Энэтхэг, ХП, Дарамсала - “Өнөөдөр ахин нэг өдөр эхэлж байна.” хэмээгээд Дээрхийн Гэгээнтэн Далай Лам “Эрдэнийн Эрхи” номын айлдварын хоёр дахь өдрийн айлдвараа эхэллээ.
“Олон номын найз нөхөддөө энэ өглөөний мэнд хүргье.”
Дээрхийн Гэгээнтэн өөрийн өргөөндөө төвөд хэлээр номын айлдварыг айлдаж харин хятад, франц, герман, хинди, итали, япон, монгол, португали, орос, испани, вьетнам, англи буюу нийт 12 хэлээр энэ удаагийн номын айлдвар орчуулагдав. Хэдийгээр ихэнх орчуулагчид алс хол байгаа ч теникийн давуу талыг ашиглан бүгд нэгэн зэрэг орчуулга хийж байлаа.
“Өчигдөр ярьсанчлан бид бүгдээрээ жаргалыг хүсч, зовлонг хүсдэггүй. Адгуус амьтад уур хилэн болон хүсэл шуналын эрхээр зовдог боловч хүмүүсийн хувьд илүү их оюун ухаантайн улмаас тэрхүү оюун ухаанаа уур хилэн, хүсэл шуналд ашиглаж асар олон хүнд асуудал үүсгэх, бүр нэгэн дор олон хүнийг егүүтгэх гэх мэт аймшигт үйл хэрэг хийх ч аюултай. Сэтгэлийн хямарлаас үүдэлтэй хүн төрөлхтний дотоод асуудал гадагш халин гарч дэлхий дээрх олон амьтанд ч сөргөөр нөлөөлж байна. Бид бүгд дор бүрнээ л дэлхийн энх тайван, аз жаргал гэж ярьдаг. Сайн бодож үзвэл энх тайван оршин тогтнохын гол эх үндэс нь хүмүүс өөрсдөө юм.”
“Түүхийн үүднээс авч үзвэл манай гариг дэлхий дээр асар олон дайн тулаан явагдсан билээ. Дэлхийн 2 дугаар дайныг дуустал олон дайн тулаан явагдсан ба одоо ч гэсэн хямрал зөрчилдөөн явагдсаар байна. Энэ бүхэн “бид” ба “тэд” гэж хуваагдсанаас үүдэлтэй нь тодорхой. Урьд өмнө олон хаадууд өөрийн эрх мэдлийн төлөө дайн тулаан хийсэн нь бишгүй их. Зарим тохиолдолд олон хямрал, дайн тулаан феодалын дарангуйлалтай холбоотой болов уу гэж би боддог юм. Нэг хүн бүхий л эрх мэдлийг өөртөө авахын тулд бусадтай зөрчилдөж эхэлдэг.”
“Эдүгээ бусдын эрх ашгийг боддог болсноос хойш манай дэлхий дээр маш их өөрчлөлт явагдсан юм. Дэлхийн 2 дугаар дайны дараа ганц нэг улс орны эрх ашиг бус, бүх улс орны эрх ашигт анхаарал хандуулсан НҮБ байгуулагдав. Энэ бүхэн бидэнд харагдаж буй бодит жишээ юм. Мөн Еропын хувьд маш их дайн тулаан хийсэн боловч эцэстээ ЕХ байгуулж чадсан юм. Хэрэв ЕХ байгуулагдаагүй бол сүүлийн арваад жилийн хугацаанд дайн тулаан, хямрал гарцаагүй гарах байлаа. ЕХ байгуулагдсанаар үүнд элссэн улс орнууд нэг нэгэнтэйгээ хямрал тэмцэл гаргасангүй. Нэг нэгнийхээ амь насыг егүүтгэсэнгүй.”
“Дэлхий дээр амьдарч буй 7 тэрбум хүмүүс бүгд нэгэн гариг дээр амьдарч байна. Тиймээс бид зовсон ч адилхан, жаргасан ч адилхан юм. Сансарын хөлөгт суугаад огторгуйгаас дэлхийг харахад улс орны хил хязгаар юу ч харагдахгүй. Тиймээс бид бүгд хүн төрөлхтөн гэдгээрээ адилхан гэх ойлголт дээр анхаарал хандуулах хэрэгтэй.”
“Шашны хувьд олон шашин хүний итгэл үнэмшил дээр тогтдог, олон хүний энэрэл хайр, сайхан сэтгэлийг хөгжүүлж чадаж байгаа тул ач тустай гэсэн үг юм. Ганцхан төрлийн хоолтой ресторанд хүмүүс очихгүй. Олон төрлийн хоолтой бол хүмүүс янз бүрийн хоолыг сонирхон олуулаа очдог болно. Үүнтэй адил олон янзын үзэл онол байвал хүмүүс өөр өөртөө таалагдсан үзэл онолыг сонирхоно. Өргөн мэдлэг ойлголт авахад ч их тустай. Тиймээс олон шашин хүмүүст тустай гэж би боддог. Хамгийн гол нь шашны олон уламжлал өөр үзэл онолтой боловч энэрэл хайрыг номлодогоороо бүгд адилхан гэдгийг сайн анхаараарай.”
Өчигдөр буяны бус үйлийг зогсоох тухай тайлбарласан. Үүн дээр нэмж хэлэхэд эрүүл үедээ бусдыг хайрладаг, уужим бодолтой, холыг харж чаддаг хүн архи уусан үедээ ийм чадвараа алддаг. Тийм учраас архи уухыг тэвчих ёстой. Лин ринбочэ багшийн нэгэн түүх бий. Дарамсалад амьдардаг нэгэн хүн Лин ринбочэ багшаас гэнэн сахил хүртжээ. Тэр үед багш архи ууж болохгүй шүү гэхэд өнөөх хүн би архи уухаа больж огт чадахгүй нь гэсэн байна. Тэгсэнд Лин ринбочэ багш “Бага багаар уугаарай, битгий согтотлоо уугаарай” гэж захьсан гэдэг.”
Дээрхийн Гэгээнтэн “Билгүүний Үндэс” номноос эш татан номын айлдвараа үргэлжлүүлэв.
Цогцос бус, цогцосоос өөр ч бус
Түүнд цогцос үгүй, түүнд тэр ч үгүй.
Түүнчлэн Ажирсан нь цогцосгүй,
Түүнчлэн Ажирсан нь алин буй
Тэрээр энэ шүлгийн үгийг нь солин:
Цогцос бус, цогцосоос өөр ч бус
Түүнд цогцос үгүй, түүнд тэр ч үгүй.
Би бээр цогцосгүй,
Би бээр алин буй гэж уншдагаа тайлбарласан юм.
“Ингэж лавшруулан сайн бодож чадвал бидний бүхнээс дээр тавьдаг “би” гэгч энэ байна гээд гаргаад ирэх зүйл байхгүй болдог.”
“Буддын гүн ухаанд уур хилэн, хүсэл шуналыг дарах гол ерөндөг нь би үгүйн онол гэж үздэг. Уур хилэн, хүсэл шуналын хор уршигийг бодоод, үүн дээр нэмээд өөртөө шунадаг, бусдад уурладаг “би” гэгчийг эрж хайгаад үзвэл бидэнд төсөөлөгддөг шигээ байх боломжгүй юм байна гэдгийг ойлгож чадна."
“Би үгүйн онол болон хоосон чанарыг агуу их буяны чуулганы дэмжлэгтэйгээр бодож бясалгаж чадвал бурханы хутагийг олоход саад болдог мэдэгдэхүүний түйтгэрийг дарах ерөндөг болж эхэлнэ. Энэ нь бодь сэтгэлийн дэмжлэг хэрэгтэй гэдгийг харуулж байна.”
Ертөнцөд эдэлж буй зовлон бүхэн амин хувиа хичээснээс үүдэлтэй
Ертөнцөд эдэлж буй жаргал бүхэн бусдын тусыг бодсоноос гарна
Олон зүйлийг ярих хэрэг юун
Гэгээрсэн бурхадууд бусдын тусыг хийсэн
Эгэл нялхасууд амин хувиа хичээсний ялгааг хар
Өөрийн жаргалыг бусдын зовлонгоор сольж чадахгүй бол
Бурханы хутаг олохыг бүү хэл орчлонд ч жаргалыг олж чадахгүй
“Төвөдөд Соронзон Гамбу хаан тэргүүтэй номт хаадууд, ялангуяа Тисрон Дэзэн хаан, ловон Шантаракшита багш, ловон Бадамжуннай гурав нэгдэж бурхан шашныг анх дэлгэрүүлсэн билээ. Буддын гүн ухаанд суралцаж бурханы шашныг дэлгэрүүлэх ёстой гэж зааж зөвлөсөн хүн нь Ловон Шантаракшита гэгээн байсан юм. Тэрээр учир шалтгааны ухаанд гарамгай мэргэн байсан тул Төвөдөд дэлгэрсэн бурханы шашин нь Наландагийн хиргүй ариун уламжлал болж чадсан юм. Ялангуяа төв үзлийн болон учир шалтгааны арга ухаан бүрэн гүйцэд дэлгэрсэн нь маш чухалд тооцогддог.”
“Бурхан Багш “Гэлэнгүүдээ алтны дархан шижир алтыг хэрхэн нягталж шалгадаг шиг миний ном сургаалийг ахин дахин нягталж судалсны дараа хүлээн авах эсэхээ шийдээрэй” гэж айлдсан тул Бурхан Багш ингэж айлдсан юм гээд шууд хүлээн авах бус, ямар утга учиртай сургааль байна гэдгийг нягталж судлах хэрэгтэй. Бурханы шашны уг үндэс нь учир шалтгааны арга ухаан юм. Тиймээс ловон Шантаракшита гэгээний ач буянаар Төвөдөд дэлгэрсэн бурханы шашин нь учир шалтгааны арга ухаанаар гүн гүнзгий ойлголтыг судладаг.”
“Эдүгээ бид 21-р зуунд амьдарч байна. Дэлхийн бүх хүн аз жаргалыг хүсч, зовлонг хүсдэггүй. Аз жаргалыг олохын тулд нэгдмэл хүн төрөлхтөн гэх ойлголтыг улам баттай ухаарч манай улс, танай улс гэх зэргээр “бид” ба “тэд” гэж хуваагдан талцаж болохгүй. Ингэж талцдаг үе өнгөрсөн. Учир шалтгааны үүднээс сайн бодож чадвал талцаж хуваагдсаны хор уршиг, нийтийн эрх ашгийг эрхэмлэсэн эв нэгдлийн ач тусыг ойлгож чадна.”
“Нэмж хэлэх зүйл маань өнөөдөр дэлхийн олон оронд халдварт өвчин тархаж нэлээдгүй хүнд байдал үүслээ. Үүн дээр шинжлэх ухааны эрдэмтэд, ялангуяа өвчтөнийг эмчилж асарч буй эмнэлэгийн эмч ажилчид, сувилагчид маш их ажиллаж байна. Зарим нь өөрийн амь насаа ч алдлаа. Онц ноцтой өвчин тархаж хүнд хэцүү байдал үүсэхэд эдгээр бүгдийн өмнөөс сөрөн тэмцэж буй олон эмч, сувилагч нарын нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлийн их буянд даган баясаж байна. Та бүхэнд баярлалаа.”
“Хүнд нөхцөл байдал үүсэхэд үүнээс айж, шантарч болохгүй. Хүн төрөлхтөнд тохиосон бэрхшээлийг хүмүүс бид л арилгахгүй бол өөр хэн арилгах билээ. Дан ганц сүсэг бишрэлээр энэ асуудлыг даван туулж чадахгүй. Тиймээс бүгд сэтгэлийн тэнхээтэй, зоригтой байх хэрэгтэй. Өнөөг хүртэл сэтгэлийн тэнхээ, зориг, тэвчээр гарган явж байна, цаашид ч үүнийгээ битгий алдаарай.”
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам дараа нь Бурхан Багш, Манал, Жанрайсиг, Богд Зонхов, ловон Бадамжуннай, Дарь Эх бурхадын зүрхэн тарнийн лүн өгөв.
“Эдгээр бурхадын бясалгалыг хоосон чанар, бодь сэтгэлийн ойлголттой уялдуулан хийх хэрэгтэй. Хоосон чанар, бодь сэтгэлийн ойлголт төдийлөн байхгүй үед бурханы бясалгал хийвэл үр дүн бага. Харин хоосон чанарын тухай бодож, ялангуяа бодь сэтгэлийн талаар хүчтэй бодож байгаад эдгээр бурхадын тарнийг унших хэрэгтэй.”
“Тулгарч буй бэрхшээлийг буяны чанарт урвуулахыг хүсье. Нирваан болон бурханы хутагийн талаар төдийлөн ойлголт байхгүй ч гэсэн өвчнөөс айгаад эдгээр тарнийг унших, мөн олуулаа цуглаж дэмий ярьж суухын оронд эдгээр тарнийг уншиж байгаа нь энэ өвчин биднийг буянд оруулж байна гэсэн үг юм.”
“За ингээд та бүхэнд баярлалаа. Бүгдэд нь сайн сайханыг хүсье.”
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энд хүрээд энэ удаагийн номын айлдвараа өндөрлөв.