Энэтхэг, ХП, Дарамсала - Өнөө өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам зочдын өрөөндөө залран орж ирээд инээмсэглэн мэндчилээд суудалдаа суув. Тэрээр видео холбоогоор холбогдож, сонсож байгаа Наланда Шикша төвийн гишүүдэд халуун мэндчилгээ дэвшүүллээ.
“Өглөөний мэнд. Би өмнө нь дурдаж байсанчлан дээдийн номын туйлын зорилго нь шашны бүхий л уламжлалуудын адилаар зовлонг багасгаж, аз жаргалд хүргэх явдал билээ. Хүн төрөлхтөн бид бүгдээрээ төрсөн цагаасаа л эхлэн энэрэл хайраас хамааралтай байж ирсэн юм. Шашны уламжлалууд хүн төрөлхтөнтэй холбоотой учраас бүгд өгөөмөр сэтгэл, хувийн сахилга бат, тэсвэр тэвчээр гэх мэт зүйлийг сургадаг.”
“Энэтхэгийн уламжлалын онцлог нь оюун ухаан ба сэтгэл хөдлөлтэйгээ ажиллах тухай нарийн тайлбар агуулсанд оршино. Бурхан Багш Энэтхэг хүн байсан бөгөөд тэрээр тухайн үеийн уламжлалуудад суралцсаны дараа зургаан жил хатуу чанга бясалгал хийжээ. Эцэст нь тэрээр жинхэнэ үнэний тухай гүн ойлголтыг ухаарсан байна. Тэрээр гэгээрсэний дараахан энэхүү үзэл бодлоо илэрхийлсэн байдаг.”
"Гүн бөгөөд амгалан, цацралаас хагацсан, гэгээн гэрэл, хуран эс үйлдсэн - рашаан мэт Дээдийн номыг би бээр олов. Номловоос хэн ч үл ойлгох тул аглагт чимээгүй оршюу.”
"Тэрээр сургаалаа Хутагтын дөрвөн үнэний сургаалыг тайлбарлан айлдснаар эхэлжээ. Хожим хоёрдугаар номын хүрдийг эргүүлэхдээ Ражгир ууланд гол сургаал болох билиг барамидын сургаалаа айлдсан юм. Билиг барамидын сургаалыг бүх нийтэд нээлттэй айлдаагүй бөгөөд онцгой шавь нартаа айлдсан байна. Тиймээс энэ тухай нийтийн эх сурвалжуудад байдаггүй. Энэ нь хурц ухаантай хүмүүст айлдахад тохиромжтой сургаал байв.”
"Бурхан Багшийн анхдугаар номын хүрдийн үед айлдсан сургаал нь зарим талаараа бусад шашны сургаалтай ижил төстэй байсан юм. Харин билиг барамидын сургаал нь гүн гүнзгий байлаа. Ингээд зарим шавь нарыг үгүйсгэх үзэлд автахаас сэрэмжилж гуравдугаар номын хүрдийн сургаалаа айлджээ.”
"Бидний ярилцаж буй “Төвд орохуй” ном нь Хутагт Нагаржунайн “Билгүүний үндэс” номын тайлбар мөн. Энэ нь Бурхан Багшийн хоёрдугаар номын хүрдний гол сэдэв хоосон чанартай холбоотой. Буддын шашинтнууд бүгдээрээ хоосон чанарын тухай сонсож байсан боловч Хутагт Нагаржунайгаас хойш энэ тухай машид нарийн ойлголттой болсон байна. Тэрээр хоосон чанарыг судалж, бүрэн гүйцэд ухаарсны үндсэн дээр ‘Билгүүний үндэс’ хэмээх гайхамшигт номоо бичжээ.”
“Билгүүний үндэс” номын жинхэнэ санскрит хувь одоо ч хадгалагдаж байгаа бөгөөд Хүннү лама ринбочэ багшаас адил бус, хэд хэдэн хувилбарыг хөтлүүлэн сонссон билээ. “Билгүүний үндэс” номын нэгэн шүлэгт хоосон чанарыг ойлгох замаар үйл хийгээд нисваанисыг дарах арга замыг зааж өгдөг, энэ замаар жинхэнэ гэгээрэлд хүрэх болно.”
“Үйл хийгээд нисваанисыг арилгаснаар гэгээрнэ
Үйл хийгээд нисваанис атгагаас үүдэлтэй
Тэдгээрийн цацралаас цацарсныг
Хоосон чанараар няцаамуй”
Дээрхийн Гэгээнтэн ‘Төвд орохуй’ номын эх хувь санскрит хэлээр байгаа эсэхийг сонирхон асуув. Үүнийг шалгаж үзэх нь зүйтэй гэж зөвлөлөө. Тэрбээр санскрит хэлийг онцгой хэл гэж үздэг учраас Хутагт Нагаржуна, Ловон Чандракирти нарын сургаалыг эх хэлээр нь уншвал илүү үр дүнтэй байх болно гэлээ. Гэвч тэрээр инээгээд, түүний хувьд санскрит хэлийг сурч эхлэхэд одоо хэтэрхий өндөр настай болсон гэв. Мөн хинди хэлийг сайн сураагүйдээ, одоо сурахад хэтэрхий оройтсон байгаадаа харамсаж байна гэлээ.
“Төвд орохуй” ном нь Чандракирти гэгээний Хутагт Нагаржунайн "Билгүүний үндэс" номонд хийсэн тайлбаруудын нэг мөн. Үүнд сэтгэл төдийтний үзэл баримтлалын талаарх шүүмжлэл багтсан, харин Хутагт Нагаржуна энэ талаар ямар нэгэн зүйл бичээгүй байна. Учир нь сэтгэл төдийтний үзэл онолыг дэлгэрүүлсэн гол төлөөлөгч Хутагт Асанга түүнээс хойно мэндэлсэн юм.”
Дээрхийн Гэгээнтэн Ловон Чандракиртигийн өөр нэгэн бүтээл болох "Үгийг тодруулагч" номыг санскрит хэл дээр олдох боложтой эсэхийг лавлаад боломжтой байгаад баяртай байлаа. "Үгийг тодруулагч" ном нь "Билгүүний үндэс" номыг үг үгээр нь тайлбарласан байдаг бол " Төвд орохуй " нь түүний утгыг тайлбарласан байна.
Дээрхийн Гэгээнтэн "Төвд орохуй”-д Чандракирти гэгээн өөрөө тайлбар хийсэн “Өөрийн тайлбар” номыг сайн судласан ба эдүгээ Гандан Ширээт асан Ризон ринбочэгээс хүртсэн "Үгийг тодруулагч" номыг илүү сайн судлахыг хүсч байна гэлээ. Тиймээс өчигдрөөс эхлэн энэ номыг судалж эхэлсэн гэв. Тэрбээр Төвөдийн нэгэн эрдэмтэн “Маргааш насан эцэслэх байсан ч өнөөдөр амжиж ном үзэх хэрэгтэй” гэж зөвлөснийг эш татсан юм.
“Бид эдгээр гүн гүнзгий номыг уншиж судлахын гол шалтгаан нь зовлонгоос ангижрахын тулд юм. Зовлонгийн уг үндэс нь мунхаг бөгөөд билиг оюуныг хөгжүүлэх замаар мунхагийг арилгах боломжтой. Оюуны хир буртаг нь олдмол бөгөөд үүнийг арилгах боломжтой гэж “Жүд Лама” номонд айлдсан байна.”
“Бүх буруу үзэл бодол, сөрөг сэтгэл хөдлөл нь мунхаг дээр суурилдаг бөгөөд энэ нь жинхэнэ бодит байдлыг мэдээгүйтэй холбоотой. Мунхагийн ерөндөг нь зөв үзэл байдаг. Мунхагт үнэн зөв үндэслэл байхгүй. Билиг оюун, туйлын бодит байдлын талаархи ойлголтыг олж авах нь амаргүй байж болох ч хэрэв бид нухацтай судалбал ойлголт олж авах бүрэн боломжтой юм. Хутагт Нагаржунайн айлдсанаар бидний буруу ойлголт, төсөөлөлөөс үйлийн үр ба сөрөг сэтгэл хөдлөл үүсдэг, түүнийг хоосон чанарыг ойлгох замаар арилгана.”
"Бурханы сургаалыг өөртөө хэрэгжүүлэх гэж хичээсэн миний 60 жилийн туршлагын үр дүнд, энэ зам мөрийг дагаснаар гэгээрэлд хүрэх боломжтой гэж хэлж болохоор байна. Ахиц дэвшил гарна. Судлах хэрэгтэй, сурч мэдсэн зүйлээ дахин эргэцүүлэн бодож, ойлгосноо жинхэнэ туршлага болгохын тулд бясалгаарай.”
Дээрхийн Гэгээнтэн гэгээрлийн зам мөрд гарах ахиц дэвшлийг ‘Билгүүний зүрхэн судар’-ын тарнид тодорхой харуулдаг болохыг дурьдлаа. “Гадэ гадэ – одохтун, одохтун” гэдгийн эхний “гадэ” нь бодьсадвын анхдугаар мөрийн эрдэм буюу чуулганы мөр, хоёр дахь нь хоосон чанарыг илтэд онох үзэхүйн мөртэй барилдуулах барилдлагын мөрийг хэлнэ. “Бара гадэ – үнэнхүү одохтун” гэдэг нь хоосон чанарыг илтэд ойлгон ухаарсан үзэхүйн мөрийг хэлнэ. “Бара сам гадэ - үнэнхүү сайтар одохтун” гэдэг нь бясалгалын мөрийг хэлнэ. “Боди суха” гэдгээр гэгээрлийг олох буюу гэгээрлийн бүрэн суурийг тавьж байгааг илтгэнэ.
"Бид энэ амьдралдаа Бурхан Багшийн сургаалыг судлах боломжтой газар хүн болж төрсөн билээ. Үүнийг дагаж мөрдөхөд шаардлагатай боломжууд бидэнд бий. Жишээлбэл Ганжуур, Данжуурын 300 гаруй боть эх сурвалж сургаалууд байна. Тиймээс бид гэгээрэлд хүргэх зам мөрийг судалж, эргэцүүлж, бясалгаж эхлэх хэрэгтэй."
Дээрхийн Гэгээнтэн “Төвд орохуй” номын 6-р бүлгийн төгсгөлийн шүлгийг эш татан өгүүлээд айлдвараа дуусгав.
"Янагуух ба үнэмлэхүйн уужим цагаан жигүүрээ дэлгэж
Хунгийн хаан бээр бусад шувуудыг тэргүүнд
Дүүлэн нисч, хүчит буяны салхийг хөлөглөн
Бурханы эрдмийн далайн дээд чинадад одмуй"
Дээрхийн Гэгээнтэн асуулт хариулт эхлүүлэхэд Энэтхэгийн Бомбей хотын иргэн, Сэра хийдэд сурдаг лам аяганд буй шингэн зүйл хэрхэн хүмүүст ус, тэнгэрүүдэд рашаан, өлсгөлөн бирдүүдэд цус, идээ бээр болж харагддаг вэ гэж асуув. Тэрбээр аяганд буй бодис нь өөрийн хүчин чадалтай байж болох бөгөөд янз бүрийн төрлийн амьтанд өөр өөрөөр харагдаж болно гэж хариуллаа.
Хүчтэй өвдөлтийг мэдэрч буй хүн түүнийг хоосон чанартай хэрхэн холбох вэ гэсэн асуултын хариуд Дээрхийн Гэгээнтэн бие махбодийн түвшинд өвдөлт байдаг гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэв. "Өвдөлтийн мөн чанар нь хоосон болохыг та ойлгосон ч энэ нь өвчин намдалтыг авчрахгүй. Хүмүүс зовж шаналах үедээ хэтрүүлэн үзэх хандлагатай байдаг. Өвдөлтөнд ямар ч объектив оршихуй байхгүй гэж бодвол энэ нь таны оюун санаанд нөлөөлөх болно. Юмс хэрхэн харагдаж байгаатай адил биш гэж бодох аваас өвдөлтөнд өгөх хандлага өөрчлөгдөнө.”
Ладакын нэгэн залуу эмэгтэй бодь сэтгэлийг хөгжүүлэхийг хичээх үед түүний хийж буй үйлдэл нь өнгөц төдий мэт санагдах үед хэрхэх тухай асуув.
"Энэ нь бодь сэтгэлийг хүчин чармайлт гаргахгүйгээр төрөх хүртэл мэдрэгдэх зүйл юм. Зарим хүмүүс бурханы номыг удаан хугацаагаар судалдаг ч түүнийг өөрийн болгож чадахгүй байна."
Тэрбээр сэдвээсээ бага зэрэг хазайн Бурхан Багш эм ууж байсан, Хутагт Нагаржуна анагаах ухааны талаар ном бичсэн бөгөөд энэ бүгд буддын их таван ухааны нэг болохыг дурдав. Мөн урлахуйн ухаан гэх мэт бусад ухааны салбаруудыг дурдлаа.
Тэрээр дараа нь бүх сөрөг сэтгэл хөдлөл нь аливаа юмс өөрийн мөн чанараар бодитой оршино гэсэн буруу ойлголтоос үүдэлтэй гэдгийг санууллаа. Оюун ухааны шинж чанар нь цэвэр тунгалаг бөгөөд ухамсартай байдаг тул сэтгэлийн тэрхүү хир толбыг арилгах боломжтой.
Дээрхийн Гэгээнтэн дараагийн асуултанд хариулахдаа бодь сэтгэлийг хөгжүүлэх гол арга зам бол өөрийн оронд бусыг тавих арга гэлээ. Энэ нь өөрийгөө хайрладаг шигээ бусдыг хайрлах хэрэгтэй гэсэн үг юм. Ингэхдээ өөрийгөө бүрэн үгүйсгэх гэсэн үг биш болохыг онцлов.
Зарим хүмүүс "Би бусдыг гэгээрэлд хүргээд дараа нь өөрөө гэгээрэлд хүрнэ" гэж хэлдэг ч энэ нь тийм ч үр дүнтэй байдаггүй. Тэрээр бодьсадва нарын гурван хандлагыг дурдсан юм. Урд нь гарч удирддаг хаан мэт, бусадтай хамт явдаг завьчин мэт, сүргийн араас явдаг хоньчин мэт. Дээрхийн Гэгээнтний ажигласнаар бусдын төлөө зорих нь эр зориг шаарддаг гэв.
Нэгэн судлаач эрдэмтэн гэгээрэл нь түр зуурын, эсвэл байнгын, болзолтой, болзолгүй байдаг эсэхийг асуув. Дээрхийн Гэгээнтэн хариулахдаа гэгээрлийн мөн чанар нь оюун санааны хоосон чанар мөн гэлээ. Аливаа зүйлсийг бодит чанартай гэж харах нь гажуудсан үзэл. Аливаа юмс бүхэн бусад хүчин зүйлээс хамааралтай байдлаар оршин тогтнодог. Хутагт Нагаржунайн айлдсанаар шүтэн барилдсан (бусдаас хамааралтай) бүхэн өөрийн мөн чанараар бүтээгүй, хоосон чанартай ажээ.
Хоосон чанар ба шүтэн барилдлагын харилцан хамаарлын талаар тайлбар өгөхийг хүсэхэд Дээрхийн Гэгээнтэн аливаа зүйлийг харахад түүний дотор ямар нэгэн мөн чанар байгаа мэт харагддаг боловч энэ нь тийм бус, юмс зөвхөн нэр томъёололын төдийд л оршдог. Үүнээс өөр ямар ч мөн чанар байдаггүй. Хоосон чанар гэдэг нь аливаа зүйлс бие даан орших боломжгүй гэсэн үг юм. Богд Зонхов хоосон чанар ба шүтэн барилдлагын хоорондын хамаарлыг дараах байдлаар тодорхойлсон байна.
“Хуурмаггүй шүтэн барилдлагат үзэгдэл хийгээд
Хоосныг хүлээн зөвшөөрөх хагацсан ойлгоц хоёр
Хэдий чинээ тусдаа үзэгдэх төдийг хүртэл
Эдүгээ Чадагчийн тааллыг мэдэхгүй
Сая л нэг сөөлжих (зөрчилдөх) үгүйгээр нэгэн зэрэг
Шүтэн барилдлага хуурмаг үгүйг үзэх төдийгөөр
Магад мэдэл орны баригдах байдал бүхнийг эвдвээс
Магадтай тэр цагт үзлийн ажиглал гүйцэх болно.”
Энгийн хүн лам хуврагуудтай адил аргаар хэрхэн суралцаж болох талаар асуусан асуултанд Дээрхийн Гэгээнтэн зөвлөгөө өглөө. Бодь сэтгэлийг хөгжүүлэх шаардлагатай тул Шантидева гэгээний "Бодьсадын явдалд орохуй" номыг унших хэрэгтэй гэлээ. Тэрбээр цааш нь Хутагт Нагаржунайн "Билгүүний үндэс", мөн Чандиракирти гэгээний "Төвд орохуй", "Үгийг тодруулахуй" номуудыг санал болгов. Эдгээр Энэтхэг номнуудаас гадна Богд Зонховын таван бүтээлийг дурдлаа. 1.Их бодь мөрийн зэргийн үлэмж үзэхүй, 2.Бага бодь мөрийн зэргийн үлэмж үзэхүй, 3.Төв үзлийн таалалыг машид тодруулагч, 4.Их тайлбар ухааны далай, 5.Сайтар номлолын шим. Хэрэв та эдгээрийг нэг удаа уншвал нэг ойлголттой болно, та арав дахин унших аваас арван ойлголттой болно, мөн эдгээр номыг уншиж судалбал төв үзэлд итгэх итгэлийг ч олно гэлээ.
Хүнд хэцүү үед бэрхшээлийг хэрхэн даван туулах талаар зөвлөгөө өгөхийг хүсэхэд Дээрхийн Гэгээнтэн сэтгэлээр унахгүй байх хэрэгтэйг онцолсон юм. Тэрээр бурханы сургаалыг одоо биш гэхэд ахин ийм боломж олдох эсэхийг бодож, сайтар суралцах хэрэгтэй. Хамгийн чухал зүйл бол сурч мэдсэн зүйлээ өөртөө хэрэгжүүлэх явдал юм. Хэрэв ингэж чадвал сэтгэлээр унахгүй байж чадна гэлээ.
Буддын гүн ухааны адил бус философийн үзэл санааг хэрхэн ойлгох талаар асуусанд Гүнчэн Жамьян Шадба гэгээний "Тогтсон таалал" хэмээх англи хэл дээр хэвлэгдсэн номыг унших хэрэгтэй гэв.
Төгсгөлд нь Доктор Анита Дудхан энэ удаагийн цахим номын айлдвар айлдсан Дээрхийн Гэгээнтэнд Наланда Шикша төвийн нэрийн өмнөөс талархал илэрхийллээ. Тэрээр мөн 2012 оноос хойш Энэтхэг, Дарамсала, Бомбей, Санкиса, Бодьгаяа зэрэг олон газарт тэдэнд зориулан сургаалаа айлдсан түүний энэрэнгүй сайхан сэтгэлд талархал илэрхийлэв.
Дээрхийн Гэгээнтэн хариуд нь “Цар тахлын улмаас бид ийм маягаар уулзаж байна. Гэвч, энэ оны сүүлээр, эсвэл дараа жил бүх зүйл сайхан болно гэж найдаж байна. Би Дарамсала дахь Зүглаг Хан дугандаа ном номлохыг хүсч байна. Мөн энэ жилийн сүүлээр Бодьгаяад номын айлдвар явуулж магадгүй.” гэлээ.
“Цаашид би 15-20 жил амьд сэрүүн байх болно гэж найдаж байгаа бөгөөд энэ хугацаанд би ном номлосоор байх болно. Миний зорилго бол сурсан мэдсэн зүйлээ бусад хүмүүстэй хуваалцах явдал юм.”
“Баярлалаа.”