Энэтхэг, ХП, Дарамсала - Өнөөдөр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам урьдын адил инээмсэглэсээр өрөөнд орж ирлээ. Тэрээр дэлгэцэн дээрх оролцогчидтой гараа даллан мэндчилээд суудалдаа заларсан даруйд цаг алдалгүйгээр Чандракиртийн “Төвд орохуй”-н тайлбараа үргэлжлүүлэн айлдаж эхлэв.
“Өмнө хэлж байсанчлан Чандракирти агуу гүн ухаанч эрдэмтэн байгаад зогсохгүй дээдийн номыг гайхамшигтай дадуулагч нэгэн байсан юм. Эдүгээ тэрээр хутагт Нагаржуна зэрэг олон агуу сэтгэгчдийн адилаар бидний дунд алга байна, учир нь хүн хамгийн ихээр зуун жил л амьдрах боломжтой. Гэсэн хэдий ч тэдний зохиол бүтээлүүд мянга гаруй жилийн дараа ч судлагдсаар байна. Тэгвэл “Төвд орохуй” нь эдгээр бүтээлүүдийн дунд онцгой ач холбогдолтой зохиол юм.”
“Энэ улс, Энэтхэг орон олон тооны агуу сэтгэгчид ба эрдэмтдийг төрүүлсэн гэдгийг би байнга онцлон хэлдэг. Тэдгээрийн тод жишээ болсон Наландын гайхамшигт 17 мастер бүгдээрээ тус бүртээ онцгой хурц ухаантнууд байжээ. Эдгээр мастеруудын зохиол бүтээлүүдийг шашнаас ангид, академик түвшинд судлан, орчин үеийн шинжлэх ухааны чиг хандлагатай уялдуулах боломжтой. Тэдний бичсэн зүйлс өнөөдөр 21-р зуунд ч үр өгөөжтэй байгаагийн шалтгаан нь тэд хүний оюун ухаан, сэтгэл ухамсар, сэтгэл хөдлөлийн шинж чанаруудыг судалж хэрхэн сэтгэлийн амар амгаланд хүрч болох тухай авч үзэж байсантай холбоотой билээ. Эдгээр сэдэв бүрийг академик арга замаар судлах боломжтой юм шүү.”
“Миний мэдлэг залуу судлаачдын адил шинэ сэргэг байхаа больсон хэдий ч өөр бусад олон эрдэмтэд, судлаачид ба манлайлагч нартай уулзаж ярилцах боломж надад олдож байсан нь өнөөдөр ач тусаа өгч байна. Би орчин үеийн шинжлэх ухааныг ихээхэн сонирхдог бөгөөд Төвөдийн дацан хийдүүддээ ч үзэж судлахыг нь дэмждэг. Тухайлбал Брайбун Лосалин дацан өөрийн лабораторитой болсноос гадна шинжлэх ухааны сэдвүүдийг судлах хичээлийн жагсаалтанд оруулсан байна.”
“Өмнө нь хэлснээр эртний Энэтхэгийн эрдэм мэдлэг өнөөдөр ч уялдаатай байгаагийн шалтгаан нь орчин үеийн асуудлууд хүний сэтгэл зүйгээс үүдэлтэй. Тэдгээрийн шийдлийг мөргөл залбирлаар бус шинжлэл судлалаар л олох боломжтой юм.”
“Бид хоосон чанарыг ойлгохын ач холбогдолыг ярилцсан бөгөөд энэ сэдэв нь билиг билгүүний ангилалд багтана. Харин одоо энэхүү номонд аргын талын ангилалд багтах өглөг, шагшаабад буюу ёс суртахуун ба сахилга бат, мөн тэвчээр ба хүлцэнгүйн чанар гэх зэргийг авч үзэж байна (V1.9). НҮБ-д хамаарах байгууллагууд хэрхэн бусдад туслаж дэмждэгтэй адил ядуурал зовлонд унасан хэн нэгэндээ бид өглөгөөр туслаж байх ёстой. Өглөг нь нөхөрлөл, дотносолыг төрүүлдэг.”
“Өнөөдөр дэлхий дээр баян, ядуугийн ялгаа маш их байна. Гэтэл ядуу тарчиг ахан дүүс нар минь бидэнтэй адилхан хүн, нийгэм олон нийтийн нэгэн хэсэг мөн шүү дээ. Тиймээс ядууст туслах нь баян хүмүүсийн эрх ашиг, сонирхол гарцаагүй мөн. Ядуурлыг үзсэнээр энэрэн нигүүлсэх сэтгэл өдөөгдөөд зогсохгүй тэдэнд бодитоор туслах шийдэл хүсэл төрнө.”
“Төвд орохуй”-н хоёрдугаар бүлэгт ёс суртахуун ба сахилга батыг гаргажээ. Өглөгийг өөрийн эрх ашгийн төлөө бус, ёс суртахуунтайгаар өгөх ёстой. Бид өөрсдийн нэр хүндийг анхаарах бус бүхэлдээ бусдын сайн сайхныг анхаарч санаа тавих ёстой. Халуун дулаан сэтгэл дээр үндэслэсэн өглөг өгөх ба бизнесийн арилжааны хооронд ялгаа бий. Ёс суртахууныг сахих нь энэ насанд ч тус болоод зогсохгүй дараа төрөлд сайн төрөл олохын суурь болдог.”
“Гуравдугаар бүлэгт тэвчээр ба хүлцэнгүйн сэтгэлийг номлосон байна. Хэрэв хэн нэгэн өөрт чинь муу зүйл хийсэн бол тэдэнд уурласнаар учирсан гэмийг арилгах, эсвэл ямар нэг хэлбэрээр нөхөж чадахгүй билээ. Үүний оронд уучилж өршөөн, төрж буй уур хилэн өшөө хорслыг таягдан хаях нь чухал юм. Бид уурлах үед бидний үзэгдэх байдал хүртэл өөрчлөгддөг учраас хүмүүс уурласан царай харахыг хүсдэггүй. Гол нь зөв, сайн шийдэл олох чадвар алдагддаг. Яг л уур хилэн биднийг сохор болгосонтой адил юм. Уур бол бидний сэтгэлийн амар амгаланг үгүй хийгч хамгийн хүчтэй нисванист сэтгэл билээ. Бас бидний биеийн эрүүл мэндийг ч хохироодог шүү дээ.”
“Хэрэв таныг хэн нэгэн шүүмжилж байхад та инээмсэглэвэл тэд гацаж зогсох болно. Тэвчээр ба хүлцэнгүйн чанар нь сайн үйлийг хураах бөгөөд дараагийн төрөлд тань сайн нөлөө авчирдаг. Энэ чанар нь өдөр тутмын энгийн амьдралд ч маш практик ач холбогдолтой билээ.”
“Өглөг, ёс суртахуун ба сахилга бат, мөн тэвчээр ба хүлцэнгүйн сэтгэл нь аргын талд хамаарах бөгөөд бурханы дүрст лагшинг олохын суурь болдог гэдгийг Чандракирти онцолжээ. (V.3.12)”
“Дөрөвдүгээр бүлэгт сэтгэл ухамсрыг хөгжүүлэх үйл, дадлага нь амар хялбар биш учраас энд шийдэл эрмэлзэл, хичээнгүй зүтгэл хэрэгтэй гэдгийг тэрээр тодотгосон байна. Тавдугаар бүлэгт нэгэн үзүүрт төвлөрлийг өгүүлжээ.”
“Зургаадугаар бүлэгт хараатай нэгэн сохор нэгнийг чиглүүлэн залах ёстой онцгой үүрэг хариуцлагын тухай хөндсөн байна. Хүн төрөлхтөн бид бүгдээрээ аз жаргалтай амьдралыг хүсдэг, түүнийг эдлэх ч эрхтэй юм. Мунхагийн эрхээр “сохорсон” хүмүүст туслахад бидэнд мэдлэг хэрэгтэй. Аз жаргалын эх үүсвэр бидний дотроос гардаг байтал бид ямагт л аз жаргалын эх үүсвэрийг гаднаас ирдэг гэж боддог шүү дээ. Тиймээс дотоод амар амгаланг хэрхэн яаж бүтээхийг мэдэх хэрэгтэй юм.”
Үүний дараа Чандракирти өөрийн шүлгүүдэд нь тусгалаа олсон хутагт Нагаржунайн уламжлалд тайлбар хийжээ. Энэтхэгийн олон мастерууд шинжлэн судлал дээр суурилан үнэмлэхүй үнэнийг ойлгохыг оролдсон юм. Энэ оролдлогуудаас Буддизмын үзэл санааны дөрвөн урсгал эхтэй: Зүйлчлэгч (Вайбашика), Судартан (Саутантрика), Сэтгэл төдийтөн (Читтаматра) ба Төв үзэлтэн (Мадхьямика).
Ловон Чандракирти өөрийн хамаардаг төв үзлийн дээд түвшин болсон хэтрүүлэгч үзэлд юмс үзэгдэл бүгд зөвхөн нэрийтгэл буюу томъёололын төдий л оршдог гэж үзсэн байна. Чандракиртийн зиндааны Энэтхэгийн их мастерууд өөрсдийн оюуны чадавхийг бүрэн гүйцэд ашигласныг Дээрхийн Гэгээнтэн онцлон дурьдав. Хутагт Асанга ба Васубанду нар хутагт Нагаржунайн гаргаж тавьсан ойлголтуудыг бүрэн гүйцэд ойлгож ухаараагүй гэж Чандракирти үзжээ. Тэрээр юмс үзэгдэл шүтэн барилдлагаар бий болдог гэж тунхагласан байна. Юмс үзэгдэл өөр бусад хүчин зүйлстэй шүтэн барилдаж оршдог бөгөөд өөрийн мөн чанараар, өөрийн эрхтэй, дангаараа бүтсэн нь үгүй юм.
“Өнөөдрийн шинжлэх ухааны эрдэмтэд биетэй тодорхой оршин буй зүйлсийг тайлбарлаж чадна. Гэхдээ тэд сэтгэл ухамсар болон бусад далд, биет бус зүйлсийн тухай судалсан нь бага. Орчин үеийн сэтгэл судлал маш сул хөгжсөн бол эртний Энэтхэгийн судлаачид сэтгэл ухамсарын үйл ажиллагааны тухай маш их зүйлсийг таньж, мэдэж чадсан байна.”
“Наландын уламжлал өөрийн төрөлх газар нутагтаа устаж үгүй болсон ч энэхүү уламжлалын оюун мэдлэгийг олон олон зууны туршид Төвөдүүд болон Монголчууд хадгалж байсан билээ.”
“Номын энэ хэсэгт хоосон чанарын тухай сонссон төдийд урьдын үйл буяны хүчээр сэтгэлд нь баяр баясал төрж биеийн шар үс нь хөдөлдөг хүмүүсийн тухай өгүүлсэн байна. Энэ нь тэдний хоосон чанарын ойлголтыг сонирхон хүлээн авах чадварыг илтгэж байгаа бөгөөд ийм л хүмүүс эдгээр ойлголтуудыг хүлээн авах жинхэнэ сав нь болж чаддаг юм. Бадаг (V.6.7) “Тиймээс урам зоригтон бүгд энэ зам мөртэй золгох ерөөлийг тавьсуй” гэж төгсчээ.”
Үүний дараа Дээрхийн Гэгээнтэн сонсогчдоос асуулт тавихыг хүссэн бөгөөд өнөөдрийн хөтөч доктор Анита Дудхэйн харьцангуй түвшинд юмс үзэгдэл оршиж байгааг юугаар батлахыг асуув. Энэ бол их чухал асуулт бөгөөд юу оршиж, юу үл оршихын заагийг тодорхойлох нөхцөлийг хөндсөн байна хэмээн Дээрхийн Гэгээнтэн онцлоод хариулсан юм. Хэтрүүлэгч төв үзлийн хувьд долоон үет шинжлэлээр олдох зүйл юу ч үгүй. Ямар нэг зүйлийн бодит мөн чанарыг хайж үзэхэд тухайн чанарыг олохгүй. Гэсэн хэдий ч юмс үзэгдэл ертөнцийн нэрийтгэлийн түвшинд оршиж байгаа билээ. Дээрхийн Гэгээнтэн хутагт Нагаржунайн “Билгүүний үндэс” зохиолын 22-р бүлгийн эхний бадгийг эш татав.
(Бие-сэтгэлийн) Нэгдэл бус, нэгдлээс тусдаа ч бус,
Нэгдэл нь түүнд оршдоггүй, өөрөө ч нэгдэлд оршдоггүй
Ялж Төгс Нөгчсөн нь нэгдлийн “эзэн” бус,
Тиймээс Ялж Төгс Нөгчсөн өөр юу байх вэ?
Тэрээр мөн энэхүү шинжлэлийг өөр дээрээ тавьж бодож тунгаадгаа хэлэв.
Би нэгдэлтэй нэг бус, нэгдлээс тусдаа ч бус,
Нэгдэл надад оршдоггүй, би ч нэгдэлд оршдоггүй.
Би нэгдлийн “эзэн” бус.
Тэгэхээр би өөр юу байх вэ?
Юмс үзэгдлүүдийн мөн чанарыг бид олж чадахгүй байгаа ч тэд харилцан үйлчлэл ба үйл ажиллагаатай оршдог. Биднийг шинжилж үзэхэд юмс үзэгдэл өөрийн эрхээр, мөн чанартайгаар орших нь үгүй боловч үйлдлээр тэд оршдог гэж бид дүгнэж болно. Богд Зонхов энэ үзэл санааг – “Бодит оршихуйг үгүйсгэсэн хэдий ч нэрийтгэл төдий үлдэнэ. Энэ нь төв үзлийн ойлгоход хамгийн бэрхшээлтэй хэсэг” гэж тодорхойлсныг Дээрхийн Гэгээнтэн онцлов.
Гангтокоос оролцож буй дэд профессор бидэнд юмс үзэгдэл бүгдийг нэгэн зэрэг олж харахад мэдэгдхүүний түйтгэр хэрхэн саад болдог тухай асуулаа. Хоёр үнэний хооронд ялгаа бий гэж Дээрхийн Гэгээнтэн хариулав. Шүтэн барилдлагыг ойлгохын тулд юмс үзэгдлүүд өөр бусад шалтгаан хүчин зүйлсээс хамааран оршдог учраас оршихуй буй гэдгийг хүлээн зөвшөөрөх шаардлагатай юм. Дүрс ба хоосон чанар хоёр нь шинж чанарын хувьд адил боловч концепцийн хувьд ялгаатай билээ. Бурханы хутгийг олохоос нааш юмс үзэгдэл бүгд бодит оршихуйтай мэт үзэгдсээр байх болно. Аравдугаар газрын бодьсадва нарын хувьд ч мэдэгдхүүний түйтгэрүүд байх учраас тэд бясалгалаасаа боссоны дараа юмс үзэгдлийн бодит мэт оршихуйн төлөвийг харсаар байдаг юм.
Шүтэн барилдлага ч өөрөө ухамсарын нэрийтгэл төдий байж болох уу гэж Гангтокын оюутан Дээрхийн Гэгээнтнээс асуув. Юмс үзэгдлийн мөн чанарыг хайгаад олохгүй хэдий ч тэдний оршин байгаа энэ бодит мэт төлөвийг шууд үгүйсгэх боломжгүй гэдгийг бид туршлагаараа мэднэ гэж Дээрхийн Гэгээнтэн онцоллоо. Тэгвэл юмс үзэгдэл хэрхэн оршдог вэ? – Ахиад хэлэхэд зөвхөн нэрийтгэлийн төдийд л юм. Бид тэдний бодит оршихуйг батлах шаардлагагүй боловч Төв үзлийн өөрийн үндэст үзэлд учир шалтгаанаас гадуур өөрийн мөн чанарт бодит оршихуй бий гэж үздэгээс гадна сэтгэл төдийтөн ч гадаад оршихуйг үгүйсгэхдээ сэтгэлд тодорхой бодит оршихуй бий гэж үздэг. Юмс ямар нэг бодит оршихуйтай байна гэдгийг бүрэн үгүйсгэснээр л нэрийтгэлийн төдий оршдог гэсэн хэтрүүлэгч төв үзэлтний санааг илүү гүнзгий ойлгох боломжтой болно.
Юмсын бүхэл ба жижиг хэсгүүдийн тухай асуултанд гадаад юмс үзэгдэл бүгд жижиг хэсгүүдээс тогтох бөгөөд сэтгэл ухамсар ч жижиг эгшин хэсгүүдээс бүрдэнэ гэж Дээрхийн Гэгээнтэн хариулав. Тэрээр гол сэтгэл ба түүний 51 шинж чанарын талаар дурьдсан юм.
“Юу ч оршсон өөрийн хэсгүүдээс тогтоно. Тэдгээр нь хоорондоо шүтэн барилдсан бөгөөд учир шалтгаан ба үр дагавар шүтэн барилддагтай адил юм. Учир шалтгаан үгүй бол үр дагавар ч үгүй” гэж Дээрхийн Гэгээнтэн нэмж тодруулав.
Огторгуй-мэт, зэрэглээ-мэт бясалгалын тухай асуухад Дээрхийн Гэгээнтэн ийм бясалгалын үед аливаа нэгэн үзэгдэл ургахгүй бөгөөд зөвхөн хоосонд оршдог гэдгийг тэмдэглэж хэлэв. Ийм бясалгалаас босоход та юмс үзэгдлийг яг л зэрэглээ мэт гэдгийг олж харж магадгүй юм.
Тэрээр хоосон чанарыг шинжилж буй хүнээр жишээ татлаа: “Миний сэтгэлд одоо тусаж байгаа шигээ би оршдоггүй, гэхдээ би бүр байхгүй биш. Энэ миний бие махбодь, гэхдээ энэ бол би биш. Төрж буй бодлууд маань миний сэтгэлийн нэг хэсэг, гэхдээ эдгээр нь ч би биш.”
“Энэ нарийн төвөгтэй бие-сэтгэлийн нэгдэл дунд би өөрөө байхгүй гэдгээ мэдрэх үед заримдаа гараа барьж үзмээр санагддаг шүү.” гэж Дээрхийн Гэгээнтэн онцлов. Ийм задлан шинжлэл хийх үед өөрийгөө олохгүй боловч “би оршиж байна, би хөдөлж байна, би юм хийж байна” гэж та өөрийгөө хэлж болох юм. Тиймээс харьцангуй үнэний түвшинд таны оршиж буйг үгүйсгэх аргагүй ч өөрийн биеийн шинж төлөвүүд болон бусад нөхцөлүүдээс шалтгаалан та өөрийгөө бодитой оршиж байна гэж батлах боломжгүй. Та өөрийн мөн чанарыг хайх үед олдох зүйл үгүй. Юмс хэрхэн оршдог талаар шинжлэл хийхгүй бол “би оршдог” гэсэн өнгөц үнэнийг зүгээр л хүлээн зөвшөөрч болно.
Сүүлчийн асуултыг тавьсан Ладакын оюутан хилийн зөрчил маргаан болон ковид цар тахлын асуудлыг энэрэл нигүүлсэл ба хайр дээр суурилан хэрхэн энх тайвнаар шийдэх боломжтойг сонирхов. Дээрхийн Гэгээнтэн инээд алдаад энэрэл нигүүлсэл ба хайр цар тахлын аюулыг зайлуулж чадахгүй гэдгийг онцоллоо. Гэхдээ энэ нь бид итгэлээ алдаж урам зориг мохох ёстой гэсэн үг биш бөгөөд хэрэв ингэж сэтгэл санаагаар унах юм бол ядаж дархлааны системээ ч сулруулах болно. Бурхан Багш ч шаардлагатай үед нь эм ууж байсныг Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэв.
“Тайван амгалан байх тусам таны сэтгэлийн зовнил, түгшүүр багасна” гэж Дээрхийн Гэгээнтэн зөвлөв. “Энэрэн нигүүлсэхүйн сэтгэл таньд бусдын төлөө ажиллах урам зориг, шийдэл эрмэлзлийг өгөх юм шүү.”