Энэтхэг, Бихар, Бодьгаяа – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Гандан Пэлжэйлин хийдээс гарч Дүйнхорын номын айлдварын талбайн зүг явахдаа уламжлал ёсоор замын хоёр талаар зогссон хүмүүстэй уулзаж байлаа. Олон хүн түүнтэй ойртон уулзахыг, мөн түүний гараас барихыг хүсч байсан бөгөөд өөрөө ч хүүхэд хөгшчүүлтэй уулзаж, ярилцаж байв. Тайзан дээр ирээд энэ жил тохиосон Богд Зонховын 600 жилийн ойн баярын нэрэмжит шагнал гардсан эрэгтэй, эмэгтэй лам хуврагуудтай зургаа татууллаа.
Өнөөдөр Бирмын арван лам Мангала судрыг пали хэлээр уншив. Тэдний дараа Оросын сүсэгтнүүд орос хэлээр Билгүүний Зүрхэн судрыг уншиж, дараа нь энгийн болон лам нараас бүрдсэн хэсэг хүмүүс англи хэлээр Билгүүний Зүрхэн судрыг уншлаа.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам номын айлдвар эхлэх цаг болоход өнөөдөр Жэвзүнма Нагмугийн даган соёрхолыг хүртээх ба эхэнд бэлтгэл уншлага унших зуур сүсэгтэн олон мэгзэм уншиж байхыг хүсэв. Бэлтгэл уншлага дуусаад даган соёрхол эхлэхийн өмнө тэрээр олон нийтийг удирдан 21 Дарь Эхийн магтаал уншив.
Уламжлал ёсоор даган соёрхол хүртэхийн өмнө бодьсадвын санваар хүртэх ёстой гэдгийг тэрээр онцлоод “Сүүлийн хэдэн өдрийн турш бодь сэтгэлийн тухай нэлээдгүй их тайлбарласан” гэлээ. “Бодьсадва нарын гол анхаардаг зүйл бол хамаг амьтдын төлөө гэх сэтгэл юм. Тэд зовж шаналж буй огторгуй сацуу амьтдыг зовлонгоос салгах, эцэст нь бурханы хутагт хүргэхийн тулд эхлээд өөрөө гэгээрэлд хүрэхийн төлөө хүчин чармайлт гаргадаг.”
“Бодь сэтгэл бол хамаг сайн сайхан бүгдийн уг үндэс юм. Тиймээс та өөрийн амьдралыг утга учиртай өнгөрүүлэхийг хүсч буй бол бодь сэтгэлийг хөгжүүлэх хэрэгтэй. Бодьсадвын санваар хүртэх уншлага дотор “Би бусдын болон өөрийн хэргийг бүтээхийн тулд бодь сэтгэлийг төрүүлье” гэж бий. Өнгөрсөн цагт бурханы хутгийг олсон бүхий л бурхад, өдгөө болон ирээдүйд бурханы хутгийг олох гэж буй буюу гурван цагийн бурхад бодь сэтгэл дээр тулгуурлан бурханы хутгийг олно.”
“Дан ганц сайхан сэтгэлтэй байгаад нэмэргүй, бусдын төлөө бодит алхам хийх ёстой. Бодьсадвын санваар хүртсэний дараа бодьсадвын явдлаар явна гэж өөртөө амлалт авах ёстой. Гол нь “Зургаан хэсэгт Багшийн егүзэр” болон “Бодьсадвын явдалд орохуй”-д айлдсанчлан амин хувиа хичээхийг зогсоох хэрэгтэй.”
“Бид сайхан сэтгэлийг төрүүлж, бусдын сайн сайхны төлөө идэвхтэй байж чадвал аз жаргалтай, энх тайван цогцолсон дэлхийг бүтээж чадна. Бодь сэтгэлийг төрүүлснээр буян хурааж, нүгэл хилэнцээ ч арилгаж чадах юм. Тиймээс өдөр бүр бодьсадвын санваараа санаж, сахиж сайхан сэтгэлийг хөгжүүлээрэй.”
“Дан ганц бодь сэтгэл төрүүлээд зогсохгүй бусдын сайх сайхны төлөө идэвхтэй байж чадвал танд тухайн үе хийгээд алс хойч аль бүгдэд аз жаргалыг авчрах болно. Төрөл тутамдаа бусдын сайн сайхны төлөө явж чадна. Газар шороо, ус, мод ургамал бүгд хүний хэрэгцээг хангадаг шиг би ч гэсэн бусдын хэргийг бүтээе гэж бодоорой.”
Номын айлдвар өндөрлөхийн өмнө Их Ерөөлийн хурлыг зохион байгуулах хороо Дээрхийн Гэгээнтний зөвлөсний дагуу ЮНЕСКО-д хандив өргөсөн гэдгээ мэдэгдлээ.
Энэ өдрийн хурал Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын зохиосон “Үнэний хүч” номын уншлагаар өндөрлөв.