Энэтхэг, ХП, Дарамсала - Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Дарамсала дахь өргөөнөөсөө Францын “Хайрыг түгээ” хөтөлбөр болон "Эх дэлхийн сайн сайхны төлөө" байгууллагын гишүүдтэй цахим уулзалт хийв. Хатагтай Софиа Стрил-Рэвэр оролцогчдыг төлөөлж хэлсэн үгэндээ тогтвортой ирээдүйг бий болгох гол түлхүүр нь өрсөлдөөнөөс илүү хамтын ажиллагааг эрхэмлэдэг, нийт хүн ардын эрүүл мэнд, сайн сайхан амьдралд хувь нэмэр оруулахыг зорьдог сайн санаа, хүмүүнлэг сэтгэлгээ мөн юм хэмээн тэмдэглээд Дээрхийн Гэгээнтнээс XXI зуунд хүнлэг, энэрэнгүй сэтгэлийн хөгжүүлснээр хэрхэн улс үндэстэн, хүмүүс хоорондын хагарал, зааг арилж, дэлхий нийтэд амар амгалан, шударга ёс, аз жаргал бодитой цогцолж болохыг тайлбарлаж өгөхийг хүслээ.
Энэ асуултын хариуд Дээрхийн Гэгээнтэн “Өдгөө би 86 насанд хүрч байна. Энэ амьдралдаа би асар их цус урсгасан дайн, тэмцлийг харлаа. Ийм хүчирхийллийн үр дүнд зөвхөн зовлон хийгээд үзэн ядалт л нэмэгдэж байна. Тийм учраас би Европын холбоог ихэд талархан үздэг юм. Түүхээс нь харвал, Европын холбооны хэд хэдэн гишүүн орнууд, тухайлбал франц, германчууд хэдэн зууны турш үргэлж хоорондоо дайтаж ирсэн байдаг. Хэдий тийм боловч дэлхийн II дайны дараа хөршийгөө ямагт дайсан гэж үзэх нь утга учиргүй хэрэг болохыг ухаарсан байна. Цус урсгасан дайн тулаан хэчнээн хүний амийг залгисныг, дайн байлдаангүй байснаар өнгөрсөн 70 жилийн хугацаанд хэчнээн олон хүний амь аврагдсан бол гэдгийг бодож үзээрэй.
“Өнөөдөр бид нийт хүн төрөлхтний төлөө санаа тавих цаг болжээ. Зөвхөн өөрийн харьяалагддаг улс үндэстэн, нутаг орны төлөө санаа тавих нь хангалтгүй юм. Дэлхийгээ бүхэлд нь хайрлах хэрэгтэй. Бид дэлхийн эдийн засгийн нэг хэсэг гэдгээ ухаарч, уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлын аюул бидэнд яг ижил заналхийлж буйг ойлгох хэрэгтэй.”
“Уг язгууртаа бол бид хүн гэдгээрээ яг ижил. Бид арьсы өнгө, нүдний хэлбэр, хамрын хэмжээ зэрэг өөр хоорондоо бага зэрэг ялгаатай байж болно л доо. Гэхдээ сэтгэл хөдлөл, ухамсрын талаасаа бид бүгд адилхан билээ.”
“Төвөдөд байхдаа би эх орон нэгт төвөдүүдэд л санаа тавьдаг байжээ. Харин
Энэтхэгт дүрвэж ирснийхээ дараа олон орны хүмүүстэй уулзаж, найзалж нөхөрлөх болсноор хүмүүс бид хоорондоо ямар ч ялгаагүй болохыг ойлгосон юм.”
“Өмнө хэлсэнчлэн бид эх дэлхийгээ бүхлээр нь хайрлах хэрэгтэй. Энэ бол илүү амьдралд ойр, бодит хандлага юм. Хүн төрөлхтний нэгдмэл шинж чанарын талаар бид ямагт санаж явах нь зүй. Бидний шашин шүтлэг, арьс өнгө, үндэстний ялгаа нь хүн гэдэг нийтлэг шинж чанарын дэргэд хоёрдогч түвшний асуудал шүү дээ. Тийм ч учраас би шашин хоорондын эв зохицлыг бэхжүүлэхийн төлөө ихэд хичээж зүтгэдэг.”
"Эрхэм нөхөд минь энэ дэлхийгээ амар амгалан болгохын төлөө, хүн төрөлхтнийг илүү сайхан аз жаргалтай байлгахын төлөө хичээцгээе. За одоо асуулт хариултаа эхэлнэ үү.”
"Эх дэлхийн сайн сайхны төлөө" байгууллагын гишүүн Ян Спэйрс өнөөдрийн уулзалтад оролцож байгаа зочдын дунд зургаан баг байгааг танилцуулав. Багийн гишүүд өөрсдийгөө танилцуулж, багаа төлөөлж нэг нь асуулт асууна гэдгийг мөн тайлбарлав.
Залуу идэвхтнүүдийн багийн гишүүд болох Вивьен Хаар, Рахэн Фатима, Клоуэр Хоган нар өөрсдийгөө танилцуулав. Клоуэр “Дээрхийн Гэгээнтэн, та өөртөө хариуцлага үүрэх шийдвэрийг хэзээ гаргасан бэ? Юуны учир тэр вэ?” гэсэн асуулт тавилаа.
Дээрхийн Гэгээнтэн,
“Би хүүхэд ахуй цагаасаа л буддын сургаалаар хүмүүжиж, хамаг амьтны төлөө гэх сэтгэлийг дадуулж өссөн шашны хүн билээ. Энэтхэгт дүрвэн ирснээсээ хойш олон орны хүмүүстэй уулзах болсноор хүмүүс бид бие махбодь, сэтгэл хөдлөл зэргээрээ адилхан болохыг ойлгосон юм. Үүнийг үл хайхран хүмүүс бид талцан хуваагдаж, эцэстээ зөрчил, тэмцэл, хүчирхийлэл үйлдсээр байна. Урьд цагт хүмүүс явцуу бодолтой байж, зөвхөн өөрийн улс үндэстний төлөө л зүтгэдэг байсан. Одоо харин бид дэлхийгээ бүхэлд нь харж хандах хэрэгтэй болж байна. Ингэж чадвал илүү бодитой бөгөөд амьдралд ч илүү тустай байх болно.”
"Би хаашаа ч явсан, хэнтэй ч уулзсан тэр нь бас нэг хүн л байж таарна шүү дээ. Бусдын талаар “Бид”, “Тэд” гэж бодох нь үеэ өнгөрөөсөн, хоцрогдсон үзэл төдийгүй бэрхшээлийн эх үүсвэр болохоос цаашгүй.” хэмээн хариулав.
Хоёр дахь багийн гишүүн Майкл Рэндэр “Яагаад бидний дотор асрал хайраас илүү айдас давамгайлдаг вэ” хэмээн асуусанд Дээрхийн Гэгээнтэн “Явцуу бодол санаа бодит байдлыг харж чаддаггүй. Бодит бөгөөд хамгийн чухал нь дэлхий нийтийн төлөө санаа тавих явдал юм.” гэв.
Дараагийн багийн гишүүн Биатрис Мартин “Хүйсийн эрх тэгш байдлыг хэрхэн илүү сайн хөгжүүлэх ёстой вэ?" гэж асуув.
“Эрэгтэй, эмэгтэй хүмүүст бага зэрэг ялгаа бий. Жишээлбэл, бие махбодын хувьд эмэгтэйчүүд арай хүч сул. Гэвч Бурхан Багш эрэгтэй, эмэгтэй хүмүүс ижил тэгш эрхтэй хэмээн айлдсан шүү дээ. Оюун ухааны хувьд эрэгтэй, эмэгтэй хүмүүст ялгаа байхгүй. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тархи ямар ч ялгаагүй. Хүйсийн эрх тэгш байдлыг хангахын тулд бид илүү хүчин зүтгэх хэрэгтэй байна. Аливаа шашны уламжлалд эрх тэгш байхыг зөвшөөрөхгүй байгаа бол тэрхүү хуучин ойлголтыг өөрчлөх цаг нь болсон. Өргөн цар хүрээгээр харвал эрэгтэй, эмэгтэй хүмүүс бие биедээ хэрэгтэй бөгөөд энэ хэрэгцээ нь эрх тэгш байх ёстой.”
Эмэгтэй Инфлүйнзэр багийн гишүүн Мозда Жамалзадах хэмээх бүсгүй өөрийн эх орон Афганистанд хагарал, тэмцэл газар авч, хүн ард нь ихэд туйлдаж байгаа талаар Дээрхийн гэгээнтэнд ярилаа.
Стефан Бенидито, Сюзан Рокфеллер нар өөрсдийгөө танилцуулав. Рокфеллер “Таны дагаж хэрэгжүүлж буй сургаал, ном эмэгтэйчүүдэд өөрсдийнхөө төдийгүй, бусдын төлөө, эх дэлхийн төлөө санаа тавидаг болоход нь хэрхэн тус болох вэ?” гэж Дээрхийн гэгээнтнээс асуув.
“Миний гол зорилго бол хүмүүст халуун дулаан сэтгэл хичнээн чухал гэдгийг сануулах явдал билээ. Биднийг анх мэндлэх ээж минь асран халамжилж, хооллож, ундалж, тэтгэж хүн болгосон шүү дээ. Тэгэхээр эмэгтэйчүүд бусдад санаа тавихдаа илүү мэдрэмжтэй, сайн байдаг. Эмэгтэйчүүдэд төрөлхийн энэрэн нигүүлсэх сэтгэл илүү байдаг тул илүү идэвхтэй байх хэрэгтэй гэж би үзэж байна. Финланд, Шинэ Зеландын орнуудыг эмэгтэйчүүд тэргүүлж байна. Тэдгээр улсуудад гарч байгаа ахиц, дэвшлийг бид харж байна шүү дээ. Бид бүгд ижил тэгш эрхтэй. Энэ цаг үед эмэгтэйчүүд нийгмийн амьдралд илүү их үүрэг хариуцлага хүлээж, энэрэн нигүүлсэнгүй байх ойлголтыг олон нийтэд түгээхэд илүү их оролцох хэрэгтэй.”
Тавдугаар багийн гишүүн, ахмад дайчин, дуучин, энх тайванч үзэлтэн Бьюфи Сэйнтэ-Мэри “Үзэн ядалтыг энэрэнгүй аргаар арилгахын тулд бид ямар алхмуудыг хэрэгжүүлэх ёстой вэ” гэж асуулаа.
“Боловсролоор дамжуулж өөрчилж чадна. Эмэгтэйчүүдийг үнэ цэнэ багатай, дорд хэмээн үзэхийг өөрчлөх хэрэгтэй. Энэ дэлхийгээ амар тайван болгохын тулд эмэгтэйчүүд илүү их үүрэг гүйцэтгэх хэрэгтэй байна.”
Энх тайвын төлөөх залуучуудын багийн гишүүд болох Шиүхтэзкатл Мартиниз, Массей Вайтнайф, Эмануэль Жал нар өөрсдийгөө танилцуулав. Судан улсаас дүрвэж ирсэн Эмануэль багаа төлөөлж Дээрхийн Гэгээнтнээс эх орноосоо Энэтхэгт дүрвэн очихдоо сэтгэл санааны цочролд орсон болов уу? Тийм бол энэ сэтгэл санааны цочролоо хэрхэн даван туулсан талаар асуулаа.
“Төвөд, Хятад хоёр улсын харилцаа урт удаан хугацааны түүхтэй буюу VII зууны үед Төвөдийн хаан Хятадын гүнжтэй ураг барилдсан тэр цагаас эхтэй. Эдүгээ Хятадад тотолитар, чөлөөт бус систем ноёрхож байгаа нь бэрхшээлтэй байна. Хатуу чиг хандлага бүхий коммунист хүмүүс Төвөдийн хэл,соёлыг хамгаалах гэсэн алхмыг салан тусгаарлах үзэл санаатай адилтган үзэж, үүнийг хориглохыг хичээж байгаа нь харамсалтай. Анх 1954 онд би Хятадад очихдоо Мао дарга болон бусад коммунист удирдагчдын зүгээс энгийн ажилчин ангийн сайн сайхны төлөө их зүйл хийж байгаа нь бахдан биширч явлаа. Гэвч дараа нь тэд эрх мэдлээ ашиглан Төвөдөд хүчирхийлэл үйлдэх болсноор маш их бэрхшээл үүдэж, улмаар бид дүрвэсэн юм.”
“Хүн төрөлхтөн бид бүгд нэг хэмээх үзлийн дагуу бид энх тайвнаар, хүмүүнлэгээр зэрэгцэн орших учиртай. Энэтхэг, Хятад хоёр улсын ард түмний ялгаатай байдалд би төдийлөн анхаараад байдаггүй. Тэнд аюултай байсан учраас л бид явсан хэрэг шүү дээ. Энэтхэгийн хил дээр бид хуучны анд нөхөдтэйгөө, дараа нь Бандит Нерутэй уулзсан. Неру гуай нэн их тус, дэмжлэг үзүүлснээр бид хүүхдүүдээ сургах сургууль, лам хуврагуудыг сургах дацангуудаа байгуулж чадсан юм.”
“Би дүрвэгч бөгөөд Энэтхэгийн засгийн газрын зочин ч бас мөн билээ. Тэртээ VIII зуунд ловон Шантаракшита Төвөдүүдэд таниулсан буддын шашны соёлыг эдүгээ бид хадгалан хамгаалж байгаадаа баяртай байдаг. Ловон бээр учир шалтгаанд суурилдаг Наландагийн уламжлалыг анх бидэнд таниулж өгсөн юм. Түүний ачаар өнөөдөр бид шинжлэх ухааны эрдэмтэдтэй үр дүнтэй хамтын ажиллагаа тогтоогоод байна.”
“Хэрэв бид цагаачлан ирээгүй бол аливаа зүйлийг үзэх, харах цар хүрээ маань арай явцуу байх байсан болов уу. Цагаачлан ирснээрээ би бодит амьдралд илүү ойртсон гэж үздэг.”
Олон нийт, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Массей Вайтнайф “Төвөдийн уламжлалт сургаалын цөм болсон асрал хайр, бусдыг хүндэтгэх, урам зориг, билиг билгүүнийг хөгжүүлэх, даруу төлөв байх зан чанар нь эх дэлхий хийгээд хүн төрөлхтний өмнө нүүрлээд буй зовлон, бэрхшээлийг арилгаж чадах болов уу?” хэмээн асуулаа.
Дээрхийн Гэгээнтэн,
“Ер нь орон нутгийн иргэд байгальтайгаа илүү ойр амьдардаг. Ер нь хамаг амьд амьтад байгалиас хамааран амьдардаг шүү дээ. Тийм учраас бид байгальтай ойр байх харилцаагаа хадгалж үлдэх хэрэгтэй. Зарим хүмүүс технологи бүх асуудлыг шийднэ гэж боддог бөгөөд технологийн ачаар хүссэн бүгдээ хийж чадна гэдэгт итгэдэг. Гэхдээ л бид байгалийн хүчинд илүү найдсан нь дээр байх. Жишээлбэл, эрчим хүч гаргаж авахын тулд нүүрс шатаахаас илүүтэй салхин сэнс болон нарны эрчим хүчийг ашигласан нь илүү дээр байх болно.” хэмээн хариуллаа.
Рахэм Фатима “Та багадаа шинжлэх ухаан, технологид сонирхолтой байсан гэсэн. Миний насан дээр шинийг эрэлхийлэгч, хувьсгалч хүүхэд байсан уу?” гэж асуусанд Дээрхийн гэгээнтэн Мао Зэдун даргатай уулзаж ярилцах үед Хятад удирдагч түүнийг шинжлэх ухаанч сэтгэлгээтэй байгааг нь магтсаны зэрэгцээ нүд рүү нь харж байгаад “Шашин бол хүмүүсийг мансууруулагч хар тамхи юм.” гэж хэлсэнд тэр ихэд цочирдсон тухайгаа дурсав. Хятадад айлчилж байх үедээ социалист тогтолцоог сайшааж үзэж байснаа, мөн намын хатуу хяналт дор байдаг социализмаас хувь хүнд эрх чөлөө олгодог социализмыг илүүд үзэж байснаа ч дурсан ярив.
Стефан Бенидитогийн асуултад Дээрхийн Гэгээнтэн,
“Хэдий дэлхий ертөнцөд үй түмэн зовлон байгаа ч буддын шашны хуврага хүний хувьд Наландагийн уламжлалд суралцаж, бусдын сайн сайхны төлөө өөрийгөө зориулах сэтгэлийг хөгжүүлж байгаа тул ямар ч үед инээд хөөртэй, баяр баясгалантай байж чаддаг. Өглөө сэрмэгцээ бусдыг энэрэн нигүүлсэх сэтгэлийг төрүүлж, бүх зүйл шүтэн барилдлагатай хэмээх ойлголтыг эргэцүүлдэг бөгөөд ингэснээр сэтгэлийн гүнд амар амгалан төрдөг юм. Мөн өдөр тутам бидний амьдралд асуудал тохиолддог ч асуудалд тайван хандах нь илүү үр дүнтэй байдаг. Айн түгших, улмаар ёс суртахуунаа алдах нь чтусгүй. Аливаад урам зоригтой байх, өөрийн туршлагаа бусадтай хуваалцах нь зөв гэдэгт би итгэдэг.”хэмээн хариуллаа.
Бьюфи Санти-Мэри “Алимыг боловсорч гүйцэх хугацааг түргэсгэх хэцүү. Үүнтэй адил хүнийг хүн болгох хугацааг түргэсэх хэцүү юу?” гэж асуусанд “Хүн анх төрөөд эхээсээ энэрэнгүй сайхан сэтгэлийг мэдэрдэг. Шинжлэх ухааны эрдэмтэд биднийг нийгмийн амьтан гэж үзэж байгаа тул бид амьдарч буй нийгэмдээ санаа тавих төрөлх хандлагатай гэсэн үг юм. Сайхан сэтгэл дотоод сэтгэлийн амар амгаланг авчирдаг бөгөөд уур хилэн, өс хорслийн ерөндөг болдог. Хэрэв та ямагт уурлаад байх аваас хэн ч тантай ойр байхыг хүсэхгүй шүү дээ. Харин сэтгэлийн амгалантай байвал найз нөхөд таныг хүрээлнэ. Энэ бүгд энгийн ойлгомжтой зүйл юм.” гэж хариуллаа.
Төсггөлд нь Ян Спэйрс Дээрхийн Гэгээнтэнд хандан “Тантай өнөөдөр ийнхүү уулзсан нь ихэд хүндтэй завшаан байлаа. Энэ уулзалтыг зохион байгуулсан таны ажлын албанд талархал илэрхийлье. Дээрхийн Гэгээнтэн таны эцэж цуцахыг огоорон, энэрэл нигүүлслийг түгээж, хүн төрөлхтний сайн сайхны төлөө зүтгэж байгааг харахаар бидэнд маш их урам, зориг, итгэл найдвар төрдөг билээ. Таны өлмий бат оршиж, эрүүл саруул байхыг хүсэн ерөөе.” гэлээ.
Дээрхийн Гэгээнтэн цахим уулзалтад оролцсон хүмүүст хандаж,
“Та бүхэнтэй дахин учран золгоно гэдэгт итгэж байна. Ахан дүүс минь, бид хүн төрөлхнийг аз жаргалтай, эх дэлхийгээ тайван амгалан болгохын төлөө хувь нэмрээ оруулах ёстой. Үүнийг найз нөхдөдөө дамжуулаарай. Аливаа өөрчлөлт алхам алхамаар бий болдог шүү дээ!” хэмээгээд энэхүү уулзалтыг өндөрлөв.