Энэтхэг, ХП, Дарамсала - Дээрхийн Гэгээнтэн Далай Лам уулзалтын өрөөнд морилсоны дараа дэлгэцийг анхааралтай ширтэж зарим танил хүмүүсээ олж хараад гараа даллан мэндчилж инээд алдаад суудалдаа залрав.
Энэ өдрийн хөтөч Суреш Жиндал Энэтхэгийн хуврагууд ба сүсэгтэн олны өмнөөс Дээрхийн Гэгээнтэнд өглөөний мэндийг дэвшүүлээд ном айлдах тэдний хүсэлтийг хүлээн авсанд талархал илэрхийлэв.
“Нас өндөр болж 85 хүрсэн ч миний биеийн байдал сайн байна” гэж Дээрхийн Гэгээнтэн яриагаа эхэллээ. “Энэ нь үндсэндээ миний сэтгэл санаа амгалан байдагтай холбоотой. Надад сэтгэлийн шаналал байхгүй бөгөөд бас Шантидэва гэгээний нэгэнтээ айлдсан:
Огторгуй хэзээд орших сацуу
Орчлонд амьтад эргэн төрсөөр л.
Төдий хугацаанд би ч оршоод
Төөрөлдсөн тэдний замч нь болог
Орон ертөнцийн орших тулгуур
Шороо тэргүүтэн махбодь болоод,
Огторгуйн уудам болдогийн адил
Олон төрөлхтөний тулгуур, амь амжиргаа нь болсугай, би
гэдэг шүлгээс урам зориг, эрч хүчээ олдог юм.”
“Өөрийгөө бусдын төлөө зориулахын тулд би биеийн хувьд ч сайн байгаад зогсохгүй сэтгэл оюунаа амгалан байлгаж дараагийн арав, хорин жил амьд сэрүүн байхыг хүсч байна.”
“Өнөөдөр та бүгд надаас “Төвд орохуй” номыг тайлбарлахыг хүсчээ. Би энэ номын дамжлагыг өөрийн багш, надад гэлэнгийн сахил хүртээсэн Лин ринбочэгээс хүртсэн юм. Би долоон настай байхаасаа эхлээд энэ ном болон “Илтэд онохуйн чимэг” номыг цээжилж эхэлсэн боловч тухайн үед сонирхолгүй санагддаг байлаа. Харин аажимдаа нас ахихын хэрээр эдгээр болон бусад Наландын мастеруудын зохиол бүтээлүүдийг маш чухал болохыг ухаарсан билээ. Бидэнд зовлон бэрхшээл тулгарахад эдгээр бүтээлүүдээс олж авсан мэдлэг ухаарал туулах зориг, өөртөө итгэх итгэлийг өгч чадна.”
“Энэ ном яагаад чухал болохыг та бүгд сайтар ойлгож авах хэрэгтэй. Төгс гэгээрлийг олсныхоо дараа Шагжамуни Будда буддизмын үзлийн үндэс болсон Хутагтын дөрвөн үнэнийг номлосон билээ. Нэгэнтээ ямар ч амьд амьтан зовлон эдлэхийг хүсдэггүй учраас Тэрээр зовлонгийн тухай эхэлж номлосон бөгөөд дараа нь зовлонгийн уг үндэсийг тайлбарлаж, улмаар гуравдагч үнэн болох зовлон бүгдийн уг үндсийг бүрэн арилгах гэтлэхүйн үнэнг номлосон билээ. Харин сүүлийн дөрөв дэх үнэн нь гэтлэхүйн зам мөртэй холбоотой байсан юм.”
“Юу нь чухал вэ гэвэл гэтлэхүйн үнэн, түүн дотроос зовлон бүгдийн уг шалтгаан болсон хорт хөнөөлт сэтгэлүүдийг шинжлэх нь чухал юм. Эдгээр сэтгэлүүдийг арилгах боломжтой эсэхийг бид өөрсдөөсөө асуух хэрэгтэй. Тэгвэл энэ нь боломжтой гэдгийг Бурхан Багш товч номлосныхоо дараа гэгээрлийн зүгийн 37 эрдмийг номлосон байна. Тэдгээрээс эхний дөрөв нь дурдлыг ойр агуулах дөрвөн суурь бөгөөд эдгээр нь биеийн сэрэмж, мэдрэхүйн сэрэмж, сэтгэлийн сэрэмж ба номын сэрэмж зэрэг юм.”
“Бид дийлэнхдээ өөрсдийн мэдрэхүйд автдаг боловч эдгээр нь бидний сэтгэхүйн ухамсараас хамааралтай байдгийг мэддэггүй. Тиймээс сэтгэлийн сэрэмжээ бид хөгжүүлэх шаардлагатай. Энэ нь таван мэдрэхүй дээр төвлөрөхөө орхиж зөвхөн гол сэтгэл дээр төвлөрнө гэсэн үг. Зөвхөн сэтгэл дээрээ төвлөрөхийн төлөө зоригтойгоор бясалгалд шамдаж чадвал бид үүнийг мэдэрч болно. Эхлээд энэ нь хоосон мэт санагдах боловч аажимдаа тунгалаг тодорхой болж эхэлдэг учиртай. Анхандаа бид цөөн хэдэн секунд л төвлөрч чадах боловч цаашдаа хугацаа ахисаар удаан төвлөрч сурах тусмаа гүн гүнзгий туршлага мэдрэмжийг олж авч чадна.”
“Сэтгэл ухамсарын нэг төлөв шинж нь тунгалаг тодорхой байдал юм. Энэ шинж чанар нь биднийг тэгш амгаланд өөрсдийгөө агуулан төвлөрөх боломжийг олгодог бөгөөд ийм амирлан оршсон сэтгэлээ шинжлэн дүгнэж, танин мэдэхэд ашиглах боломжтой болно. Шинжлэх ухааны эрдэмтэд материйг судалдагийн адилаар бид ч сэтгэлийг бүрэн гүйцэд шинжлэх боломжтой. Энэ арга зам нь л сэтгэлийг өөрчлөх бодит арга билээ. Бидэнд нэгэн үзүүрт төвлөрөл ба шинжлэл хэрэгтэй.”
Дээрхийн Гэгээнтэн Пали уламжлалыг дагагчид нь шинжлэл болон гүн ухаан судлалыг бараг дадуулдаггүй бөгөөд тэд Бурхан Багшийн үгийг шууд хүлээн авдаг гэдгийг онцлов. Харин Наландын уламжлалыг дагагчид логик дээр суурилсан хандлагыг баримталдаг юм. Бурхан Багш өөрөө шавь нартаа зөвлөсөн “мэргэн нэгэн алтыг түлж, зүсэж бас үрж шалгадгийн адилаар хувраг та бүгд миний сургаалыг зөвхөн намайг хүндэлсэн сэтгэлээр хүлээн авах бус олон талаас нь судалж шинжилж үзсэнийхээ дараа хүлээж аваарай” гэсэн үгийг тэд даган мөрдөж хэрэгжүүлдэг.
Нагаржуна зэрэг Наландын эрдэмтэд зөвхөн сайн хуврагууд байгаад зогсоогүй агуу их судлаач шинжээч эрдэмтэд байсныг Дээрхийн Гэгээнтэн тодотголоо. Тэд логикийг өргөнөөр ашиглахдаа Бурхан багшийн сургааль номлолуудад зөрчилтэй зүйлс олдвол тэдгээр номлолыг шууд үгчилэн хүлээж авахгүй байх шийдэл зоригтой байсан юм. Улмаар тэд Бурхан Багшийн номлол сургаалуудыг шууд хүлээн авах, тайлбартайгаар хүлээн авах гэсэн хоёр хэсэгт хуваасан байдаг.
“Нагаржуна хутагт Бурхан Багш адил байсан тул Хоёрдугаар Бурхан гэж алдаршсан юм. Түүний гол зохиол нь “Билгүүний үндэс” бөгөөд энэ номыг би байнга уншдаг. Түүний ойрын шавь Арьяндэв хутагт тайлбар бичиж “400 бадагт”-ийг зохиосон юм. “Билгүүний үндэст” хутагт Нагаржуна:
Үйл хийгээд нисванисыг арилгахуй цагт амгалантай.
Үйл хийгээд нисванис нь атгагаас үүднэ,
Тэдгээрээс цацарсныг хоосноор арилгана гэжээ.”
“Бид сансрын хүрдэнд үйлийн үр, буруу үйлдлийн эрхээр оршиж байгаа бөгөөд зөвхөн эдгээр үйлийн үр ба хор хөнөөлт буюу нисванист сэтгэлүүдийг арилгасны үр дүнд л гэгээрэлд хүрэх юм. Нисванист сэтгэлүүд нь юмс үзэгдэл үзэгдэж байгаа шигээ оршдог гэж итгэсэн мунхаг оюунаас үүдэлтэй. Нисванист сэтгэлүүд нь хэтрүүлэгт төсөөлөлөөс ургадаг гэдгийг хутагт Нагаржуна айлдсан байна. Ийм буруу үзлийг сүсэг залбирлаар бус зөвхөн бодит нөхцөл байдлыг ухаарснаар л арилгах боломжтой юм. Юмс бодитой оршиход ажиглагч чухал үүрэг гүйцэтгэдэг гэж квант физикт баталсан нь Нагаржунайн үзэлтэй адил байгаа юм.”
“Хутагт Арьяндэвийн зохиолд мөн адил айлдсан байдаг:
Мэдрэхүйн мэдрэмжүүд биеэр тархах мэт
Мунхаг бээр сэтгэл бүгдэд түгмүй.
Энэхүү мунхагийг давсанаар та
Нисванис бүгдийг дармуй.”
“Мунхаг ба төөрөгдлийг арилгаснаар нисванист сэтгэл бүгдийг бүрэн хорьж арилгаж чадна. Асуудлын уг шалтгаан нь юмс үзэгдэл ба “би”-ийн бодит мөн чанарыг эндүүрэлтэйгээр танин барьсанд оршиж байгаа билээ. Хутагт Арьяндэва цааш тодруулан:
Шүтэн барилдлагыг онож чадвал
Төөрөгдөл үл төрмүй.
Тухайлан үүнийг тайлбарлахын тулд
Энд л хичээл бүгдээ зориулав.”
“Зовлон мунхагаас үүдэлтэй учир “би үгүй”-н ойлголт нь зөвхөн ямар нэг гүн ухааны үзэл санаа бус, бодит практик арга шийдэл гэдгийг танин мэдэх билгүүнийг бид хөгжүүлэх шаардлагатай. Юмс үзэгдэл харагдаж үзэгдэж байгаа шигээ оршдоггүй болохыг та ойлгосон нөхцөлд нисванист сэтгэлүүд ч сууриараа арилах болно. Тиймээс ч хутагти Арьяндэва шүтэн барилдлагыг хамгийн түрүүнд таниулан ойлгуулах хэрэгтэйг өгүүлсэн байна.”
“Төвд орохуй” ба түүний тайлбар нь маш чухал бөгөөд учир нь үүнд “Билгүүний үндэс”, “400 бадагт”, мөн Буддапалита болон бусад олон их эрдэмтдийн үзэл санааг нэгтгэсэн байдаг. Нагаржуна олон шавь нартай байсан ч түүний үзэл санааг хамгийн тодорхой зөв тайлбарласан нь Чандракирти юм.”
Өөрийн үндэст Төв үзлийг (Сватантрика Мадхьямака) дагагчид тодорхой түвшний бодит оршихуйг хүлээн зөвшөөрсөн байдгийг Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэлэв. Үнэмлэхүй чанарын хувьд юмс үзэгдлүүд нь учир шалтгаанаас гадуур өөрийн өвөрмөц оршихуйн төлөвтэй байдаг гэж тэд үздэг байна. Үүнийг үгүйсгэн Чандракирти бичсэн нь:
Хэрэв юмс үзэгдэл өөрийн мөн чанарыг шүтэх аваас
Түүнийг үгүйсгэснээр юмс үзэгдлийг эвдэхтэй адил,
Хэрэв тийм бол хоосон чанар үзэгдлийг эвдэх шалтгаан болно.
Энэ нь зохисгүй учир аливаа бодит оршихуй гэж үгүй.
“Чандракирти цааш үргэлжлүүлэн (6.34-6.38) юмс үзэгдэл өөрийн мөн чанараар орших нь гурван логикийн алдаанд хүргэнэ гэдгийг тайлбарласан байна. Хутагтуудын хоосон чанарын тэгш агуулах билгүүн нь үзэгдлийг эвдэгч болно, томьёололын үнэн нь ухааны ажиглалд үлдэх буюу юмс үзэгдлийн харьцангуй чанар нь юмс үзэгдлийн үнэмлэхүй мөн чанарын шинжлэлээр батлагдах болно, үнэмлэхүй үнэний түвшинд юмс үзэгдэл төрөх боломжгүй гэдгийг нотлох боломжгүй болно.”
“Бид юмс үзэгдлийг шинжлэн жижиг хэсгүүдэд хуваах үед эцэстээ тухайн зүйл олдохгүй болдог. Тиймээс бид зөвхөн өөрсдийн бодлоор юмсыг үргэлжилсэн шинж чанартай гэж бодож хардаг. Өнгөрсөн үе одсон, ирээдүй тохиогоогүй байна, харин одоо цагийг яг заах боломжгүй. Сүйх тэргийг шинжилсэн долоон үет шинжилгээгээр юмс үзэгдэл бодитоор оршдоггүй болохыг Чандракирти харуулсан байдаг:
Сүйх тэргийг өөрийн жижиг хэсгүүдээс тусдаа гэж хэлэх боломжгүй,
Энэ нь өөрийн жижиг хэсгүүдтэй ижил бус,
Бас өөрийн жижиг хэсгүүдийг “эзэмшдэггүй”.
Хэрэв ердийн жижиг хэсгүүдийн цуглуулгыг сүйх тэрэг гэдэг бол
Угсраагүй байхад ч сүйх тэрэг оршсоор байна.
Тиймээс жижиг хэсгүүдийг нэгтгэгч үгүйгээр жижиг хэсгүүд гэж үгүй,
Бас зөвхөн хэлбэр дүрс нь сүйх тэрэг гэж мэтгэх нь ч учир утгагүй болой.”
“Долоон үет шинжлэлээр юмс олдохгүй, гэхдээ харьцангуй утгаараа орших болно. Хэтрүүлэгч төв үзэлтнүүд (Прасангика) юмс үзэгдэлд үнэмлэхүй оршихуй гэж үгүй боловч нэрийдэл, томъёололын төдийд оршдог гэж үздэг.”
“Юмс үзэгдэж байгаа шигээ оршдоггүй гэж бид хэлэхдээ юмс бусад хүчин зүйлсүүдээс хамаарч оршдог гэдгийг хэлж байна. Ийм оршихуйн үр дүнд нь үр дагавар ба нөлөө гарна. Жонэ Лама Ринбочэ нэгэнтээ “Шүтэлцэл нь юмсын янагуух чанарыг үгүйсгэхгүй, барилдлага нь хорвоогийн үйл хэргийг үгүйсгэхгүй” гэж айлдсан билээ. Бурхан Багш шүтэн барилдлага ба хоёр үнэнийг номлосон. Юмс оршиж буй мэт үзэгдэх бөгөөд энэ нь харьцангуй үнэн юм. Харин үнэмлэхүй үнэн нь юмс үзэгдэл хэрхэн оршдог тухайд билээ.”
“Бурхан Багш Хутагтын дөрвөн үнэнийг тайлбарлахдаа эхлээд тэдний мөн чанар, дараа нь тэдний үйлдлийг тайлбарласан юм. Харин тэрээр үнэмлэхүйн түвшинд зовлонг таних хэрэгтэй боловч тэнд таних зүйл юу ч үгүй гэж айлдсан байна. Мөн зовлонгийн шалтгааныг арилгах ёстой боловч угтаа арилгах зүйл байхгүй гэх мэтчилэн тайлбарласан нь хоёр үнэнийг гаргасан явдал юм. Үүнтэй адилаар гэтлэхүйд хүрэх хэрэгтэй боловч гэтлэх зүйл үгүй, бас зам мөрийг баримтлах боловч баримтлах зүйл үгүй юм.”
“Бодит гэтлэхүйг билиг билгүүний номлолын үед илүү дэлгэр тайлбарлажээ. “Билгүүний зүрхэн” сударт хоосон чанарыг дөрвөн ухаанаар илэрхийлсэн байдаг:
Дүрс хоосон, хоосон нь дүрс.
Хоосон нь дүрсээс тусдаа бус,
Дүрс ч хоосноосоо тусдаа бус.”
“Гурван цагийн бурхад бүгд зөвхөн хоосон чанарыг илтэд оносноор л төгс гэгээрлийн хутгийг олсон билээ.”
Бурхан Багш Хутагтын дөрвөн үнэнийг эхний номын хүрдний үед номлох үедээ бодит гэтлэхүй бий гэж айлдсаныг Дээрхийн Гэгээнтэн онцлов. Хоёрдугаар хүрдний үед юмс үзэгдэл бүрт мөн чанарын оршихуй гэж үгүй гэдгийг зарлигласан бол гуравдугаар хүрдний үед өөрийн шинж чанар бүхий юмс үзэгдэл ба өөрийн шинж чанар үгүй буюу нэрийтгэлийн төдий юмс үзэгдлийн хоорондын ялгааг гаргаж өгчээ.
Үүний дараа Дээрхийн Гэгээнтэн “Төвд орохуй”-гаас үргэлжлүүлэн айлдлаа. Номын бадаг бурханы хутаг олохын үндсэн шалтгаан нь бусдыг өөрөөсөө илүү энэрэн нигүүлсэхүйн сэтгэл мөн гэдгээр эхэлжээ. Бодийн сэтгэл нь энэрэн нигүүлсэхүй сэтгэлийн үндэстэй учир энэхүү сэтгэлийг хамгийн эхэнд магтан сайшаасан байна.
Дэлхийн 7 тэрбум хүн бүр хайр энэрлээр тэтгэгдэж байдаг гэдгийг Дээрхийн Гэгээнтэн тодотгов. Хүн бүрт энэрэл нигүүлсэл хэрэгтэй бөгөөд энэ нь аз жаргалын эх үндэс билээ. Дэлхийн энх тайвны тухай их ярьдаг ч энэ нь хувь хүн дотоод амар амгалангаа хөгжүүлэхээс эхлэх ёстой юм. Харин үүний эх үүсвэр нь энэрэл нигүүлсэл мөн.
Нисванист сэтгэлүүд нь юмсын бодит мөн чанарыг эндүүрснээс үүддэг. Юмс үзэгдлийн мөн чанарыг танихгүйгээр бодьгалийн “би үгүй”-г бүрэн ойлгох боломжгүй гэдгийг Чандракирти өөрийн тайлбартаа онцолсон байна.
“Төвд орохуй”-д Жэ Зонховын хийсэн тайлбар зохиол болох “Төв үзлийн таалалыг машид тодруулагч” номыг 50 жилийн өмнө уншиж байснаа Дээрхийн Гэгээнтэн дурьдахдаа хүн сэтгэл-биеийн нэгдэлтэй нэг бус, тусдаа ч бус, зөвхөн нэрийтгэлийн төдийд оршдог гэдгийг анх уншаад хүчтэй цочирдсоноо дурслаа. Улмаар аажимдаа тэрээр өөрөө болон бусад хүн ба юмс үзэгдэл зэрэглээ мэт болохыг таньсан боловч сүүлд нь нарийн ойлголт бус, бүдүүн хэлбэрийн “би үгүй”-г оносноо ухаарсан байна. Нагаржуна “Эрдэнийн эрхи”-дээ ийм “би” үгүйг дүрсэлсэн байдаг:
Хүн шороо бус, ус ч бус,
Гал ч бус, хий ч бус, огторгуй ч бус
Ухамсар ч бус, бүгд нийлээд ч бус.
Эдгээр бус бол хүн өөр юу байх вэ?
Үүний дараа Дээрхийн Гэгээнтэн оролцогчдын тавьсан хэд хэдэн асуултанд хариулав. Өөрийгөө энхрийлэх болон бусдыг энхрийлэх хэрэгцээг ялгаж сурахын тулд өөрийн сонссон зүйлээ улам нягталж баттай ойлголт авч өөрийгөө хөгжүүлэхийг Дээрхийн Гэгээнтэн зөвлөлөө. Өөрийн ойлгосон зүйлсээ шинжлэн бодоод гарч буй үр дүнг нь лавшруулан бясалгах хэрэгтэй. Туршлага олж авахад буян ба билиг билгүүн хэрэгтэй бөгөөд үүний дараа өөрчлөлт гарах юм. Хэрэв таньд энэрэн нигүүлсэх сэтгэл байвал та өөртөө ч, бусдад ч тус болох болно. Энэ бол түүний өөрийн олж авсан бодит туршлага гэдгийг Дээрхийн Гэгээнтэн онцлов.
Тэрээр нигүүлсэх сэтгэлтэй бол бусдад туслахад өөрийгөө зориулж чадна гэдгийг Ладакын залуу бүсгүйд тайлбарлалаа. Энэрэн нигүүлсэхүйн сэтгэл нь хамаг амьтдын тусыг бүтээхэд чиглэдэг бол билиг билгүүн нь гэгээрэхэд чиглэдэг учиртай. Бидэнд энэрэл нигүүлсэл ба билиг билгүүн аль аль нь хэрэгтэй юм.
Билиг билгүүн ба энэрэн нигүүлсэхүйн ойлголтуудыг шашнаас ангид байдлаар хоёр үнэний хүрээнд хэрхэн заах тухай асуултыг Шринагараас оролцож буй залуу асуулаа. Бид хоёр үнэний тухай ярих үед бидэнд үзэгдэж байгаа нь харьцангуй үнэн бол түүнээс бодит шинж чанар руу нь илүү дөтлөн харахад үнэмлэхүй үнэн илэрнэ гэж Дээрхийн Гэгээнтэн хариулав.
“Хэрэв бидэнд бусдад туслахыг хүссэн халуун дулаан зүрх сэтгэл байгаа бол бид бас ухаалаг байх ёстой. Бусдыг зовлонгоос нь ангижруулах боломжтой гэдгийг бид мэддэг байх хэрэгтэй.”
“Өнөөдөр цар тахлаас шалтгаалан маш олон хүн зовж шаналж байна. Энэрэн нигүүлсэх сэтгэлээс гадна урьдчилан сэргийлэх арга хэмжээ авснаар цар тахлын аюулыг нийтээрээ даван гарч чадна гэдэг ойлголт бидэнд хэрэгтэй.” гэж Дээрхийн Гэгээнтэн төгсгөлд нь хэллээ.
Хүн буюу бодьгалын үнэмлэхүй мөн чанарыг шинжилж байгаа оюун бодитоор оршигч хүнийг үгүйсгэдэг хэдий ч яг зэрэгцээд хүнийг огт байхгүй гэж үздэггүй онолын талаар Буддизм Судлалын институтын оюутан асуулаа. Дээрхийн Гэгээнтэн номын шүлгээс эш татав:
Жижиг хэсгүүд, чанарууд, хүлээс, тодорхойлогч шинжүүд, түлш г.м,
Бүхэл хэсэг, чанарыг агуулагч, хүлээсийн орон, шинжүүд бүрдсэн, гал г.м,
Эдгээрийн аль нь ч сүйх тэрэгний долоон үет шинжлэлийн үед олдохгүй.
Гэвч тэд өөр хэлбэрээр, хорвоогийн өдөр тутмын үйлдлээр оршин байна.
Нэг талаасаа шинжлэхэд олдох зүйл үгүй ч нөгөө талаасаа хорвоогийн үйл хэргээр дамжин юмс үзэгдэл оршино гэдгийг Дээрхийн Гэгээнтэн тодрууллаа. Тэрээр Бромдон гэгээний шинжлэлийг эш татан гар ба галыг шинжлэн үзэхэд олдох зүйл үгүй боловч гараа галд хийвэл түлэгдэх нь тодорхой гэдгийг онцлов.
Дели хотын профессор бодгалийн “би үгүй”-н үнэмлэхүй мөн чанарыг үнэн зөв гэдгийг та хэрхэн мэдэж байна вэ гэж Дээрхийн Гэгээнтнээс асуув. Дээрхийн Гэгээнтэн өөрийн туршлага дээрээ үндэслэн өөрийн “би” нь бие ба сэтгэлийн нэгдлээсээ тусдаа бус боловч тодорхой бодитой оршсон “би” гэж үгүй байгааг таньж чадсан гэдгээ хэллээ. Нэгдлийн тухай та буруу ойлголттой хэвээр байвал өөрийн “би”-ийн тухай буруу ойлголт үгүй болохгүй гэж Нагаржуна хэлсэн байдаг. “Би” нь бодитой оршдоггүй гэдгийг танихын тулд нэгдэл нь мөн чанартай оршдоггүй гэдгийг ухаарах шаардлагатай. “Би” гэдэг бол нэрийтгэл, томъёолол төдий л юм.
Энэ өдрийн айлдвар дуусахад Суреш Жиндал нийт оролцогчдын өмнөөс Дээрхийн Гэгээнтэнд талархал илэрхийлэв.
“Би эдгээр зүйлсийг удаан хугацаанд бодож бясалгаж байгаа юм шүү” гэж Дээрхийн Гэгээнтэн уулзалтыг төгсгөж хэлэв.
“Хоосон чанарыг сүүлийн 60 жил, бодь сэтгэлийг сүүлийн 50 орчим жил шинжиллээ. Эдгээрийг ойлгоход цаг хугацаа хэрэгтэй, гэсэн ч та бүгд шинжлэлээ зогсоож болохгүй. Нисванист сэтгэлүүдийг багасгах боломжтой. Энэ амаргүй боловч та нар цөхрөлтгүй оролдсоор байвал өөрчлөлт аажмаар бий болж улмаар сэтгэлийн амар амгаланг олох болно. Бид бүгдэд бурханы хутгийг олох үр бий. Бурханы сэтгэлийн хоосон чанар нь зургаан зүйл хамаг амьтдын сэтгэлтэй адил юм шүү. Маргааш хүртэл баяртай.”