Энэтхэг, ХП, Дарамсала – Өнөөдөр өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Австрали улсад зохион байгуулагдаж буй “Аз жаргал ба түүний уг шалтгаан” хурлын хүрээнд Сидней дэх сэтгэл судлалын профессор Ян Хикитэй ярилцахаар уригдсан байлаа. Ярилцлагыг хөтлөгч Тони Стил эхлүүлсэн бөгөөд тэрээр Дээрхийн Гэгээнтэн, проф. Хики, бусад хурлын оролцогчид болон цахим орчноор үзэж буй олон мянган үзэгчдэд мэндчилгээ дэвшүүлэв. Дараа нь Дээрхийн Гэгээнтэнд өнөөдөр дэлхийн хэмжээнд тохиож буй энэ хүнд цаг үед тусгаарлагдал ба ганцаардлын асуудлуудыг яаж шийдэх тухай эхний асуултыг тавилаа.
“Юуны түрүүнд бүгдэд нь мэндчилгээ дэвшүүлье” хэмээгээд Дээрхийн Гэгээнтэн яриагаа эхлэв.
“Австрали улс миний хувьд одоо аялахад хэт хол газар болжээ. Олон найз нөхөд маань Австралид, мөн хамраа хоорондоо үрж мэндлэх ёсыг би анх сурсан Шинэ Зеланд улсад амьдарч байна. Нэгэнт найз нөхөд болсон бол энэ нөхөрлөл насан туршид үргэлжилнэ гэдэгт би итгэдэг. Мөн бурханы шашинтны өнцгөөс авч үзвэл, хэрэв бид хэн нэгэнтэй ойрын харилцаа тогтоосон бол энэ нь төрлөөс төрөлд дамжин үргэлжилдэг учиртай юм.”
“Өнөөдрийн дэлхий ертөнцөд, Австралийн зарим хэсэгт асар том түймэр гарах гэх мэтээр дэлхийн дулааралтай холбоотой үр нөлөөллүүд бидний хяналтаас гадна байсаар байна. Эдгээр нь зарим нэг эртний Энэтхэгийн судар зохиолуудад зэвсэг болон ган гачигаар дамжин бидний энэ ертөнц хэрхэн доройтох тухай өгүүлсэнийг нотлох зүйлүүз мөн билээ. Надад зарим эрдэмтдийн хэлж байснаар, хэрэв байдал энэ чигээрээ цаашид үргэлжилвэл цаг агаар машид халуун болж тогмол нуур, гол мөрөн ширгэх нөхцөл бүрдэх болно.”
“Логик утгаараа эхлэлтэй бүхэн төгсгөлтэй байх жамтай. Тиймээс энэ талаасаа бидэнд арга үгүй. Гэвч энэ хооронд бидэнд аз жаргалтай амьдрах боломж байна. Аз жаргалтай хамтран оршиж чадалгүй хоорондоо тэмцэлдсээр байх нь үнэхээрийн харамсалтай хэрэг юм. Мэдээжийн хэрэг аз жаргалтай, амар амгалантай амьдрахад суралцах хэрэгтэй. Тиймээс үүнд боловсрол, мэдлэг чухал үүрэг гүйцэтгэдэг. Өнгөрсөн зуун болон энэ зууны эхэн үед явагдсан их хүчирхийллээс сургамж авах ёстой.”
“Амьтан бүгд аз жаргалтай амьдралыг хүсдэг. Аз жаргалтай амьдрал гэдэг нь амар амгалантай амьдралыг хэлнэ. Тиймээс бид энэ эх дэлхийгээ илүү амар тайван байлгахын тулд маш нухацтай бодож тунгаах хэрэгтэй юм. Бид бүгдээрээ нийгмийн амьтад шүү дээ. Бид амьдарч буй нийгмээсээ, бусдаасаа хамаарч оршдог. Төрсөн цагаасаа эхлээд л бид амьд үлдэж, цаашид амьдрахын тулд эхийнхээ, гэр бүлийнхээ хайр энэрлээс хамаардаг жамтай. Энэ нь шашинтай огтхон ч хамаагүй, төрөлх байгалийн төлөв шинж юм.”
“Хоёр, гурван настай хүүхэд бусад хүүхдийн гэр бүлийн байдал, арьс өнгөний ялгааг огтхон ч тоодоггүй, бусад хүүхдүүдтэй хамт инээж, аз жаргалтай хамтран тоглодог шүү дээ. Энэ утгаар нь харвал бага балчир хүүхдүүд хүн төрөлхтөн адилхан гэдгийг мэдэрдэг байх нь. Гэвч сургуульд орсоныхоо дараа л бусдын ялгааг харж эхэлдэг. Бид шашин шүтлэг, нийгмийн гарал, бусдын баян, ядуу дээр байнга ялгаа гаргадаг. Гэтэл эдгээр нь зөвхөн хоёрдугаар түвшний л ялгаа шүү дээ. Угтаа бид бүгдээрээ адилхан хүн төрөлтөн билээ.”
“Бид бүгдэд бусдыг гэсэн энэрэл хайр, халамжлах сэтгэл, түүний уг үндэс бий. Үүн дээр үндэслэн хэрэв бид хичээж чадвал аз жаргалтай хүн төрөлхтний хамтын нийгэмлэгийг байгуулж чадах юм. Би өөрийн туршлагаас үзвэл бид Төвөдөд байхдаа гадаад ертөнц болон гадаад хүмүүсийг, түүн дундаас том хамартай Европын хүмүүсийг биднээс их ялгаатай гэж боддог байлаа. Харин дараа нь Энэтхэгт цагаачлан ирсэн хойно олон том хамартай хүмүүс бидний найз нөхөд болсон юм. Бид хүн төрөлхтөн нэг болохыг ухаарч бүх хүмүүс хоорондоо үндсэндээ адилхан болохыг ойлгож авсан билээ.”
“Хүн бүр аз жаргалтай амьдрахыг хүсдэгийг бид мэднэ. Гэвч жинхэнэ аз жаргал нь мөнгө, эсвэл эрх мэдэл бус, дотоод амар амгалан юм. Хэрэв сэтгэл амгалантай бол та өдөр ч, шөнө ч аз жаргалтай байх болно. Аз жаргал нь бидний сэтгэл, сэтгэл хөдлөлтэй уялдаатай. Бид бүгдээрээ эерэг, бас сөрөг сэтгэл хөдлөлүүдийг мэдрэх чадвартай. Алийг нь бид хөгжүүлж, цааш дадуулах эсэх нь оюун ухаанаа хэрхэн ашиглахаас л хамаарна.”
“Сэтгэлийн амар амгаланг хэрхэн бий болгох, хэрхэн хөгжүүлэх арга замд бид суралцах боломжтой юм. Дараа нь бид өөрсдийн энэрэн нигүүлсэхүйн сэтгэлийг хувь хүмүүст, гэр бүлдээ, хамт олон ба нийгэмдээ, эцэст нь дэлхийн түвшинд түгээн тэлэхэд оюун ухаанаа ашиглаж болно. Бид төрөлхийн энэрэл нигүүлсэлтэй боловч бусад амьтдад түмэн янзын асуудлууд, зовлон учруулсаар байгаа билээ. Хэрэв бид уулын доор оршдог тосгонд амьдардаг, гэтэл маш том бул чулуу өнхрөн ирж байх үед хоорондоо хэрүүл маргаанаа хийсээр сүүлийн мөчүүдээ өнгөрөөвөл үнэхээрийн мунхаг хэрэг биш гэж үү? Тиймээс бид бүгдээрээ яг л ахан дүүс адил, бас бидэнд дэмий үрэх цаг хугацаа байхгүй гэдгийг ойлгож ухаарах хэрэгтэй байна.”
“Боловсролоор дамжуулан өнөөдөр дэлхий дээр амьдарч байгаа долоон тэрбум хүн бүр хоорондоо нэг, нэгдмэл гэдгийг онцгойлох нь чухал юм. Бас нэг зүйл нь, бид хүүхдүүдэд эрүүл мэндийнхээ төлөө биеийн эрүүл ахуйг сахих тухай заадгийн адил сэтгэлийн эрүүл ахуйг сахих, хөгжүүлэхийг тэдэнд заах шаардлагатай байна. Хүүхдүүд хорт хөнөөлт сэтгэлүүдээ багасгаж сэтгэлийн амар амгаланг бий болгоход суралцах ёстой.”
“Хүн төрөлхтөн ба дэлхийн ирээдүйн төлөө бид бүгдээрээ аз жаргалтай хамтдаа оршин амьдрах нь дээр биш гэж үү? Бид зэр зэвсэггүй амьдарч чадна. Дэлхий нийтээрээ цэрэг зэвсгээс татгалзаж айдас, аюулгүй дэлхийг бүтээхэд бид зорьж ажиллах ёстой.”
Тони Стил проф. Ян Хикиг ярианд татан оролцууллаа. Хики аборигэн хүмүүсийн дунд “Зөвхөн хүн бүр дотоод амар амгалантай болсноор л дотоод амар амгалан бий болно” гэсэн хэлц үг байдгийг тэмдэглэн хэлээд энэ нь нийгмийн бүлгүүд ямар байх шаардлагатайг харуулж байна гэдгийг онцоллоо. Тэрээр сүүлийн үед сэтгэцийн эрүүл мэнд доройтож байгаа нь нийгмийн харилцаанууд доройтож байгаатай холбоотой гэж тодорхойлов. Бид өөр хоорондоо ямар ойрхон уялдаа холбоотой байдгаа хүлээн зөвшөөрснөөр л хамтран ажиллах хүсэл тэмүүлэл бий болно.
Ян Хики цааш нь ярихдаа “Бид зөвхөн энд ойр тойрондоо анхаарлаа хандуулах бус харин өргөн цар хүрээнд, нийгмийг бодох шаардлагатай” гэдэг дээр Дээрхийн Гэгээнтэнтэй санал нийлэв. Хүмүүс айдастай байна, ирээдүйнхээ төлөө санаа зовцгоож байна. Тэрээр “Хэрэв нийтийн аз жаргал нь энэрэн нигүүлсэхүй дээр суурилдаг юм бол, мөн миний дотоод амар амгалан бусдаас хамааралтай юм бол бид хэрхэн үүнийг хэрэгжүүлэх хэрэгтэй вэ?” гэж Дээрхийн Гэгээнтнээс асуулаа.
Өөрийн хариултандаа Дээрхийн Гэгээнтэн Европын Холбооны эрмэлзэл, чин зорилгыг гайхан биширдэгээ онцлов. Зуун зууны туршид, дэлхийн нэг ба хоёрдугаар дайн дуустал Франц, Германи хоёр улс хоорондоо дайсан байсан гэдгийг тэрээр тайлбарлаад хожим хоорондын дайсагнал нь ямар ч үр ашиггүй гэдгийг олж харснаар өөрсдийн үзэл бодлыг өөрчилж, хуучин дайснууд анд нөхдүүд болсныг тэмдэглэн хэллээ. Аденауер, Де Голль нар тэдний ард түмэн зэрэгцэн амьдрахаас өөр гарцгүй гэдгийг таньсаны үндсэн дээр ЕХ-г байгуулах суурийг эхлүүлсэн билээ. Улмаар өдгөө дал, наян жилийн туршид ЕХ-ны гишүүд бие биенийгээ хөнөөлгүй хамтран оршсоор байна.
Орчин үеийн ардчиллын явцад эрх мэдэл нь хаан ба язгууртнуудад харъяалагдахаа больжээ. Эрх мэдэл нийгэм олон нийтэд хамаарах болж түүнийг хэрэгжүүлэхдээ олон нийтийн эрх ашгийг харгалзах болсон байна. Өнөө цагт үндэстний хил хязгаарууд байхгүй болсон, мөнгөний урсгал ч, вирус ч үүнийг зогсоож чадаагүй.
“Бид зөвхөн цөөн хэдэн компаниудын эрх ашиг бус хүн амын дийлэнхийн хувьд ямар үр өгөөжтэй байхыг харгалзаж үзэх ёстой. Баян, ядуугийн ялгаа нь маш ноцтой асуудал, үүний уршгаар ядуучууд зовж шаналан, эмэгтэйчүүд мөлжлөгдөж байна шүү дээ. Бид зөвхөн баян, ядуугийн ялгааг бууруулаад зогсохгүй нэг нэгэнтэйгээ эрх тэгш гэдгийг таньж сурах хэрэгтэй байна.”
Проф. Хики хүмүүс хэрхэн ойр тойрондоо олж авсан туршлагаа дэлхийн түвшинд тулгарсан асуудал бэрхшээлүүдтэй уялдуулах боломжтой болохыг сонирхлоо. Дээрхийн Гэгээнтэн эртний Энэтхэгийн нэгэн мастерын өгсөн зөвлөмжийг дурьдав. Тулгарсан асуудлаа шийдэх боломжтой эсэхийг шинжилж үзээд хэрэв боломжтой бол түүнийгээ хэрэгжүүлэх, харин шийдэл үгүй бөгөөд өөр хийх ямар ч арга үгүй бол асуудлыг хүлээн зөвшөөрөх нь чухал юм. Санаа сэтгэлээ хий дэмий зовоох нь ямар ч үр ашиггүй билээ.
Цар тахлын тухайд Дээрхийн Гэгээнтэн олон хүмүүс тахлын эсрэг эмчилгээ, сэргийлэх вакциныг хөгжүүлэхээр ажиллаж байгаа учраас санаа сэтгэлээр унах хэрэггүй гэдгийг тодотгоод бэрхшээлийг даван туулж чадна гэдэг итгэл маш чухал болохыг тайлбарлалаа.
Хики хойч үеийнхэндээ итгэл найдварыг хэрхэн бий болгох тухай асуулаа. Бид байгаль орчиндоо илүү анхаарал хандуулах ёстой болно гэж Дээрхийн Гэгээнтэн хариулав. Өөрчлөлт дараагийн зууны туршид гарна. Гол шалгуур нь усны ундаргыг хамгаалахтай холбоотой байх юм. Хэдийгээр практик бус, бодит байдалд боломжгүй байж болох ч Сахара гэх мэт цөл газруудад нарны эрчим хүчийг ашиглан цэнгэг усны үйлдвэрүүдийг байгуулж, цөлийг ногоон болгон хувиргах, улмаар илүү хүнс ургуулах, бэлдэх газартай болох боломж байгаа эсэхийг байнга боддог гэдгээ Дээрхийн Гэгээнтэн хуваалцав.
Нас сүүдэр 86 хүрсэн тул өөрийн ирээдүйн тухай санаа зовохгүй байгаагаа Дээрхийн Гэгээнтэн дурьдахдаа орчин цагийн залуу хүмүүс өөрсдийн ирээдүйн эрсдлийн тухай маш тодорхой ойлголтуудтай байгаад өөрт нь их урам төрсөн гэдгээ сонордуулав.
Өөрийн дотоод амар амгаланд төвлөрөх нь хувиа хичээсэн, бодит дэлхий ертөнцөөс зугтаан зайлсхийсэн арга зам гэж үздэг хүмүүс байдгийг Хики дурьдаад “бид сэтгэлийн амар амгаланд хүрч энэрэн нигүүлсэхүйн зам мөрд орох, мөн нарийн түвэгтэй дэлхий ертөнцийн амьдралд оролцох хоёрыг хэрхэн уялдуулах” тухай асуулаа.
“Аз жаргалтай дэлхийг бүтээх нь бидний хамгийн дээд эрх ашигтай нийцэх юм.” гэж Дээрхийн Гэгээнтэн хариултаа эхлэв. “Хямралын үед зөрчил мөргөлдөөнийг улам даамжруулах нь тэнэг хэрэг болно. Шашны уламжлалууд бүгдээрээ хайр ба энэрэн нигүүлсэхүйн чухлыг заан сургадгаас харвал энэ нь хүлцэл тэвчээр ба өршөөл уучлалын хооронд зохицол нийцэл байгааг илэрхийлж байна. Нэгэнтээ бид хамтдаа амьдрахаас өөр зам үгүй тул хамтаараа шашнаас ангид байр суурийг баримтлан бүгдээрээ сайхан сэтгэлт, сайн хүний ёсоор амьдрах ёстой гэж би боддог.”
Хөтлөгч сүүлийн гуч гаруй жил шинжлэх ухааны эрдэмтэдтэй Дээрхийн Гэгээнтэн хамтран ажилласан тухай сүүлийн асуултыг тавив. Тони Стил Дээрхийн Гэгээнтнээс орчин үеийн шинжлэх ухаанд ямар хувь нэмэр оруулж чадсан гэж өөрийгөө үздэг, мөн хамтын ажиллагаанаас түүний хувьд олж авсан үр өгөөж юу болохыг асуулаа.
“Наландын уламжлал нь учир шалтгаан ба логикт суурилдаг юм. Логиктой, учир шалтгаан бүхий хандлагыг баримталсан учраас шинжлэх ухаантай бидний зохицон нийцэх тал нь дүн шинжлэл юм. Сэтгэлийн тухайд авч үзвэл орчин үеийн шинжлэх ухаан өнөөг хүртэл энэ сэдвээр маш хязгаарлагдмал ойлголттой байсаар байна. Гэсэн ч сүүлийн үед эрдэмтэд энэ чиглэлээр, тэр дотроо сэтгэлийн амар амгаланг олох арга замуудын талаар илүү их анхаарал хандлуулах боллоо.”
“Тархины үйл ажиллагааг ойлгох тал дээр маш гайхалтай ахиц дэвшлүүд гарсан байна. Гэвч уялдах сэтгэл ухамсрын үйл ажиллагааг ойлгох тал дээр дутмаг байгаа. Ухамсрын олон янзын түвшинг танин мэдэх тал дээр эртний Энэтхэгийн уламжлалуудад суралцсан эрдэмтдийн туршлага их тус нэмэртэй байх болно. Үүний жишээ гэвэл клиник үхэлд орсон боловч үхлийн дараах урт хугацаанд бие цогцос нь муудахгүй шинэхэн хэвээр хадгалагддаг бясалгаачдын бодитой, баримттай тохиолдлууд байна. Шинжлэх ухаан үүнд тайлбар өгч чадахгүй байгаа.”
“Ийм тохиолдлыг бид хамгийн нарийн түвшний ухамсар биеийн хийн судлуудад оршсоор байгаатай холбож тайлбарладаг. Зүрх зогсож тархиний үйл ажиллагаа үгүй болсон боловч бие муудахгүй байгаа юм. Олон орны эрдэмтэд, тэр дундаа Оросын, бас Америкийн эрдэмтэд ч үүний шалтгааныг хайн судалж байна.”
Тони Стил өнөөдрийн уулзалтанд оролцсонд Дээрхийн Гэгээнтэн болон проф. Ян Хикид талархлаа илэрхийлээд Дээрхийн Гэгээнтэнд эрүүл энх байж урт наслахыг ерөөхийн зэрэгцээ тун удалгүй биечлэн дахин уулзана гэдэгтээ найдаж байгаагаа хэлснээр уулзалт өндөрлөв.