй түвшинд өөрийн мөн чанараар бүтээгүй хоосон чанартай ч харьцангуй түвшинд байгаа мэт үзэгддэг.” хэмээн тайлбарлалаа.
Дээрхийн Гэгээнтэн “өнөөдөр бид энэ ариун дагшин газар бодьсадвын санваар хүртлээ. Мөн гүнзгий үзлийн номын айлдварыг сонслоо. Номын айлдвараа маргааш үргэлжлүүлье.” гэлээ.
Дээрхийн Гэгээнтэн тайзны өмнө залран цугласан олны зүг дахин мэндчилэхэд цугласан олон алга ташин талархал илэрхийлэв.