Энэтхэг, Бихар, Бодьгаяа - Өнөөдөр өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 2 дах өдрийн номын айлдвараа айлдахаар Калачакра номын айлдварын талбайн зүг морилов. Калачакра номын айлдварын талбай багтаамжын дагуу 50,000 хүнээр бүрэн дүүрч 15,000 орчим сүсэгтэн олон талбайн гаднах том дэлгэцээр номын айлдварыг сонсохоор цугласан байлаа. Энэхүү номын айлдварт оролцохоор цугласан 65,000 орчим хүмүүсийн дунд дэлхийн 80 орны 3000 орчим сүсэгтнүүд байв.
Дээрхийн Гэгээнтэн цугласан олны зүг мэндчилээд номын айлдварт хүрэлцэн ирсэн дээдэсүүдтэй мэндчилж дараа нь суудалдаа залрав. Рүүт институтын ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчид болон хүүхдүүд Дээрхийн Гэгээнтний өмнө ‘Билгүүний зүрхэн судар’-ыг цог золбоотойгоор санскритаар уншиж байлаа. Энэ зуур Рато Кэнсүр, Николас Вриланд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд Рато Жонла ринбочэгийн туурвисан, саяхан хэвлэгдэн гарсан Дээрхийн Гэгээнтний намтар цадиг номын дээжийг өргөн барив.
Дараа нь ‘Итгэлийн дөл’ төслийн Японы таван төлөөлөгч болоод Австри, АНУ, Израйль улсаас ирсэн тус бүр нэг төлөөлөгчид Хирошима хотын энх тайвны дэнлүүнээс асаасан дэнлүүг Дээрхийн Гэгээнтэнд өргөн барив. ‘Итгэлийн дөл’ бол хүүхэд багачуудын зүрх сэтгэлд энх тайвны итгэлийн очыг асааж дэлхийг илүү энх амгалан болгон өөрчлөхийг зорьж буй төсөл юм. Энэ зорилгыг шашны тэргүүнүүд болон бусад холбогдох хүмүүстэй хамтран ажиллаж, дэлхий даяар түгээхийг тус төслийнхэн хичээж буй аж. Тэдний уриа бол “Нэг дэлхий—Нэг залбирал ерөөл—Нэг итгэлийн дөл” ажээ.
Цугласан олонд цай гамбир тараасны дараа Гурван эрдэнэд өргөн адислаад бүгдээрээ хүртэцгээв.
Дээрхийн Гэгээнтэн:
“Бид энэ ариун дагшин газар 2 дахь өдрөө номын барилдлага тогтоохоор эргэн цугларлаа. Бидний хувьд маш сайхан хувь тохиол юм. Энэ газар орон бол Бурхан Багш бодитой заларч дээдийн сургаал номоо айлдсан ариун дагшин газар билээ.”
“Цөмийн бөмбөг анх хаягдсан, маш олон хүний амь үрэгдсэн газар болох Хирошимагаас асаасан дэнлүүг өнөөдөр надад өглөө. Би Хирошимад очиж байсан бөгөад цөмийн зэвсэгийн улмаас маш олон хүн амь насаа алдсан түүхийг сонсоод зогсохгүй, цөмийн зэвсгийн улмаас тахир дутуу болсон хүмүүстэй ч мөн уулзаж байсан юм. Энэ түүхийг сонсоод надад маш их гэмших, харамсах сэтгэл төрсөн. Дэлхий минь цөмийн зэвсэггүй бол ямар сайхан хэрэг вэ хэмээн бодон би ерөөл тавьж залбирч билээ.”
“Дэлхий дээр одоо ч дайн болж байгаа бөгөөд нэг нэгнийхээ эсрэг зэр зэвсэг хэрэглэсээр л байна. Хэдийгээр Японы цөмийн бөмбөгдөлтөөс хойш цөмийн зэвсэгийг дахин хэрэглээгүй боловч цөөнгүй улс орнууд цөмийн зэвсэгтэй болохыг эрмэлзэж байна. Өнөөдөр энэ ариун дагшин газар Доржданд бидэнд итгэлийн гал болоод дэлхий дээр энх тайвны төлөө залбирах ийм сайхан боломж нөхцөл бүрдээд байна.”
“Дэлхий дээр өргөн хүрээг хамарсан дайн тулааны аюул бага байгаа боловч хүн төрөлхтөнд халдварт өвчний асуудал нилээдгүй бий болоод байна. Өвчин эмгэгийн асуудал нэмэгдэж байгаа учраас бүгдээрээ өвчин зовлон амирлахыг хүсч ерөөл тавьж залбирах хэрэгтэй. Халдварт өвчин үтэр түргэн амирлахыг хүсч хамтдаа залбирцгаая.”
Дээрхийн Гэгээнтэн Жанрайсаг болон Дарь Эх бурханы зүрхэн тарнийг цугласан олныг тэргүүлэн урин уншив.
“Энэ ариун дагшин газарт нүглээ наминчилж, бясалгал бүтээл хийж, буян хураах маш сайхан хувь тохиол 2 дахь өдрөө бидэнд тохиож байна. Зөв сайн сэдлээр бодож бясалгаваас Бурхан Багш болон энэ ариун газарт урьд өмнө нь бодитойгоор заларч байсан дээдэс мэргэдүүд адис жинлаваа хүртээж онцгой үр дүн гарах нь гарцаагүй юм.”
“Тийм учраас би та бүгдийг энэ ариун дагшин газарт бодь сэтгэлийг төрүүлж, хоосон чанарын үзэл онолтой уялдуулан бодож бясалгахад цаг гаргахыг уриалж байна. Үүний тулд нягтлан судлах, төвлөрөх бясалгалыг ээлжлэн өдөр бүр бясалгах хэрэгтэй. Өдөр болгон тодорхой хугацаагаар бодь сэтгэлийг, хоосон чанарын үзэл онолтой уялдуулан бодож бясалгавал ариун дагшин газрын онцлогоор бидний сэтгэлд өөрчлөлт гарах нь дамжиггүй юм. Урьд өмнө нь бодь сэтгэл, хоосон чанарын үзэл онолыг бясалгаж үр дүнг нь мэдэрч байгаагүй байж болох ч сайн бодож бясалгавал энэ газарт үр дүн гарах болно.”
“Бүхий л нисванист сөрөг сэтгэл хөдлөлүүд юмс үзэгдэлийг өөрийн мөн чанараараа бүтсэн гэж үзэхээс үүдэлтэй юм. Хоосон чанарын үзэл онолыг бодь сэтгэлтэй хослуулан бясалгавал энэ буруу үзэл ойлголтыг арилгаж чадна. Бурхад, бодьсадва бүгд хоосон чанарын үзэл онолыг бодь сэтгэлтэй уялдуулан бясалгаж ирсэн учраас бид ч мөн үүнийг сайн бодож ахин дахин бясалгавал үр дүн гарах болно.”
“Цаст Төвөдийн орон Жанрайсиг бурханы ивээл дор оршсоор ирсэн хэдий ч намайг бага байх үед Амдод үлгэр дуурайлал үзүүлэх хүн төдийлэн байгаагүй. Харин Лхасад ирсэнийхээ дараа би хоёр ёнзин багшийгаа, ялангуяа Лин ринбочэ багшийг шүтэж буддын гүн ухаанд суралцаж эхэлсэн билээ. Бодь сэтгэл, хоосон чанарыг бодож бясалгах дадлага маань Энэтхэгт ирсэний дараа нилээд хүчтэй болсон юм. Бодь сэтгэлийг хоосон чанартай хослуулан бясалгаснаар та өөрийн болоод бусдын тусыг энэ хийгээд дараа дараагийн олон төрлүүдэдээ гүйцэлдүүлж чадах болно.”
“Сонсож ойлгосноо нягтлан судалж, бодож бясалгах хэрэгтэй. Үүнийг өдөр, сар, жилээр анхааран авлага болгож чадваас сэтгэлд өөрчлөлт төрнө. Үүнийг би та бүгдэд онцлон хэлмээр байна.”
Дээрхийн Гэгээнтэн Хутагт Нагаржунайн ‘Бодь сэтгэлийн тайлбар’ номын 57-р мөрнөөс үргэлжлүүлэн уншив. “Гал нь халуун чанартай, бал бурам нь чихэрлэг чанартайн нэгэн адил юмс үзэгдэл бүхэн өөрийн мөн чанараар бүтээгүй, хоосон чанартай юм. Амьтан бүгдэд бурханлаг чанар бий. Бидний хувьд бурханы номтой учирсан, дээдэс мэргэдүүдийн олон ном сургаалуудыг үзэж судлах боломж байгаа учраас үүнийг талаар өнгөрүүлэхгүйгээр сэтгэлээ номхотгон засах хэрэгтэй.”
Энэ зуураа Дээрхийн Гэгээнтэн хоосон чанарын үзэл ойлголт нь юмсыг огт байхгүй эсвэл мөнхөд оршино гэсэн үзлийн аль алин биш болохыг тэмдэглэв. Цаашлаад Дээрхийн Гэгээнтэн “харьцангуй болон үнэмлэхүй үнэн хоёр эцэстээ нэгэн чанартай юм” хэмээн айлдав.
“Дээдийн номыг эшлэл ба онолын гэж хоёр хуваадаг бөгөөд ёс суртахуун, төвлөрөл, билиг билгүүнийг бүрэн агуулдаг дээдийн номонд суралцаж дадуулсны дүнд л энэхүү өв уламжлалыг хадгалан үлдэж чадна. Бурханы хутагыг олоход буддын гүн ухааны үзэл онолоос гадна сэтгэлийг номхотгох арга барил мөн зайлшгүй хэрэгтэй. Өдөр тутмын урт удаан хугацааны дадлагын үр дүнд үхэх үед лам нар “түгдам”-д суух нь бий. Энэ үед бүдүүн сэтгэл хураагдан гурван үзэгдэл тодорч нарийн сэтгэл илтэд бий болно. Улмаар нарийн сэтгэл хураагдан угийн гэгээн гэрэлд тулах бөгөөд энэ үед ‘хоосон чанар’-ыг бясалгаж, эцэстээ илбийн биеийг олно. Илбийн биеийг олсоноор хослон орохуйн хутагийг олох боломжтой.”
“Бүхий л зовлон мунхаг, нисванист муу сэтгэлээс бий болдог учраас мунхагийг арилгах нь хамгаас чухал билээ. Үүний тулд бид үзэгдэл юмс бүхэн бусдаас хамааралтай, бусадтай шүтэлцэн бий болдогийг сайтар ухаарах хэрэгтэй. Та бүгдэд үүнийг онцлон хэлэхийг хүсч байна.”
Дээрхий Гэгээнтэн суудлаасаа буун номын айлдварт хүрэлцэн ирсэн зарим нэг ахмад лам хуврагуудтай төвөд уламжлалаар мэндчилэв. Залуу гэгээнтнүүдийн тэргүүнд нь адис хүртээн мөн мэндчиллээ. Дээрхийн Гэгээнтэн нүүр дүүрэн баяртайгаар инээмсэглэн цугласан олны зүг мэндчилээд өргөөний зүг морилов.
Үдийн хоолны дараа Бихар мужийн ерөнхий сайд Нитиш Кумар Дээрхийн Гэгээнтэнд бараалхан эртний Энэтхэгийн билиг оюуны ач холбогдол, соёлын үнэ цэнийн талаар санал солилцов.