Энэтхэг, Бихар, Бодьгаяа – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Австралийн ерөнхий сайд Скот Морисонд захидал илгээн өнгөрсөн жилийн 9 дүгээр сараас үргэлжилж байгаа ойн түймрийн улмаас үзэсгэлэнт газар нутгийн ихэнх нь шатсанд гүн эмгэнэл илэрхийллээ.
“Ойн түймэр газар авах тухай мэдээ сонсох бүрийд сэтгэл өвдөх ч, зоригтой олон олон сайн дурын ажилчид хамтдаа нийлж гал унтраах ажиллагаанд оролцож байгааг хараад үнэхээр урам зориг авч байна.”
“Түймэрт амиа алдсан иргэдийн ар гэрийнхэнд болон орон гэрээ алдсан хүмүүст эмгэнэл илэрхийлье.”
“Мөн асар олон тооны шувууд, ан амьтад түймэрт үрэгдсэн гэх мэдээ улам нэмэгдсээр байгаа нь үнэхээр сэтгэл эмзэглүүлж байна.”
“Гэхдээ үүний зэрэгцээ би Австралийн засгийн газар болон тус тусын орон нутгийн захиргаа энэ ойн түймрийн хохирогчдод тусалж дэмжихийн тулд шаардлагатай арга хэмжээг үр дүнтэй авч ажиллаж байгааг нь магтан сайшаамаар байна.”
“Мөн хохирогчдод олон улсын нийгэмлэг нэгдэн тусалж дэмжиж байгааг сонсоод маш их сэтгэл хөдөллөө. Ийм гамшигт үйл явдал нь хүн төрөлхтөн бидэнд “нэг гэр бүл” гэдгийг сануулж өгдөг. Мөн хувь хүний түвшинд ч гэсэн хүн бүр дэлхийн дулаарлыг зогсоохын тулд хийж чадах зүйлээ хийх хэрэгтэй байна.” Эцэст нь Дээрхийн Гэгээнтэн “Та бүхэн мэдэж байгаачлан надад олон жилийн турш тогтмол хугацаанд Австралид зочлох боломж олдсон билээ. Австраличуудын нөхөрсөг дотно хандлага болон хүний үнэ цэнэ, сэтгэлийн амар амгаланг танин мэдүүлэх миний үйлсэд ихээр анхаарал хандуулж ирсэнд сэтгэл үнэхээр хөдөлдөг юм.” гэсэн байна.