Энэтхэг, ХП, Дарамсала – Өнөө өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Жанрайсиг бурханы авшиг хүртээх бэлтгэл зан үйлд нэг цаг орчим хугацааг зарцуулав. Энэ өдрийн номын айлдварыг дэлхийн өнцөг булан бүрээс олон хүн үзэж байлаа. Дээрхийн Гэгээнтэн өөрийн өргөөнөөс айлдвар айлдаж, харин түүний айлдвар болон номын үйл ажиллагааг хэд хэдэн цахим сүлжээгээр шууд дамжуулан хүргэв. Орчуулга төвөд хэлнээс хятад, англи, франц, герман, хинди, итали, япон, солонгос, монгол, португали, орос, испани, вьетнам зэрэг арван гурван хэл дээр нэгэн зэрэг явагдаж байлаа.
“Өчигдөр хэлсэнчлэн Жанрайсиг бурханы Ум мани бад мэ хум тарни нь онцгой адис жинлавтай. Өнөөдрийн авшиг хүртээх үед бодь сэтгэл болон хоосон чанарыг уялдуулан бясалгал хийнэ.”
Номын их харангын дуугаар
Амьтдыг зовлонгоос гэтэлгэж хайрла
Хязгаарлашгүй гольт галваар
Номыг үзүүлэн оршихтун
“Энэхүү авшиг нь нууц тарнийн номлолтой холбоотой. Нууц тарнийн сургаалийг олон нийтэд ил өгдөггүй байсан юм. Бурхан Багш анхдугаар номын хүрд болох Хутагтын дөрвөн үнэний сургааль зэргийг бүх нийтэд айлджээ. Харин хоёрдугаар номын хүрд буюу Билиг барамидын сургаалийг хоосон чанарын үзэл онолыг хүлээн авах чадвартай хэсэг шавь нартаа айлдсан байна. Билиг барамидын сургаалийг бүх нийтэд нээлттэй номлоогүй тул хожим зарим нь Бурхан Багш үнэхээр айлдсан эсэхт эргэлзэж байжээ.”
“Нууц тарнийн номлолыг хурц ухаантай, бэлтгэгдсэн шавь нарт зориулж айлдсан юм. Тарни гэдэг нь “сэтгэлийг аврах” буюу эглийн үзэгдлээс аврах гэсэн утгатай. Тиймээс үүнийг нууцлан анхааран авлага болгодог ёстой билээ.”
“Эгэл жирийн хүний “би” гэдэг ойлголт нь Бурхан Багшийн “би” гэдгээс огт өөр юм. Хоосон чанарыг онож мэдсэн бурхан хийгээд хутагт, бодьсадва нарын хувьд “би” гэдэг нь томьёолол төдий байхад ердийн хүмүүс бат бөх биет хэмээн буруу ойлголттой байдаг. Хэрвээ үнэхээр баттай би гэгч байх аваас мөн чанар нь тодорхой байх ёстой, гэтэл гүн судлахад ямар нэгэн тодорхой зүйл илрэхгүй. “Би” гэдэг нь бидэнд үзэгдэж байгаа шигээ баттай байхгүй.”
Жанжаа Ролбийдорж бээр “Бидэнд үзэгдэж байгаа юмс бүхэн байгаа мэт боловч хуруугаар онож заах зүйл байдаггүй, угтаа бүгд адилхан хоосон чанартай.” гэж айлдсан байна.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам дараа нь бодьсадвын санваар хүртээв. Тэрээр өмнийн огторгуйд Бурхан Багш болон Энэтхэг, Төвөдийн эрдэмтэн багш нар заларсан байна гэж бодохыг хүсэв. Хүннү Лама ринбочэгийн “Өөрийн тусын тулд бодь сэтгэл хэрэгтэй, бусдын тусын тулд бодь сэтгэл хэрэгтэй, хилэнц түйтгэрийг арилгахад бодь сэтгэл хэрэгтэй” гэж айлдсаныг эш татлаа. Мөн тэрээр Богд Зонховын “Шүтэн барилдахуйн магтаал”аас :
Энэхүү багшийг дагаад тойн болсон ба
Бурханы зарлигт суралцсан нь өчүүхэн боловч
Егүзэрийн явдалд хичээсэн гэлэн би
Их Арш түүнд ийнхүү бөхиймүй
эш татан уншлаа.
Дээрхийн Гэгээнтэн өдөр бүр бодьсадвын санваар, тарнийн санваар хүртэхдээ, “Амин хувиа хичээлгүй, хамаг амьтны тусын тулд бодит үйлд хичээн бурханы хутгийг олно” гэж бодож ам тангараг авдаг бөгөөд үүнийг мөрдөж дадуулж чадваас өдрөөс өдөрт, сараас сард сэтгэлд сайн эрдмүүд сууж өөрчлөлт гарна гэв.
Дээрхийн Гэгээнтэн хамаг амьтны тусын төлөө бурханы хутагийг олоё гэж бодох нь харьцангуй бодь сэтгэл болж, хоосон чанарыг бясалгаж байгаа нь үнэмлэхүй бодь сэтгэл болно гэдгийг онцлов.
Тэрээр Шантидева гэгээний “Бодьсадвын явдалд орохуй” н:
Ертөнцөд эдэлж буй зовлон бүхэн амин хувиа хичээснээс үүдэлтэй
Ертөнцөд эдэлж буй жаргал бүхэн бусдын тусыг бодсоноос гарна
Олон зүйлийг ярих хэрэг юун
Гэгээрсэн бурхадууд бусдын тусыг хийсэн
Эгэл нялхасууд амин хувиа хичээсний ялгааг хар
Өөрийн жаргалыг бусдын зовлонгоор сольж чадахгүй бол
Бурханы хутаг олохыг бүү хэл орчлонд ч жаргалыг олж чадахгүй
“Бидний ихэнх нь аливаа үйлийг хийхдээ амин хувиа хичээсэн сэдэлд автаж, үүний улмаас зовж шаналдаг. Тэгвэл бодь сэтгэлийг сэтгэлдээ бодож төрүүлэх төдийд л тайвширч, амар амгалан болдог бөгөөд энэ нь жинхэнэ аз жаргал, баяр баясгалангийн эх үүсвэр юм. Бодьсадва нар бусдын тусыг бүтээхийн тулд өөрөө бурханы хутаг олохыг хүсдэг ба билиг оюунаар гэгээрэлд тэмүүлж, нигүүлсэнгүй сэтгэлээр амьтдад ханддаг.”
“Билиг оюун нь хоёр үнэн буюу харьцангуй ба үнэмлэхүй үнэний утгыг агуулж байдаг. Юмс үзэгдэл нь бидэнд үзэгдэж байгаа шигээ оршдоггүй билээ. Квант физик нь үүнтэй төстэй зүйлийг ажигладаг – “бодит мөн чанар нь үл олдох.” Буддын гүн ухааны сэтгэл төдийтний үзлээр юмс үзэгдэл нэрийдэл төдий оршдог гэж тайлбарладаг. Хутагт Нагаржуна Бурхан Багшийн сургаалийг тайлбарлахдаа юмс үзэгдэл нь бие дааж, өөрийн мөн чанараар оршдоггүй бөгөөд үүнийг учир шалтгааны үүднээс ойлгоход шүтэн барилдлагын ухаан хамгийн эрхэм дээд нь болдог гэж айлдсан юм.”
Хутагт Арьяадэв “Дөрвөн Зуут”-д, “Шүтэн барилдаж гарсан бүхэн өөрийн мөн чанар үгүй, өөрийн мөн чанар үгүй бол “би” гэгч үгүй” хэмээн айлдсан байна.
“Бусдаас хамаарч орших хийгээд үл хамаарч орших нь хоорондоо эрс харшлах болно. Юмс үзэгдэл бусдаас хамааралтайгаар оршдог. Эдгээр нь бодит мэт боловч нарийн дүн шинжилгээ хийхэд өөрийн мөн чанараар бүтээгүй байдаг тул юмс үзэгдэл бүгд томьёололын төдийд оршдог юм. Үнэхээр бүтсэн гэх буруу ойлголтыг үндсээр нь арилгаж чадвал мунхаг хийгээд зовлон бүгдийг арилгах боломжтой. Хутагт Чандракирти: ”Бодьсадва нар билиг оюуны болон энэрэн нигүүлсэхүйн хоёр далавчтай” гэж айлдсан билээ.”
Дээрхийн Гэгээнтэн шүтэн барилдлагын талаар тайлбарлалаа.
Өөрийн мөн чанараар бүтээгүй гэдэг нь огт байхгүй гэсэн үг бус, бусдаас хамааралтай оршино гэдэг нь үнэхээр баттай байна гэсэн үг ч бус юм.
Тэрээр Богд Зонховын “Мөрийн гурван эрхэм”-ээс
Басхүү үзэгдлээр буйн хязгаарыг арилгах,
Байхгүйн хязгаарыг хоосноор арилгах ба хоосон ямагт
Уг хийгээд үр ургах ёсыг мэдвээс
Эцэслэн барих үзлээр үл булаагдах болмуй
Жанрайсиг бурханы авшиг хүртээсний дараа Дээрхийн Гэгээнтэн Симханада (Арслангийн дуут) Жанрайсигийн даган соёрхолыг хүртээв.
Дээрхийн Гэгээнтэн энэхүү хоёр өдөр хураасан буяныг манай гариг дээр амьдардаг хүн төрөлхтөн, хамаг амьтан бүгд амар амгалантай байхын төлөө зориулж ерөөл тавьсан гэлээ.
Бурхан Багшийн сургаал нь ном судар болон бодитоор мөрдлөгө болгон хэрэгжүүлсэн туршлагаас бүрддэг. Бурханы сургаалийг хадгалах цорын ганц арга зам бол мөрдлөгө болгох, үүний тулд сонсох хэрэгтэй, сонссон зүйлээ уншиж судлаад баттай ойлголттой болох хэрэгтэй, үүний дараа дадлага хийж итгэл үнэмшилтэй болно гэж Васубанду айлдсан байна.
“Би удаан хагацааны турш Бурхан Багшийн сургаалийг дадлага болгож, олж авсан эрдэм мэдлэгээсээ та бүгдтэй хуваалцлаа. Үүний адил та бүхэн олж авсан мэдлэгээ гэр бүл, найз нөхөдтэйгээ хуваалцаж, тэднийг үлгэр жишээ болоход нь уриалж урамшуулж байгаарай. Коронавирусын тахлын улмаас бид хамтдаа уулзах боломжгүй ч цахим сүлжээгээр дамжуулан уулзаж номын барилдлага тогтоох боломж байна. Та бүгд амар тайван байж, биеэ сайн бодоорой.”
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам суудлаасаа босож, дэлгэц дээрх хүмүүсийн царайг харж, инээмсэглэн даллаад өрөөнөөс гарлаа.