Энэтхэг, ХП, Дарамсала – Өнөөдөр өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Мексикийн жүжигчин, хошин шогч ба кино уран бүтээлч Эухенио Дербезтэй цахим ярилцлага хийлээ. Дербез Дээрхийн Гэгээнтэнд өглөөний мэнд дэвшүүлээд сэтгэл нь ихэд хөдөлсөн тул Дээрхийн Гэгээнтэнтэй ийм ярилцлага хийж байгаагаа үгээр дүрсэлж чадахгүй байна гэдгээ илэрхийлээд өөрийнх нь хувьд энэ нь их нэр төрийн хэрэг гэдгийг онцлов.
“Энд өглөө болж байгаа учраас би шинэ, сэргэг байна, харин чи нэлээд нойрмог байгаа байх даа” гэж Дээрхийн Гэгээнтэн хариуллаа.
Дербез Дээрхийн Гэгээнтнээс юуны түрүүнд өөрийн нэг өдрийн амьдралын тухай сонирхуулахыг хүсэв.
“Онцгой юм үгүй дээ. Би чинь буддын гүн ухаан судалдаг ердийн нэгэн бурханы шашны гэлэн шүү дээ. Би пали уламжлалын винайн ёсны шашны дэг журмыг сахихын зэрэгцээ нэмж санскрит уламжлалын дагуу гүн ухаанд суралцдаг юм. Би зөвхөн сүсэг бишрэл дээр суурилдаггүй, харин туршилт, дүн шинжилгээг илүүтэй чухалчилж суралцдаг.”
“VIII зуунд Төвөдийн хаан Энэтхэгийн Наландын Их сургуулийн хамгийн шилдэг эрдэмтэн хуврагийг нутагтаа урьсан юм. Энэ үед Хятад аль эрт бурханы шашинтай улс болсон байлаа. Хятадын эзэн хаан бурханы шашныг сонирхдог байснаас гадна Хятадын хуврагууд ч Төвөдөд байжээ. Гэсэн хэдий ч Төвөдийн хаан бурханы ном сургаалын эх нутаг болсон Энэтхэг улсыг сонгосон юм.”
“Наландын их хуврагууд Бурхан Багшийн зөвлөгөөг даган түүний сургаал номлолуудыг шинжилж судалсаны үндсэн дээр Бурхан Багшийн номлолуудыг эргэлзээгүй тодорхой ба нэмэлт тайлбар шаардлагатай гэсэн хоёр хэсэгт хуваажээ. Бид Төвөдөд учир шалтгаан ба логикт түшиглэсэн энэхүү Наландын уламжлалыг хадгалж авч үлдсэн билээ.”
“Сүүлийн 40 гаруй жил би орчин үеийн шинжлэх ухааны эрдэмтэдтэй гүнзгий яриа хэлэлцүүлгүүдийг хийсэн юм. Энэ нь Наландын логикт суурилсан хандлага орчин үеийн шинжлэх ухаантай зохицон нийцдэгтэй холбоотой гэж би боддог. Бид гадаад ертөнцийн тухай илүү их судлах явцдаа сэтгэл ухамсар, сэтгэл хөдлөлийн тухай олж мэдсэн зүйлсээ тайлбарлаж чаддаг болсон билээ. Жишээлбэл энд таван мэдрэхүй ба түүнтэй холбоотой сэтгэл хөдлөлүүдийн тухай мэдлэгийг хэлж болно. Гэхдээ эдгээр мэдрэхүйн цөмд ухамсар орших бөгөөд бидний сэтгэл хөдлөл үүний зөвхөн нэг л хэсэг юм.”
“Ухамсрын тухайд авч үзвэл сэрүүн үеийн, зүүдний үеийн болон гүн нойрсох үеийн ухамсар гэх зэргээр олон ялгаатай түвшин бий. Нарийн түвшнүүдэд өнгөрсөн амьдралууд болон зарим тохиолдолд ирээдүйн дохио шинжүүдийг ч олж харах боломжтой. Хамгийн нарийн ухамсар үхлийн үед тодордог. Зарим өндөр түвшний бясалгагчид клиник үхлийн үед энэ нарийн ухамсар дээрээ сэтгэлээ удаан тогтоож чаддаг бөгөөд энэ үед цогцос нь шинэ сэргэг хэвээр хадгалагдсаар байдаг. Миний багш Лин ринбочэ ийм төлөвт 13 хоног, мөн саяхан Тайваньд байсан лам 26 хоног оршсон юм.”
“Үүнийг бясалгалаар дамжуулан олж авдаг юм уу?” гэж Дербез асуулаа.
“Тиймээ, бясалгалаар олж авна.”
“Та өглөө бүр 3 цагт босож бясалгал хийдэг үү?”
“Тиймээ” гэж Дээрхийн Гэгээнтэн хариулав.
“Эхлээд би зарим нэг амьсгалын дасгалууд хийдэг юм. Харин дараа нь голчлон шинжлэх бясалгалыг хийдэг дээ. Би өөрөөсөө “‘би” хаана байна вэ?, миний ‘би’ хаана байна вэ?” гэж асуудаг. Надад бие махбодь, дуу хоолой, бас оюун ухамсар байна. Гэсэн ч ‘би’ өөрөө хаана байна вэ? Хайсны эцэст ‘би’ маань олдохгүй, учир нь тусдаа, бие даасан ‘би’ хэмээх зүйл байхгүй гэдгийг ойлгоно. Энэ нь зөвхөн нэр томьёололын төдий л юм.”
Дараа нь “Бид эрүүл сэтгэл, ухамсрыг хэрхэн бий болгох вэ? Өөрсдийн сэтгэлээ хэрхэн эрүүл саруулаар хадгалан хамгаалах вэ?” гэж Дербез асуув.
Материаллаг амьдралд төвлөрсөн ертөнцөд сэтгэл ухамсрын тухай нарийн сайн ойлголт байхгүй гэдгийг Дээрхийн Гэгээнтэн онцлоод хорт, хөнөөлт нисванист сэтгэлүүдийн учруулж буй зовлон шаналалуудыг таниад тэдний эсрэг хариу ерөндөгийг бий болгох хэрэгтэй гэдгийг тодотгов.
“Айдас ба уур хилэнгийн ерөндөг бол энэрэн нигүүлсэх сэтгэл юм. Квантын физик юмсын үзэгдэх байдал болон бодит оршихуйн хоорондын ялгааг тодорхойлохдоо юмс үзэгдлийн бодит мөн чанарын тухай гүнзгий ойлголтуудыг илрүүлэн гаргаж байна. Энэ нь маш чухал, хэрэгцээтэй дүгнэлтүүд бөгөөд учир нь ихэнх нисванист сэтгэлүүд юмсыг үзэгдэж буй байдлаараа бодитой оршдог гэсэн бодол дээр суурилсан байдаг. Жишээлбэл уур хилэн бодит үнэн дээр суурилдаггүй, харин тохиолдсон хэн нэгэн, эсвэл үйл явдлыг буруугаар харж буй бидний сэтгэлзүйн хариу үйлдэл юм.”
Эрүүл сэтгэл тайван, амгалантай байдаг. Эртний Энэтхэгийн судар зохиолууд ийм сэтгэлийн төлөвийг олоход чиглэсэн заавар зөвлөмжүүдээр баялаг юм. Сэтгэл ухамсрын тухай энэхүү баялаг мэдлэгийг орчин үеийн боловсролтой хослуулснаар гарах эерэг үр дүн, боломж их байгаа гэдгийг тэрээр дашрамд нь дурьдлаа.
Үүний дараа Дербез “Аз жаргал гэж юу вэ?” гэж асуулаа. “Бид аз жаргал гэдэг дээр мэдрэхүйн мэдрэмжээр авдаг таашаалыг нэрлэчихэж болох юм. Гэвч жинхэнэ аз жаргал сэтгэлийн амар амгалантай холбоотой. Таны сэтгэл тайван бол айдас, сэжиг бага байх болно. Айдас бол аз жаргалгүй байхын нэг гол эх үүсвэр билээ. Мөн хувиа хичээх нь ч бас том асуудал бөгөөд эрдэмтдийн тогтоосноор бид өөрсдийн амьдарч буй нийгэм, хамт олон, ойр дотныхондоо санаа сэтгэл тавьдаг төрөлх шинж чанартай нийгмийн амьтад шүү дээ.”
“Хүүхдүүд үндэстэн, шашин, эсвэл арьс өнгө гэх мэт өнгөц ялгаануудыг анхаардаггүй. Харин тэд сургуульд явж эхэлмэгцээ бусдад “бид” ба “тэд” гэсэн өнцгөөс хандаж, сурч эхэлдэг.”
“Бодит байдал бол бид бүгдээрээ хүн төрөлхтөн гэсэн нэгэн том гэр бүлийн нэг хэсэг учраас бид өөрсдийгөө нэг гэдгийг ухаарч мэдрэх хэрэгтэй байна. Бид бүгдээрээ адилхан хүн шүү дээ. Хүүхдэд байдаг энэ төрөлхийн нээлттэй шинж чанараас бид суралцах ёстой.”
Дербез бид өсөж том болохоороо юугаа алдаж гээдгийг сонирхон асуулаа. Юуны түрүүнд сургуульд сурч эхэлснээр сурч мэдэж буй зүйлс маш чухал үүрэгтэй байгааг Дээрхийн Гэгээнтэн онцлов. Материаллаг хүсэл зорилгод чиглэсэн боловсрол байгаа энэ цагт бидний сэтгэл ухамсар ба сэтгэл хөдлөлийн талаар, түүндээ лавшруулан сэтгэлийн амар амгаланг яаж олох, хэрхэн бусдыг энэрэх сэтгэлийг төрүүлэх тухай заавар зөвлөмжүүдийг өгдөг байх ёстой юм. Сэтгэлийн амар амгаланг олоход хамгийн чухал нь сэтгэлзүйн, сэтгэл хөдлөлийн цэвэр байдлаа хадгалж сурах, өөрөөр хэлбэл хорт хөнөөлт нисванист сэтгэлүүдээ дарж арилгаж сурах явдал гэдгийг Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэлэв.
Инээд ба хошигнол Дербезийн хөндсөн дараагийн сэдэв байв. Энэ дэлхийн хүн бүр бие биетэйгээ ахан дүүс бөгөөд эдгээр хүн бүрт эерэг, бас сөрөг чадавхиуд байгаа гэдгийг Дээрхийн Гэгээнтэн онцоллоо. Нисванист сэтгэлүүд нь бидний сэтгэлийн амар амгаланг эвдэж, гэр бүл ба найз нөхдийн харилцааг ч бусниулдаг. Нөгөө талдаа энэрэл нигүүлслийн сэтгэл, инээд баясал ба хуурмаггүй инээмсэглэл бусдыг тайвшруулан аз жаргалтай уур амьсгалыг бий болгодог билээ.
“Эцэстээ бусдыг гэсэн сэтгэл, хандлагатай байх нь хамгийн чухал юм. Өнөөдөр бидэнд “бүгдээрээ нэг шүү дээ” гэсэн сэтгэл мэдрэмж зайлшгүй хэрэгтэй байна. Бид хамтарч ажиллах ёстой. Бид бие биендээ тусалж чадна, бид нэг нэгэндээ хэрэгтэй шүү дээ. Боловсрол чухал боловч хэт явцуу, өрөөсгөл бол олигтой тус болж чадахгүй. Бид эртний Энэтхэгээс хүч үл хэрэглэх ба энэрэл нигүүлсэх эртний уламжлалыг суралцах боломжтой юм.”
Хүмүүс цар тахлын туршлагаасаа сурах сургамжууд бий эсэхийг Дербез асуухад Дээрхийн Гэгээнтэн өвчин талаас нь сайн мэдэхгүй байгаа учраас шууд хариулахад түвэгтэй гэж хариулав. Түүний бодлоор энэ өвчний нөлөөллийн нэг хүчин зүйл нь өнөөдөр бидний агаар, ус ба хүнсэнд байгаа химийн хорт бодисны хэм хэмжээтэй уялдаатай байх боломжтой гэдгийг тэрээр нэмж онцлов.
Дербез Дээрхийн Гэгээнтнийг цагаан хоолтон эсэхийг тодруулахад тэрээр үгүй гэж хариулав. Олон жилийн өмнө нарийн чанд дэглэмтэй цагаан хоолтон болохоор шийдсэн боловч цөсний асуудал үүссэнээр бүхэлдээ өөрт нь шарлах шинж тэмдэг гарсаныг Дээрхийн Гэгээнтэн дурслаа. Улмаар эмч нь бага хэмжээгээр мах хэрэглэж байхыг түүнд зөвлөжээ. Төвөдийн дүрвэгсдийн хүрээнд оршдог томоохон хийд ба сургуулиудын гал тогоо нь зөвхөн цагаан хоолоор үйлчилдэг болохыг Дээрхийн Гэгээнтэн сонирхуулан дурьдав.
Дээрхийн Гэгээнтнийг хайр энэрэл цацруулсан хүн гэдгийг мэдэхийн зэрэгцээ хайрын бэлэг тэмдэг болдогийн хувьд Дербез түүнээс хэн нэгнийг хайрлаж дурлаж үзвэл ямар байх тухай бодож байсан эсэхийг нь сонирхлоо. Дээрхийн Гэгээнтэн хайр гэдгээр юу тодорхойлохоос хамаарна гэдгийг онцлоод өөрийн тайлбарыг өгөв. Заримдаа хайр нь, тэр тусмаа сексын хүсэлтэй уялдаатай бол шунал, атгагтай холилдсон байдаг. Хамгийн дээд хайр бол өөрийн дайсандаа хайр энэрлийн сэтгэлээр хандах, эсвэл хэн нэгэнд уурласан бол тэр хүндээ зөөлөн дулаан хандах явдал бөгөөд энэ бол жинхэнэ, үнэн хайр билээ.
“Төвөдийн ард иргэдийг харгис хэрцгийгээр дарангуйлахыг хичээдэг Хятадын түшмэдүүд бий. Би заримдаа тэдний уур хилэн, айдас, үзэн ядах сэтгэлийг өөртөө аваад оронд нь хайр энэрлийг тэдэнд өгч байна гэж бодож төсөөлдөг юм. Ингэж бодох нь миний сэтгэлд маш их тустай байдаг.”
Хүнд дурлаж үзвэл ямар байх тухай үнэхээр сонирхон бодож байсан эсэхийг Дербез дахин тулгаж асуухад бусад хүмүүстэй харилцах үедээ өөрийгөө хувраг хүн гэдгээ ямагт санаж байдаг хэмээн хариуллаа.
“Сексын харилцаа нь хүүхэд төрөхийн үндэс бөгөөд улмаар энэ нь цаашлаад олон асуудлыг авчирдаг. Юун түрүүнд эцэг, эхчүүд эхлээд үр хүүхдийнхээ боловсролд анхаарна, дараа нь тэдний гэрлэлт, гэр бүлийг дэмжих хэрэгтэй болно. Харин үүний дараа ач зээ нар дагалдана. Үүнтэй харьцуулахад хуврагийн амьдрал түвэгтэй биш шүү. Өөрийгөө л сайн хариуцах үүрэгтэй.”
“Ямартаа ч надад дөрвөн үүрэг хариуцлага бий. Нэгд, хүн гэдэг утгаараа бусдыг гэсэн энэрэн нигүүлсэх сэтгэлийн ач холбогдлыг бусад хүмүүстэй хуваалцахыг хичээдэг. Харин хоёрт нь хувраг хүний хувьд шашин хоорондын эв эеийг дэмжих үүрэгтэй бөгөөд учир нь хэдийгээр шашны уламжлалууд ялгаатай үзэл онолуудтай байж болох ч бүгдээрээ хайр энэрэл нигүүлслийн чухлыг заан сургадаг билээ.”
Энэ үед Дербез нэг хүний асуулт орж ирсэнийг мэдэгдээд “бид анхнаасаа тогтчихсон хувь заяаны дагуу амьдардаг уу” гэсэн асуултыг дамжуулав. Энэ нь нэлээд нарийн түвэгтэй гэдгийг Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэлээд бүтээгч “Ертөнцийн Эзэн”-г номлодог шашныг дагагчид “Эзэн”-ий дэргэд очихыг хүсдэг, харин жейнизм ба буддизм зэрэг Бүтээгчийг үгүйсгэдэг шашны уламжлалын хувьд бүтээгч “Эзэн”-ий орон зай үгүй гэдгийг суурь болгон тайлбарлав. Бүтээгч Эзэн тэнгэрийг хүлээн зөвшөөрдөггүй уламжлалууд дахин дахин төрөл авч ахин дахин амьдрах нь үйлийн үрийн ойлголттой холбоотой билээ. Энэ амьдралд үйлдсэн үйлийн ул мөр нь дараагийн амьдралын чанарыг тодорхойлно. Тиймээс ийм үзлийн дагуу таны одоогийн үйлдлүүд дараа таньд юу учрахыг тодорхойлдог учиртай. Сэтгэлийн амар амгалантай, аз жаргалтай амьдралын уг шалтгаан нь бусдыг гэсэн халуун дулаан зүрх сэтгэл юм.
Ярилцлага дуусах дөхөж байгаа учраас Дербез Дээрхийн Гэгээнтнээс настай хүмүүс, тэр дотроо цар тахлын улмаас зовж шаналж буй хүмүүс болон тэднийг асран эмчилж буй эрүүл мэндийн ажилчдын төлөө залбирал уншиж өгөхийг тусгайлан хүсэв. Дээрхийн Гэгээнтэн тэдний тусын тулд өдөр бүр залбирдагаа дурьдахын ялдамд мөргөл залбирлын бодит нөлөө хязгаарлагдмал гэдгийг санууллаа.
Өршөөн уучлах сэтгэлийн үнэ цэнийн тухай асуултанд Дээрхийн Гэгээнтэн сэтгэлийн амар амгалангаа хадгалах хамгийн сайн аргуудын нэг гэж хариулав. Уур хилэн, өс хонзонгийн сэтгэл нь сэтгэл тавгүйтэж нойроо алдахын л шалтгаан болно гэдгийг тэрээр нэмж тодотгосон юм.
“Миний гурав дахь үүрэг бол Төвөд хүнийхээ хувьд хүлээж буй хариуцлага юм. Бид эрүүл, ардчилсан системтэй болсон учраас би улс төрийн хариуцлагаасаа чөлөөлөгдсөн. Гэхдээ би Төвөдийн байгаль орчинд санаа тавьж ажиллахыг зорьж байна, учир нь Азийн дийлэнх гол мөрөн Төвөдийн өндөрлөгөөс эхтэй бөгөөд сая сая хүнийг усаар хангадаг шүү дээ.”
Дербез энэ яриатай уялдуулан байгаль орчны сэдвийг хөндөөд дэлхийн дулааралтай холбоотойгоор Калифорни дахь ойн түймэр болон өмнө нь байгаагүй хүчтэй далайн шуурга гэх мэт ийм онцгой байгалийн үйл явдлууд тохиолдоод байхад олон улс орны удирдагчид үүнд анхаарал хандуулахгүй байгаагийн учрыг Дээрхийн Гэгээнтнээс асуув.
“Бид эх дэлхийгээ хайрлан хамгаалах шаардлагатай болсныг одоогийн эко системийн нөхцөл байдал харуулж байна” гэж Дээрхийн Гэгээнтэн онцлов. “Цаг агаарын өөрчлөлт нь бидний хяналтаас гарсан гал ус, үерийн аюулыг учруулж байна. Энэ бол маш ноцтой. Хятадын ерөнхий сайд Төвөдөд айлчилсны дараа тэнд ой мод устаж үгүй болж байгаа нь маш их гамшиг дагуулсан үер тохиож байгаагийн шалтгаан болж байгааг, бас үүнээс зайлсхийж болохыг ч хүлээн зөвшөөрсөн байна.”
“Төвөд хүний хувьд би буддизмын их хөлгөний урсгалын суурь болсон Төвөдийн хэл соёлыг хадгалан үлдээхийг зорьж байна. Бид Наландын уламжлалыг залгамжлагчид мөн.”
“Мөн үүний зэрэгцээ би Энэтхэгт энэ улсын эртний эрдэм мэдлэгийг сэргээн таниулах үүргийг өөртөө хүлээсэн юм. Хэдийгээр эдгээр мэдлэг шашны ном зохиолуудад бий боловч өнөөдөр үүнийг академик хүрээнд судлах боломжтой гэдэгт би итгэлтэй байна. Тэр дотроо хүчирхийлэлгүй зарчим ба энэрэн нигүүлслийн уламжлалыг тодруулах нь нэн чухал болжээ.”
Төгсгөлд нь Дербез XV Далай Лам байх эсэх, энэ хүн нь мөн эмэгтэй хүн байж болох эсэхийг тодруулав. Дараа дараагийн Далай Лам нар улс төрийн үүрэг хариуцлага үүрэхгүй гэдгийг Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэлээд Далай Ламыг тодруулах асуудал нь Төвөд, Хималайн бүс нутаг ба Монголын шашны тэргүүнүүдийн шийдвэр байх болно гэдгийг нэмж тодотголоо. Харин Далай Лам эмэгтэй хүн байж болох эсэхийн хувьд хэрэв энэ нь илүү ашиг тустай бол болохгүй зүйл байхгүй гэдгийг Дээрхийн Гэгээнтэн батлав. Хэрэв дэлхийн удирдагчдын дунд эмэгтэйчүүд олон байсан бол асуудал бэрхшээлүүд цөөн, дэлхий илүү тогтвортой байх байсан гэдгийг тэрээр хүлээн зөвшөөрөөд саяхан засгийн газрын гол албан тушаалуудыг эмэгтэйчүүд хашихаар зохион байгуулсан Финляндын ерөнхий сайдад баяр хүргэж захидал илгээснээ дурьдлаа. Тэрээр ирээдүйд эмэгтэй Далай Лам байх бүрэн боломжтой гэдгийг дахин онцлов.
Дербез түүнтэй уулзах боломж гаргасанд Дээрхийн Гэгээнтэнд талархаад 2013 онд Мексикст хийсэн түүний айлчлалын тухай товч киног үзэж сонирхохыг хүсэв. Ярилцлагын эцэст Дээрхийн Гэгээнтэн инээмсэглэж гараа даллан Дербезд талархаад баяртай гэж хэллээ.